Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 503

 

Н.Б, Н.М, Н.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар магадлалтай, Н.Б-, Н.М-, Н.Х- нарт холбогдох 1820000680048 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жил 5 сар 18 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 06 сар 12 хоногийг тэнсэж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан Б овогт Н-н Б.

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Н.М-ыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийг өршөөж, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосон Ө овогт Н-н М.

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** оршин суух, *** хэсэгт замчин ажилтай байсан,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,200,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Б овогт Н-н Х.

1. Н.Б-, Н.М- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Э.С-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нь нэвтрэн орж мөнгөн эмээл хулгайлсан,

2. Н.Б-, Н.Х- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багт байрлах *** дугаар ангийн *** байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.Б-, Н.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Н.Б-, Н.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч, Н.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.М-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Х-д 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “шүүгдэгч Н-н Б-г ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,” гэснийг, “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,” гэж, 4 дүгээр заалтын "... 1 жил 6 сарын ...” гэснийг, “2 жил 6 сарын” гэж, 5 дугаар заалтын 1 жил 6 сарын ...” гэснийг “2 жил 6 сарын” гэж, 7 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х- нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж, тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-, шүүгдэгч Н.Б-, Н.М- нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С- нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Б-, Н.М- нар нь тус бүр 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүх нь Н.Б-, Н.М-, Г.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Н.Б-н хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргаж гомдол гараагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсны дагуу Н.Б-н 2 хулгайн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1, 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэг ял өгөх атал тухайн зүйл, хэсэг тус бүрд ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-н үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах байтал анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1, 2.1, 2.4 дэх хэсэг тус бүрээр ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлын агуулгаас үзэхэд шүүгдэгч Н.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй ба хорих ял хөнгөрүүлэн оногдуулах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Н.Б-н ялыг хүндрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Н.Б-н ар гэрийн зүгээс давж заалдах шатанд өмгөөлөгч Ж.Жаргалсайханыг өмгөөлөгчөөр авсан бөгөөд өмгөөлөгч нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй гагцхүү хэрэгт нэмж шалгуулах зайлшгүй ажиллагаа байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах агуулга бүхий гомдлыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байхаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалт нь өмгөөлөгч, гомдол гаргагч нар нь заавал ижил байр суурийг илэрхийлэхгүй, гагцхүү өмгөөлөгч давж заалдах гомдлоо өмгөөлж байгаа хүндээ танилцуулсан байхыг шаардсан хуулийн зохицуулалт юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг агуулгаас нь буруу тайлбарлан дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг анхан шатны шүүх хэрэглэн ялыг татаж оногдуулсан нь үндэслэлгүй гэж тогтоолд хүндрүүлж өөрчлөлт оруулсан нь шударга ёсны зарчим болон тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Н.М-ын гэм буруугийн хувьд ...давж заалдах шатны шүүхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Н.М-ад холбогдох заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Сум дундын Прокурорын газраас Н.М-ад 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь санаатай нэгдэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хэн ямар оролцоотой оролцсон болох нь тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлгүй дүгнэлт хийн, Н.М-ыг гэм буруутай гэж үзэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хх-ийн 1-р хуудсанд өгсөн Н.М-ын гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг зэргийг тогтоолынхоо үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох хохирогч Э.С-гийн 4 удаагийн мэдүүлэг, гэрч Н.Э, гэрч Н, гэрч Г.Г, гэрч Д.М, насанд хүрээгүй гэрч С.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Н.М- нь Н.Б-тэй хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь нотлогдохгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх “шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул яллагдагч нарын мэдүүлгүүд нь дангаараа яллах үндэслэл болохгүй боловч шүүгдэгч нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.Г-н мэдүүлэг, шүүгдэгч нарын харилцан бие биенийгээ гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.М-н мэдүүлэг, нэхэмжлэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдсон гэх дүгнэлт нь дараах магадлалынхаа үндэслэлээ болгосон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалтыг барьж хууль хэрэглээний алдаа гаргасан.

1хх-н 3-5 хуудас 2018 оны 03 сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 67-68-р хуудас гэрч Д.М-н, 11 дүгээр хуудас гэрч Г.Г-н, яллагдагч, шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг магадлалын үндэслэлээ болгосон боловч энэ мэдүүлэг нь тэдний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааныг шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс харах/ Мөн хавтаст хэргийн 44-47-р хуудсанд Н.Б-н яллагдагчаар өгсөн “... мэдүүлгээр Н.М- нь Н.Б-тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдэж байх бөгөөд Н.Б- гэмт хэргийг ганцаараа үйлдсэн М хулгай хийхийг мэдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар Н.Б- хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй хэргийг хэт нэгийг талыг баримтлан, гэмт хэрэгт холбогдолгүй хүнийг хэлмэгдүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах,

Н.Б-н гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлд тооцож, хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэг ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хариуцлагыг хөнгөрүүлэх, Н.М-ын үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож чадахгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Н.М-ыг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Уг хэрэгт нотолбол зохих нөхцөл байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан шаардлагыг бүрэн хангаж чадаагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэсэг ноцтой зөрчигдсөн хэмээн үзэж байна. Н.Б-г Зэвсэгт хүчний 336-р ангийн Хүрээ-3 байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай бөгөөд уг объект нь харуул хамгаалалтгүй байгаад удаж байгаагийн гадна уг төмөр алдагдсан талаар цагдаагийн байгууллагад 2018 оны 2 сард өргөдөл өгсөн болох цаг хугацааны байдал, өөрөөр хэлбэл уг төмөр хашаа үнэхээр шаардлага хангасан харуул хамгаалалттай улмаар тодорхой эзэнтэй хохирогчийн мэдүүлж байгаагаар сар тутамдаа эргэдэг байсан бол тэр даруйдаа хулгайн үйлдлийг илрүүлэх боломжтой байсан болохыг үгүйсгэх аргагүй байдал, нөгөө талаас энэ хэргийн холбогдогч Х, Б нараас уг төмрийг цэргийн ангийнх гэдгийг огт мэдээгүй тиймээс ч тухайн үедээ хулгай хийж байна гэж бодоогүй учраас өдрийн цагаар уг эд зүйлсийг авсан болно гэсэн мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараалан өгсөн болох энэхүү санаа зорилгын хэлбэрийг бодитойгоор тунгааж анхаарч үзээгүй болно.

Мөн шүүхээс энэхүү гэм буруугийн санаа зорилгын хэлбэр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр тодорхой хэмжээний дүгнэлтийг хийлгүйгээр орхигдуулсан атлаа Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн ойлголтод хамруулан түүний эрх зүйн байдлыг дордуулан хариуцлагыг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хүнлэг энэрэнгүй нийгмийн шударга ёсны өнөөгийн хууль зүйн тогтолцоонд нийцэхгүй илтэд буруу ойлголт хэмээн үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд Б-д холбогдох гэм буруугийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдож чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан заалтууд хангагдаагүй байна гэсэн нөхцөл байдлуудыг хөндөж уг хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах гомдол гаргаснаас биш түүний гэм буруугийн талаар маргаагүй байхад шүүхээс илтэд энэ байдлыг үгүйсгэж хэт өрөөсгөл хандлагаар буруу дүгнэлтийг хийсэн болохыг анхаарна уу.

Мөн Б-д холбогдох эмээлийн үйлдлийн хувьд ч ах дүү төрөл төрөгсдийн хоорондын харилцан бие биедээ захиран зарцуулах эрхийг өгсөн зөвшөөрлөөр хийгдсэн байхыг үгүйсгэх аргагүй өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд эргэлзээтэй үндэслэлүүд харагддаг ба тиймээс ч энэ хэргийн хохирогч болох С гэгч нь прокурорын шатанд, анхан шатны шүүхэд улмаар давж заалдах шатны шүүхэд зохих ёсны гомдлоо гаргадаг атал аль ч шатанд энэ нь хэлэлцэгдэхгүй орхигдоод байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийн асуудал зөрчигдөж байгаатай холбоотой болно. Энэ асуудлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийг биечлэн оролцуулж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг нягтлан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан болохыг анхаарна уу.

Улмаар Б нарт холбогдох хэргийн 2018.10.03-ны өдрийн 6З дугаар магадлалын "Тодорхойлох" хэсэгт :Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хэмээн бичсэн нь ойлгомжгүй бөгөөд яллагдагч нарт хамааруулсан энэхүү заалт нь ЭХХШТХуулийн 7.4 дэх хэсэгт заасан заалттай шууд холбоотой тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4-р зүйл буюу Эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах заалтад хамруулан эрүүгийн хууль болон ЭХХШТХуулийн заалтуудыг хооронд нь хольж ямар ч хамааралгүй заалтаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Н.Б-д холбогдох хэргийг дахин хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Э.С- гаргасан гомдолдоо “...Миний бие Э.С- нь Н овогтой Э гэр бүл болоод 16  жил болж байна. Бид ханилан суугаад 4 хүүхдийн эцэг эх болсон баталгаатай гэр бүл. Улаанбадрах суманд байдаг гэрт маань орж эмээл авсан Б нь миний эхнэрийн төрсөн дүү юм. Тухайн үед Б эхнэр Э-с эмээл авах зөвшөөрөл авч байсан юм билээ. Эхнэрээс минь зөвшөөрөл авсан нь надаас ч мөн авсантай адил. Энэ эмээл нь эхнэр бид 2-ын дундын өмч хөрөнгө учраас эхнэр маань зөвшөөрөл өгөх эрхтэй. Дүү Б-н энэ үйлдлийг хулгайн хэрэг гэж үзэхгүй байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие нь энэхүү гомдлыг удаа дараа гаргаж байхад гомдлыг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Мөн миний бие хөдөөний бүрэг, даруу хүн байцаалтыг тулгамдаж буруу, зөрүү өгсөн байх талтай. Гомдлыг минь хүлээж авна уу” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Э.С-гийн гомдолд дурдсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон үйл баримттай зөрчилдөж байна. Н.Б-н хулгай хийсэн үйлдэл маргааш өглөө нь хажуу айлынх нь цонх онгорхой байна гэсэн мэдээлэл өгснөөр шалгагдаж, нотлогдсон. Дээрх үйл баримттай гомдолд тусгасан асуудал зөрчилдөж байна. Н.Б- цонхны доор ор байдаг учраас гутлаа тайлж орсон. Эмээлийг М-тай урьдчилан ярьж, эмээл зарах талаар тохиролцсон, машинтай очсон талаараа мэдүүлсэн байгаа нь гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Хэргийн зүйлчлэлийн талаар Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан төрөл, хэлбэрийн алийг нь журамлах ёстой талаар дүгнэлт хийж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С- нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-, Н.М-, Н.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Б-, Н.М- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Э.С-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нь нэвтрэн орж мөнгөн эмээл хулгайлсан,

мөн шүүгдэгч Н.Б-, Н.Х- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Сайншанд сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Хүрээ-3 байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б- нь Н.М-, Н.Х- нартай бүлэглэн өөр, өөр объектод, цаг хугацааны хувьд завсарлагатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болон 2.1, 2.4-т зааснаар үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

        Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм.

Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаарна.

        Энэ шинжээр авч үзвэл Н.Бат-Эрдэнийн бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан нь нэг төрлийн гэмт хэргийн давталт болно.

        Харин нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдэх нь байнга гэсэн шинжийг илэрхийлдэг тул Н.Б-н гэмт үйлдлийн хувьд энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

         Шүүгдэгч Н.Б- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт урьд 1 удаа ял шийтгүүлснээс гадна нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар хоёр удаа үйлдсэн байх бөгөөд нийтлэг болон тусгай  давталттай холбоотой уг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тул анхан ба давж заалдах шатны шүүх бие даасан эхлэл төгсгөлтэй, хоёр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн хоёр үйлдлийг тус тусад нь бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилж шийдвэрлээгүй хууль хэрэглээний алдааг зөвтгөн засах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Н.Б-г орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С- нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар магадлалд “Шүүгдэгч Н.Б-г хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН