Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00094/И |
Дугаар | 157/ШШ2024/00109 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2024/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00094/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Хүсэлт гаргагч Д.Мөнхбаатар /цахимаар/ нарыг оролцуулан хүсэлт гаргагч Арт овогт Данисдаагийн Мөнхбаатарын “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Мөнхбаатар миний бие Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлчихсэн. Ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал Хэнтий аймгийн Архивын тасгаас гарахгүй байна.
Хэнтий аймгийн Архивын тасгаас Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай ажилд томилсон тушаалыг мөн 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд олгож байсан цалингийн тодорхойлолтыг гаргуулж авч, нотлох баримтаар өгсөн. Миний бие Хэнтий аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргасан. Би 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан.
Иймд намайг Хэнтий аймгийн Галшар сум Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч Арт овогт Данисдаагийн Мөнхбаатараас:
-Арт овогт Данисдаагийн Мөнхбаатарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 02),
-Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №86 дугаар тодорхойлолт (хх-ийн 3)
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №85 дугаар албан бичиг, (хх-ийн 4)
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай Д.Мөнхбаатарын Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 02 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр, (хх-ийн 5)
-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №14 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 6)
-Хэнтий аймгийн архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №96 дугаартай Д.Мөнхбаатарын мал тооллогын 1991 оноос 1999 оны бүртгэлийн түүвэр (хх-ийн 7)
-№А0732629 дугаартай Арт овогт Данисдаагийн Мөнхбаатарын нийгмийн даатгалын дэвтэр, №1801000208 дугаартай баталгаажилтын хуулбар (хх-ийн 8)
-№03686 дугаартай Данисдаагийн Мөнхбаатарын цэргийн үнэмлэхийн хуулбар (хх-ийн 9-10) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:
-Гэрч Ц.Бат-Өлзий, Н.Цолмондорж нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Мөнхбаатар нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.
Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Д.Мөнхбаатарыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилсон, 1988 онд малчнаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэл нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №85 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Д.Мөнхбаатар нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь:
-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай “Д.Мөнхбаатарын Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 02 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр”, (хх-ийн 5)
-Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №14 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай тушаалын хуулбар (хх-ийн 6)
-Гэрч Ц.Бат-Өлзийгийн “Д.Мөнхбаатар нь 1985 онд 8-р ангиа төгсөөд 1986 онд нэгдэлд мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд явж, 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1990 онд цэргээс халагдаж ирээд 1991 он хүртэл мал маллаж одоог хүртэл мал маллаж байна. Би Галшар сумын Жаргалант бригадад мал маллаж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26)
-Гэрч Н.Цолмондоржийн “Д.Мөнхбаатар 1985 онд 8-р ангиа төгсөөд, 1986 онд Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар анх ажилд орж, 1988 онд 2 жилийн хугацаат цэргийн албанд явж, цэргээс халагдаж ирээд л 1991 он хүртэл нэгдэлдээ мал малласан. Би Галшар сумандаа мал маллаж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай цалингийн тодорхойлолтоор “Д.Мөнхбаатарын Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 02 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр”-ийг гаргаж ирүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд уг тодорхойлолтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай “...Д.Мөнхбаатарыг 04 дүгээр сарын 17-ны өдрөөс моторчноор томилсон” тушаалаар хүсэлт гаргагч Д.Мөнхбаатар нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад малчин, моторчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
6.Иймд хүсэлт гаргагч Д.Мөнхбаатарыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Арт овогт Данисдаагийн Мөнхбаатарыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Арвин бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ