Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 165

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч С.Болорчулуун,  

шүүгдэгч /хохирогч/ Ц.Болд, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч /хохирогч/ Ш.Наранбаатар, түүний өмгөөлөгч Ш.Чингис,

шинжээч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бөх Гарамбазар Бандгай овогт Цэрэннадмидын Болд,  Боржигон овогт Шаравдагвын Наранбаатар нарт холбогдох эрүүгийн 201726030411 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шаравдагвын Наранбаатар /РД:ЧО81062271/,

2.Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, түгээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50-3 тоотод оршин суух,  Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,  Бөх Гарамбазар Бандгай овогт Цэрэннадмидын Болд /РД:УУ88041410/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Болд нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ш.Наранбаатартай архидан согтуурах явцдаа маргалдаж улмаар зодож Ш.Наранбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ц.Болдтой архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар зодож Ц.Болдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч /хохирогч/ Ц.Болдоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Ш.Наранбаатараас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ш.Наранбаатарын: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт өдрийн 16 цагийн үед ирсэн. Болд машины хөгжим болохгүй байна гэсэн. Тэгээд бид 2 машин дотор нь хөгжмийг нь янзалж нилээн удаан сууж машины талаар ярьсан. Тэгээд ганц юм уухаар болоод дэлгүүр явж 0.5 литрийн “Сархад” нэртэй архи аваад хашаан дотор Болдын машин дотор юм ярьж ганц юмаа уугаад сууж байтал манай эхнэр гэрээс гарч ирээд архи болиоч найз ирж байгаа орой ирж хононо. Болдыг эртхэн яв гэж хэлтэл Болд очих газар байхгүй өнөөдөр эндээ хононо гээд байсан. Тэгээд Болд бид 2 архиа ууж дуусгаад дахиж дэлгүүрт орж 0.5 литрийн архи авч ирсэн. Тэгээд эхнэр найзыгаа тосох гэж байна гээд хашаанаас гарахаар нь Болд бид 2 архиа аваад гэр лүү ороод сууж байтал гаднаас эхнэр найзтайгаа орж ирсзн. Тэгээд эхнэр том пиво авчихсан найзтайгаа баруун талын орон дээр сууж байсан. Болд та 2 наашаа суугаач нэг гэрт байж хол суугаад байхын хөзөр байгаа юу гэж байсан. Тэгээд бид 4 хамт суугаад юм ярьж байсан чинь Болд унтацгаах уу бид хоёрт ор засаад өгчих гээд байсан. Тэгэхээр нь би тэнэгтээд байгаач санаа зовдоггүй юм уу дөнгөж анх удаа уулзаж байгаа хүнээс гэж хэлтэл эхнэр найзтайгаа бие засах гээд гарсан. Тэгээд ээжийг нь гарсан хойгуур нь хүүхэд рүү харж муухай орилоод хүүхэд айлгаад байсан. Тэгээд эхнэр найзтайгаа орж иртэл Болд би явлаа гээд гарахаар нь би гаргаж өгье гээд цуг гартал гадаа гарсанаа Болд “чи энэ гичийгээ харамлаад байгаа юм уу” гээд чанга чанга орилоод машин руугаа явахаар нь би араас нь татаад “чи машин унаж явах гээд байгаа юм уу, ойрхон газарт алхаад яваач” гэтэл эргэж хараад намайг мөргөх гэхээр нь хойшоо алхсан чинь намайг 3-4 удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Тэгээд “чиний төлөө хэлж байхад чинь чи яагаад байгаа юм бэ” гээд би тэврээд авсан. Тэгтэл намайг Болд хавсарч унагаах гэж байгаад хоёулаа газар унасан. Унасаныхаа дараа миний нүүр лүү дахиад цохихоор нь би босож ирээд нүүр лүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд Болд би явлаа гээд явахдаа “чи одоо хохино болсон” гэж хэлээд гараад явсан.

Гадаа гараад уурлаад наад гичийгээ харамлаад байгаа юм уу гээд уурлаад хараал хэлээд Болд согтчихсон агсам тавиад намайг цохиод байсан юм.

Баруун тохой хөдлөхгүй хавдчихсан, мөн зүүн хөмсөг хөхөрсөн зүүн шанаа хавдсан. Духны дээд талд шалбараад хавдсан, чихнээс зулгаагаад самардсан, баруун талын гуя хөхөрсөн, хамар хөндүүрлээд хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/

 

Хохирогч Ц.Болдын: “...Би 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад явж байхдаа Наранбаатар ах руу залгасан юм. Тэгэхэд Наранбаатар ах утсаа аваад цэргийн баярын мэнд ахдаа хүргэхгүй юм уу, уулзах уу ахын дүү” гэж хэлэхэд “дүү нь гэртээ харьчихаад яваад очьё” гэж хэлсэн. Тэгээд гэртээ харьчихаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжид байдаг Наранбаатар ахынх руу очсон. Наранбаатар ахынд очиход Наранбаатар ахын эхнэр хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Тэгсэн чинь Наранбаатар ах ганц шил архи авчих гэж хэлэхээр нь дүүд нь мөнгө байхгүй хоёулаа дэлгүүр ороодохьё, тэгээд дүү нь зээлээд аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гадаа үлдсэн. Тэгсэн чинь Наранбаатар ах дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад гараад ирсэн. Тэгээд Наранбаатар ахынд очиж дэлгүүрээс авсан 0.5 литрийн архийг нь хоёулаа хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил 0.5 литрийн архи аваад гэрт нь уусан. Гэрт нь архи ууж байх үед эхнэр нь байсан. Эхнэрийнх нь найз гэдэг эмэгтэй бас байсан. Тэгээд би гараад бие засчихаад явах гэсэн чинь Наранбаатар ах дахиад нэг шил архи авчих гэж хэлэхээр нь би “харьж амарлаа” гэж хэлтэл тэврээд намайг явуулахгүй байхаар нь би тавь гээд хоорондоо ноцолдож байтал миний нүүр лүү мөргөөд авахаар нь яаж байгаа юм бэ гээд Наранбаатар ахын нүүр, болон мөр лүү 1, 1 удаа цохисон. Тэгээд Наранбаатар ах уурлаад “ямар овоо муу гар вэ” гэж хэлээд намайг үсдэж доошоо дараад дээрээс өшиглөөд байсан. Тэгээд би Наранбаатар ахтай ноцолдож байгаад салаад цагдаа руу явсан. Цагдаагийн хэлтэс дээр 23 цагийн үед ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Наранбаатар ахтай урьд нь хэрэлдэж муудалцаж байгаагүй. Өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би Наранбаатар ахыг 7-8 жилийн өмнөөс таньж мэднэ. Миний нүүр лүү мөргөж, газар унагааж байгаад дээрээс өшиглөөд байсан. Намайг үсдэж байгаад газар унагааж байгаад зодсон. Наранбаатар ах бид 2 гэрийн гадаа маргалдсан юм. Би Наранбаатарын нүүр болон мөр лүү нь 1, 1 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед миний зүүн чихнээс цус гарч хавдсан, хамар хавдсан, нуруу, хавирганы хэсэгт хөндүүрлэж өвдөж байсан. Толгой маш их өвдөж байсан. Зүүн чих сэтэрсэн байсан. Чихнээс маш их цус алдсан. Надад нийт 600.000 төгрөгний хохирол учирсан. Надад учруулсан хохирлоо Наранбаатар төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Цэрэннадмидын: “...Нүдээр хараагүй учраас би сайн мэдэхгүй. 2017 оны 03 дугаар сарын 19-ний орой цагдаагаас намайг дуудахаар нь цагдаа дээр иртэл хүү Ц.Болдын чих нь сэтэрсэн хамар нь хавдсан байсан. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү авч яваад чихэнд нь оёдол тавиулж өвчин намдаах тариа хийлгүүлээд буцаад Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн юм. Наранбаатар гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаатай цуг очиж гэрээс нь авч ирсэн. Гэрт нь очиход Наранбаатар болон авгай нь бас нэг хүүхэнтэй гурвуулаа согтуу байсан. Наранбаатартай манай хүү Болд цуг архи уусан юм шиг байна лээ. Гэхдээ хэтэрхий харгис хэрцгий зодсон байсан тул би гомдолтой байна. Би Наранбаатарыг танина. Нэг доор хойно урдаа ойролцоо амьдардаг хүмүүс юм. Хүүхдээ эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болон сэтгэл санааны хохиролоо төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Золзаяагийн: “...Би гэртээ хүүхдээ хараад 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байж байтал хашаанд Ц.Болд машинтай ирээд манай нөхөр Ш.Наранбаатарт машинаа үзүүлнэ” гээд гадаа тэр 2 цуг байсан. Тэгсэн чинь архи уусан байсан. Манай найз Мөнгөнчулуу манайд ирж байна гээд над руу ярихаар нь би гараад Наранбаатарыг “гэртээ ор манай найз ирж байна” гэж хэлээд Болдын болохоор одоо “эртхэн харь” гэж хэлтэл Болд надад очих газар байхгүй танайд хоноод явья гэхээр нь чамайг архи уухаараа агсам гээд яриад байдаг, манайд хүн ирж байна, чи эртхэн гайгүй байгаа дээрээ харь” гэж хэлтэл “найз нь зүгээрээ, тэгэхгүй хоноод явья” гэж хэлэхээр нь “за за” гээд гэр лүүгээ орсон. Тэгээд манай найз оройны 19 цагийн үед ирж байна гэж ярихаар нь урдаас нь тосож аваад дэлгүүр ороод 1 том 2 литрийн пиво аваад гэртээ орж иртэл Наранбаатар, Болд хоёр тал шил архи тавьчихсан ууж байсан. Тэгээд би найзтайгаа орон дээр суугаад юм ярьж байсан чинь Болд “та хоёр ойртоод суучихаач, хоёр талд юм яриад байх эвгүй байна” гэхээр нь цуг суугаад юм ярьж байтал Болд одоо унтацгаая бид хоёрт ор засаад өг, гэтэл манай найз Мөнгөнчулуу уурлаад “би юу гэж чамтай унтаж байдаг юм” гэсэн. Тэгээд манай найз намайг “хоёулаа гарья, бие засчихаад ирье” гэхээр нь гарчихаад орж иртэл манай хүүхэд Төгөлдөр уйлсан байсан. Тэгтэл Болдоо “наад гичийгээ харамлаад байгаа юм уу” гээд шкаф цохиод Наранбаатар луу дайраад байсан. Тэгтэл Наранбаатар “Болдыг гаргаж өгөөд ирье” гээд аваад гарсан. Тэгтэл гадаа “пизда” гээд орилоод байхаар нь би хаалгаар шагайтал Болдын хамарнаас цус гарсан байсан. Тэгэхээр нь Наранбаатарыг “чи гэртээ ор” гээд хэлж байтал Наранбаатарын эгч Саранцацрал гэрээсээ гарч ирээд Болдыг “чи одоо яв, яахаараа архи уугаад уруу татаад байдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд Болд яваад Наранбаатар гэртээ орж ирсэн. Тэгээд би найзтайгаа авсан пивоо ууж дуусгаагүй байсан. Наранбаатар, Мөнгөнчулуу бид гурав пиво ууж хоёр цаг гаруй юм ярьж байгаад унтацгаасан. Гэтэл гаднаас цагдаа, Болдын ээж, дүү нь цуг орж ирээд Наранбаатарыг аваад явсан. Манай нөхрийн зан ааш бол дөлгөөн, надад болон хүүхдүүддээ халамжтай сайхан сэтгэлтэй тусархуу, өрөвч сэтгэлтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөгжилтэй сайхан зантай болдог. Хүнтэй маргалдана гэдгийг мэдэхгүй хүн байгаа юм.

...Наранбаатарыг орж ирэхээр нь Ц.Болдын хамраас яагаад цус гарсан юм бэ гэтэл намайг заамдаж аваад цохисон гэж харуулсан. Тэгтэл хөмсөгний дээд талд хавдсан, гар болон гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд тэр яриад дуусгаад найзтайгаа удаан уулзаагүй байсан болохоор бид гурав юм яриад суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, 

Гэрч Л.Мөнгөнчулуугийн: “...Золзаяа миний багийн найз байгаа юм. Ойрын хэдэн жил уулзаагүй гээд би гэрт нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр очсон. Очих замдаа ирж байна гээд утсаа ярьтал Золзаяа намайг тосож авсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс идэж уух юм, нэг том пиво аваад гэрт нь ортол нөхөр нь нэг залуутай архи уугаад сууж байсан. Тэгээд Золзаяа бид хоёр орон дээр юм яриад сууж байтал Золзаяагийн нөхөртэй сууж байсан залуу бид хоёрыг цуг суугаач, хол сууж яах юм, ойртоод суу” гэхээр нь “тэгье” гээд ойртож суугаад юм ярьсан.Тэгтэл тэр залуу нь “бид хоёрт ор засаад өг” гээд байхаар нь би гайхаад найзыгаа “хоёулаа гарья” гээд гадаа гараад “энэ залуу яагаад байгаа юм. Би юу гэж ийм хүнтэй унтаж юм” гэж хэлсэн. Тэгээд гадаа ярьж байгаад ороод иртэл манай найзын нөхөр Наранбаатар тэр залуу хоёр гарсан. Тэгээд 10 минутын дараа нөхөр нь орж ирээд юм ярьж сууж байгаад унтацгаая гээд унтах гэж байтал цагдаа орж ирээд манай найзын нөхрийг нь аваад явсан. Тэр хоёр гараад явсан. Би найзтайгаа юм яриад мэдээгүй. Манай найз хаалга онгойлгоод юу болоод байгаа юм гэж байсан. Би зодооны талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхбатын: “...Би Г.Мөнхбаяртай хамт ажилладаг байсан юм. Тэгээд Наранбаатарыг таньж мэдэх болсон. Г.Мөнхбаярынд очдог болохоор Наранбаатартай танилцсан юм. Ш.Наранбаатар нь их дуугай, төлөв даруу зантай, мэндтэй устай явдаг залуу байгаа юм. Архи соггууруулах ундааны зүйл хэрэглээд байдагыг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн муу зан ааш гаргаж байгаагүй болохоор би сайн залуу гэж боддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхбаярын: “...Би Ш.Наранбаатарын төрсөн эгч Саранцацралын нөхөр нь байгаа юм. Манай дүү Ш.Наранбаатар их архи уугаад байдаггүй. Хааяа л хэрэглэж харагддаг. Түргэн ааштай хүн байгаа юм. Гэр бүлдээ агсам согтуу тавьж байгааг нь би харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

           Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4066 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

          2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

 

            -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63, 71 дүгээр хуудас/,

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 70 дугаар хуудас/,

            -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ц.Болдод холбогдох Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Ц.Болд нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ш.Наранбаатартай архидан согтуурах явцдаа маргалдаж,  улмаар харилцан зодолдож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ц.Болдтой архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар харилцан зодолдож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч /хохирогч/ Ш.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, шүүгдэгч /хохирогч/ Ц.Болдын мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, гэрч Д.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч О.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,  гэрч Л.Мөнгөнчулуугийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №4091 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Ш.Наранбаатарын биед дух, хүзүүнд зулгаралт, баруун гуя, тохойнд цус хуралт баруун тохойн үе, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4066 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Ц.Болдын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээ, хамарт шарх, эрүү, цээж, баруун бугуй, зүүн тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            -2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/ зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Болд, Ш.Наранбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Болд, Ш.Наранбаатар нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Наранбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Наранбаатар, хохирогч Ц.Болд нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх Ш.Наранбаатарын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч Ц.Болдын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 73-75 дугаар хуудас/, Ц.Болд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, уг оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин  үйлдсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн болно.

 

            Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Ш.Наранбаатараас хохирогч Ц.Болдод эмчилгээний зардалд нийт 450.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Ц.Болдоос хохирогч Ш.Наранбаатар нь нэхэмжилсэн зүйлгүй байна. Иймд Ш.Наранбаатар, Ц.Болд нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Наранбаатар, Ц.Болд нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.