Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл д*******ж тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ж******* /РД: УХ9*******/,

Нэхэмжлэгч: Я.А******* /РД: ХЖ5*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хооронд үүссэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын талаарх маргааныг хянан шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, нэхэмжлэгч Я.А*******и н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Т*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг зөвшөөрөлгүй гэж албадан буулгахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамж, Газар чөлөөлөх тухай мэдэгдэл буюу шаардах хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг хууль бусаар буулгаж, учруулсан хохирол болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд олгохыг Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга болон С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар С, Ч дүүргийн и хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байрны з талд байрлах нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нарын эзэмшиж байсан гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргаж, улмаар С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлж, гараашийг албадан буулгасан байна.

2.2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нараас өөрсдийн гараашийг зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд доорх газрыг нь эзэмших эрхтэй байхад Нийслэлийн Засаг даргаас хууль бус захирамж гаргаж, гараашийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан хэмээн өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нар нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нийслэлийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаартай захирамж нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй барилга байгууламжид хамааралтай, өөрөөр хэлбэл захирамжид дурдсан нутаг дэвсгэрт эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгах агуулгатай байх тул нэхэмжлэгч нарын дээр дурдсан хаягт байрлах 2 гараашийг албадан буулгах хууль зүйн үндэслэлгүй байсан.

3.2. Гэтэл нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* бид нарын өмчлөлийн 2 гарааш нь С дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, тус Дүүргийн Ц Газрын з талд байрлалтай бөгөөд нэхэмжлэгч нар уг гараашнууд байрлаж буй газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн уг газрыг эзэмшүүлэхээр олгосон Засаг даргын захирамжтай, кадастрын зураглал нь гарсан байсан бөгөөд өмчлөгч нар уг газар, газар дээр баригдсан гараашнуудыг захирамжид дурдсан зориулалтын дагуу ашиглаж эзэмшдэг байсан.

3.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ж*******, нэхэмжлэгч Я.А******* нарын гараашнууд эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрлийн дагуу баригдсан байсан тул дээр дурдсан захирамжаар буулгах ёсгүй байсан.

3.4. Ийм байтал хариуцагч нэхэмжлэгч нарын гараашийг буулгахдаа нэхэмжлэгч бидэнд мэдэгдэх, эзэмшигч нартай нь уулзаж сонсох ажиллагаа хийхгүйгээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны олгосон эзэмших эрх, зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж, ашиглаж байсан гараашийг буулгасныг хууль бус гэж үзэж байна.

3.5. С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.М нь "газар чөлөөлөхийг шаардах хуудас"-ыг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр наасан байсан бөгөөд энэ тухай нь мэдээгүй байж байтал гараашнуудыг шууд албадан буулгасан. Энэ тухай нь гарааш буулгасан материалыг нь зөөж холдуулахаар машинд ачаад дуусаж байхад нь бид мэдэж очиход тэнд Газрын албаны мэргэжилтэн болон ачигч нар, гарааш буулгасан хүнд механизмын хүмүүс байсан.

3.6. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль бус гэдгийг өөрсдөд нь хэлэх, эс зөвшөөрвөл гомдол гаргах боломж, хугацаа олголгүйгээр, өөрөөр хэлбэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч нарт хэлж, мэдэгдэлгүйгээр шаардах хуудас нааж, гараашнуудыг албадан буулгасан. Үүнд нь л бид туйлын гомдолтой байгаа. Бидний гараашнууд дүүргийн албан ёсны зөвшөөрөлтэй, газар эзэмших гэрчилгээтэй, дүүргийн газрын албаар баталгаажсан кадастрын зурагтай, газар олгосон захирамжтай, газрын албатай төлбөр тооцоо хийдэг албан ёсны баримтуудтай гараашнууд байсан.

3.7. Энэ тухай тайлбарласан боловч хариуцагч газрын албаны мэргэжилтэн, дарга нар нь "Бид Нийслэлийн засаг даргын шийдвэрийг биелүүлж байгаа хүмүүс тул ямар ч тайлбар тодруулга хүлээж авахгүй захирамж болон боломжгүй. Захирамж гараад гүйцэтгэх ажиллагаа хийгдээд дуусаж байгаа тул та нар гомдлоо шүүхэд хууль хяналтын байгууллагадаа ханд" гэж хэлсэн.

3.8. Энэ дагуу С дүүргийн Тамгын газарт болон газрын албанд хандаж гараашийг буулгах захирамжийн талаар асуухад Нийслэлийн засаг даргын 2021 оны 4 сарын 02-ны өдрийн А/250 дугаартай захирамж гарч, дүүргүүдээс ирүүлсэн санал материалын дагуу зөвхөн зөвшөөрөлгүй баригдсан объектуудыг буулгахыг дүүрэг дүүргээр нь хавсралт, тайлбартайгаар захирамж гаргасан байсан. Уг захирамжийг гаргаж өгсөн.

3.9. Гэтэл бидний гараашнууд зөвшөөрөлтэй байсан боловч С дүүргийн газар зохион байгуулалтын алба бидний гараашийг нягталж шалгаж, бидэнтэй уулзахгүй дур мэдэн буулгахаар санал явуулсан байна. Иймд С дүүргийн засаг дарга болон газрын алба буруу мэдээлэл нийслэл рүү явуулсан буруутай нь нотлогдож байна.

3.10. Нийслэлийн засаг даргын 2021 оны А/250 тоот захирамжийн дагуу зөвхөн зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгах ёстой байсан бөгөөд нэхэмжлэгч нарын дээр дурдсан хоёр гарааш анх С дүүргийн засаг дарга Б*******гийн 2000 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 138 тоот захирамжийг үндэслэн баригдсан учир албадан буулгах ёсгүй. Бидний хууль ёсны дагуу ашиглаж эзэмшиж байсан, өөрийн мөнгөөр худалдаж авсан гараашийг бидэнд мэдэгдэлгүй нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шүүхийн шийдвэргүй, албадан буулгаж, нурааж биднийг хохироосон тул хохирол авах шаардлагатай болсон тул тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний компаниар гараашны үнэлгээ хийлгэсэн.

3.11. Дулаан гарааш нэг тус бүрийн үнэ 7,000,000 /долоон сая/ төгрөг болсон. Нэхэмжлэлд хууль бусаар буулгагдсан 2 гарааш байрлаж байсан газрын байршлын одоогийн зургийг хавсаргасан болно.

3.12. Нэхэмжлэгч Я.А*******ийн тухайн гараашийг Ц.Б гэдэг хүнээс "Худалдах, худалдан авах гэрээ"-ээр 30,000,000 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгч Б.Ж******* 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Замын ц газрын дарга нь өөрөө эдгээр гараашийг бариулаад тухайн үед нь бидэнд зарсан. Урд талд нь байрлах и хэргийн шүүхийн удирдлагатай уулзахад ц байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл авсан, Засаг даргын захирамжтай та бүхэн худалдан авахад бид татгалзахгүй гэж мэдэгдэж байсан. Гараашийг худалдан авахад албан ёсны гэрчилгээ өгсөн. Анх 4 гарааш баригдсан. Сүүлд нь 1, 2 гарааш нэмж баригдсан. Анх баригдсан 4 гараашны 2 гарааш нь нэхэмжлэл гаргагч бидний гарааш юм гэжээ.

3.13. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гараашнуудыг захирамжид дурдсан зориулалтын дагуу эзэмшиж ирсэн. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг иргэн хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасан байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар-ыг нийтээр эзэмшихээр заасан. Гэтэл хариуцагч гараашийг нураахдаа нэхэмжлэгч нартай уулзаж сонсох ажиллагааг хийгээгүй, шуудангаар мэдэгдэл хүргүүлээгүй. Өөрөөр хэлбэл нийтийн хүрээнд хамарсан шийдвэрийг ард иргэдэд мэдэгдэж, гарааш эзэмшигч нарыг асууж, сонсоогүй, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүй гараашнуудыг албадан буулгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн ажиллагаа болсон. Мөн хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон С дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч нарт мэдэгдэхгүй шөнөөр гараашийг буулгасан байдаг. Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульчилсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг хэрэгжүүлээгүй, хуулийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нар нь нягталж, шалгаагүй, ямар ч ажиллагаа хийлгүй хоморголон нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан гараашнуудыг нураасан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан. Иймд Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болон гараашийг буулгасан үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасныг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсох ажиллагаатай холбоотой асуудлыг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хариуцагч нарын уг ажиллагаа хууль бус байсан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч С дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр "Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамж гарсан.

4.2. Энэ ажлын хүрээнд захирамжийн хавсралтын 73-д тусгагдсан С Ч дүүргийн И хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байрны з талд байрлах гараашнуудад 2021 оны 05-р сарын 04-ны өдөр газар чөлөөлөх тухай хугацаатай шаардах хуудсыг хүргүүлсэн боловч тухайн гарааш эзэмшигч иргэд шаардлагыг биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэсэн заалтын хүрээнд иргэн Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг албадан буулгаж газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

4.3. Мөн С, Ч дүүргийн И хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас дүүргийн Засаг даргад хандаж автомашины 6 ширхэг гараашийг буулгаж газар чөлөөлж өгөх тухай 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 521 дугаар бүхий албан тоотыг ирүүлж байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.

4.4. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр "Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай" нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамж гарсан.

4.5. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн хавсралтын 73-т тусгагдсан С Ч дүүргийн И хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байрны з талд байрлах гараашнуудад 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газар чөлөөлөх тухай хугацаатай шаардах хуудсыг хүргүүлсэн боловч тухайн гарааш эзэмшигч иргэд шаардлагыг биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэсэн заалтын хүрээнд иргэн Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг албадан буулгаж газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

4.6. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр С, Ч дүүргийн и хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тус байрны з хананд нааж барьсан иргэдийн түр байгууламж болох 6 автомашины гараашийг яаралтай чөлөөлж шийдвэрлүүлэх талаар 521 дугаар бүхийн албан бичгээр дүүргийн Засаг даргад хандаж байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг дарга хүсэлтийг судлан шийдвэрлэж, хариу мэдэгдэх талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байна. гэжээ.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, тий баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга нь зөрчил арилгах А/250 дугаар захирамжийг гаргасан.

5.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд маргаан бүхий газарт байрлаж байсан гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр тийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна.

5.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий зөрчил арилгах захиргааны акт юм.

5.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь уг газрыг хуульд заасны дагуу эзэмшдэггүй. Хууль ёсны ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй, хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны акт 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, д нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нарын эзэмшлийн С, Ч дүүргийн и хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байрны з талд байрлах тоосгон гараашнуудыг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.

3. Үүний дагуу С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг 14 хоногийн дотор чөлөөлөх мэдэгдлийг гараашнууд дээр нааж, газар чөлөөлөх ажиллагааг явуулж, гараашнуудыг албадан буулгажээ.

4. Нэхэмжлэгчээс дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч, шүүхэд Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг зөвшөөрөлгүй гэж албадан буулгахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамж, Газар чөлөөлөх тухай мэдэгдэл буюу шаардах хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг хууль бусаар буулгаж, учруулсан хохирол болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд олгохыг Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга болон С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэлийн үндэслэлээ ...С дүүргийн Засаг даргын 2000 оны 138 дугаар захирамжаар зөвшөөрөл олгосны үндсэн дээр гараашийг барьсан бөгөөд гараашны газартаа кадастрын зураг хийлгэж газар эзэмших эрхтэй болсон байхад зөвшөөрөлгүй гарааш гэж албадан буулгасныг зөвшөөрөхгүй, С дүүргийн Засаг даргаас нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр манай гараашнуудыг зөвшөөрөлгүй гэсэн худал мэдээллийг Нийслэлийн Засаг даргад өгч, гараашийг буулгахаар шийдвэр гаргасан,...бид газар эзэмших эрхтэй... гэж тайлбарлажээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Газар түр эзэмшүүлэх тухай 138 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн Ц хэлтсийн з талд 0,009 га газрыг гарааш барих зориулалтаар С.Ё олгосон, тус газарт баригдсан гараашийг нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нар бусдаас шилжүүлэн авч ашиглаж байсныг хариуцагч нараас үгүйсгээгүй, тодруулбал нэхэмжлэгч Б.Ж*******ын тухайд, С дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар захирамжийн дагуу олгогдсон 0******* дугаар газар ашиглах гэрчилгээний үндсэн дээр Л.Б******* нь дүүргийн Ц хэлтсийн з талд байрлах 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гараашны зориулалтаар ашиглах эрхтэй болж, улмаар тус газрын ашиглах эрхээ 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Б.Ж*******д шилжүүлж, тээс хойш газрын төлбөр тодорхойлох актын үндсэн дээр нэхэмжлэгч Б.Ж******* нь гараашны газрыг ашигласны төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл төлсөн.

7. Нэхэмжлэгч Я.А*******ийн тухайд, мөн адил С дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар захирамжийн дагуу олгогдсон 01 дугаар газар ашиглах гэрчилгээний үндсэн дээр Ж.Н******* нь дүүргийн Ц хэлтсийн з талд байрлах 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гараашны зориулалтаар ашиглаж байсан.

8. Улмаар тус газрын ашиглах эрхийг 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр Ц.Бэд шилжүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Я.А******* нь худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Бээс тус газар дээр байрлах гараашийг худалдан авсан, газрын төлбөр тодорхойлох актаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гараашны доорх газрыг ашигласны төлбөрийг төлсөөр ирсэн үйл баримт тогтоогдож байна.

9. Харин нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нарын хэн аль нь бусдаас гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахдаа доорх газарт холбогдон үүсэх газар ашиглах эрхийг сунгуулахаар, эсхүл газрыг эзэмших боломжтой эсэх талаарх хүсэлтийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, газрын кадастрын мэдээллийн санд гараашны зураг хадгалагдаж байгаа тул газар эзэмших эрхтэй болсон гэж маргажээ.

10. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;, 3.1.4.-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.

11. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нарын эзэмшиж байсан гарааш нь С дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар захирамжаар олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр баригдсан, С дүүргийн Засаг даргаас газар ашиглах гэрчилгээ зэргийг олгож байсан хэдий ч 2003 онд олгогдсон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2008 онд дуусгавар болсон, тус гэрчилгээний хугацааг сунгуулаагүй, нэхэмжлэгч нар гараашийн зориулалтаар ашиглаж буй 18 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж аваагүй, гэрээ байгуулаагүй, тд газар эзэмших эсхүл ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшиж байгаа үндэслэлээр газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана., 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрх үүсэхээс газрын нэгж талбарын дугаар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнийг газар эзэмших эрх олгосон гэж үзэхгүй.

13. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нар нь С, Ч дүүргийн и хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байрны з талд байрлах газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан нь тогтоогдсон тул тийг гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр тийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

14. Нэхэмжлэгч нараас өөрсдийнх нь гараашийг албадан буулгасан үйл ажиллагаанд холбогдуулан ...газрыг хууль бусаар эзэмшээгүй байсан учраас гараашийг буулгах ёсгүй байсан... гэдэг үндэслэлээр шүүхэд маргаан үүсгэсэн тул мэдэгдэл хүргүүлснээс хойш гараашийг албадан буулгасан хариуцагчийн үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг зөрчсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй, нэгэнт нэхэмжлэгч нараас газрыг хууль бусаар эзэмшиж байсан, тухайн газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэхээр гараашнуудыг нураах нь зайлшгүй байх тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс захирамжийг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж маргах боловч сонсох ажиллагаа хийснээр газрыг хууль бусаар эзэмшсэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж*******, Я.А******* нарын Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг зөвшөөрөлгүй гэж албадан буулгахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамж, Газар чөлөөлөх тухай мэдэгдэл буюу шаардах хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Б.Ж*******, Я.А******* нарын гараашийг хууль бусаар буулгаж, учруулсан хохирол болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд олгохыг Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга болон С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ