Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Д.Баатарболд, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч П.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанбаатар овогт Доржрагчаагийн Баатарболдод холбогдох эрүүгийн 201726030111  дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 0-5 насны 2 хүүхдийн хамт Баянгол гол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25-14-243 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаанбаатар овогт Доржрагчаагийн Баатарболд /РД:ИБ88101619/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Баатарболд нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мастер” авто угаалгын газарт, тус угаалгын газрын захирал П.Ганбатыг “автомашин дутуу угаалаа” гэж шаардлага тавихад нь маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн П.Ганбатын эзэмшлийн 16-82 УБЯ улсын дугаартай хар өнгийн “Ланд ровер” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд талын 2 дугуйг зүсэж санаатай гэмтээсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Баатарболдоос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйгүй...” гэв.

Хохирогч П.Ганбатаас: “...Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед машин угаалгын газартаа ирсэн. Би байнга очдоггүй, сард 2 удаа машин угаалгын газартаа очдог байсан. Тухайн өдөр би  ирээд 30 минут болоод явах гэтэл Болортуяа та жаахан байж байгаад яваач гэхээр нь ажиллаж байсан хүмүүст шаардлага тавьсан. Өвлийн хүйтэнд та нар машиныг чийггүй гарга гэдэг асуудлаар шаардлага тавьсан. Тэрэнд Баатарболд жаахан эмзэглэсэн байх. Өдөр 13 цаг 30 минутын үед зодоон болсон. Тэгээд цагдаа ирсэн. Зодолдсон асуудал тодорхой. Тэгээд явах гэтэл машин хөдлөхгүй байсан, буугаад харахад 2 дугуйг зүсээд хагалсан байсан. Тэгээд би машинаа үлдээгээд явах гэтэл Болортуяа та машинаа дотор оруулж тавиад яв гэхээр нь машин угаалга дотор оруулж тавиад цагдаагийн газар руу очиж дугуй хагарснаа хэлэхэд тэд нар ирээд зургийг нь аваад явсан. Тэр орой Баатарболд надтай утсаар ярихдаа таны хагарсан дугуйг би төлөөд өгье, 250.000 төгрөг болно биз дээ, та энэ хүмүүсийн цалинг өгчих гэж ярьсан. Тухайн үед хоёр хүний цалингийн үлдэгдэл байсан. Нэгэнд 80.000 төгрөг, нөгөөд нь 70.000 төгрөг, нийлээд 100.000 гаруй төгрөгийн үлдэгдэл байсан. Баатарболд над руу ярихад нь би чи миний дугуйг хагалсан уу гэж асуухад би хагалаагүй гэсэн. Тэгэхдээ надаас уучлалт гуйсан. Би түргэн загнасан байна, намайг уучлаарай, би уураа барьж чадсангүй гэсэн. Тэгээд та энэ хүмүүсийн цалинг өгчих гэж хоёр удаа ярьсан. Цагдаа ирээд Баатарболдыг аваад явсан. Намайг камераа салгаад аваад араас ир гэсэн. ...Би гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 1.000.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч П.Ганбатын: “...Баатарболд жаахан сууж байснаа муу сайн гуйлагачингууд ингэж машин угаадаггүй юм” гэхээр нь би очоод чи наанаасаа босоод яв гэж куртикны захнаас нь татаад босгосон. Тэгтэл намайг шууд заамдаж аваад зүүн талын шанаа хэсэгт цохиж авахаар нь би захнаас нь барьсан чигтээ байж байтал дахин цохих гэж дайрч байгаад дахин нэг удаа цохисон. Баатарболд намайг түрж явж байгаад би хөлдөө ороолцолдоод унахдаа Баатарболдыг барьсан чигтээ унахад Баатарболд миний дээрээс гараараа нилээн хэдэн удаа цохиод байж байтал цаанаас манай ажилтан Өнөрбаяр, Ган-Эрдэнэ, Болороо, Цогтоо гэх зэрэг хүмүүс Баатарболдыг салгаж авсан. Би босож ирээд газраас шилээ аваад цааш явж байтал Баатарболд цаанаас төмөр бариад намайг толгой хэсэгт цохих үед нь би толгойгоо хажуу тийш нь болгох үед миний толгойны хэсэгт хальт цохигдсон. Тэгтэл хажуу талаас манай ажилтан нар төмрийг Баатарболдоос булааж аваад бид хоёрыг дахин салгасан. ...Баатарболд дахин над руу гүйгээд ирэхээр нь би өрөөнөөс гарч хоёр гарыг нь бариад авахад шууд намайг нүүрэн хэсэгт нэг удаа мөргөхөөр нь би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиод авах үед намайг түрсээр байгаад өрөөнд оруулж ирээд байж байтал Өнөрбаяр дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэж байгаад намайг буйдан дээр суулгасан. Тэгтэл Баатарболд “чамайг ална” гэж хэлээд шууд аяга над руу авч шидээд миний зүүн нүдийг шүргээд гарсан. Мөн намайг дээрээс эрээн хайрцагтай зүйл над руу шидээд тэр нь духан дээр оносон. Хажуугаар нь миний хэвлий хэсэгт 2 удаа дэвсэж хөл хэсгээрээ өшиглөж байсан. Миний хөлнөөс бариад мушгисан одоо хүртэл өвдөж байгаа юм. Миний дух зулгарсан, шүд хөдөлсөн, уруул хөхөрч язарсан. ...Би 30.000 төгрөгөөр “ЮБ эйч цэнрт” ЭХО-д харуулсан, 25.000 төгрөгөөр ГССҮТ-ийн рентген зураг авахуулсан, баруун хөлийн шагайнд зүү тавиулж байгаа одоогоор эмчилгээ дуусаагүй байгаа учраас хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна, 4000 төгрөгөөр иод авсан. Хохирлын тооцоогоо тооцож байгаад нарийвчлан гаргаж өгье, гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 25, 53 дугаар хуудас/,

           Хохирогч П.Ганбат мөрдөн байцаалтанд дахин мэдүүлэхдээ: "... Миний дугуйг Баатарболд надад өс санаж өөрийнхөө хутгаар хагалсан, Би Баатарболдыг миний машины хажуу талд байж байгаад угаалгын газар руу орохыг харсан, мөн Баатарболд орой над руу утсаар яриад намайг уучлаарай би уураа барьж чадсангүй таны машины дугуйг төлөөд өгнө сайндаа 250.000 төгрөг болох байх гэж надад хэлсэн. ... би камераа салгаж аваад машинаа асаагаад хөдлөх гэтэл хөдөлж өгөхгүй байсан, Тэгээд машинаас буугаад дугуйгаа үзэхэд баруун талын урд, хойд дугуйны хий гарсан байсан, Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд мөн машины дугуй хагарсан байна гэдгийг хэлж, цагдаа дахин угаалгын газар дээр очиж машины хагарсан дугуйны зургийг авсан, Мөн машин байрлуулж тавьсан байсан машин хоёрын хоорондох гутлын мөрний зургийг авсан, Баатарболдын гутлын улыг үзээд чи машины дугуй хагалсан байна гэхэд юм хэлэхгүй байсан, Болортуяа над руу залгаж засварын газар үзүүллээ хурц ирмэгтэй зүйлээр хагалсан байна засах боломжгүй гэж хэлсэн гэж хэлсэн, Баатарболд аваад өгчихнө гэсэн учир 10-аад хоног хүлээсэн боловч ирэхгүй байсан учир 4 ширхэг дугуй 960,000 авсан 2 ширхэг дугуй авах гэсэн боловч заавал 4 ширхэгээр худалдана гээд байсан юм, Би 2 жил ашигласан дугуйгаа нэг бүрийг нь 230,000 төгрөгөөр үнэлж байна, Доторх олгойг нь 30,000 төгрөгөөр үнэлж байна, Баатарболдоос болж би такси барьж ажлаа амжуулсан, үүнд ойролцоогоор 300 орчим мянган төгрөгийн зардал гарсан, Самсунг ЛТ-4 маркийн гар утасны дэлгэц хагарсан, бас Самсунг дуос маркын утасны дэлгэц хагарсан, дэлгэцийг нь солиулмаар байна, миний харааны нүдний шилний баруун гуя нь мурийсан янзалж болохгүй байгаа 80,000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25, 51-52 хуудас/

            Гэрч Н.Болортуяа ... би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажпаа хийж байхад манай дарга Ганбат 13 цагийн үед ирсэн, ... Тэгтэл цаанаас дарга Ганбат хүрч ирээд угаагч нарт хандаж машинаа сайн угаах хэрэгтэй, машинаа дутуу угаагаад усыг нь гоожуулаад байна, машинаа хуурай болтол нь арчих шаардлагатай байна гэж уурлангуй хэлсэн, ... Баатарболд босохгүй суугаад байхаар нь дарга Ганбат куртикны урд талаас нь татаад босготол Баатарболд зөрүүлээд би чам шиг ийм гуйлгачинг мэдэхгүй юм байна гэж хэлээд заамдаад авсан. Тэгээд Ганбат Баатарболд 2 хоорондоо барьцалдаж аваад ноцолдсон, Ганбат дарга газар унах үед манай ажлын Өнөрөө, Ганаа, Цогтоо нар Ганбат Баатарболд нарыг салгасан. Тэгтэл Баатарболд шууд хаалга руу гүйж хаалганы хажуу талд байсан төмөр бариад шууд дарга Ганбатыг ирж толгой хэсэгт нь цохих үед Өнөрөө бид 2 хажуугаар нь орж Баатарболдыг барьсан төмрийг авах үед Ганбат даргын толгой хэсгийг шүргээд цохигдоод өнгөрсөн. ... Ганбат өрөөнийхөө үүдэнд утсаар яриад цагдаа дуудаад сууж байтал Баатарболд хүрч ирээд Ганбатыг буйдан дээр дарж унаад гэдэс хэсэгт нь дээрээс нь өшиглөж, шилэн аяга авч шидсэн. Тэгээд бид нар Баатарболдыг  салгаж Ганбат дарга угаалганаас гадагш гараад явсан.

            Гэрч Б.Хонгорын "... Тэр үед Ганбат захирал Баатарболд ах хоёр хороондоо ноцолдоод байсан. Тэгтэл Баатарболд ах, захирал Ганбат 2 ноцолдсон чигээрээ газар унасан. Тэгээд Баатарболд ах газраас босон хаалганы хажууд байсан төмрийг аваад захирал руу далайсан, тэгтэл Өнөрөө ах Баатарболд ахын гартаа барьсан урт төмрийг нь авсан, ... өрөөнөөс гарч ирэхэд Ганбат, Баатарболд ах 2 зодолдсон байдалтай байсан, Баатарболд ахын хөмсөг сэтэрсэн байдалтай цус гарсан.Ганбат захиралын духнаас цус гарсан байсан, тэгээд Ганбат захирал гараад явсан, араас нь 1 минут орчмын дараа Баатарболд ах гараад яваад 1 минут орчим болсны дараа буцаад ганцаараа ороод ирсэн, Тэгтэл араас нь удалгүй цагдаа орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Мөрдөн байцаалтын шатанд Д.Баатарболд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Дугуйн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гутлын мөрний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ганбатын машины дугуйг хагалаагүй. Тиймээс тухайн машиных нь хажууд гарсан гутлын мөр миний гутлын мөртэй таарсан эсэхийг ойлгохгүй байна. Би Ганбатын машиныг тухайн үед хаана байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд Д.Баатарболд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр машин угааж байтал 11 цагийн үед захирал Ганбат гаднаас орж ирээд миний машин угааж байсан алчуурыг булааж аваад хурдан арчиж угаасангүй, машин ингэж угаадаг юм уу гэж уурласан. Тэгэхээр нь би хуурай алчуураа гаргаад өгчих, мөн хий алдалтаа болиулчих гэж хэлтэл өөдөөс чи ажил хийх ёстой, чи байгаа материалаа ашиглаад ажлаа хий, хийж чадахгүй бол ажлаасаа гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гарчихъя гэж хэлтэл надтай хамт ажилладаг залуучууд мөн намайг дагаад гарлаа гэж хэлсэн. Тэгээд би хувцас солих өрөө рүү орж хувцасаа сольж байтал Ганбат захирал араас орж ирээд чи угааж байгаа хүүхдүүдийг ингэж уруу татаж болохгүй гээд бид хоёр маргалдаад хувцас солих өрөөнөөс гарсан. Би гутлаа өмсөх гээд цонхны тавцан дээр сууж байтал Ганбат захирал намайг гар, зайл гээд заамдаад аваад нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон.  Би зөрүүлээд Ганбат захирлыг түлхтэл газар унасан. Тэгээд Ганбат захирал буцаж босож ирээд намайг дахиад нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд Ганбат захирлыг нүүрэн тус газар, гэдэс цээж хавьцаа нь 2-3 удаа гараараа цохьсон. Би Ганбат захирлыг цохиж байхад намайг өшиглөх гэхээр нь би хөлнөөс нь татаж аваад газар унагасан. Тэгээд намайг дахиад араас өшиглөх гэхээр нь гарах хаалганы үүдэнд байсан грашын хаалга түгждэг төмрийг аваад цохино шүү гэж далайн айлгасан. Тэгтэл араас  нь нэг нь миний гартаа барьсан байсан төмрийг авсан. Тэгээд Ганбат захирал цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд:

            2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн СД хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,

            2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Дугуй хураан  авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-48 хуудас/

            2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Гутал хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49 хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Кримналистикийн шинжээчийн 1896 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-68 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  Кримналистикийн шинжээчийн 1995 дугаартай дүгнэлт  /хх-ийн 70-73 хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 95 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, / хх-ийн 98 дугаар хуудас/

-Цагдаагийн байгууллагын зөрчлийн мэдээллийн сангийн бүртгэл /хх-ийн 130-140 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Баатарболд нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мастер” авто угаалгын газарт, тус угаалгын газрын захирал П.Ганбатыг “автомашин дутуу угаалаа” гэж шаардлага тавихад нь маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн П.Ганбатын эзэмшлийн 16-82 УБЯ улсын дугаартай хар өнгийн “Ланд ровер” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд талын 2 дугуйг зүсэж санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 25, 53 дугаар хуудас/, гэрч Н.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 27-29, 56 дугаар хуудас/, гэрч Б.Хонгорын мэдүүлэг / хх-ийн 63 хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн СД хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үнлдэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Кримналистикийн шинжээчийн 1896 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуй, дотуур хаймарт гарсан гэмтлүүд нь хатуу хурц ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан, зүсэгдсэн гэмтлүүд байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуй, дотуур хаймарт гарсан гэмтлүүдийг автомашиныг унаж явж байх үед гарсан, уг гэмтлүүдийг засварлан цаашид ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 65-68 хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Кримналистикийн шинжээчийн 1995 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №3-д авагдсан шинжилж буй гутлын мөр нь хээний ерөнхий шинж тэмдэгээрээ шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №3-д авагдсан шинжилж буй зүүн гутлын мөр нь харьцуулах загвараар илрүүлсэн зүүн гутлын ултай хээний ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо төстэй байх тул шинжилж буй зүүн гутлын мөр нь харьцуулах загвараар илрүүлсэн зүүн гутлын улаар дарагдсан байж болно. /хх-ийн 72-73 хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

     Иймд шүүгдэгч Д.Баатарболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг

арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч Д.Баатарболд, хохирогч П.Ганбат нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Баатарболд нь тухайн машины дугуйг би хагалж гэмтээгээгүй гэж мэдүүлдэг боловч хохирогч П.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Болортуяагийн мөрдөн байцаалтанд : “...Дугуйг нь тайлаад дугуй засвар дээр авч очоод үзүүлэхэд дугуй зүсэгдсэн байсан. Баатарболд цагдаагийн газраас угаалгын газар хүрч ирэхээр нь Баатарболдод хандаж чи яагаад хүний дугуй зүсэж эвдэж байгаа юм бэ гэж хэлтэл би наад дугуйг чинь төлөөд өгнө гэж хэлсэн, ...  “... Би Баатарболд руу залгаж яагаад зүсч байгаа юм гэхэд төлөөд өгчихнө хэд гэсэн размерын дугуй байна гэхээр нь хэмжээг нь хэлж өгсөн. Чи даргатай очиж уулзаад он гараад дугуй аваад өгье гээд хэлчих гэхэд эхнэр нь халгаахгүй байхаа” гэсэн мэдүүлэг,  / хх-ийн 28, 56 хуудас/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Кримналистикийн шинжээчийн 1896 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-68 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  Кримналистикийн шинжээчийн 1995 дугаартай  /хх-ийн 70-73 хуудас/ дүгнэлтээр няцаагдаж байна.

 

    Шүүгдэгч Д.Баатарболдод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

   

 Хохирол төлбөрийн хувьд

    Шүүгдэгч Д.Баатарболдоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч П.Ганбат нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Д.Баатарболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, 1 хос гутлыг шүүгдэгч Д.Баатарболдод буцаан олгож, 2 ширхэг автомашины дугуй, 2 ширхэг олгой хаймерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгах  нь зүйтэй байна.

    Хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Баатарболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.