Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ц,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан,

“Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Н.Ц нь тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар албан бичгээр “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтад бүртгэх боломжгүй” талаарх хариуг Н.Ц-т өгчээ.

3. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаартай захирамжаар Н.Ц-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2.3-д заасан “хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Н.Ц  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/1269 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлээ дахин ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд “Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд намайг байлцуулахгүйгээр миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэв.

5. Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлаж бүртгэлийг 2023 оны 04 сарын 28-ны өдрөөс 05 сарын 01-ны өдрийн хооронд хийж шалгалтыг 2023 оны 05 сарын 11-ны өдөр авахаар зарласан.

Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын зарлагдсан орон тоонд бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 05 сарын 09-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан хариуг ирүүлсэн байна.

Миний бие 2009 оны 11 сараас 2019 оны 07 сар хүртэлх хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн Увс салбарын дарга , 2021 оны 02 сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай" 34 дугаар тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" 25 дугаар тогтоолын 8.4-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж намайг уг шалгаруулалтад бүртгэж авахаас татгалзсан байна.

Миний бие тус шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 сарын 04- ний өдрийн 3/750 дугаар албан бичгийн дагуу тус тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд шалгалтын бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл явагдсан. Миний бие уг зарлагдсан орон тооны сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн боловч төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бүртгэхээс татгалзсан хариу өгч, намайг шалгаруулалтад оролцуулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Миний бие 2009 оны 11 сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Автотээврийн Үндэсний Төвийн Увс аймаг дахь салбарт ажилласан ба энэ хугацаанд буюу 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус төвийн салбарын даргаар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл салбарын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан.

Автотээврийн Үндэсний төв нь автотээврийн салбарын мэргэжлийн байгууллага бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн зорилт бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Уг төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр бөгөөд Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж ажиллахаар, төрийн өмчийн төлөөллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэмд зааснаар бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1дэх хэсэгт заасан албан тушаалтныг Үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтанд тооцохоор, эрх бүхий албан тушаалтан нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хуульд заасан хугацааны дотор жил бүр шинэчлэн гаргаж мэдүүлж байхыг үүрэг болгосон.

Миний бие дээрх хууль. дүрэмд заасны дагуу салбарын даргаар ажиллах хугацаандаа хөрөнгө. орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ жил бүр гаргаж мэдүүлж байсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар “Журамд нэмэлт оруулах тухай тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан " Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам" -ын 3 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан 14 дэх заалтад: УИХ-ын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан " Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хянан, хадгалах журам" -ын 2.2.6-д заасан стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 500-аас дээш ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажилласан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаа / зөвхөн төрийн албаны шалгалт өгөхөд тооцно/" гэж зааснаар бол миний Автотээврийн Үндэсний Төвийн Увс аймаг дахь салбарын дарга, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцоход төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохоор байна.

Намайг салбарын даргаар ажиллаж байх хугацаанд АТҮТ нь 751 ажилтантай байхаар дүрэмдээ заасан байсан тул дээрх тогтоолд заасан 500-аас дээш ажилтантай гэх шаардлагад нийцэж байгаа болно.

2. Мөн миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 02 сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба уг сонгон шалгаруулалтад бүртгүүлэх үед 2 жил 3 сар ажилласан байсан.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан " Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 4 дэх хэсэгт / ЗГ-ын 2023 оны 15 дугаар тогтоолоор нэмсэн/: " 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл өдрүүдэд Коронавируст халдвар/ Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдон ажилласан хугацаа"-г төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор заасны дагуу миний аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарч байгаа болно.

Түүнчлэн Коронавируст халдвар/ Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т : " албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу тухайн үед улс орны хэмжээнд ямар ч албан тушаалын сонгон шалгаруулалт явагдахгүй байсан ба Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах боломжтой байсан тэр хугацаанд миний бие уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Уг томилгоо нь дээрхи хуулийн дагуу явагдсан.

Гэтэл Төрийн Албаны зөвлөлийн 2023 оны 06 сарын 07-ний өдрийн 01/1269 дүгээр Гомдлын хариу хүргүүлэх албан бичигт: " таныг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон болохыг шалгалтаар тогтоосон, хууль зөрчиж томилогдон ажиллаж байгаа тул таныг хуулийн зохицуулалтын хүрээнд шатлан дэвшүүлэх боломжгүй" гэж хариу ирүүлсэн нь дээрхи хуулийн агуулгад нийцээгүй, миний сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж байна.

3. Мөн Төрийн албаны зөвлөл болон аймаг дахь салбар зөвлөлийн хариу тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тайлбарласан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Засгийн газрын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан " төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журмын 1 дүгээр хавсралтын 8.4 -т " Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно" гэж зааж, 8.4.1-8.4.4-т заасан 4 шалгуурыг хангасан байхыг шаардсан бөгөөд миний бие уг 4 шаардлагыг хангасан байхад тусгай шалгалт өгч, хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтанд хамаарна гэж дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан байна.

Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргаж байна” гэжээ.

6. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн болон хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/570 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр зарласан. Шалгалтын бүртгэл 2023 оны 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл явагдаж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шалгалтыг зохион байгуулж авсан.

Тус шалгалтад нийт 4 иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснийг шалгалтын комисс хянаад Н.Ц-ыг тухайн албан тушаалд тавигдах ажилласан жилийн тусгай шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, 3 иргэний албан тушаалын тусгай шаардлагыг бүрэн хангаж буй тул бүртгэлийг баталгаажуулсан.

Тухайн шалгалтын бүртгэл хийгдэхэд Н.Ц нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2 жил 3 сар, Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт 9 жил 10 сар ажилласан байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлагыг Н.Ц нь хангахгүй байсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болно" гэж заасан нь төрийн захиргааны албан тушаалд тусгай шалгалт өгч, хуулийн хүрээнд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах зохицуулалт юм.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-д Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын албан тушаалуудыг хамруулаагүй байгаа тул Н.Ц-ын Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан жилийг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгаж үзэх боломжгүй юм Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал гэж 4 ангилсан. Нэхэмжлэгч Н.Ц-ын маргаж байгаа албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Төрийн захиргааны албан тушаалд хамааруулсан шийдвэр нь Засгийн газрын 2022 оны 487 дугаартай төрийн захиргааны албан хаагчдын ангилал зэрэглэлийг тогтоосон тогтоол байгаа. Энэ тогтоолоор ахлах түшмэлийн ангилал зэрэглэлд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн даргын албан тушаалын ангилал зэрэглэлийг хамааруулсан. Нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор өрсөлдсөн албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалд хамаарах албан тушаал байна. Энэ албан тушаалын тусгай шаардлагыг Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж иргэн Н.Ц-ын материалыг бүртгэж авахгүй, тухайн шалгалтад орохоос татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт авто тээврийн үндэсний төв буюу төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацаагаа дэс түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаанд буюу төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцсон. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад төрийн захиргаан болон үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгох гэсэн журам байгаа. Энэ журамд 14 заалтаар төрийн албанд ажилласан хугацааг оруулж тооцохоор журамласан. Энэ тогтоолд 2023 оны 15 дугаартай тогтоолоор нэмэлт оруулж төрийн өмчит үйлдвэрийн газрын 500-аас дээш ажилтантай байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажиллаж байсан хугацааг оруулна гэж заасан. Тэгэхээр орон нутгийн салбар байгууллага нь гүйцэтгэх удирдлагын албан тушаалд хамаарах уу гэдэг асуудал байна. Хамаарна гэж бодоход нэхэмжлэгчид дэс түшмэлийн албан тушаалд 3 жил ажилласан байх гэсэн шаардлага тавигдаж байгаа. Дэс түшмэлийн ангилал гэдэг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаар ТЗ-7, 8, 9 ангилалд ажилласан хугацааг хамааруулж тооцохоор зохицуулсан. Гэтэл Н.Ц нь төрийн захиргааны ямар нэгэн албан тушаалд ажиллаж байгаагүй. Мөн төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албаны 4 ангилалд хамаарах ажил хийж байгаагүй. Тийм учраас тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангах боломжгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тухайн албан тушаалд тавигдах ажилласан жилийн 50 хувийг хангасан бол гэж заасан. Төрийн албаны меррит зарчим болон шатлан дэвших зарчмыг хангах үүднээс энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажилладаг. Тухайн албан тушаалд тавигдах шаардлагын ажилласан жилийн 50 хувийг ямар хүн хангах бэ гэвэл төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцэж томилогдсон тангараг өргөсөн албан хаагчид хамаардаг. Сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар томилогдсон хүмүүст энэ зохицуулалт хэрэглэгдэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл Н.Ц нь Засаг даргын тамгын газрын мэргэжилтний дэс түшмэлийн орон тоонд 2 жил юм уу 1.5 жил ажилласан бол ажилласан жилийн 50 хувийг хангасан гэж үзнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар  зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс “Би Автотээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарт 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэл тус төвийн салбарын даргаар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан.Даргаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу мэдүүлгээ жил бүр гарган мэдүүлж байсан,Засгийн газрын 2023 оны 15 дугаар “Журамд өөрчлөлт оруулах тухай “тогтоолоор Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан 14 дэх заалтын дагуу салбарын даргаар ажилласан хугацаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцоход төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохоор байна, Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацаа төрийн алба хаасан хугацаанд хамаарч байгаа,Төрийн албаны зөвлөлийн  2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан журмын 8.4, 8.4.1-8.4.4-т заасан шалгуурыг хангасан байхад хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарласан” гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл   “Н.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангахгүй байгаа”  тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/570 дугаартай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын буюу Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоог нийтэд мэдээлэх захиалгыг хүргүүлжээ.

5. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтын Увс аймаг дахь салбар зөвлөлийн зохион байгуулах удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зар хэсэгт Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтын бүртгэлийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийхээр, шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар товлогдсон байна.

6. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс нийт нэр дэвшсэн 4 иргэнээс нэр дэвшигч Н.Ц-ыг бүртгэхээс татгалзаж бусад 3 иргэнийг шалгалтад оролцуулсан талаар тайлбар гаргасан, салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоонд Р.Дэлгэрмааг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

7. Нэхэмжлэгч Н.Ц 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Тээврийн хэрэгслийн оношлогоо,хяналт, зохицуулалтын албаны Увс аймаг дахь салбарт тээврийн зохицуулагч,тоо бүртгэлийн мэргэжилтэн,2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр,бүртгэлийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан нь Тээврийн хэрэгслийн оншилгоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 65, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар тушаал, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/664, б/667, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдсон.

8. Мөн Н.Ц нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

9. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал,зэрэглэл, түүнд хамаарах, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай “ 487 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн даргын албан тушаалыг төрийн захиргааны “ахлах түшмэл”-ийн албан тушаалд хамааруулан баталсан, албан тушаалын  тодорхойлолтод ахлах түшмэлийн ангилал зэрэглэлд хамаарах талаар тусгагдсан тул төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны “ахлах түшмэл”-ийн ангилалд хамаарч байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:”, мөн зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж зохицуулжээ.

11. Нэхэмжлэгч Н.Ц-ын 2009-2019 онуудад ажиллаж байсан Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалт алба нь улсын төсөвт үйлдвэрийн газар, Автотээврийн үндэсний төв нь төрийн өмчит үйлдвэрийн газар байна.

Өөрөөр хэлбэл, улсын төсөвт болон төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд  “ Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:

1/ төрийн байгууллага, албан газар;

2/ төрийн өмчит үйлдвэрийн газар.

3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.

4/төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага /сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол/, гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь хэсэгт  “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.

12. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө,орлогын мэдүүлгийн маягт,түүнийг бүртгэх,хянах,хадгалах журам”-ын 2.2.6-д заасан стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 500-аас дээш ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажилласан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаа/зөвхөн төрийн албаны шалгалт өгөхөд тооцно/ гэсэн 14 дэх заалтыг нэмж оруулжээ.

13. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хэлэлцсэн хуралдаанд хийгдсэн танилцуулгад “Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар захирамжаар төрийн үйлчилгээний удирдах, тусгай албан тушаалыг захиргааны албан тушаалтай адилтгах,төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлж тооцох болон төрийн албаны шалгалт өгөх болзол,шатлан дэвшүүлэх,сонгон шалгаруулах журмын төслийн саналыг нэгтгэн авч үзэж, эцэслэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилласан.Энэ ажлын хэсгийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хурлаар Засгийн газрын зарим гишүүд Төрийн өмчит үйлдвэрийн газар,төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, дэд захирлыг адилтгах санал гаргасан” гэж дурдаад дээрх нэмэлтийг нэмж байгааг танилцуулсан байна.

Үүнээс үзэхэд Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн зохицуулалтад 500-аас дээш ажилтантай үйлдвэрийн газрын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэг бүхий гүйцэтгэх захирал, дэд захирлын албан тушаалыг хамруулахаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар болох аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалыг энэхүү зохицуулалтад хамруулаагүй гэж үзэхээр байна.

14. Иймд нэхэмжлэгчийн “Авлигын эсрэг хууль, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэмд зааснаар үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтны хувиар жил бүр хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлдэг байсан, Засгийн газрын 2023 оны 15 дугаар тогтоолын хүрээнд Автотээврийн үндэсний төвд даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох” талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

15. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дахь хэсгийн 4 дэх заалтад “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл өдрүүдэд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх,нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдон ажилласан хугацаа” -г төрийн алба хаасан хугацаанд тооцохоор зохицуулжээ.

16. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэжээ.

17.Иймд нэхэмжлэгч Н.Ц-ын Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлснээс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 жил 10 сарын хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоор байна.

18. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж, мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална” гэж зохицуулсан.

19. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.4 дэх хэсэгт “ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно.

 8.4.1.сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний аль нэг нь “хангалтгүй” гэсэн үнэлгээ аваагүй байх;

 8.4.2.сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;

 8.4.3.томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх санал гаргасан байх;

 8.4.4.мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэжээ.

20. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан тушаал болох төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй ажил ажилласан байх шаардлагыг тавьсан.Уг хууль болон журмын хүрээнд дэс түшмэлийн албан тушаалд ажилласан байх 3 жилийн шаардлагын 50 хувийг хангах 1 жил 6 сарын хугацааг төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан байх хугацаа гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд төрийн албаны тусгай шалгалтыг өгч төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд ажилласан төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлага юм.

21. Нэхэмжлэгч Н.Ц нь төрийн албаны тусгай шалгалтыг өгч, төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд ажиллаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш байна.

22. Иймд нэхэмжлэгчийн “ Төрийн албаны зөвлөлийн  2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан журмын 8.4, 8.4.1-8.4.4-т заасан шалгуурыг хангасан байхад хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарласан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

23. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нэхэмжлэгч Н.Ц-ыг Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэн төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг болон “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 7.8-д заасан “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн(цаашид “оролцогч” гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ” гэсэнтэй нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

24. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай”  34 дүгээр тогтоолд төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал,дэд захирал,салбарын даргын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэхээр зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн   “Төрийн албаны зөвлөлийн 34-р тогтоолыг зөрчсөн” гэж нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.

25. Иймд нэхэмжлэгч Н.Ц-ын шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан  удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

26. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЛТАНЦЭЦЭГ