Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0530

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Өсөх-Удам” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Г.Туул,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд Ж.Энхтуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Өсөх-Удам” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай “Өсөх-Удам” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Шүүх эрх хассан шийдвэр хүчингүй болсоноор эрх сэргээгддэггүй гэсэн дүгнэлт хийж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. “Өсөх-Удам” СӨХ нь 216 гишүүнтэй ба 55.6 хувийн ирцтэй хурлыг 5х6 метрийн зааланд хуралдсан гэх ба хуралд гишүүдээс гадна Засаг даргын Тамгын газар, хорооны удирдлагууд оролцож тусдаа ширээ засуулан хуралдсан гэнэ. 5х6 хэмжээтэй зааланд 3 ширээ, 87 сандал тавиад үлдсэн 5х3 зайд 200-аад хүн сууж хуралдсан гэхээр итгэхэд арай л хэцүү байна. Хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоог шинээр байгуулахад төрийн байгууллага буюу Засаг дарга оролцож болохоор заасан байх, байгуулагдаад 10 жил болсон Сууц өмчлөгчдийн холбооны хурлыг Засаг дарга зарлан хуралдуулж болох хуулийн зохицуулалт байхгүй байхад шүүх хууль бус үйлдлийг зөвтгөлөө. Дүүрэг хорооноос хурлын зарыг тараасан гэх ба хуулиар тийм эрх олгогдоогүй буюу хуульд хурлыг хэн яаж зарлан хуралдуулах тухай тодорхой заасан байна. 5х6 хэмжээний заалны 5х3 хэмжээний талбайд суусан сууц өмчлөгч гэх хүмүүсийн бараг 90 хувь нь өмчлөгч биш түрээслэгч, өмчлөгчийн итгэмжлэлгүй хүмүүс байх ба өмчлөлтэй холбоотой нэг ч бүртгэл байхгүй байна. Засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны дансыг хаалгах үйлдэл явуулсан байдаг ба ийм эрх Засаг даргад байдаг гэдгийг ойлгоогүй. Хэргийн байдлыг мэдэх хэнийг ч гэрчээр оролцуулж болдог. Бид олон удаа тухайн үеийн Засаг даргыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх хэрэгт хамааралгүй гэсэн. Захирамж, албан тоотуудыг бичсэн хүн хэрэгт хамааралгүй гэдгийг одоо хүртэл ойлгохгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Өсөх-Удам” СӨХ-ны гүйцэтгэх захирал асан Г.Туул нь “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг “Өсөх удам” СӨХ-ны захирлаар эгүүлэн тогтоосон бөгөөд тамга, тэмдэг надад байж байхад Баянгол дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнд заагаагүй асуудлаар шийдвэр гаргаж, Шинэ эхлэл-41 СӨХ-г бүртгэж авсан нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

Шүүх “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 41 дүгээр байрны “Өсөх удам” СӨХ-ны бүх гишүүдийн хурал 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 55,6 хувийн ирцтэйгээр хуралдаж Сууц өмчлөгчдийн холбоог шинэчлэн байгуулах, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон тэдгээрийн дарга, СӨХ-ны гүйцэтгэх захиралыг сонгох, шинэчлэн байгуулсан “Шинэ Эхлэл-41” СӨХ-г өөрчлөн бүртгүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба хуралдаанаас гарсан холбогдох баримт бичгүүдээ хүргүүлсэнийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар захирамжаар “Шинэ Эхлэл-41” СӨХ-г бүртгэж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжаар “Өсөх-Удам” СӨХ-нд олгосон 53 тоот гэрчилгээг хүчингүй болгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заасантай нийцжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3061 дүгээр шийдвэрээр “Өсөх-Удам” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурал, тус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ шүүхийн шийдвэр нь “Өсөх удам” СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурал болон уг хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдтэй хамааралгүй төдийгүй бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, шийдвэртэй харъяалах шүүхэд нь маргаагүй тул бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л “нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 “Хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болно” гэж заасан бөгөөд Засаг дарга бүх гишүүдийн хуралд оролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Харин “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, “Өсөх Удам” СӨХ-нд дахин хурал хуралдуулж гарсан шийдвэрээ мэдэгдэх тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 дугаар албан бичиг хуулиар тодорхойлсон захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх ба уг албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах учиртай.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг,” гэснийг хасч, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2, 3 дахь заалтыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА

                ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН