Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

Г.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

          Прокурор Л.Солонго /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б-д холбогдох 2128001840101 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Ганбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ заалт, мөн дүрмийн 15.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас О.М-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, О.М-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 4422000 төгрөгийн эвдрэл, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч И овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж,

 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №994595 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Цэнднасанд даалгаж,

шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.010.235 төгрөг, хохирогчийн тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгслийг авч хохиролгүй болгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганбатын давж заалдах шатны шүүхэд бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаархи заалт нь шүүгдэгчид хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авах талаарх зохицуулалт бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, хуулийн 2 өөр зохицуулалт бүхий заалтууд юм.

Прокуророос хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэргийг мөн журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримталсан атлаа хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх талаархи хуулийн өөр зохицуулалтыг давхар баримталсан нь буруу байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус” гэсэн хэсгийг хасч, зөвтгөн өөрчлөлт оруулж үндэслэлтэй байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн нэрийг “З.Солонго” гэж буруу бичсэн /5 дугаар хуудасны доороос 18 дахь мөр/, “хүндэвтэр хохирол”-ыг “хүнд” гэж бичсэн /5 дугаар хуудасны 10 дахь мөр/ зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулж зөвтгөх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчилж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүх хуулийн хоёр өөр агуулгатай, нэг зэрэг хэрэглэгдэх боломжгүй хуулийн зүйл, хэсгийг давхар хэрэглэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхдээ тохиролцоогүй Эрүүгийн хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1-т заасныг журамлан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулъя”  гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь дээд шатны прокурор Н.Ганбатын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Баярхүүд холбогдох эрүүгийн 2128001840101 дугаартай хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

2. Эрүүгийн 2128001840101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч,  бэхэжсэн, анхан шатны шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээ, хязгаарын дотор явагдаж, хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Д сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ заалт, мөн дүрмийн 15.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас О.М-ийн жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Н-ийн эрүүл мэндэд тархины доргилт, зүүн талын 3,4,5,8,9,10,11-р хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, зүүн дал, цээжний өмнө хэсэг, аюулхай орчмын II зэргийн түлэгдэл, баруун гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэ, шагайн цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н, О.М, гэрч О.Д, Т.Ж нарын мэдүүлгүүд, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаар гарсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 384, 385 дугаар дүгнэлт, эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх үнэлгээний дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Г.Б-г уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

4. Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн болохоо илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-126/ прокурорт гаргасны дагуу мөн өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 34 дугаар тогтоол /хх-124/ гаргаж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж танилцуулсан, шүүгдэгч Г.Б нь уг ялыг хүлээн зөвшөөрсөнөө  гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт /хх-135/ хавтаст хэрэгт авагджээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн 2021/ШЗ/212 дугаартай захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргаж /хх-145/ яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг баримталсан байна.

Иймд хэргийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

5. Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн тухайд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянах үүрэгтэй ба эдгээр нөхцөл байдал хангагдсан гэж үзвэл хуулийн мөн зүйлийн буюу 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх ёстой.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсгийн 4.1-4.4-т заасан нөхцөл байдлыг хянаж  хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн. 

Гэтэл шүүх Г.Б-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “ялыг тэнсэх” прокурорын саналын хүрээнд биш харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг дурдаад “...шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан...” гэх дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 заалттай  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг давхар хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. /хэргийн 157 дахь тал/

Шүүхээс прокурорын саналыг харгалзан үзээгүй үндэслэл шалтгаан нь  тодорхойгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаар прокурорын санал шударга ёсны зарчимд нийцээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтууд нь өөр өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан тул гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс хийж буй дүгнэлтээс хамаарч хэрэглэх агуулгатай хуулийн зохицуулалт болохыг анхаараагүй гэж үзнэ.   

Тодруулбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд заавал хэрэглэх үүрэг болгосон (императив) шинжтэй зохицуулалт тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар баримтлах шаардлагагүй

 Иймд анхан шатны шүүхээс Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй гэж үзэх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Б-ийн гэхийг шүүгдэгч З.С, хүндэвтэр хохирол гэхийг хүнд хохирол гэж техникийн шинжтэй алдааг залруулж зөвтгөх боломжтой гэж зааж, үүнийгээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болгоогүй байх тул Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг залруулах талаар боломжтой гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй болно.  

7. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй нөхцөл байдлыг буюу бусдын биед хөнгөн гэмтэл болон эд хөрөнгийн хохирол учруулсныг уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд хамааруулан үзэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх уг баримтыг гэмт хэргийн шинжийн нэг хэсэг болгон дүгнэсэн нь үндэслэлгүй болсоныг магадлалд дурдаж байна.

8. Г.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай байхад шүүх гэмт хэргийг биш хүндрүүлэх шинжийг эхлэн заасан нь утга найруулга, хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүйг шүүх цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                     Ц.ОТГОНЦЭЦЭГ