Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

Ч.А-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, шүүгч Д.Баттулга, Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.А-д холбогдох 2129000000030 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

С овгийн Ч-ын А,

Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Б сумын М багийн нутаг, ЭТТ ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 47 дахь километрт 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Д.Н-ыг Э.Ч-тэй хардаж маргалдан хэвлий хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Ч.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.А-г 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ч.А-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гийн сэжигтнээр 1 хоног баривчлагдсан, яллагдагчаар 267 хоног цагдан хоригдсон нийт 268 хоногийг хорих ялын 268 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, нийт гэм хорын хохирол, хор уршгийн төлбөрт 33956000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн зардлын 3000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.А-гээс хохирол, хор уршгийн төлбөрт 30500000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь нийт 268 хоног цагдан хоригдсон хоногтой, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхгийг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Х- сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...1. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо хэзээ илэрснээс үл хамааран, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэлд нөлөөлсөн субьектив болон обьектив хүчин зүйл, хохирол, хор уршгийн шинж чанар, түүнд хүргэсэн шууд шалтгаант холбоог харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Шүүх Ч.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал байхыг шаардана” гэх үндэслэлээр “Хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А нь 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Д.Н-ыг 2 удаа хутгалсны улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар амь хохирогч Д.Н- ын биед хэвийн голоор хүйснээс дээш 3 см-т хутгалагдсан шарх, хэвлийн зүүн талд хутгалагдсан шархнуудын аль аль нь хэвлийн хөндийд нэвтэрсэн, мөн нэг гэмтэл нь нарийн гэдсийг зүсэж тасалсан бол нөгөө гэмтэл нь гялтан хальс, чацархайг гэмтээсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хүнийг шууд үхэлд нь хүргэх, амь насанд аюултай 2 гэмтлийг удаа дараагийн үйлдлээр учруулсны улмаас Д.Н нь дээрх шарх, гэмтлүүдийн улмаас биеийн ерөнхий хордлогод орж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд нас барж, амь нас нь хохирсон болох нь тогтоогдсон.

Шинжээч эмч шүүх хуралдаанд шаардлагатай арга хэмжээ авч, мэс засал хийж, нарийн гэдсийг оёсон боловч тухайн хүний амь насыг аврах боломжгүй байсан. Амь хохирогчийн хэвлийн дотор эрхтэнд гадны бохир зүйл орсноос хордлого үүссэн. Тухайн үед хордлого тайлах арга хэмжээ авсан ч хордлогын шокноос болж, амь нас нь аврагдаагүй. Амьд явах хугацааг шинжлэх ухааны үүднээс нарийн тогтоох боломжгүй талаар мэдүүлсэн.

Гэтэд анхан шатны шүүх шүүгдэгч нь амь хохирогчийг 2 удаа хутгалснаар хохирогч нь биедээ хүнд гэмтэл авч, уг гэмтэл нь үхэлд хүргэсэн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар тогтоосон, өөрөөр хэлбэл Ч.А нь амь хохирогч Д.Н-ыг Э.Ч-эй хардаж, маргалдан хэвлийн хэсэгт хутгалсны улмаас хүнд гэмтэл авч, нас барсан нь шүүгдэгчийн хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг санаатайгаар хохирогчид хүнд гэмтэл учруулсан, хохирогч нь цаг хугацаа алдаж эмнэлгийн тусламж авсан, хүнд гэмтлийн хүндрэлээс болж нас барсан мэтээр, илт үндэслэл муутай дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх хууль зүйн ойлголт нь амь хохирогчийн үхлийн суурь шалтгаан нь хүнд гэмтэл мөн боловч зориуд нас барахад хүргээгүйгээс гадна өөр бусад шалтгааны улмаас гэмтэл нь хүндэрч үхэлд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний шалтгаант холбооны хамаарлын тухай цогц ойлголт юм. 

Амь хохирогч нь эмчлүүлж байгаад нас барсан, эсвэл яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан эсэх нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, хэлбэр, гэмт үйлдлийн шинж чанар, санаа зорилго, гэмт этгээдийн үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага зэргийг зайлшгүй харгалзан үзэх ёстой.

Прокуророос гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, шүүгдэгчийн гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугийн хэлбэр зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн бөгөөд “Хүнийг алах” гэмт хэргийн үйл баримт нь хэрэг болох үед хамт байсан гэрч Ч.М- ын “...А миний сууж байсан хаалганы талаар гартаа хутга барьчихсан, наадахыг чинь бас шаачихъя, овоо пизда нар вэ гэж хэлээд дайрахад нь би нөгөө талын хаалгаар нь гараад зугтаачихаад машинаас холдож сууж байгаад 3 цаг гарангийн дараа машин дээр очиход А, П, Ч нар дотогшоо гэртээ орцгоочихсон байсан.

Би машинд ороод жаахан сууж дулаацаж байгаад Ч-ийн гэрт нь ороход Н /талийгаач/ орон дээр хэвтчихсэн, гэдсээр нь цагаан бинт бололтой зүйлээр боочихсон байдалтай, А нь “Ч- г нөхрөө доромжилсон толгой дээр нь гарсан пизда”, Н /талийгаач/-ыг “Даам гарсан пиздануудыг нэг мөр алаад хаячихъя” гэж хэлээд босоод ирэхэд нь би айгаад гарч зугатаад талийгаачийн машинд суугаад байж байтал 1 цаг орчмын дараа Н /талийгаач/ машинд ороод ирсэн”, гэрч Ө.Б-ийн “....би араас нь гэр лүү нь орж очиход А чи муу жолоочтойгоо явалдлаа муу янхан гээд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд А- ийн гараас хутгыг нь булааж аваад орны бүтээлгэн доогуур хийсэн...” гэх мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэргийн хүрээнд цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг, шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд хүнийг санаатай алах зорилго сэдэлттэй, санаа зорилгодоо хүрэхэд чиглэсэн үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг илт үндэслэлгүйгээр няцаан үгүйсгэсэн ба хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүх шийдвэртээ шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ санаатай хандсан сэтгэхүйн харьцааг дүгнэсэн атлаа хүний амь нас хохироох хор уршгийг хүсээгүй, зориуд нас барахад хүргээгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нэг нотлох баримтад үндэслээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийгээгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...А ахыг маань хутгалаагүй бол өнөөдөр амьд л байх байсан. Гэтэл шүүх яагаад алуурчинд боломж олгоод байгаа юм бэ. Шүүх тогтоолдоо “шүүгдэгч Ч.А нь амь хохирогчийг Э.Ч- тэй хардаж маргалдан хэвлий  хэсэгт хутгалсны улмаас хүнд гэмтэл авч нас барсан нь шүүгдэгч Ч.А-гийн хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж, “хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана” гэж зөв тодорхойлсон атлаа энэ хүнийг алаагүй хүнд гэмтэл авсны улмаас л нас барлаа гэж дүгнэж зүйлчлэлийг өөрчилсөн нь бодит байдалд үл нийцсэн шийдвэр болжээ.

Шүүх шийдвэр гаргахдаа шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмчийн тайлбарт үндэслэлтэй зөв тайлбар хийж чадаагүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна.

А- ийн хутгалсан үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь угаасаа амь хохирогчийн амь насанд хүрсэн түүнийг эмчилгээ хийсэн ч аврах боломжгүй байсан гэдэг нь шинжээч эмч Б- ийн “...шаардлагатай арга хэмжээг авч мэс засал хийж нарийн гэдсийг нь оёсон боловч тухайн хүний амь насыг аврах боломжгүй байсан.

Амь хохирогчийн хэвлийн дотор эрхтэнд гадны бохир зүйл /хутга орсныг хэлж байна гэж ойлгож байна/ орсноос хордлого үүссэн. Тухайн үед хордлого тайлах арга хэмжээ авсан ч хордлогын шокноос болж тухайн хүний амь нас аврагдаагүй. Мөн хүний биед учирсан гэмтэл нь хүний амь насанд аюултай бөгөөд амьд явах хугацааг шинжлэх ухааны үүднээс нарийн тогтоох боломжгүй” тухай тайлбарласаар байтал тэр хүн эмчилгээ үйлчилгээ аваад сэргээд босоод ирсэн мэт дараа нь тухайн гэмтэл хүндэрсэн ч юм шиг үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийн заалтыг мушгин тайлбарлаж шийдвэр гаргаж байгаад туйлын их гомдолтой байна.

А-ийн үйлдэл нь ахыг маань шууд алах гэсэн санаатай үйлдэл. Гэрч Ч.М хүртэл А- г “..даам гарсан пиздануудыг нэг мөр алаад хаячихья” гэж мэдүүлээд байгаагаас харахад А- ийн үйлдэл хүнийг алах гэсэн санаатай сэдэл бүхий хүсэл зоригоо гүйцэлдүүлсэн болох нь харагдаж байна.

Гэтэл шүүх яг ямар үндэслэлээр ямар нотлох баримтад тулгуурлаж А- г хүнийг алаагүй зүгээр л хүнд гэмтэл учруулсан харин энэ учруулсан гэмтлийг эмчлүүлсэн боловч эдгэрэлгүй үхсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтыг хэрэглээд байгааг ойлгохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийн бодит байдалд нийцүүлэн зөв зүйлчилж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “: Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлөн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталсан. Ч.А- гийн үйлдэл нь хүний амь насыг хохирооход чиглэсэн, 2 удаа биед нь халдаж үхэлд хүргэх гэмтлийг учруулсан. Эмчээс шаардлагатай арга хэмжээг авсан боловч тухайн хүний амь насыг аврах боломжгүй байсан. Амь хохирогчийн хэвлийн шарханд гадны бохирдол орсны улмаас нас барсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ч.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ гаргасан ааш араншин, нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан. Санаа зорилго нь түүний үйлдлээр илэрсэн. Тиймээс Ч.А- гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг мөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан зүйл заалтыг үндэслэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийн үйл баримтаас үзэхэд энэ хүн хэргийн газар дээрээ нас бараагүй, тодорхой хугацааны дараа эмнэлгийн тусламж аваад наркоз нь гараад сэргээд хэсэг хугацааны дараа нас барсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой Ганбат өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Шинжлэн судлуулсанд тооцуулъя гэсэн баримттай холбоотой тайлбар хэлэхэд тухайн баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцохгүй. Мөн шүүгдэгчийн гэр бүлээс 20 000 000 төгрөг авсан. Шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзнэ” гэсэн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хэрэгт цугларсан баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэдэг боловч хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн. Үүнд:

1. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 23-24 цагийн үед үүссэн гэх үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл хамт байсан хүмүүсийн болон хохирогч, шүүгдэгч нар гэмтэл авсныг мэдэгдэлгүй, гайгүй байх гэсэн байдлаар хандсан. Ингээд өглөөний 8 цаг өнгөрөөгөөд мэдэгдсэн. Тодорхой цаг хугацаа алдсаны дараа эмнэлэгт хүргэгдээд гэмтэл авснаас хойш 12 цагийн дараа мэс засалд орсон. Учирсан гэмтлийн хувьд хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний гогцоо гэмтсэн гэмтэл тогтоогдсон. Тэгэхээр гэдэсний гэмтлийн хувьд шууд үхэлд хүргэхээр гэмтэл биш. Хэдийгээр хүнд гэмтэлд хамаардаг ч гэсэн. Энэ гэмтэл хүндрэл үүсэж үхэлд хүргэдэг гэмтэл. Хүнсний зүйл хэвлийд тархаад хүндрэл буюу хордлого үүссэний улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Архины хордлого, чихрийн шижин, сахарын өвчин зэргийг үндэслээд хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Ерөнхий хордлогоор нас барна гэдэг нь шууд нас барах эсэх нь дүгнэлтээс тодорхойгүй учир шинжээч эмчээс тодруулж асуусан. Тэгэхэд шинжээч эмч хордлогоор нас барна гэдэг нь уг гэмтлийн хүндрэл, үүн дээр ерөнхий хордлогоор нас барна гэх томьёог хэрэглээгүй байна. Анагаах ухаан талаасаа хүнд гэмтлийн хүндрэл нь хордлого гэдгийг тайлбарласан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэл мөн гэж үзсэн. Мөн хохирогчийн амь насыг аврах боломж байсан эсэхийг дүгнэлтдээ тусгаагүй байсан учир яагаад дурдаагүй талаар тодруулж асуухад хүнд гэмтэл учирсан. Уг хүнд гэмтлийн хүндрэл болох хордлогоос болж нас барсан гэж шинжээч тайлбар хийсэн тул амь насыг нь аврах боломжгүй гэж үзээгүй гэж үнэлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Анагаах ухаан талаасаа амь насыг нь аврах боломжтой эсэх талаар шинжээчээс асуухад мэс засал хийсэн боловч амь насыг нь аварч чадаагүй гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл ийм гэмтлийг эмчлэх боломжгүй, амь насыг нь аврах боломжгүй гэсэн тайлбар мэдүүлэг өгөөгүй. Мэс засал хийсэн боловч амь насыг нь аварч чадаагүй гэсэн тайлбар өгсөн болохоос амь насыг нь аврах боломжгүй гэсэн тайлбар өгөөгүй. Гэм буруутай үйлдэл буюу хүнд гэмтлийг санаатай учруулсан нь санаатай, гагцхүү хүндрэлд нь хайнга, болгоомжгүйгээр хандсан нь дээр дурдсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Анхнаасаа амь нас аврах боломжгүй гэмтэл биш байсан учир үүнийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зөрчөөгүй. Энийг өөрчлөх үндэслэл нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэж үзсэн. Гэрч Түвшиндэлгэр “эмнэлэгт амь хохирогчийг эргэж очиход нэг сэргэсэн. Би очоод юу болсон юм бэ гэхэд намайг машинаас буугаад очиход хутгалчихсан гэсэн” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл гэмтэл авснаас хойш 10 хэдэн цагийн дараа уулзсан гэрчийн мэдүүлгээр амин үзүүлэлт, биеийн байдал нь нас барахаар хүнд байдалтай байгаагүй гэдэг нь нотлогдсон. Иймээс зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зөрчөөгүй.

Хохирогчийн давж заалдах гомдлын тухайд хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Гэсэн хэдий ч шүүх үнэлэх үүднээс хүлээн авсан гэж үзэж байна. Хэргийн сэдэлтийн хувьд санаатай гэдэг нь нотлогдсон. Улсын яллагч анхнаасаа хүндрүүлэх нөхцөлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс яллах дүгнэлтийн хүрээнд үзэж шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Нэвтэрсэн шарх угаасаа хүнд гэмтэлд хамаардаг. Уг гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч гэмтлийнхээ хүндрэлээр нас барсан. Шинжээчийн дүгнэлт анх гарахдаа хордлого гэдэг нь үхлийн шалтгаан мөн эсэхийг ялгаж салгах шаардлагатай байсан. Хүнд гэмтэл гэдгийг нь тогтоочихсон учир хордлогоор нас барлаа гээд хүндрэл гэдэг үгээ орхигдуулж дүгнэлтээ гаргасан гэж үзсэн. Үүнийг тодруулж шинжээчээс асуухад хүндрэлээр нас барсан. Мөн амь нас аврах боломжгүй гэж дүгнээгүй эмчилгээ хийсэн боловч амь нас аврагдаагүй байна гэсэн дүгнэлт хийсэн гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн 30 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Б сумын М багийн нутаг ЭТТ -ийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 47 дахь километрт 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Д.Н- ыг Э.Ч- тэй хардаж маргалдан хэвлийн хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Баярхүүгийн “...талийгаач Д.Н- д учирсан гэмтэлд эмнэлгийн үзлэг хийж гүйцэтгэсэн. Шаардлагатай арга хэмжээг авч мэс засал хийж нарийн гэдсийг оёсон боловч тухайн хүний амь насыг аврах боломжгүй байсан. Ерөнхий хордлогоор нас барсан гэж байгаа боловч хэрвээ хэвлийн хөндийд нэвтэрсэн нарийн гэдэс чацархайг гэмтээсэн хүнд зэргийн гэмтэл талийгаачийн биед учраагүй бол ямар нэгэн зүйл болохгүй байсан. Ерөнхий хордлого нь шууд хэвлийд нэвтэрсэн шархтайгаа холбогдож байгаа. Энэ нь нарийн гэдсийг тасалсан хэвлийн хөндийд учирсан шарх гэмтэл нь хүндрэл болж учирсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яг одоо гэмтэл учирсны дараа ч юм уу тухайн цаг үед хийхэд ямар үр дүн гарахыг мэдэхгүй. Эмнэл зүйн анагаах  ухааны хувьд авч үзвэл аль болох эрт хийх тусам тухайн хүний амь насыг аврах боломжтой байсан байх магадлалтай. Талийгаачид учирсан гэмтлийн хувьд хэвлийн шарх гэдэг маань журмаараа хэвлийн нарийн гэдэс чацархайг гэмтээгээгүй байсан ч яг энэ заалтаар хүнд гэмтэл гэж гардаг. Ердийн хугацаанд хүнийг үхэлд хүргэх гэмтэл учраас хүнд гэмтэл гэж үзэж байгаа. Хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэдэг нь ерөнхий хордлогыг хэлдэг. Шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан талийгаачийн биед нарийн гэдэс нь тасраад хордлого үүссэнээс болж элэг, бөөрөнд халдварлагдсан. Талийгаачийг нас барсан хойно нь шинжилгээ хийхэд хэвлийн зүсэгдсэн шархыг үзэхэд харалдаа талд нь хэвлийн талд зөв хэсэгтээ 2 см орчим цоорсон, үүнийг мэс заслын оёдлоор оёсон. Нарийн гэдсэнд мэс заслын оёдол хийгдээд шархыг цэвэрлэсэн. Хэвлийн хөндийн газар хамгийн ариун байх ёстой хэсэг. Хүний биеийн хэвлийн дотор эрхтэнд гадны бохир зүйл орсноос хордого үүснэ. Тухайн үед хордлого тайлах арга хэмжээ авсан ч хордлогын шокноос болж тухайн хүний амь насыг аварч чадаагүй. Энэ гэмтэл амь насанд аюултай хүнд гэмтэл. Нарийн гэдэс тасарсан тасраагүй үхэх боломжтой гэмтэл гэж үздэг. Талийгаач энэ хүнд гэмтлийг аваад энэ хүнд гэмтлээсээ болж ерөнхий хордлогод орсон гэж үзэж байгаа. ...Ерөнхий хордлого нь хутгалагдсан шархны хүндрэлээр хүний биед гэдэсний агуулагдахуун, ходоодны хордлого болж явагдсан байна гэж үзэж байгаа /2 дугаар хавтаст хэргийн 185-187 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттогтохын “...Хэрэг гардагийн маргааш өглөө 8 цагийн үед манай хамаатан Т над руу залгаад Н ах хүнд хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн утас руу 4-5 удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлд эмнэлэг дээр очсон хойно нь 11 цагийн үед залгахад өөрөө утсаа  авахаар нь яасан бэ юу болов гэхэд ах нь дараа яръя, гайгүй ээ гээд салгачихсан. ...Хагалгааны дараа орой 23  цаг өнгөрсөн байхад Түвшиндэлгэрээр залгуулж дүрс харж ярихад гайтай юм боллоо ахын дүү одоо гайгүй байх аа гэж байсан. Тэгээд удалгүй нас барчихлаа гэж Т хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/ гэх,

Гэрч Ч.М- ын “...Би 17 цагийн орчимд 47 дахь км дээр очиход талийгаач машиныхаа эзэн Ч- тэй хамт гэрт нь баярын ширээ засаад байж байсан. Би гадаа машинаа цэвэрлэж дуусаагүй байтал Насантогтох гарч ирээд “орж битүүлцгээе, хоол хөрлөө” гэж хэлээд би 20 цагийн үед Ч- ийн гэрт нь ороход талийгаач, Ч, танихгүй хоёр жолооч байсан. ...танихгүй хоёр залуугийн өндөр нь өөрийгөө П, намхан нь өөрийгөө А гэж танилцуулсан. Тухайн үед бид нар 23 цагийн орчимд архи ууж дуусаад талийгаач бид хоёр унтахаар Н-ын машины кабинд орсон. Удалгүй араас Ч машинд орж ирээд кабины салон хэсгийг налаад зогссон. Тэгэхэд талийгаач “гэртээ орж амраач ээ” гэж хэлээд байж байтал П жолооч талын хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Тухайн үед талийгаач хойшоо орон дээр гараад суухад П жолоочийн суудалд суусан. Тэгтэл зорчигч талын хаалганы гишгүүр дээр А гишгээд гэнэт л “талийгаачийг даам гарчихсан пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач “юу гээд байгаа пизда вэ” гэж хэлэхэд А “буугаад ир, үзчихье" гэж хэлсэн. Талийгаач жолооч талын хаалгаар машинаас буугаад Алтанхүү рүү очиход “хойшоо хүрээд ир, үзчихье” гээд А, талийгаач нар машины чиргүүлийн хэсэг рүү хамт явсан. Тэгээд төд удалгүй А миний сууж байсан хаалганы талаар гартаа хутга барьчихсан “наадахыг чинь бас шаачихъя, овоо пизда нар вэ” гэж хэлээд дайрахад нь би нөгөө талын хаалгаар нь гараад зугтаачихсан. ...Би машинд ороод жаахан сууж дулаацаж байгаад Ч- ийн гэрт нь ороход талийгаач орон дээр хэвтчихсэн гэдсээр нь цагаан бинт бололтой зүйлээр боочихсон байдалтай, А нь “Ч- г нөхрөө доромжилсон, толгой дээр нь гарсан пизда”, талийгаачийг “даам гарсан пиздаануудыг нэг мөр алаад хаячихъя” гэж хэлээд босоод ирэхэд нь би айгаад гарч зугтаагаад талийгаачийн машинд суугаад байж байтал 1 цаг орчмын дараа талийгаач машинд ороод ирсэн. Тэгэхээр нь би гайгүй юу гэхэд “А пизда хутгалчихсан, гэхдээ зүгээр зүгээр унтлаа” гээд орон дээрээ гараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би машинаа бариад Ц сум руу явах уу гэхэд яахын бэ гэж хэлэхээр тухайн үед нь хэсэг зүүрмэглээд сэрэхэд гадаа гэгээ орчихсон цагдаа эмнэлгээс хүмүүс хүрч ирцгээсэн. Тэгээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/ гэх,

Гэрч Ө.Б- ийн “...М- ын гэрт очиход М- ын эхнэр Ч, талийгаач Н, талийгаачийн найз М нар тэднийд идээгээ засчихсан байж байсан. ...Тэр үед талийгаачийн машинд талийгаач болон М, Ч нар хамт байгаа нь кабины гэрэлд харагдсан. Тэгсэн чинь А “энэ муу Н М- ыг эзгүйд авгайтай нь явалдаад байгаа юм шиг байна” гэсэн утгатай юм яриад уурлаж байгаад машин руу нь очоод хаалгыг нь онгойлгоод талийгаачийг буулгаж ирээд машинаас нь жаахан зайтай дагуулж машинуудын голд очоод хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэр үед Ч машинаас буугаад гэр лүүгээ орсон чинь араас нь А орохоор нь би араас нь гэр лүү нь орж очиход А “чи муу жолоочтойгоо явалдлаа, муу янхан” гээд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд А- ийн гараас хутгыг нь булааж аваад орны бүтээлгэн доогуур хийсэн. Тэр үед хальт харахад хутга нь цус болчихсон байсан. Тэгээд яагаад байгаа юм бэ юу болов оо гээд байж байхад гаднаас талийгаач орж ирээд А намайг хутгалчихлаа гэхээр нь цамцыг нь сөхөөд харахад талийгаачийн гэдэснээс цус гарчихсан байсан. Сайн харахад хэвлийн зүүн хэсэгт 2 см орчим шарх үүсэж их цус гарч байсан. Тэгээд бид нар сандралдаад талийгаачийг орон дээр хэвтүүлээд Ч шархан дээр нь юм тавиад байх шиг байсан. ...хэсэг хугацааны дараа эмнэлэг, цагдаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. ...Шөнө М- ын гэрийн гадаа байхад М луу хүн залгаад талийгаачийг нас барсан гэж хэлж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/ гэх,

Гэрч Э.Ч-ийн “...битүүний орой нүүрс тээврийн замын 47 дахь км-т байдаг манай гэрт талийгаач Н, М, А, Б бид нар бууз жигнэж идчихээд 4 шил архи хувааж ууцгаасан. Би гэр орноо жаахан цэгцэлж аяга тавгаа угаачихаад баруун талынхаа орондоо орж хэвтсэн. Намайг жаахан унтаж байхад талийгаач гэрт орж ирээд л хойд орон дээр хүн ёолоод өнхрөөд байх шиг болохоор нь шартаад байгаа юм байх гэж бодоод хэвтэж байгаад бас унтсан байсан. Нэг сэрэхэд Н миний хажууд ирчихсэн цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би яасан бэ гэж байгаад унтчихсан байсан. Тэгээд гэнэт юу гэчих вэ гэж бодоод сэрээд өндийгөөд харахад гэрийн хойд ор, шалан дээр нил цус болчихсон байсан. Тэгээд би сандраад гэрээс гараад очиход талийгаач машиндаа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би машинаас нь буулгаж шээлгэчихээд гэр лүүгээ оруулах гэхэд машин руугаа орно гээд байхаар нь машинд оруулчихаад харахад гэдсэн дээр нь хүйснийх нь баруун хэсэгт шарх үүсэж маш их цус гарч байсан. Бас хэвлийн зүүн хэсэгт нь бага зэрэг шарх үүссэн түүнээс нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд би даавуугаар гэдсийг нь боож өгчихөөд жорлон орж бие засчихаад эргээд ирэхэд түргэний машин ирж байсан. Тэгээд эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан. ...шөнө 1 цагийн үед талийгаачийг нас барсан байна гэж манай нөхөр хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 58, 61 дахь тал/ гэх,

Гэрч С.Т- ийн “... шинийн 1-ний өглөө буюу 12-ны өглөө 8 цаг өнгөрч байхад талийгаач Д.Н над руу залгаад ах нь хүнд хутгалуулчихлаа, хэд хэдэн газар хутгалчисан. Би үхэх гээд байна намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд би Ц сумын эмнэлэг рүү залгаад нүүрс тээврийн замын 47 дахь км-т хүн хутгалуулсан байна. Бие нь тааруу байх шиг байна гэж дуудлага өгсөн. Эмнэлгээс цагдаад дуудлага өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн дугаар луу залгахад Ч гэдэг эмэгтэй утсыг нь авчихаар нь наана чинь юу болоод байгаа юм бэ Н ахтай яриулаатах гэхэд энд ямар нэг зүйл болоогүй, зүгээр байна, наадах чинь согтуурхаж байгаа юм гээд байсан. ...Наад хүн чинь ингэж хурдан унтахгүй зүгээр яриулаатах гээд уурласан чинь надтай талийгаачийг яриулахад ахыгаа хурдан ирж ав, ах нь хөдлөх тэнхэлгүй болж байна гэж хэлсэн. ...Тэгээд би дахиад талийгаачийн дугаар луу залгахад Ч нь авчихаад эмч ирээд аваад явсан, гайгүй байх, хутгалсан хүнийг нь цагаа аваад явсан гэж хэлсэн. ...10 цаг өнгөрч байхад талийгаач над руу залгаад ах нь эмнэлэг дээр ирчихсэн байна ам зайлах ус аваад ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход талийгаач дуу нь нэлээд суларсан байсан. Тэгээд эмч нар яаралтай хагалгаа хийнэ гээд аваад явсан. Хагалгаанаас гарч ирсний дараа ороход норкоз нь бүрэн гараагүй байх шиг байсан. Тэгээд бие нь сайжрахгүй байсаар байгаад 00 цаг 20 минутын үед нас барсан. Эмнэлэг дээр ирээд бие нь нэг сэргээд арай гайгүй болж байхад нь би юу болов оо гээд асуухад бид нар айлд архи ууж шинэлчихээд машин машиндаа ороод унтах гэж байхад миний машинд орж ирээд олон юм яриад, буугаад ир гээд байхаар нь машинаасаа буугаад очиход хутгалчихсан гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/ гэх,

Гэрч Б.М- ын “...сүүлд талийгаач өөрөө утсаа авснаа дүү нь А-д хутгалуулчихлаа гэж хэлсэн.Тэгээд би юу болов оо, бие нь яаж байна, манай эхнэр хаана байна, Б хаана байна гэхэд би машиндаа хэвтэж байна, миний бие гайгүй ээ, танай эхнэр гэртээ унтаж байгаа, Б машиндаа байгаа байх гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/ гэх,

Гэрч Л.Г-ийн “...шинийн 1-ний өглөө би ...7 цагт босоод цайгаа чаначихаад  байж байхад гаднаас А гэдэг залуу нэг бүдүүн шар хүнтэй орж ирээд жижиг машинаараа сум яваад өгөөч гэхээр нь би яасан юм бэ гэхэд А гэдэг залуу би хүн хутгалчихлаа яаралтай эмнэлэг явах хэрэг байна гэж хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/ гэх,

Яллагдагч Ч.А-гийн “...Б-тэй хамт М-ын гэрт очиход эхнэр Ч мөн тэдний нүүрсний машиныг жолооддог Н, Н-ын найз М нар байж байсан. Тэгээд бид нар бууз жигнэж идээд ...архи уусан.  ...Бид нар гэрт нь архи ууж байхад М-ын эхнэр нь жолоочтойгоо их дотно харьцаад байх шиг санагдаад байсан юм. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Нэг санахад талийгаачийг чи муу найзыгаа эзгүйд эхнэртэй нь явалддаг юм уу, хаашаа юм гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд л чи хүн хутгалчихлаа ш дээ гэхэд л ухаан ороод архи гарсан. Тэгээд би талийгаачийг хаана байна гээд машинд нь очиход талийгаач кабиндаа хойд орон дээрээ хэвтэж байсан. Харахад гэдсэн дээр нь гол хэсэгт, мөн хажуу хэсэгт 2 газар хутгалчихсан байсан. ...Цагдаа нар намайг Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал шалгахад 1,85 хувийн согтолттой байсан. ...Сая мөрдөгч надад хутга харуулсан. Миний машинд явдаг хоол, хүнсэндээ хэрэглэдэг хутга мөн байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/ гэх мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Хэвлийн нэвтэрсэн шарх: хэвлийн хана, чацархай, нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /70 мл/. 2. Хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, дотор эрхтний цус багадалт, хордлого / элэг, бөөр/. 3. Бөөрний хурц дутагдал, дээд уруул, цээж зулгаралт, баруун гуя, баруун шагайнд цус хуралт. Шинжээчийн дүгнэлт: 1. Талийгаач Д.Н-ын биед хэвлийн голоор хүйснээс дээш 3 см-т хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг зүсэж тасалсан шарх, хэвлийн зүүн талаар хэвлийн хөндийд нэвтэрч гялтан хальс чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруул, цээж зулгаралт, баруун гуя, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Д.Н-ын биед учирсан гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Талийгаач Д.Н-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Талийгаач Д.Н-ын цогцост үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Д.Н нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шархны улмаас ерөнхий хордлогоор нас баржээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-28 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

З.А нь амь хохирогч Д.Н-ын хэвлийн хэсэгт хутгалах үйлдэл хийсэн зорилго нь түүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн  гэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ч.А-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь: “Хэргийн хүрээнд цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг, шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд хүнийг санаатай алах зорилго сэдэлттэй, санаа зорилгодоо хүрэхэд чиглэсэн үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг илт үндэслэлгүйгээр няцаан үгүйсгэсэн ба хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүх шийдвэртээ шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ санаатай хандсан сэтгэхүйн харьцааг дүгнэсэн атлаа хүний амь нас хохироох хор уршгийг хүсээгүй, зориуд нас барахад хүргээгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нэг нотлох баримтад үндэслээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийгээгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах” агуулга бүхий эсэргүүцэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь: Шүүх шийдвэр гаргахдаа шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмчийн тайлбарт үндэслэлтэй зөв тайлбар хийж чадаагүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийн бодит байдалд нийцүүлэн зөв зүйлчилж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ. 

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Агийн үйлдлийн талаар шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ч.М, Э.Ч, Ө.Б, С.Т, Б.М, Л.Г, яллагдагч Ч.А нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Б- ийн өгсөн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ч.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Ч.А-гийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерин найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.А-гийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерин найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ