Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2024/00111

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00104/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Э.Төгөлдөрт холбогдох “311,932 (гурван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Төгөлдөр нь Гэрэлфинанс ББСБ-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 03 сарын 28-ны өдөр 168690 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Э.Төгөлдөр нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 85111283 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Э.Төгөлдөрийн цахим зээлийн гэрээний үүрэг нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 178,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,872 төгрөг, нийт 311,932 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.Гэрэл финанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.Төгөлдөрөөс цахим зээлийн гэрээний үүрэгт 311,932 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Гэрэл финанс ББСБ-ын Хаан банк дахь 5129073024 тоот дансанд төлж болно” гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Энх-Эрдэнэ овогтой Төгөлдөр нь “Гэрэл финанс ББСБ”-ийн нэхэмжилсэн 311,932 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. 311,932 төгрөгийг төлхөд маргах зүйлгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК нь хариуцагч Э.Төгөлдөрт холбогдуулан “311,932 (гурван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК, хариуцагч Э.Төгөлдөр нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №168690 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 178,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,872 төгрөг, нийт 311,932 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Төгөлдөр нь нэхэмжлэлийн шаардлага болох 311,932 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Э.Төгөлдөр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 311,932   төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,008 төгрөгийн тал хувь болох 5004 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5004 төгрөгийг, хариуцагч Э.Төгөлдөрөөс улсын тэмдэгтийн хураамж 5004 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн “311,932 (гурван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин хоёр) төгрөгийг хариуцагч Э.Төгөлдөр төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,008 төгрөгийн тал хувь болох 5004 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5004 төгрөгийг, хариуцагч Э.Төгөлдөрөөс улсын тэмдэгтийн хураамж 5004 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гэрэлфинанс ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Төгөлдөр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ