Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2023/0019/з |
Дугаар | 124/ШШ/2023/20 |
Огноо | 2023-09-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 124/ШШ/2023/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, ......хороо, .... хороолол, байрлах “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,
“Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж “Ц” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Д.Э /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл, 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж “Ц” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. “Ц” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/06 дугаартай албан бичгээр Өндөрхангай сумын Засаг даргад хандаж 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн байх ба Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/28 дугаартай албан бичгээр Ц ХХК-иас 2023 онд хайгуулын ажил хийх төлөвлөгөөний эх хувийг ирүүлэхийг мэдэгдсэн байна.
3. Нэхэмжлэгчээс Өндөрхангай сумын Засаг даргаас төлөвлөгөөг батлахгүй байгаатай холбогдуулан Увс аймгийн Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/013 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан, Увс аймгийн Засаг даргаас Өндөрхангай сумын Засаг даргад “...төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг хууль журмын хүрээнд судалж,шийдвэрлэнэ үү...” гэсэн агуулга бүхий 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/494 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
4. Өндөрхангай сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын хүргүүлсэн албан бичгийн хүрээнд төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.
5. “Ц” ХХК-ийг төлөөлөн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани нь Увс аймгийн Өндөрхангай суманд хайгуулын лиценз эзэмшээд 8 жил болж байна. Энэ оны 3 дугаар сараас 8 дугаар сарыг хүртэл тус сумын Засаг даргатай холбогдож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөч гэхэд хариу огт өгөхгүй байсан учраас холбогдох дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад хандсан ч ямар нэг дорвитой хариу өгөөгүй, шийдтэй арга хэмжээ аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох баримтуудыг бүгдийг нь өгсөн. Өндөрхангай сумын Засаг дарга Г.Тт 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг 2023.01.20-ний өдрийн 001/06 тоот албан бичгээр хүргүүлсэн. Г.Т нь 2023.02.18-ны өдрийн 01/28 тоот хариу албан бичиг дээрээ "Дэлт" нэртэй талбайд 2023 онд харуулын ажил хийх төлөвлөгөөний эх хувийг албан бичгээр ирүүлэх тухай хүсэлт ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу 2023.04.06-ны өдрийн 001/014 тоот албан бичгийг 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг нийт /36 хуудас/ хүргүүлсэн.
Иймээс манай компани шууд харьяалах дээд шатны байгууллага болох Увс аймгийн засаг дарга Ч.Ч-д "Өндөрхангай сумын Засаг дарга Г.Тт манай компанийн хуульд заасан хайгуулын үйл ажиллагаа явуулахад аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээр саад хийгүй байх, мөн 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү" гэж 2023.03.16-ны өдрийн 001/013 тоот албан тоот явуулсан. Гэтэл Ч.Ч нь бидний хүсэлтэд одоог хүртэл хариу өгөөгүй.
Иймээс Г.Т, Ч.Ч нар нь бидний ажлыг илтэд үл хүндэтгэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон бөгөөд 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа доголдож, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байна. Иймээс Өндөрхангай аймгийн Засаг дарга Г.Т
•Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдэл,
•Ц ХХК-ийн 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож,
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 12.1.2-т "харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах,..." хэсгүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллан
•Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх,
•Ц ХХК-ийн 2023 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг даруй батлахыг даалгаж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Г.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. “Ц ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанчлан тус компанийн хайгуулын үйл ажиллагааг хориглох, ажил хийлгэхгүй саад учруулах зэргээр үйл ажиллагаа явуулахад нь аливаа хэлбэрийн саад хийгээгүй бөгөөд
-Ашигт малтмалын тухай хуулийн 38.1,1-д заасны дагуу тус компани байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөө боловсруулахдаа сумын засаг даргатай зөвшилцөөгүй
38.1,5-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний жилийн төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад хүргүүлээгүй
-хайгуулын ажил гүйцэтгэх арга хэлбэр: ашиглаж буй техник зэрэг нь өмнөх онуудаас өөрчлөгдсөн буюу байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдсэн байхад байгаль орныг хамгаалах менежмент төлөвлөгөөгөө шинэчлэхгүй өмнөх онуудын төлөвлөгөөг хуулбарлан дахин ирүүлж байгаа
-Ашигт малтмалын тухай хуулийн 42.2-т заасны дагуу уг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байрлаж буй Батсайхан, Цагааннуур багийн удирдлага, малчин иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй хүргэж, олон нийтийн дунд тархсан ташаа ойлголтыг залруулах, өвөлжөө хаваржаа нь хайгуулын талбайд орсон иргэдтэй уулзалт зохиож үйл ажиллагаагаа ил тод сурталчлах зэргээр орон нутагт хамтран ажиллах талаар санаачилга гаргаж ажиллаагүй
зэрэг үндэслэлээр тус компанийн “Дэлт” нэртэй хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Сумын Засаг даргаас манай компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа бөгөөд баталж өгөөгүйгээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа доголдож, эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна” гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн зүгээс “ Ц ХХК -ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад хийгээгүй, төлөвлөгөөг боловсруулахдаа сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, төлөвлөгөөг холбогдох байгууллагад хүргүүлээгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нэмэгдсэн байхад төлөвлөгөөгөө шинэчлэхгүй өмнөх онуудын төлөвлөгөөг хуулбарлан дахин ирүүлж байгаа, орон нутагтай хамтран ажиллах талаар санаачилга гаргаж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргасан байна.
4. “Ц” ХХК-д Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Дэлт нэртэй газарт орших 20177.98 гектор талбайг хамарсан XV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл хугацаатайгаар 2015 оны 5 сарын 11-ний өдөр олгосон, Ц ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 151 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2024.05.11-нийг хүртэл сунгасан, талаар тэмдэглэл хийгдсэн, 2018 оны 4 сард “Ц” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайгаас 13244.43 га талбайг, 2019 оны 06 сарын 04-ний өдөр 2803.83 га талбайг тус тус буцаан өгч үлдэх 4129.73 га талбайд хайгуул хийхээр болсон нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад тэмдэглэгджээ.
5. Өмнө нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 17 дугаар шийдвэр, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаар шийдвэр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан, төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж байсан байна.
6. “Ц” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/06, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/014 дугаар албан бичгүүдээр байгаль орчныг хамгаалах 2023 оны төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлжээ.
7. Өндөрхангай сумын Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/28 дугаартай албан бичгээр “Ц” ХХК-иас 2023 онд хайгуулын ажил хийх төлөвлөгөөний эх хувийг ирүүлэхийг мэдэгдэж байсан, “Ц” ХХК-иас сумын Засаг даргад 2023 оны 4 сард дахин төлөвлөгөөг хүргүүлсэн байх Өндөрхангай сумын Засаг даргаас “Ц” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлаагүй байна.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”,38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай орших сум,дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах”, 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах, мөн хуулийн 38.1.6-д тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,хайгуулын ажилд ашигласан шинэ техник технологи,байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум,дүүргийн Засаг даргаар батлуулахаар, 38 дугаар зүйлийн 38.2-д Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө,түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”, мөн зүйлийн 9.5-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ гэж заасан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,хянан батлах,тайлагнах” журмын 2 дахь хэсгийн 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж,батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах,арилгах арга хэмжээний зөвлөмж,байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулна”, 2.11-д Газрын тос, уламжлалт бус газрын тос,цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж,тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ”, 3 дахь хэсгийн 3.5-д Газрын тос, уламжлалт бус газрын тос,цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум,дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан,Засаг даргаар батлуулж, аймаг,нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” , 3.1-д “...тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ” гэж зохицуулжээ.
10. Байгаль орчныг хамгаалах талаар хууль журамд заасан зохицуулалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ц” ХХК-иас 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн байхад хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргаас уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй үндэслэлээр тухайн жилийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна.
Өөрөөр хэлбэл,сумын Засаг даргаас “Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д заасны дагуу сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, жилийн төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан сумын Засаг даргатай зөвшилцөх зохицуулалтыг хайгуулын тусгай зөвшөөрлийг анх авснаас хойших анхны удаад батлуулах төлөвлөгөөтэй холбоотой гэж ойлгоно.
12. “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах,тайлагнах” журамд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах жилийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулсны дараа холбогдох байгууллагад хүргүүлэхээр заасан тул хариуцагчаас “төлөвлөгөөг холбогдох байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр төлөвлөгөө батлаагүй нь үндэслэлгүй.
13. Хэрэгт “Ц” ХХК-иас сумын Засаг даргаар батлуулсан 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө,2022 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөө авагдсан байх ба 2023 оны батлуулахаар хүргүүлсэн төлөвлөгөө нь өмнөх онуудын төлөвлөгөөнөөс өөр байх тул хариуцагчийн “төлөвлөгөөгөө шинэчлэхгүй,өмнөх онуудын төлөвлөгөөг хуулбарлан ирүүлж байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
14. Мөн хариуцагчийн “орон нутгийн иргэдтэй уулзалт зохиож,үйл ажиллагаагаа сурталчлах зэргээр орон нутагт хамтран ажиллах талаар санаачилга гаргаж ажиллаагүй” гэх тайлбар нь байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөний зорилготой холбоогүй, төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй юм.
15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс “Ц” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, төлөвлөөг батлахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
16. Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч,хариуцагч нарын хооронд нийтийн эрх зүйн маргаан үүссэн, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.
18. Гэтэл нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөртлөө дахин Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох,цаашид Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Өндөрхангай сумын Засаг даргаас хайгуулын үйл ажиллагаанд саад учруулсан маргаан бүхий үйлдэл байхгүй,Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-д заасан “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” бүрэн эрхийг сумын Засаг дарга биш аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна.
19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох,цаашид Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
20. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2023 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан “Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох,цаашид Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ