Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1869

 

Б.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ш-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ \-т холбогдох

15 сарын тэтгэмж 18 911 700 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш- нь цахилгаан тээвэр компани захирлын тушаалаар 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 27 тоот тушаалаар ажилд орсон. Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ийн 2 дугаар баазад ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б/47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл Б.Ш- энэ байгууллагад бүх насаараа ажилласан байхад Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ийн захиргаа нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Энэ байгууллагад 26 жил ажилласан хүн Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 15 сарын цалинг нэг удаагийн цалин хэлбэрээр авах ёстой. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин болох 1 260 780 төгрөгөөс дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 57 дугаар тушаалын хавсралтын 7а-д зааснаар тодорхойлсон. Иймд “Зорчигч тээврийн нэгтгэлийн” ОНӨААТҮГ-аас 15 сарын тэтгэмж 18 911 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2013 оны 7 сард тэтгэвэрт гарсан гэж байгаа ч тэтгэвэрт гараагүй. Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр Цахилгаан тээвэр компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан гэдэг нотлогдож байгаа ба нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч хувиараа төлөөгүй, байгууллага төлсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 2 дугаар баазад 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар токарьчин мэргэжлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ирснийхээ дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 тоот тушаалаар токарьчнаар ажилд орж, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн. 2018 оноос 2020 он хүртэл мөрдөх Хамтын гэрээг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хэсэгт хамгийн сүүлд ажилд орсон тушаал тасралтгүй ажилласан гэх хугацааг заасан. Нэхэмжлэгч байгууллагад 4 жил 10 сар тасралтгүй ажилласан бол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тэтгэмж авах эрх үүснэ. Мөн нэг сарын цалингийн дундаж хөлсийг бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 955 083 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 17 956 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт дараа оны 4 дүгээр сар хүртэл тасалдсан, тэр хооронд нийгмийн даатгал төлөгдсөн байвал хувиараа төлсөн байх. Магадгүй нэхэмжлэгч байгууллагаар дамжуулж төлье гэсэн байх магадлалтай. Хэрэв үнэхээр төлсөн гэж үзэж байгаа бол хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талыг нотлох баримт хангалтгүй цуглуулсан гэж үзэж байна. Төлсөн гэж байгаа тухайн үеийн цалингийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. Хариуцагч талаас татгалзлын үндэслэл болсон захирлын тушаалаа хэрэгт хавсаргасан, мөн тэдгээр тушаал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй нийцэж байгаа. 2014 оны 4 дүгээр сард токарьчнаар ажилд авав гэдэг бол байгууллагад ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алдаа байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЗТН-ОНӨААТҮГ-аас 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 18 911 700 төгрөг гаргуулах гаргуулж, нэхэмжлэгч Б.Ш-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 508 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг анхан шатны шүүх буруу тооцоолсон. Учир нь Нийгэм хамгаалал , хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн / тэтгэвэрт гарах үеийн/ тэтгэмжийг тооцохдоо цалин хөлсний бүхэлдэхүүнд унаа, хоолны хөнгөлөлтийг оруулахгүй гэж заасныг анхаараагүй болно. Дээрх журмын дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо унаа хоолны хөнгөлөлтийг хасч тооцоход 955 083 төгрөг болно. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн арын хуудсанд мөн ажлаас чөлөөлсөн ажилд авсан тухай бичилт хийгдсэн байдаг бөгөөд дээрх үйл баримтыг давхар нотлож байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээний 3.4 заалтад тасралтгүй ажилласан жилийг байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцох бөгөөд дундаж цалин хөлсийг тооцохдоо НХХЯ-ны сайдын баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцохоор заасан. Иймд    анхан    шатны    шүүхийн    шийдвэрт    нэхэмжлэлийн    шаардалагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонтой холбогдон ажил олгогчид үүссэн үүрэгтэй холбогдох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн хамаарах зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагч “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 18.911.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Ш- нь Улаанбаатар хотын “Цахилгаан тээвэр” УҮГ-ын захирлын 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23 дугаар тушаалаар токарьчнаар ажилд орсон, Цахилгаан тээвэр компанийн захирлын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 дугаар тушаалаар дахин токарьчнаар томилогджээ. /хх-ийн 4-14, 33-35, 53/

Ажил олгогч “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсэгт заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээр Б.Ш-ийг техник технологийн албаны токарьчны үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /15, 32, 54/

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь мөн хуулийн 40.1.3-т заасан буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан ба мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д тэтгэмжийн хэмжээг тогтоох харилцааг хамтын гэрээгээр зохицуулна гэжээ.

Хариуцагч байгууллага ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүрэг бүхий “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороотой тодорхой нөхцөлөөр тохиролцож 2018-2020 оны Хамтын гэрээ байгуулсан болон түүний хүчин төгөлдөр байдал, эрх бүхий байгууллагаас зорчигч тээврийн байгууллагуудыг нэгтгэснээр үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага нь эрх залгамжлах болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай нийцжээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажил олгогчийн төлөөлөгч болон тус газрын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч нарын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээний 3.4-т ЗТН-ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах ажилтанд тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор зохицуулжээ. /хх-ийн 36-44/

Нэхэмжлэгч Б.Ш-ийн хувьд 26-аас дээш жил ажилласан ангилалд хамаарч 15 сарын тэтгэмж олгогдох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, дурдсан хугацааны тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тогтоохдоо нэг сарын дундаж цалин хөлсийг 1.260.780 төгрөгөөр тооцон 15 сарын тэтгэмжид 1.260.780 *15=18.911.700 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, шийдвэрлэсэн нь хамтын гэрээний дээрх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй болно. 

 

Анхан шатны шүүх Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлоход 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 1.260.780 төгрөг гэж тооцсонг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ         

                                                                                                      Н.БАТЗОРИГ