Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00872

 

                                                                 О.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй                                                                       иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 949 дүгээр магадлалтай,

О.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

            “Дунд мандал” ХХК-д холбогдох   

            Орон сууцны талбайн зөрүүнд илүү төлсөн 18.281.250 төгрөг, банкны хүү 12.636.000 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 150.000 төгрөг, нийт 31.067.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн тайлбарт: “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу дор дурдсан нэхэмжлэлийг гаргаж байна. О.Оюунгэрэл нь 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр "Дунд мандал” ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 803-1201 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Дунд мандал” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны 1201 тоот, 4 өрөө, 110,58 м.кв талбайтай орон сууцыг 207 337 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэ гэрээг байгуулах баталгаа болгож 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 5.000 ам.доллар буюу 6 192 500 төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулсан өдөр нийт үнийн дүнгийн 50 хувь хүртэл төлбөрийг төлсөн нөхцөлд 1 м.кв-ын үнийг 1 875 000 төгрөгөөр тооцож, 6 300 000 төгрөгийн үнэ бүхий хувцасны шкафууд, 1 875 000 төгрөгийн үнэтэй жакузи гэх мэт тавилга олгохоор гэрээний хавсралтад заасан. Ингээд орон сууцны үнэд нийт 207 337 500 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдөр орон сууцаа хүлээж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй “Тоонот гранд” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд талбайн хэмжээ 100.83 м.кв гэж гарсан ба худалдан авсан 110.58 м.кв талбайгаас 9.75 м.кв талбай дутаж байгаа бөгөөд гүйцэтгэгч “Дунд мандал" ХХК нь 9.75 м.кв талбайн үнэ 18 281 250 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн байна. Мөн орон сууцны үнийг төлөхийн тулд 2011 оны 11 сарын 16-ны өдөр Төрийн банкнаас 66 000 000 төгрөгийн зээл авч үлдсэн төлбөрийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл банкинд үндсэн зээл, зээлийн хүү төлж “Дунд мандал" ХХК-ийн үндэслэлгүйгээр авсан 18 281 250 төгрөгт жилийн 14.40 хувийн хүү буюу 12 636 000 төгрөг төлж хохирсон. “Дунд мандал” ХХК нь тухай үед Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан МNS36058:2009 стандартыг зөрчиж талбайн хэмжээг тэнхлэгээс тэнхлэг хооронд хэмжиж биднээс үндэслэлгүйгээр 18 281 250 төгрөгийг илүү авсан байна. Иймд “Дунд мандал” ХХК-иас талбайн зөрүүд илүү төлсөн 18 281 250 төгрөг, банкны хүүд төлсөн 12 636 000 төгрөг, орон сууцны талбайн хэмжилт хийлгэсний төлбөрт төлсөн 150 000 төгрөг, нийт 31 067 250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргасан О.Оюунгэрэлийн хувьд анх энэ гэрээг “Дунд мандал" ХХК-тай байгуулсан бөгөөд дүү О.Батгэрэл нь эгчээрээ дамжуулж орон сууцтай болсон. Гадаадаас ирээд өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан. О.Батгэрэл нь тухайн үед гэрээ байгуулсан өөрийн эгч О.Оюунгэрэлд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлээр “Дунд мандал” ХХК-иас талбайн зөрүүд илүү төлсөн мөнгийг гаргуулахаар шаардах эрхээ шилжүүлсэн. Үүний дагуу О.Оюунгэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн “Дунд мандал” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж байна.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ байгуулсан боловч бидний дунд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргах ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байх бөгөөд энэ хугацаа өнгөрсөн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр О.Оюунгэрэлтэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнд орон сууцны талбайн хэмжээг барилгын тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв, хананаас хананы хооронд 106.44 м.кв байхаар харилцан тохиролцож, тохиролцооны дагуу орон сууцны нийт үнийг 207 337 500 төгрөг байхаар тохиролцсон болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талбайн хэмжээн дээр маргахгүй тул дээрх орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээс тэнхлэгийн хооронд хэмжүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь банкнаас 66 000 000 төгрөгийн зээл авч захиалан бариулсан ба үүний дагуу хүүнд төлсөн 12 636 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай компаниар орон сууц захиалан бариулж байгаа иргэд банкны зээлээр орон сууцны төлбөрийг хийх тохиолдолд зээл авч байгаа банкнаас барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа болон тухайн барилгыг улсын комисс хүлээж авсан зэрэг бүхий л мэдээллийг манай компаниас гаргуулан авч байж олгосон зээлийг манай компанийн данс руу шилжүүлдэг юм. Харин О.Оюунгэрэл нь төлбөрийг бэлнээр компанид төлсөн байсан. Үүнээс үзэхэд тус орон сууцыг авахдаа илүү төлбөр төлсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Дунд мандал” ХХК-д холбогдох 31 067 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32016/04774 дүгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 949 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 949 дүгээр магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны 1201 тоот хаягт орших 4 өрөө орон сууцны өмчлөгч нь О.Батгэрэл, Л.Байгалмаа, Б.Найданхүү, Б.Найдандорж байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, тухайн гэрээгээр хариуцагч “Дунд Мандал” ХХК нь нэхэмжлэгч О.Оюунгэрэлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Кристал таун” хотхоны 803 дугаар байрны 1201 тоот хаягт орших 4 өрөө ханаас ханын хооронд 106.44 м.кв, тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв талбайтай орон сууцыг 207.337.500 төгрөгөөр худалдахаар тохирч энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч О.Оюунгэрэл төлбөрөө төлж, хариуцагч “Дунд Мандал” ХХК орон сууцыг гэрээ байгуулснаас 5 сарын дараа буюу 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч талуудын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ дуусгавар болсон юм. Нэгэнт гэрээний үүрэг бүрэн биелэгдэж төлбөр бүрэн төлөгдөж, орон сууцыг хүлээлгэн өгсөн тул 2013 оны эхээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг О.Батгэрэлийн нэр дээр гаргуулан авах хүсэлтийн дагуу 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг О.Батгэрэлийн нэр дээр дахин байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээг О.Батгэрэл, Л.Байгалмаа, Б.Найданхүү, Б.Найдандорж нарын нэр дээр гаргуулсан юм. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын анхны байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болсон байхад тухайн гэрээний үр дагаврыг өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгтэй холбон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “Дунд Мандал” ХХК нь нэхэмжлэгч О.Оюунгэрэлд орон сууцыг 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацааны дотор, доголдлын талаар мэдэх боломжтой байсан байхад тухайн хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үзэхэд нэхэмжлэгч хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт орон сууцны талбайг ханаас ханын хооронд 106.44 м.кв, тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв талбайтай байхаар тохиролцсон бөгөөд тухайн орон сууц нь бүрэн баригдаж дуусаагүй байсан тул ийнхүү талууд барилгын зураг төслийн дагуу талбайн хэмжээг ханаас хана, тэнхлэгээс тэнхлэг хооронд байхаар тохирсон нь аливаа хууль зөрчөөгүй талуудын хүсэл сонирхлоор хийгдсэн гэрээ юм. Нэхэмжлэгчийн захиалгаар орон сууцыг барьж нийлүүлэх үед барилгын каркас болон барилгын гаднах ажиллагаа, барилга доторх зарим ажил хийгдсэн, нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны доторх тусгаарлах хана баригдаагүй байсан тул өрөө тусгаарласан хананд хамаарах талбайг оруулахгүйгээр нийт ханаас хана гэж талбайн хэмжээг талууд тохиролцсон бөгөөд хариуцагчаас 100.83 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид нийлүүлнэ гэж огт тохироогүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь “Тоонто Гранд” ХХК-иас тогтоосон хэмжилтийг баримтлан талбайн хэмжээг дутуу нийлүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь “Тоонто Гранд” ХХК-иас гаргасан талбайн хэмжээ нь MNS 6058:2009 дугаартай стандартыг үндэслэсэн байх бөгөөд тухайн стандарт нь зөвхөн орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох стандарт юм. Харин талууд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт орон сууцны талбайг ханаас ханын хооронд 106.44 м.кв, тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв талбайгаар тогтоосон бөгөөд энэхүү талбайгаар орон сууцыг нийлүүлсэн тул талбайн хэмжээг дутуу нийлүүлээгүй юм. Түүнчлэн хариуцагчаас хана болон тэнхлэгийн хэмжээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас гэрээгээр тохирсон ханаас ханын хооронд 106.44 м.кв, тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв талбайг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч тал шинжээч томилуулж талбайн хэмжээг тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан юм. Мөн талуудын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.16, 2.17, 2.18, 2.19 дэх хэсгүүдэд банкны зээлээр худалдан авах тохиолдолд зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг гүйцэтгэгч талд өгөх, зээлийн материалаа цаг хугацаанд бүрэн бүрдүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч нь дээр дурдсан ажиллагаа хэрэгжүүлээгүй байж банкны зээлээр байр худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд манай компанид Төрийн банкнаас О.Оюунгэрэлийн байрны төлбөр гэж мөнгө орж ирээгүй бөгөөд О.Оюунгэрэл нь байрны төлбөрийг дандаа бэлнээр олон удаа хувааж төлж байсан юм. Хэрэгт нотлох баримтаар өгсөн Төрийн банк болон О.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний дагуу орон сууцыг худалдан авсан бол түүний зээлсэн 66.000.000 төгрөг нь тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт зааснаар бэлэн бусаар манай компанийн дансанд орох ёстой байсан тул банкны хүү гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 949 дүгээр магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

           Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь хариуцагч “Дунд мандал” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт холбогдуулж 31.067.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           Зохигчдын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээнд хариуцагч буюу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Кристал Таун” хотхоны орон сууцны цогцолборын 803 дугаар байрны 1201 тоотын 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч нь орон сууцны үнэ 207.337.500 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь үнийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ. 

Дээрх орон сууцыг захиалгаар бариулах гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан, уг орон сууцны барилга 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад орсон болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах упсын комиссын акт болон төлбөр төлсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, бэлэн болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий зохигчдын хооронд хийгдсэн гэрээ нь нэр болон ашигласан хэвлэмэл маягтын хэлбэрээс үл хамааран худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.

          Нэхэмжлэгч нь “Тоонот Гранд” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 100.83 м.кв талбайтай байх ба худалдан авсан 110.58 м.кв талбайгаас 9.75 м.кв талбайгаар дутаж байгаа гэсэн үндэслэлээр илүү  төлсөн 9.75 м.кв талбайн үнийг, банкны хүү, хэмжилт хийлгэсэн зардлын хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

          Зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 803-1201 тоот гэрээний 1.1.2-т болон гэрээний хавсралтанд орон сууцны талбайг тэнхлэгээс тэнхлэг хүртэл 110.58 м.кв, хананаас хана хүртэл 106.44 м.кв болохыг тодорхойлон тусгасан байх тул нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь эд хөрөнгийг хүлээн авахдаа тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлж, худалдан авч буй эд хөрөнгийн үндсэн шинж болох талбайн хэмжээ буюу эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн уг гэрээнд орон сууцны талбайн хэмжээг хэрхэн тооцож гаргасан талаар тодорхой тусгасан, гэрээнд заасан талбайн хэмжээний тухайд талууд хэн аль нь маргаагүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт  авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

           Түүнчлэн зохигчдын байгуулсан гэрээнд гэрээний зүйлийн үнийг тодорхойлохдоо “тэнхлэгээс тэнхлэг хооронд 110.58 м.кв, хананаас хана хүртэлх талбай 106.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц гэж, орон сууцны нийт үнэ 207.337.500 төгрөг” гэж  заасан, орон сууцны талбайн нэгж буюу 1 м.кв талбайг үнэлсэн тодорхой үнийн талаар гэрээнд ямар нэг заалт тусгагдаагүй байна. Иймээс гэрээний талууд тодорхой эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохирч нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан бөгөөд худалдан авсан эд хөрөнгийн гэрээнд тусгагдсан хэмжээнд маргаагүй тул гэрээнд заагдаагүй 1 м.кв талбайн үнээр тооцож, гэрээний үнийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанийн төлөөлөгчөөс “байр хүлээлцэх акт"-аар орон сууцыг хүлээн авсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасанд нийцсэн буюу худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг анхан шатны шүүх зөв тайлбарласан байна. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй гэж үзлээ.  

           Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь хариуцагчтай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон, гэрээний хүчин төгөлдөр байдал болон талууд энэ гэрээний оролцогч мөн эсэх дээр маргаагүй байх тул нэхэмжлэлийг гэрээний нэг тал болох худалдан авагч О.Оюунгэрэл гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно. 

            Иймээс давж заалдах шатны шүүх “...орон сууцны өмчлөгч О.Батгэрэлээс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр О.Оюунгэрэлд итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг олгосон нь түүнд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ" гэж заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлээгүй байна. ...орон сууцны хамтран өмчлөгч, насанд хүрсэн Л.Байгалмаа, Б.Найданхүү нараас гэрээний зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргасан эсэх, тэдгээрийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан” гэсэн үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 949 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 313.286 /гурван зуун арван гурван мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН