Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 9 дүгээр гудамж,8 тоотод оршин суух С.С,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд:Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 9-9 тоотод оршин суух Ж.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон

“Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар  сарын 03-ны өдрийн А/114 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, гуравдагч этгээд Ж.Ж, түүний өмгөөлөгч С .Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн С.С нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар  сарын 03-ны өдрийн А/114 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар  сарын 03-ны өдрийн А/114   дугаар захирамжаар С.С-ийн газар эзэмших 8516012719 тоот нэгж талбарын дугаартай 400м2 газрын гэрээ, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоожээ.

3. Нэхэмжлэгч нь  маргаан бүхий акттай холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл  ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Увс аймгийн Улаангом сумын 5 багийн иргэн С.С миний бие нь Улаангом сумын 5 дугаар багт байрлах Барилгын хороо 9-8 тоот хашааг 2004 онд С.Содов гэгч хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч 2004 оны намар уг хашаанд нүүж ирсэн. Манай гэр энэ хашаандаа 9 жил амьдарсан. Би 2005 онд Улаангом сумын газрын даамал Батсайханд хашаагаа үзүүлж газрын гэрчилгээ гаргуулж авсан.

Манай хөрш Я.З гэгч нь 2013 оны 9 сарын 10-нд манай хашааны баруун хойд тасалгааг авч грааш барьна гэж маргаан үүсгэж эхэлсэн. Тэр үед бид уулзаж уг үйлдлийг зогсоосон. 2014 оны хавар манай хашаанд Я.З өөрсдийн гэрийг дур мэдэн барьсан байсан бөгөөд очиж уулзахад хүү Бариа нь шинэ гэр барих гэж байгаа учир танай хашаанд аавынхаа гэрийг түр барьсан юмаа гэж тайлбар хийсэн. 2021 оны 6 сарын сүүлээр Зунгарав нь манай хашаанд надад хэлэхгүйгээр 2 машин тоосго, шороо буулгаж барилгын ажил хийхээр бэлдсэн байсан.

Гэтэл Я.З нь намайг осолд орж Улаанбаатар хотод олон сараар эмчилгээ хийлгэж байх араар 2021 оны 7 сарын 20-нд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Мэндбаяртай хуйвалдаж, албан тушаалын давуу эрхээ урвуулан ашиглаж манай хашааны газартай давхцуулж өөртөө давхар гэрчилгээ хууль бусаар гаргуулж авсан байна. Ийнхүү хууль бус үндэслэлгүйгээр миний эзэмшиж байсан хашааны гэрчилгээг хүчингүй болгосон Улаангом сумын Засаг дарга Ц. Пүрэвжавын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг 2022 оны 4 сарын 26-ны өдөр Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0024 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр нь 3 шатны шүүхээр С.С миний эзэмшлийн 400м2 газар З.Б-ийн газартай давхцаагүй гэдэг нь тогтоогдсон.

Гэтэл Аймгийн засаг дарга нь Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн танил тал намын хүмүүсийнхээ талд нэг талыг барьж, хууль бус шийдвэр гаргаж миний газрын гэрчилгээг илт хууль бус гэж хүчингүй болгосон өөрөө шүүхийн шийдвэрийг давсан шийдвэр гаргасан гэж миний бие үзэж байна.

Иймд хууль бус үндэслэлгүйгээр миний эзэмшиж байсан хашааны гэрчилгээг хүчингүй болгосон Аймгийн засаг даргын 2023 оны 3 сарын 3-ны өдрийн А|114 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Анх С.С нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Улаангом сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр С.С-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн байхад аймгийн Засаг дарга дахин хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. С.Содов 2004 онд Лувсан гэх хүнээс уг газрыг худалдан авсан бөгөөд Лувсангийн зүгээс удахгүй газрын гэрчилгээ хөөцөлдөж авч өгнө гэж хэлж байсан гэдэг. С.С 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар 2005 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар маргаан бүхий 400 м/кв газрыг 8516012719 дугаар газрын гэрчилгээгээр олгосон. Газрын гэрчилгээ хууль дүрэм журмын дагуу С.С-ийн нэр дээр гарсан учир ямар нэгэн давхцуулан газар олгосон асуудал байхгүй.Айраг хувиараа эрхлэх аж ахуй улсын бүртгэлд бүртгүүлээгүй газар учир хууль бус гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргын зүгээс С.С-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “С.С нь Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

С.С нь анх энэ газрыг 2004 онд С.С гэж хүнээс худалдаж авсан тухай дурдсан байна. Энэ тохиолдолд хувийн хэргийн материалд нь хоёр талын өргөдөл болон бусад шаардлагатай эрх шилжүүлэхтэй холбоотой материалууд байх ёстой. Газрын тухай хууль 2002 мөрдөгдөж эхэлсэн байдаг. С.С-ийн хувийн хэргийн материалыг үзэхэд С.С-ийн өргөдлийг үндэслэн хувийн хэргийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нөхөн бүрдүүлсэн байдаг.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн С.С-ийн хувийн хэргийн материалыг үзэхэд тухайн газарт хээрийн болон суурин судалгааг хийж газар эзэмшүүлэхэд харшлах эзэмшил, ашиглалттай газар биш болохыг тогтоосон баримт бичиг байхгүй. Ж.Жд газар эзэмшүүлэх тухай 1998 оны захирамж болон түүнийг үндэслэн олгосон гэрчилгээ нь хүчин төгөлдөр, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон эсэхийг тодруулахад үндэслэл бүхий тайлбар, баримт бичиг ирүүлээгүй боловч иргэн Ж.Ж газрын гэрчилгээгээ наториатаар баталгаажуулж өргөдөлдөө хавсарган ирүүлсэн байдаг.

Ж.Ж болон С.С нар нь маргаан бүхий тухайн газрыг хэн нь ч бодитоор эзэмших боломжгүй болсон асуудлыг Ж.Жы гаргасан өргөдлийн дагуу судлан үзэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захирамжийн үндсэн шинжийг агуулж байх тул хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд С.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн баримт байхгүй. Ж.Жаас гаргаж өгсөн баримтад гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Лувсангаас газар авсан бол худалдах худалдан авах гэрээ хийсэн баримтыг ямар байдлаар нотолж байгаа нь тодорхойгүй байна. Газрын албанаас захирамж давхардуулан олгосон учир илт хууль бус акт гэж тооцсон” гэв.

8. Гуравдагч этгээд Ж.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх манайх буюу Я.З гэдэг айл 1992 онд тус газартаа гэрээ барьж буусан. Тухайн үед манайх буусны дараа Х.Отог, Э.Цэндсүрэн, Л.Рагчаадорж, Н.Дорждэрэм нарын айлууд бууж одоог хүртэл айл саахалт амьдарч байна. Тэгээд хууль журмын дагуу газар эзэмших гэрчилгээ аваад 31 дэх жилдээ амьдарч байна. Тухайн үед буюу 1998 оны 9-р сард М.Лувсан гэдэг хамаатны хүн ЗИЛ-130 машиндаа гэрээ ачиж ирээд гэрээ буулгах газар олдохгүй байна хашаандаа түр буулгаач хашаанд байсныхаа хөлсөнд танай хашааны зүүн талын торлосон хэсгийг модоор солиод өгье гэж гуйгаад байхаар ах дүү хүмүүс нэгэндээ тус дэм бололгүй яах вэ гэж бодоод хашаандаа түр буулгасан тэгээд 3 жил болоод зун эзгүй байх үед нүүгээд явсан байсан.Тэгээд намар нь С.Жинсодов гэдэг айл ирж буухад миний бие наад газар чинь гэрчилгээтэй манай газар гэж хэлэхэд тийм гэж сонссон манайх тээлийн боомд хашаатай хүүхэд сургуульд эхнэр эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байна удахгүй нүүгээд явчихна гэж хэлж буугаад 2 жил болоод юу ч хэлэлгүй нүүгээд явсан. Тэгээд Х.Цэцэгмаа эгчийнх мөн буугаад 2-3 жил болоод нүүгээд явсны дараа гэнэт нэг орой С.С гэгч айл ирж буух гэхэд манай газар гэж хэлэхэд манайх олон хүүхэдтэй хөгшин настай ээжтэй харанхуй шөнө өөр очих газар байхгүй гээд авч хэлэлцэлгүй буусан. Иргэн С.С нь бидний хэлсэн үг тавьсан шаардлагыг үл ойшоон будилаан үүсгэж газар эзэмших хууль ёсны гэрчилгээтэй газар дахин давхардуулан гэрчилгээ авсан байсныг бид хожуу мэдсэн.

Манайх өөрийн ХЭАА-н эзэмшлийн газрыг өөр иргэнд зарсан болон өөр бусдад шилжүүлсэн зүйл байхгүй. С.С гэх хүн хууль бусаар манай эзэмшлийн газар дээр ирж буусан ба цаашлаад холбогдох хүмүүст хандаж уг хууль бусаар булааж авсан газраа өөрийн эзэмшлийн мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх зохих байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаж хандахад хууль ёсны шийдвэр гаргаж бидэнд өгсөн юм.

Иргэн С.С-ийн яриад байгаа шүүхийн шийдвэртэй холбогдуулан тайлбар хэлэхэд уг газар нь "Айраг" ХЭАА-ны эзэмшигч Ж.Ж миний нэр дээр Улаангом сумын засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 03-ны 85 тоотын захирамжаар 25 жилийн хугацаатай эзэмшүүлж олгосон газар байсан ба Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0024 дугаартай шийдвэр нь Бариагийн эзэмшлийн газартай давхардаагүй тухай дурдаж шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/114 дугаартай захирамжтай огт хамааралгүй юм.

Манай хүү хашаанд байшин барих болсон тул бичиг баримт хөөцөлдөхөд газрын гэрчилгээ давхардуулж олгосныг мэдэж 2019 оны 09 сард газрын албанд өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй дахин 2020 оны 09 сард өргөдлийг шинэчлэн өгсний дараа 2021 оны 06 сард мэргэжлийн хяналт руу шилжүүлсэн, мэргэжлийн хяналтаас шалгалт орж 2021 оны 07 сарын 01-нд Улаангом сум руу шилжүүлж Засаг даргын захирамж 2021 оны 7 сарын 20-нд гарсан болно. Бид шат дараалсан арга хэмжээгээ авч тухайн үед бичиг баримт хангаж байгаа учраас хүчингүй болгосон захирамж гарсан гэж үзэж байна. Холбогдох бичиг баримт бүрэн байгаа болно.

Дээрх нэхэмжлэх дээр С.С гэгч нь буруу ташаа мэдүүлэг өгсөн байна. Тухайлбал 2004 онд буугаад 9 жил амьдраад 2013 онд нүүсэн гэдэг нь худал байна. Энэ айл 2005-аас 2006 оны үед буусан, амбаар гражаа нурааж газар чөлөөлж өг гэж удаа дараа шаардлага тавьсан учир 2009 оны хавар нүүж явсан хаана буусныг ч мэдээгүй. Иймээс 2013 онд маргаан үүсгэсэн гэсэн бас худлаа гүтгэж байна.Бас 2021 оны 07 сарын 20-нд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Мэндбаяртай хуйвалдаж албан тушаал давуу эрхээ ашигласан танил тал намын хүмүүсийг ашигласан гэж гүтгэж байгаа нь миний нэр хүндэд халдаж намайг удаа дараа гүтгэн доромжилж байна.

С.С манай нөхөр Зунгаравыг урд хийж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан бусад алба хаагчдын нэр төрд халдаж гүтгэн доромжилж хууль бусаар өөртөө гэрчилгээ гаргуулж авсан тухай худлаа ярьж байгаад гомдолтой байна.

С.С нь нисэхийн 116 тоотод том хэмжээний хашааны газарт буугаад 9 жил болж байгаа. Айраг хувиараа эрхлэх аж ахуй нэр дээр байгаа газарт Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар захирамжаар 400 м/кв газар давхардуулан эзэмшиж авсан байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг” С.С нь 2013 онд маргаан бүхий газраас нүүж явснаас хойш өөрийн эзэмшлийн 400 м/кв газрын гэрчилгээний зориулалт болох газрыг 9 жил ашиглаагүй байгаа. Уг газрын маргаанаас болж аж ахуйн нэгжийн зохих ёсны ажлын байр барих гээд чадахгүй байна. Би аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж жимс жимсгэнэ тарьж, модон эдлэл зохих ёсоор үйлдвэрлэдэг.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ж.Жы өмгөөлөгчөөр оролцож байна.Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/114 захирамжаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэх утга агуулга бүхий захирамж гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газрыг 2004 онд Содов гэдэг хүнээс худалдаж аваад 2005 онд гэрээ гэрчилгээг нь гаргуулж авсан гэж ярьдаг. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбартаа “Гадаад явах болоод Зунгаравын нэр дээр газраа шилжүүлж өгсөн бөгөөд давхардаагүй хэсгийн эзэмшигч Бариа байсан учир 2 шатны шүүхийн шийдвэр С.С-ийн талд гарсан байхаа, Бариагийн газартай давхардаагүй үлдсэн хэсэг нь С.С-ийн газартай давхардсан” гэдэг тайлбар гаргасан. 1993 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4/05 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд уг захирамжийг хэрэгт хавсаргуулсан. Дээрх захирамжид хувиараа эрхлэх аж ахуй байгуулан ажиллуулах зөвшөөрөл олгохоор болсон байдаг. Тухайн захирамжид үндэслэн гуравдагч этгээд нь “Айраг” хувиараа эрхлэх аж ахуйг байгуулж, гэрээ гэрчилгээг гаргуулан авсан. 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар Улаангом сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай гэх захирамжаар Айраг хувиараа эрхлэх аж ахуйд 2500 м/кв газар олгосон газрын гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Уг 2500 м/кв газар нь С.С-ийн газартай давхардсан эсэхийг шалгаад Мэргэжлийн хяналтын газраас Улаангом сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн албан тоотыг уншаад танилцуулъя. Улаангом сумын 5 дугаар багийн иргэн Я.З-аас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хүлээн авч судалж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тухайн иргэнтэй холбоотой лавлагаа авсан. Үүнээс үзэхэд иргэн С.С нь Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээтэй 8516012719 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай байгаа нь тогтоогдсон. Энэ нь Я.З-ын олгогдсон газарт давхардуулан газар олголт хийж гэрээ гэрчилгээ олгогдсон нь тогтоогдсон гэсэн агуулга бүхий албан тоотын ирүүлсэн байна. Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар захирамж гарсан. Өөрөөр хэлбэл Ж.Ж нь газар эзэмших гэрээнд заагдсаны дагуу газраа ашиглаж, эзэмшиж байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газрын гэрээний биелэлтийг дүгнэж гэрээнд заасан нөхцөл байдлыг биелүүлж газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь бүрэн төлж газрын хэмжээ байршлыг өөрчлөхгүйгээр зөв зохистой эзэмшиж байгаа иргэн,аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээ гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах гэж зааж өгч байгаа юм. С.С-ийн газар нь үлдсэн энэ метр квадрат газартай давхардаад байна аа гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Содов гэдэг хүнээс худалдаж авсан, Содов нь маргаан бүхий газрыг Лувсангаас худалдаж авсан гэдэг. Ингээд дамжуулж явсаар маргаан үүссэн. Содовоос тухайн газрыг худалдан авсан бол гэрээ байх ёстой байсан боловч хэрэгт худалдах худалдан авах гэрээ байдаггүй. Тухайн газар хуучин эзэмшигч Ж.Ж-ы Айраг хувиар эрхлэх аж ахуйн нэр дээр байсаар байгаа учир газрын эзэмшигч нотлогдож байна. Лувсангийн эхнэр Цэцэгмаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Хашааг зараагүй бөгөөд зарсан талаар мэдэхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэр Лувсангийн эзэмшилд тухайн газар байгаагүй учраас зараагүй байгаа юм. Маргаан бүхий газрыг худалдан хэн нэгний эзэмшилд шилжүүлж байгаа тохиолдолд эхнэр нөхөр хоёулаа мэдэж байх ёстой байсан. Мөн маргаан бүхий газрын 2 гэрчилгээ хоёулаа хүчин төгөлдөр бөгөөд 25 жилийн хугацаатайгаар 1998 онд олгосон учир 2023 оны 11 сарын 3-нд хугацаа дуусна. Тэгэхээр маргаан бүхий газрын гэрчилгээ одоог хүртэл хүчинтэй байгаа учир энэ газрын эзэмшигч нь Ж.Ж юм. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагаас маргаан бүхий газар давхардсан гэж албан бичиг явуулж байсан бөгөөд давхардсан газрыг одоо эзэмших боломжгүй юм. Иймд Улаангом сумын Засаг даргын захирамжийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл давхардаж байгаа газрыг С.С ашиглах боломжгүй учраас бодит нөхцөл байдалд ашиглах боломжгүй юм. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхэлнэ эрх зүйн үйлчлэлгүй байна гэж хуульд заасан.Сүндэвт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайн эрх зүйн акт илт хууль бус учраас энэ нь өөрөө ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүрэхгүй” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн талаас “Анх С.С нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Улаангом сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр С.С-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн байхад аймгийн Засаг дарга дахин хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Айраг хувиараа эрхлэх аж ахуй улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Ж.Ж-д газар эзэмшүүлсэн 1998 оны захирамж, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээ хүчин төгөлдөр байсан, Жаргалсайхан газрын гэрчилгээгээ нотариатаар батлуулж өргөдөлдөө хавсаргасан байсан, Жаргалсайхан болон Сүндэв нар нь маргаан бүхий газрыг хэн ч бодитоор эзэмших боломжгүй болсон ба Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захирамжийн үндсэн шинжийг агуулсан тул илт хүчингүйд тооцсон ” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Гуравдагч этгээд Ж.Ж болон түүний өмгөөлөгчөөс “ Анх тухайн газар нь “Айраг” ХЭАА-д олгогдсон ба З-т зарим хэсгийг шилжүүлэхэд дахин хасалт хийж гэрчилгээг төрийн байгууллагаас олгоогүй, “Айраг” ХЭАА-н газартай давхцуулан Сүндэвт газар олгосон.Одоог хүртэл хувиараа аж ахуй эрхэлж үйл ажиллагаагаа явуулдаг” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

5. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/114 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 61 дүгээр зүйлийн 61.1,Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.4, 98 дугаар зүйлийн 98.1.1 дэх заалтыг үндэслэн Улаангом сумын иргэн С.С-т 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг үндэслэн олгосон 8516012719 тоот нэгж талбарын дугаартай 400м2 газрыг “Айраг” ХЭАА-н эзэн Ж.Ж-ы нэр дээр олгогдсон 2500м.кв газартай давхцуулан олгосон нь түүнийг бодит байдалд газрыг гэрээнд заасны дагуу эзэмших,үүргээ биелүүлэх боломжгүй болгосон гэх үндэслэлээр гэрээ,гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

6. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “ газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэхээр, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол илт хууль бус болох, 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж, 98 дугаар зүйлийн 98.1.1-д “захиргааны байгууллагаас гомдлыг хянан үзээд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” шийдвэрийг гаргаж болохыг тус тус заажээ.

Увс аймгийн Засаг даргын хувьд маргаан бүхий актад дурдсан дээрх хуулийн зохицуулалтын дагуу сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гомдлын дагуу хянан үзээд тухайн актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргах эрхтэй байна. Гагцхүү аймгийн Засаг даргын шийдвэр буюу иргэн С.С-т газар эзэмшүүлсэн гэрээ,гэрчилгээг илт хууль бусад тооцсон үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх ёстой.

7. Иргэн С.С-т Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн 400м.кв газрыг 20 жилийн хугацаатай гар хашааны зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдон, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

8. Гуравдагч этгээд Ж.Жы хувьд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/5 дугаар захирамжаар Ж.Жы “Айраг” ХЭАА-г  ажиллахыг батлан зөвшөөрч шийдвэрлэж байсан ба 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Айраг” ХЭАА-д Улаангом сумын 5-р багт СОТ-3-ын замын урд талд 2500м.кв газрыг худалдаа,үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 5/0197 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож байсан байна.

Үүний дараа Ж.Ж-ы нөхөр Я.З-т 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаангом сумын 5-р багт СОТ-3-ын замын урд талд гэр хашааны зориулалтаар 2500м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 50713 дугаар газар эзэмших гэрчилгээг олгожээ.

9. Увс аймгийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар Я.З-т барилгын хорооны 14-03 тоот хашааны 1170.2 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Я.З, Ж.Ж, З.Э, З.Б, З.Т,З.О нарын нэр дээр 1170.2 м.кв газрыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, 2011 оны 06 сарын 14-ний өдөр газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийгдэж, 1170.2 м.кв газрын үндсэн өмчлөгчөөр З.Б бүртгэгдэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000122586 дугаартай гэрчилгээг олгосон байна.

10. Өмнө нь Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжаар С.С-т олгосон 400м.кв газар нь Я.З-ын газартай давхацсан гэж үзэн  С.С-ийн газар эзэмших гэрээ,гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэснийг С.С-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан үзээд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0024 дугаартай шийдвэрээр Улаангом сумын Засаг даргын А/219 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

11. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0024 дугаартай шийдвэр болон хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд нийт хашаалагдсан байгаа газрын хэмжээг 2723м.кв гэж хэмжилтээр тогтоосон,уг 2723м.кв газарт маргаан бүхий 400м.кв газар хамаарагдсан, З.Б-ийн өмчлөлийн 1170.2 м.кв газрыг кадастрын санд 2099 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн, З.Б-ийн газрын кадастрын зураг болон С.С-ийн эзэмшлийн 400м.кв газрын кадастрын зургийн хэмжилтээр уг газрууд нь давхцалгүй болох нь тогтоогдсон байна.Өөрөөр хэлбэл бодит байдал дээр Я.З, Ж.Ж нарын амьдарч байгаа /хүү З.Бариагийн нэр дээр гэрчилгээ олгогдсон/ хашаалагдсан газраас С.С-ийн эзэмшлийн давхцалгүй 400м.кв газрыг хасахад 2323 м.кв газар үлдэж байна.

12. “Айраг” ХЭАА-н нэр дээр эзэмшүүлэхээр 1998 онд олгогдсон 2500м.кв газрыг 2500м.кв хэмжээтэйгээр нь 2001 онд Ж.Жы нөхөр Я.Зын нэр дээр гэр хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр   “Айраг” ХЭАА-н газар эзэмших эрх дуусгавар болсон, төрийн байгууллага,албан тушаалтнаас Я.Зт газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэхдээ хэмжээг 1170.2 м.кв-аар тогтоосон байна.

13. Мөн 2002 онд батлагдан мөрдөгдөж буй Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн төрлийг хуульчилсан ба ашгийн төлөө хуулийн этгээлийн нөхөрлөл,компанийн хэлбэрээр, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо,сан, хоршооны хэлбэрээр байгуулахаар байна.

“Айраг” ХЭАА нь ямар нэгэн компанийн зохион байгуулалтад шилжээгүй, 2002 оноос хойш “хувиараа эрхлэх аж ахуй /ХЭАА/” гэх хуулийн этгээдийн төрлөөр үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон байна.

14. Иймд гуравдагч этгээд Ж.Ж-ы “ Айраг “ ХЭАА-н нэр дээр олгогдсон газар эзэмших эрх  хүчинтэй байгаа, маргаан бүхий газарт “Айраг” ХЭАА үйл ажиллагаа явуулж байгаа гэх тайлбар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ганхөлөгийн “З.Бариад шилжүүлээд үлдсэн газар нь Жаргалсайхан, Зунгарав нарын эзэмшилд байгаа,”Айраг” ХЭАА-н нэр дээр олгогдсон газар эзэмших эрх дуусгавар болоогүй, Сүндэв газар эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

15. Мөн хариуцагч талаас  “Айраг” ХЭАА-н нэр дээр 2500 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй, С.С-т газар эзэмшүүлснээр “Айраг” ХЭАА-н эзэн Ж.Ж газрыг бодитоор эзэмших боломжгүй болсон гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ж.Ж өргөдөлдөө хавсаргасан “Айраг” ХЭАА-д газар эзэмшүүлсэн гэрчилгээ нь нотариатаар баталгаажуулагдсан, хүчин төгөлдөр гэрчилгээ байсан” гэх тайлбар гаргасан ба Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д нотариатын баримт бичгийн хуулбарыг гэрчлэх нь нотариатын үйлдлийн төрлийн нэг болохыг заасан,өөрөөр хэлбэл тухайн “гэрчилгээ” гэх баримтын хуулбар нь эх баримттай адил болохыг гэрчилсэн үйлдэл юм. Энэ тохиолдолд тухайн баримтын үнэн зөв, хүчинтэй эсэхийг тодорхойлж байгаа нотариатын үйлдэл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотариатаар гэрчилгээ баталгаажуулагдсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

17. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба С.С-ийн эзэмшиж буй газар нь “Айраг” ХЭАА болон Ж.Ж-ы эзэмшлийн газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй тул Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/114 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.С-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэв.

18. Нөгөө талаар, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэгт захиргааны актын зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй, нийтэд илэрхий, ноцтой алдаа бүхий шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд “газрын давхцалтай” гэх нөхцөл нь илт хууль бус болох үндэслэл болохгүй юм.

19. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ