| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0210/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/237 |
| Огноо | 2026-05-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч А.Н******ль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******н Н*******д холбогдох эрүүгийн 2538005040157 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******н овогт А******н Н*******ь,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н******ь нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт ажлын байран дээрээ байхад нь хохирогч М.Б******н ********улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг “найз нь ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье” гэж хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь шилүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538005040157 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Н******ль нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Б******лыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт ажлын байран дээрээ байхад нь М.Б******д “найз нь ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний “тоёота приус-30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, Б.Б********д тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, М.Б******д 17,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б********ад 14,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж “залилсан” үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н******н өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б******н өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байхад манай найз А.Н******ь миний ажил дээр ирээд машинаа түр өгөөч орой ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье гэж хэлээд миний *** улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийг минь унаад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2, 3 хоног утас нь холбогдохгүй болохоор нь гэрт нь очсон гэртээ байхгүй байсан. Тэгээд холбоо барихгүй байж байгаад мобикомын *** дугаараас над руу мессеж бичсэн байсан. “энэ дугаараас 07 дугаар сарын эхээр бичсэн, найз нь удахгүй зээлсэн мөнгөө өгөөд машиныг удахгүй барьцаанаас авч өгнө гэж мессеж бичсэн байсан” тэгээд би өөрт олон дахин удаа чи машин авчирч өг, яасан талаараа үнэнээ хэл гэж хэлээд хариу өгөхгүй байсан. Машиныг хаана хэнд барьцаанд тавьсан талаараа хэлчих гэхэд урдаас “** ” гэдэг байрны грашинд байгаа Т****а гэдэг хүнд 14,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж өөрөө надад утсаар хэлсэн. Тэгээд би “М*******а” дээр Т*****а гэдэг хүнтэй нь ***дугаараар холбогдож байгаад очоод уулзаад тань дээр Н*****ь гэдэг хүн ** улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьсан уу гэсэн чинь Т****а гэдэг хүн тиймээ гэж хэлсэн. Нэг эмэгтэй хүнтэй хамт хоёулаа явж байсан. Нөгөө хүн нь миний машин мөн гээд байхаар нь Т****а гэдэг хүн гэрчилгээг нь үзээгүй авсан гэсэн. Над дээр Н**********ь гэдэг хүн өмнө нь цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьсан байсан тэрний оронд чиний машиныг авчирч өгөөд нөгөө барьцаанд байсан машинаа солиод аваад явсан гэж Т****а гэдэг хүн надад хэлсэн. Т.Н**********ь гэдэг хүн хэзээ энэ машиныг авна гэж хэлсэн бэ гэхэд сарын дараа ирээд авна гэж Т****а гэдэг хүнд хэлсэн байсан. Одоо миний машин Т****а гэдэг хүний түүхий эдийн ченж хийдэг хүнд байгаа. Н**********ь нь манай клубээр үйлчлүүлэх гэж анх ирж байсан. Тэрнээс хойш таньдаг болсон. Машиныг чинь унаад ойрхон хөдөө явч ажил амжуулчхаад ирье гэж хэлээд аваад явсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй ээ. Бид хоёрын хооронд өр авлагатай зүйл огт байхгүй. ** улсын дугаартай, ягаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь Т**д “ББСБ” эзэмшил дээр байдаг Би Банк бус санхүүгийн байгууллагаас аваад одоо сар болгон зээлээ төлөөд явж байгаа. Би тухайн машиныг зээлээр аваад сар ч болоогүй байсан. Миний машиныг барьцааг Н*******р төлүүлж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Хохирогч М.Б******н дахин өгсөн: “...Надад одоо цаашид нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй.. Надад нийт 12,000,000 төгрөг өгсөн. Машины банк бусын мөнгө төлөөд явж байгаа. .. Урд явж байгаад таараад заримыг нь хятад мөнгөөр бэлнээр өгч төлж өгсөн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Б.Б******н өгсөн: “...Б****лыг сайн танихгүй. Н**********ь гэдэг эмэгтэй над дээр хэд хэдэн удаа ирж над дээр юм хум барьцаанд тавьж зээл авъя гэж ярьж байсан. Би Н**********тай урьд нь ямар нэг танил харилцаа холбоо байхгүй. Намайг хүнээс сонсож ирсэн юм уу яасан юм сайн мэдэхгүй. Урьд нь над дээр нэг мөнгөн хазаар энэ тэр барьцаанд тавья, худалдаад авчхаач гэж ирж байсан. Би тийм юм авахгүй гээд буцааж байсан. Дараа нь манай таньдаг дүүтэй ирээд приус-41 маркийн автомашин 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манай таньдаг дүү Г*****а хамт ирээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд приус-41 маркийн машиныг нь барьцаалж мөнгө зээлсэн. Н**********ь гэх эмэгтэй 2025 оны 06 сарын эхээр над дээр приус-30 маркийн автомашин унаж ирээд “машинаа солиод авчихъя, Өмнөговь аймаг явах ажилтай боллоо, та энийг аваад дээр нь 6.000.000 төгрөг нэмээд өгчхөөч, 10 хоног яваад борц зарчхаад ирээд мөнгөө өгөөд машин тэргээ авчихна” гэхээр нь би зөвшөөрөөд приус-41 машиныг нь өгөөд дээр нь 6.000.000 төгрөг нэмж өгөөд приус-30 маркийн ** улсын дугаартай саарал өнгийн автомашиныг нь барьцаанд авч үлдсэн. Тэр машиныг надад барьцаанд тавихдаа нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Тэр эмэгтэй нь миний машин байгаа юм гээд байсан. Би тэгээд эзэн нь хамт явж байгаа юм байна гэж ойлгоод итгээд авсан. Одоо тэр машин нь манай грашид бүрэн бүтэн байгаа бүр ашиглаагүй. Надад аравхан хоноод ирээд авна гэж хэлчхээд одоог хүртэл байхгүй байна. Над руу нэг эзэн нь гэх хүүхэн утсаар яриад надтай ирж уулзсан. Би мөнгө төгрөгөө өгөөд ав ав л гэсэн. Тэгээд машинаа аваагүй одоо болтол байж л байгаа. Би бол 14,000,000 төгрөгөө авчих юм бол тэр машиныг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Цуг ирсэн хүнийг сайн мэдэхгүй. Би тэдгээр хүмүүсийг нэг л удаа харсан болохоор одоо тэр хүүхэн байсан уу, хоёр өөр хүүхэн байсан уу сайн санахгүй байна. Би эзэн нь гэж ирсэн эмэгтэйг ирэхэд жаахан халамцуу байсан юм. Би амаар яриад итгээд л өгчихсөн. Ер нь бол Г*****а дүү таньдаг болохоор Г*****агийн хадам эгч гэхээр нь итгээд л өгчихсөн юм л даа. Би бичиг баримт энэ тэрийг нь бол тэр үедээ шалгасан баримт нь байсан. Үгүй. Би тухайн үед Г*****а гуйгаад байхаар нь л мөнгө зээлсэн юм. Банкны зээлээ дараад буцаагаад аваад өгнө гээд байсан. Надад зохих хэмжээний хэдэн төгрөг өгнө гэж л ярьсан. Тэрнээс тэд эдэн төгрөг нэмж өгнө гэж нарийн ширийн яриагүй. Би бэлэн өгнө гэж байхгүй. Дансаар шилжүүлж өгсөн санагдаж байна. Би одоо тэр хүнээс 14.000.000 төгрөгөө л авчих юм бол тэргийг нь өгөөд салмаар байна. Нэг бол энэ машиныг нь нэр дээрээ шилжүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б**н өгсөн: “...А.Н******ль гэдэг эмэгтэй надад приус-41 маркийн автомашинаа 8,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байж байгаад 2025 оны 06 дугаар сарын эхээр приус-30 загварын тээврийн хэрэгсэл унаж ирээд машинаа өдөр маркийн тээврийн хэрэгсэл унаж ирээд машинаа солиод авчихъя гээд нэмж 6,000,000 төгрөг аваад приус-41 маркийн машинаа аваад оронд нь приус-30 загварын машин барьцаанд тавиад явсан. Ингээд надад приус-30 маркийн автомашиныг надад нийт 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Тэгэхээр одоо би 14,000,000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Хөрөнгийн үнэлгээг тогтоосон А******н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай: ... Т.О*******н эзэмшлийн ** улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монгол улсад орж ирсэн Рruis- 30 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 17,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Уг автомашинд үзлэг хийхэд хойд буфэр зурагдаж халцарсан, хэрэглээний зураастай байв... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 тал/,
А.Н******н Хаан банкны ** тоот дансны хуулга, Хас банкны ** дугаартай дансны хуулга, / хх-ийн 55-59 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,
М.Б******лын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 18 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Н****н өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би хүмүүсээс өдрийн хүүтэй мөнгө зээлээд нэлээн өр ширэнд орсон байсан. Тэр асуудлаас үүдэлтэй мөнгөний хэрэг гараад зээлийн хугацаа хунар тулаад найз Б****с 2025 оны 06 сарын 08-ны өдөр приус-30 маркийн машиныг нь хөдөө унаж яваад ирье гэж гуйж аваад тухайн машиныг Б.Б********а гэдэг хүнд барьцаанд тавиад мөнгө зээлж авсан. Тухайн мөнгөөр өр зээлээ дараад Ө******ь аймаг руу ажил хийхээр явсан. Тэгээд Б****н машиныг өгч чадаагүй байсан юм. Б****лд би машиныг чөлөөлж өгнө, эсвэл мөнгө төгрөгийг нь өгье гэж ярьж тохирсон байсан. Гэхдээ мөнгийг нь арай өгч дуусгаагүй байсан удсан болохоор надад холбогдуулж гомдол гаргасан байсан. Бид хоёр уг нь удаан жил найзалж нөхөрлөж байгаа найзууд юм. Би ажил төрөл хийгээд мөнгө төгрөгийг нь гаргаад өгч болох байх гэж бодоод барьцаанд тавьчихсан юм. Одоогоор би Б****лд нийт 12,000,000 төгрөг өгсөн. Б****л найз маань ингээд өр дуусгая гэдгээ бол хэлсэн. Одоо харин тухайн машиныг нь Т****а гэдэг хүнд шилжүүлж өгөх л үлдээд байгаа юм. Тэр машины банк бусын зээлийг нь төлөөд одоо нэлээн дуусах дөхөж байгаа...” мэдүүлэг /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч А.Н******ь нь 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багт ажлын байран дээр байхад нь хохирогч М.Б******л **улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг найз нь ажил тарахаас нь өмнө юманд явчхаад ирье гэж хуурч нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,000,000 төгрөгийн барьцаанд дамжуулан тавьж мөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.Н******н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Н******ль нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б******н эд хөрөнгөөр, иргэний нэхэмжлэгч н.Баттулгыг 14,000,000 төгрөгөөр хохироосон үйл баримтууд тогтоогдсон байна...” гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Тийм учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн тухайд хохирогч М.Б******д учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч н.Б***д 14,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний үйлчлүүлэгчийн тухайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь олон хүүхэдтэй, ганц бие, өрх толгойлсон ээж, мөн санхүүгийн буруу тооцооллын улмаас өрнөөс өрөнд орж, хүүгээс хүү төлсөөр явсаар сүүлдээ ийм асуудалд орсон байна. Найзыгаа ойлгоно гэж бодож хөнгөмсгөөр найдаж, хөнгөн байдлаар хандсанаасаа болж энэ гэмт хэргийг үйлдэх болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий ч бусдад учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэж илэрхийлсэн. А.Н******ь нь Ө***ь аймагт ажиллаж хүмүүсийн хохирлыг барагдуулсан...” гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Н******ь болон түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Б******л, гэрч Б.Б********а, иргэний нэхэмжлэгч Б.Б********а нарын өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээг тогтоосон А***н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн **дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.Б******н Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт зэрэг нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н******н өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Н******ь нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Б******г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт ажлын байран дээрээ байхад нь М.Б******д “найз нь ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний “тоёота приус-30” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, М.Б******д 17,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б********ад 14,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,
“Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг зэргийг,
“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь дамдуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,
“зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг тус тус ойлгоно.
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Шүүгдэгч А.Н*******л нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Б******г ажлын байран дээрээ байхад нь М.Б******д “найз нь ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний “тоёота приус-30” загварын **улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, М.Б******д 17,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б********д 14,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээ шаардахгүй. Тодруулбал бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Н******ь нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “найз нь ажил тарахаас чинь өмнө юманд явчхаад ирье” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар авч залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Н******ь нь М.Б******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Н*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, ..бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Н******н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, ..бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, ..бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Н*****н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б******лд 17.000.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б********ад 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б******л нь “...Надад одоо цаашид нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. . Надад нийт 12,000,000 төгрөг өгсөн. Машины банк бусын мөнгө төлөөд явж байгаа. .. Урд явж байгаад таараад заримыг нь хятад мөнгөөр бэлнээр өгч төлж өгсөн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч А.Н******г хохирогч М.Б******лд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б********а нь “Ингээд надад приус-30 маркийн автомашиныг надад нийт 14,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Тэгэхээр одоо би 14,000,000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/-д, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч иргэний нэхэмжлэгч нарын харилцан тохиролцсон 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн: “...А.Н******ь би хохирогч Б.Б********д хохирол 14.000.000 төгрөгийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хохирогч Б.Б********ад би А.Н******с хохирол 14.000.000 төгрөгийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулж авахыг зөвшөөрч байна...” гэх талуудын гаргасан хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Н*****с 14,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б********ад олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Н******г “бусдыг хуурч, ..бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Н******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Н*********г хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Н******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Н******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Н*******н хувийн байдал, гэм буруу дээрээ маргаагүй, хохирогч М.Б******н хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгчтэй харилцан гэрээ байгуулсан, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээний хувьд хохирогч М.Б******д 12,000,000 төгрөгийг өгч, хохиролгүй болгосон. Иргэний нэхэмжлэгч н.Б*****н зүгээс харилцан 14,000,000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан тул н.Б*****д 14,000,000 төгрөгийг гаргуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Одоо ч мөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна..” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*********г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Н******ль нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Н******ль нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б******лд төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******н овогт А****н Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, .. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А****н Н*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н******д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н******ль нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Н******д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Н***с 14,000, 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б********ад олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч А.Н******ль нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б******д төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН