Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Г.Эрдэнэболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харнууд овогт Ганболдын Эрдэнэболдод холбогдох эрүүгийн 201726030595  дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Биварын байр 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Ганболдын Эрдэнэболд /РД: УЗ94110510/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Эрдэнэболд нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэр ХААИС-ийн 4 замын уулзвар дээр тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Нарандэлгэрийг согтуурхаж толгой руу цохин, өдөж хоргоолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар, цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эрдэнэболдоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Нарандэлгэрийн: “...2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байсан. Тэгтэл 15 цагийн үед манай ажлын Хосбагана над руу залгаад би захиргааны энд байна, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад 19 дүгээр хорооллын тэнд нэг караокед орсон. Тэр караокед Эрдэнэболд, Гэрэлсүрэн, Хосбагана бид нар хамт орсон. Ороод нэг шил Хар чингис нэртэй архи, хүн бүр нэг шил пиво аваад ууцгаасан. Тэгээд Бат-Эрдэнэ, Эрдэнэболд бид гурав хамт Зайсан руу ажил руугаа явсан юм. Тэгээд зайсан явах замдаа Эрдэнэболд бид хоёр маргалдсан. Тэгтэл Эрдэнэболд миний нүүр рүү мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус гараад би цусаа тогтоох гээт цус тогтохгүй байсан. Эрдэнэболд машинаасаа буугаад гараад ир зодолдоё гээд зогсоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад газраас чулуу аваад Эрдэнэболд руу шидсэн боловч оноогүй. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Гэрч Д.Бат-Эрдэнийн: “...Зайсан явах замд Нарандэлгэр, Эрдэнэболдыг өдөөд толгой руу нь гараараа цохиод “чи хөөрхөн бацаан, чи надаас дүү биз дээ” гээд байсан. Тухайн үед Эрдэнэболд “чи зүгээр бай” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би ч бас хажуунаас нь зүгээр бай гэж зөндөө хэлсэн. Тэгтэл Нарандэлгэр ууж байсан пивоны шилээрээ Эрдэнэболдын толгой руу цохих гээд байсан. Тэгээд ХААИС-ийн 4 замын уулзвар дээр явж байхдаа Эрдэнэболд Нарандэлгэрийн нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд Нарандэлгэр Эрдэнэболд хоёр машинаасаа буугаад Нарандэлгэр чулуу аваад Эрдэнэболд руу шидсэн. Тэгтэл чулуу нь оноогүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №5963 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Эрдэнэболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нарандэлгэр, Хосбагана, Гэрэлсүрэн, Бат-Эрдэнэ бид нар хамт 19 дүгээр хороолол орж караокед орсон юм. Караокед ороод бид нар дуулаад нэг шил Хар чингис нэртэй архи хүний тоогоор нэг пиво ундаа ус авсан юм. Тэгээд тэнд дуулаад архи уугаад пиво аваад гарцгаасан юм. Тэгээд Бат-Эрдэнэ, Нарандэлгэр бид гурав хамт зайсанд миний машинаар ирсэн юм. Зайсан орох замд Нарандэлгэр машины хойно суучихаад миний толгой руу алгадаад байсан. Тэгээд чи муу бацаан надтай архи уух болоогүй гээд байсан. Хамт явж байсан Бат-Эрдэнэ Нарандэлгэрийг чи яагаад байгаа юм, боль гэж хэлсэн. Тэгтэл машин дотор байсан пивоны шилээр намайг цохих гээд байсан юм. Тэгэхээр нь би урдаас нь нүүр рүү нь мөргөсөн юм. Тэгтэл Нарандэлгэрийн хамраас цус гараад миний машинаар дүүрэн цус болгох гээд байхаар нь би машинаасаа Нарандэлгэрийг буулгасан юм. Тэгтэл миний араас чулуу аваад шидсэн. Тэгтэл намайг оноогүй, тэгэхээр нь би машины ар талаар ороод нуугдсан юм. Тэр үед хоёр цагдаа хүрээд ирсэн. Би тэр хоёр цагдаа руу хараад байж байсан чинь Нарандэлгэр гартаа барьсан чулуугаар намайг цохиод авсан. Цагдаа ирээд Нарандэлгэрийг барьж аваад чулууг нь хаяулсан юм. Тэгээд би тэндээс яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолот /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Эрдэнэболд нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэр ХААИС-ийн 4 замын уулзвар дээр тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.Нарандэлгэрийг согтуурхаж толгой руу цохин, өдөж хоргоолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар, цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Нарандэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №5963 дугаар

  1. Нарандэлгэрийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч Г.Эрдэнэболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан гэм хорыг арилгасан, нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эрдэнэболд, хохирогч Э.Нарандэлгэр нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Эрдэнэболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.