| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэн Тулга |
| Хэргийн индекс | 197/2025/1328/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1232 |
| Огноо | 2026-04-29 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1232
2026 04 29 2026/ШЦТ/1232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Тулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч П.Очгэрэл нарыг оролцуулан эрүүгийн 2509 00000 1356 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Н ийн М (РД:.................. ), Монгол Улсын иргэн, ................. настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн ............. тоотод түр оршин суух,
урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2025 оны 7 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудлын зогсоолд чанга дуу чимээтэй мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар шаардлага тавьж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 00-00 УАТ улсын дугаартай Киа Рио маркийн автомашины арын цонхыг хагалж эд хөрөнгийг гэмтээн Цагдаагийн ерөнхий газрын авто баазад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би машины хаалгыг онгойлгох гээд жаахан түлхэхэд цонх нь хагарсан. Би маргааш нь уучлалт гуйж цонхийг нь янзалж өгсөн.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мын мэдүүлэг, гэрч Т.Н , Б.Б нарын мэдүүлэг, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.М ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, түүний өмгөөлөгч дээрх байр суурийг дэмжиж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудын тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд
Шүүгдэгч Н.М нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудлын зогсоолд чанга дуу чимээтэй мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар шаардлага тавьж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 00-00 УАТ улсын дугаартай Киа Рио маркийн автомашины арын цонхыг хагалж эд хөрөнгийг гэмтээн Цагдаагийн ерөнхий газрын авто баазад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М мэдүүлсэн “...тус тээврийн хэрэгсэл нь манай албаны эзэмшилд байдаг ба Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албаны хэрэгцээнд ашиглагддаг тээврийн хэрэгсэл юм. ...Манай албаны 00-00 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын цонхыг шалгагдаж байсан иргэн хагалсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
Гэрч Т.Н мэдүүлсэн “...Миний бие 2025 оны 07 дугаар сарын 16-ны 21:00 цагаас 2025 оны 07 сарын 17-ны 07:00 цаг хүртэл Арвай 15 поролтой үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 01:00 цагаас 04:00 цагийн хороонд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зуу орчмоор чанга дуу чимээтэй мотоцикл яваад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлагууд ирж байсан. Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зуу орчмоор 00-00 УАТ улсын дугаартай Киа рио маркийн алаг машинтай, дэд ахлагч Б.Б ын хамт шалгахад Хангай зочид буудлын зогсоол дээрээс чанга дуу чимээтэй мотоцикл хөдлөөд хаалт нь дээр ирж байхаар нь би очиж зогсоож шалгах гэсэн боловч тавьсан шаардлага эсэргүүцээд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан. Бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан учраас ачилт дуудаж, жолоочийг 00-00 УАТ улсын дугаартай алаг машины ард суулгасан. Ачилт ирээд мотоциклын ачих гэж байхад мотоциклоо ачуулахгүй гээд машинаас гарах үйлдэл хийж байх үедээ 00-00 УАТ улсын дугаартай Киа рио маркийн алаг машины жолоочийн ар талын цонхыг хагалсан. Тэгээд дэнжийн эрүүлжүүлэх саатуулах байранд мотоциклын жолооч Н.М гэх залууг хүлээлгэж өгсөн. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Н.М гэх машины цонх хагалсан залуу ахлах ахмад Б.Болдбаатар-тай ирж уулзчихаад, надтай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх нялхас эмнэлгийн ард байрлах шил сольдог газарт очиж 00-00 УАТ улсын дугаартай Киа рио маркийн алаг машины хагалсан шилийг 350,000 төгрөгөөр солиулж өгсөн.”,
“...Би иргэн Н.М ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар албаны 00-00 УАТ тээврийн хэрэгслийн хойд талд суулгасан. Суулгах үедээ та сууна уу, таны согтуурлыг багажаар шалгана гэсэн шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Тухайн иргэн миний мотоциклыг эвдчихдээ л гэсэн зүйл ярьж байсан. Тухайн үед би өөрийн албаны энгэрийн камерын цэнэг дуусаад цэнэглэж байсан учраас ашиглах боломжгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 47-48 дахь тал),
Гэрч Б.Б мэдүүлсэн “...Миний бие 2025 оны 07 дугаар сарын 16-ны 21:00 цагаас 2025 оны 07 дугаар сарын 17-ны өглөөний 07:00 цаг хүртэл зохицуулагч дэслэгч Т.Н , дэд ахлагч У.Энхбаяр нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 04:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цирк орчим хяналт тавьж ажиллаж байх үед Тээврийн цагдаагийн албаны ерөнхий жижүүрээс “Чанга дуу чимээтэй мотоцикл дээр хяналт тавьж ажилла, Хүүхдийн зуу, Сөүлийн гудамжаар их яваад байна гэж иргэдээс гомдол мэдээлэл орж ирж байна” гэх чиглэл ирсэн. Ирсэн чиглэлийн дагуу хяналт шалгалт хийхээр дэслэгч Т.Н ын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудлын хаалттай зогсоол дээрээс чанга дуу чимээтэй мотоцикл өндөр хаазалж буй нь сонсогдсон. Зогсоолын үүдэн дээр 00-00 УАТ улсын дугаартай Киа рио маркийн тээврийн хэрэгслээ тавиад зогсоол руу дэслэгч Т.Н ын хамт очиход чанга дуу чимээтэй мотоцикл унасан эрэгтэй урдаас хаалт чиглээд гарах гээд ирж байхаар нь дэслэгч Т.Н зогсоож “22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл чанга дуу чимээтэй машин, мотоцикл хөдөлгөөнд оролцохыг хориглоно” хэмээн хууль сануулахад, мотоцикл унаж явсан эрэгтэй “Би хөдөлгөөнд оролцоогүй байна” гээд эсэргүүцэл үзүүлээд байсан. ... тандагч багаж үлээлгэхэд спирт хэрэглэсэн нь тогтоогдсон. Мотоциклын ачуулахаар дуудсан ачигч ирээд мотоциклын ачих явцад алаг тэрэгний ард сууж байсан мотоциклын жолооч эрэгтэй хэл амаар доромжлон орилж, дэвхцэж байснаа 00-00 УАТ улсын дугаартай алаг машины жолооч талын арын цонхыг хагалсан.”,
“...Анх Н дэслэгч бид хоёр уг газарт ирээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй иргэн нь мотоцикл унах гэж байхаар нь очиж зогсоогоод дэслэгч Н нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү? Хэрэглэсэн бол хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар хэлэхэд уг Н.М гэх иргэн нь би мотоцикл унаагүй, түрж ирсэн гэх зэргээр худлаа ярьж албаны тээврийн хэрэгсэлд суух шаардлагыг тавихад би яасан гэж суух юм гэх зэргээр орилоод байсныг санаж байна. Бид 2 гавлах үедээ хүч хэрэглэсэн, өөрөөр тийм зүйл болоогүй. Манай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн цонхыг хагалсны дараа гавласан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 137-138 дахь тал),
Шүүгдэгч Н.М яллагдагчаар мэдүүлсэн “...Би тэр өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 16-ны орой гадаад ирсэн 2 найз болох Нямтэгш, Тимоти нартай орой 20 цагийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэг ресторанд хоол идчихээд Хүүхдийн 100-д байрлах Зү гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж 2,3 ширхэг пиво уугаад 07 дугаар сарын 17-ны 03 цагийн орчимд гарч ирээд 2 найзыгаа таксинд суулгаж өгчхөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул ажлынхаа дүү Тэлмүүнийг өөрийн унаж явсан мотоциклоо ачуулж харихаар ачлагын машин аваад ирээч гэж дуудсан. Би өөрийн мотоциклоо Хангай зочид буудлын авто зогсоол дээр байршуулсан байсан учраас ачлагын машин хүлээх зуураа мотоциклынхоо хажууд зогсож байтал яг хажууд үл таних 4,5 залуучууд зодолдоод байсан учраас миний мотоциклыг зодолдох үедээ унагаагаад эвдчих байх гэж бодоод уг байршуулсан байсан зогсоол дотроо хөдөлгүүрийг нь асаагаад унаад 2-3 метр хөдөлсөн. Энэ үеэр замын цагдаагийн алга машин хүрч ирээд намайг мотоцикл дээр суусан байх үед 2 замын цагдаа миний 2 талаас бариад авсан. Би ч ирсэн 2 цагдаад өмнө нь болсон учир байдлаа хэлтэл Н гэх нэртэй замын цагдаа нь намайг түлхсэн, би ч яагаад намайг түлхээд байгаа юм гээд зөрүүлэн нэг удаа түлхсэн. Тэрний дараагаар уг 2 цагдаа нь миний согтолтын зэргийг шалгах хэрэгтэй байгаа болохоор та машинд сууж бай гэхээр нь би ч хэлснийх нь дагуу цагдаагийн алга машины хойд талын суудал дээр суугаад хүлээж байтал миний мотоциклыг 2 үл таних хүн зам хөндлөн түрээд явж байгаад зориулалтын бус ачлагын машин дээр ачих гээд өргөж байхаар нь би ингэж болохгүй гэж хэлэх гээд хаалгыг нь нээх гээд цонх руу нь түлхтэл цонх нь хагарчихсан. Цонх хагарсныг нь хараад нөгөө 2 цагдаа ч хүрж ирэхээр нь би ийм шалтгааны улмаас хагалчихлаа гэтэл намайг гавлаад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Намайг мотоциклоо унтраа, цагдаагийн машинд суу, гэсэн шаардлагууд тавьсан ба би ч энэ шаардлагуудыг биелүүлсэн. Анх 2 цагдаа ирэхэд Н гэх цагдаа нь намайг шалтгаангүй түлхсэн учраас би зөрүүлэн түлхсэн өөр биед нь халдаж маргалдсан зүйл огт байхгүй. Би энэ болсон зүйлд маш их буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа, хууль зүйн мэдлэг дутмаг учраас зогсоол дотор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоциклоо асааж унаж болохгүй талаар сайн мэдэхгүй байсан. Мөн уг цагдаагийн машины цонхийг санаатай хагалаагүй ч хагалсан гэмтээсэн цонхоо шинээр солиулж янзалж өгсөн, ямар нэгэн хохирол төлбөр байхгүй байгаа. Би ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дэх тал),
Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай “...350,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 107-108 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийх явцдаа хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсанаар бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн улмаас бусдад Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай дүгнэлтээр тогтоогдсоноор нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Хууль тогтоогчоос “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл тодорхой үйлдэл хийх талаар шаардлага тавих эрхтэй.
Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, тасалдуулах зорилготой, хүч хэрэглэж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлийг хэлнэ. Хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэж цагдаа...төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эсхүл тоноглосон обьект, тээврийн хэрэгсэл, холбооны хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх болон нэг бүрийн тусгай хэрэгсэлд халдаж, булаан авч эвдэж гэмтээснийг ойлгоно.
Шүүгдэгч Н.М нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудлын зогсоолд чанга дуу чимээтэй мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар шаардлага тавьж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 00-00 УАТ улсын дугаартай Киа Рио маркийн автомашины арын цонхыг хагалж эд хөрөнгийг гэмтээн Цагдаагийн ерөнхий газрын авто баазад 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шижийг бүрэн хангасан гэж үзнэ.
Прокуророос Н.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулагчийн албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай дүгнэлтээр тогтоогдсоноор нийт 350,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.М нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирлыг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 32 дахь тал) байх тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.М нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан (хавтаст хэргийн 57 дахь тал) тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н ийн М (РД:.................. )-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулагчийн албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М т оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М т сануулсугай.
6. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЛГА