Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 49

 

О.Халтарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 148/2019/00418/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                              Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                                       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Д.Эрдэнэ-Оргил

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын давж заалдсан гомдлоор О.Халтарын нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 80.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч О.Халтар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний аав Минжүүр овогтой Ойдов нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 8 дугаар багийн харьяат ард, лам хүн байсан. 1938 онд 56 насандаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу буудан хороох ялаар шийтгүүлсэн. Улмаар хэргийг хянаад 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгасан. Миний бие Ойдов овогтой Халтар нь 1936 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Багаасаа эсэргүүний хүүхэд гэсэн нэрээр гадуурхагдан цоллуулж бага сургуулийн боловсрол эзэмшин цаашид суралцах аргагүйн эрхэнд 1954 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд ээжийн хамт нүүж ирсэн. Овог нэрээ буруу мэдүүлж байсныг 1996 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд Дуутан овгийн Ойдовын Халтар болгон бүртгүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зууны мэдээ сонинд дурдсанаар нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад зарлагдсан О.Халтар миний эцгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөн олговор болох 80,000,000 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 389 дугаартай шийдвэрээр:

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Төрийн сангийн хэлтэс /тасаг/ /улсын төсөв/-ээс 80.000.000 төгрөг гаргуулан Дуутан овогт Ойдовын Халтарт олгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Энхмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ...Минжүүрийн Ойдов нь 56 настайдаа 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэлмэгдэж, хуулийн дээд хэмжээ авч, цаазлагдан, 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай магадлалаар цагаатгагдсан болох нь магадлал болон лавлагаагаар тогтоогддог. Харин хэрэгт цугларсан материалаас харахад нэхэмжлэгч О.Халтарын аав нь 1933 оны хүн амын тооллогоор Гэндэнгийн Ойдов, 37 настай, ээж нь Лхамдэндэвийн Пэлжир 20 настай, 1944 оны хүн амын тооллогоор Пүрэвийн Пэлжирмаа 31 настай, Рэнцэнгийн Халтар 10 настай, 1956 оны хүн амын тооллогоор Лүндэгийн Халтар 21 настай, Лувсангийн Пэлжир 45 настай гэж тус тус тоологдсон мөн Халтар нь овог өөрчилсөн талаар нотлох баримтууд хавсаргагдсан байна. Хэлмэгдэж, цагаатгагдсан Минжүүрийн Ойдов нь нэхэмжлэл гаргагч Халтарын төрсөн аав Ойдов мөн эсэх нь нас, овгийн зөрүүтэй байдал зэргээс харахад эргэлзээтэй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өрийн 389 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Энхмаагийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай гомдолтой танилцлаа. Уг гомдол нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг бичиж байна. Миний өвөө Минжүүр овогтой Ойдов нь Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын 8 дугаар багийн харъяат, ард лам хүн байсан. 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж, онцгой эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээ буюу буудан хороох ялаар шийтгүүлсэн. Уг хэргийг дахин хянаад 1990 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгасан. Миний аав Ойдов овогтой Халтар нь 1936 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Багаасаа эсэргүүний хүүхэд гэсэн нэрээр гадуурхагдан цоллуулж Бүрэнхан сумын бага сургуулийг төгсөөд Офицерийн сургуульд хуваарилагдсан боловч мөн эсэргүүний хүүхэд гэсэн нэрээр явах боломжгүй болж аргагүйн эрхэнд ээжийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны усан бирваазад очиж ажиллаад 1954 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ээжийн хамт нүүн ирсэн. Эсэргүүний хүүхэд гэсэн нэрнээс болж овог нэрээ буруу мэдүүлж байсныг 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 35 тоот шүүхийн шийдвэрээр Дуутан овгийн Ойдовын Халтар болгон өөрчилснийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн тухайн үеийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Шүүхийн шийдвэрээр 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төрийн сангаар дамжуулан хүлээн авсан. Шүүхээр нэгэнт тогтоогдсон хэрэг учраас дахин нотлох шаардлагагүй юм. Г.Энхмаагийн гомдлыг эс зөвшөөрч 2019.09.10-ны өдрийн 389 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа билээ.  Нэхэмжлэгчийн хувьд хэлмэгдэн цагаатгасан  Минжүүрийн Ойдовын төрсөн хүүхэд нь мөн болох талаар холбогдох бүхий л материалаа бүрдүүлж 1998 онд хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олгох журмын дагуу шүүхийн шийдвэрээр  1.000.000 төгрөгийг авсан тухай баримт байдаг боловч түүнийгээ шүүхэд өгөөгүй байдаг юм. Иймд холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Халтар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Минжүүрийн Ойдовын төрсөн хүү  тул хэлмэгдэгчийн нөхөн олговор авах эрх үүссэн хэмээн холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзвэл: Хэлмэгдэгч Минжүүрийн Ойдов нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэх үедээ 56 настай,  1933 оны хүн амын тооллогоор Гэндэнгийн Ойдов лам 37 настай, 1944 оны хүн амын тооллогоор Пүрэвийн Пэлжирмаа 31 настай, Рэнцэнгийн Халтар 10 настай, 1956 оны хүн амын тооллогоор Лүндэгийн Халтар 21 настай, Лувсангийн Пэлжир 45 настай гэж тус тус бүртгэгдсэн байна.

Дээрхи онуудын хүн амын тооллогын бүртгэлээс үзвэл  хилс хэрэгт шийтгүүлсэн Минжүүрийн Ойдов, Гэндэнгийн Ойдов хоёрын нас зөрүүтэй,  нэхэмжлэгч О.Халтарын эх Пүрэвийн Пэлжирмаа нь Минжүүрийн Ойдовтой гэр бүл байсан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгч О.Халтарын төрсөн эцэг Минжүүрийн Ойдов мөн эсэх нь эргэлзээтэй, нас болон эцгийн нэр зөрүүтэй байхад шүүх тухайн байдлыг хэрхэн тайлбарлаж нэхэмжлэгчийг нөхөн олговор авах эрх бүхий этгээд гэж тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.  

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Халтар нь  хэлмэгдсэн М.Ойдовын төрсөн хүү мөн болох нь тогтоогдсоны  үндсэн дээр  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд  нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1,13.2.2-т заасан нөхөн олговор олгох эрх үүснэ.

Нэхэмжлэгч О.Халтарын шүүхэд гаргасан хүсэлт нь  Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд энэхүү ажиллагаа нь эрх зүйн  ач холбогдол бүхий  үйл явдал болон иргэний эрх зүйн байдлыг тогтоодог хариуцагч байдаггүй онцлогтой.  Иймээс шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд  шаардагдах  нотлох баримтыг хүсэлт гаргагчаас гаргуулах талаар тодорхой ажиллагаа  хийх боломжтой юм.

Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед  нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч О.Халтар нь хэлмэгдсэн М.Ойдовын хүү болохыг  шүүхээр тогтоолгож,  шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгчидэд олгох  1.000.000 төгрөгийн нөхөн олговорийг  авч байсан тухай нотлох баримтууд байгаа  боловч шүүхэд гаргаж өгөөгүй байна гэсэн тайлбар гаргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй мөн  нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр өөрөөр хэлбэл  нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг  шийдвэрлэсэн нь  буруу болжээ.

 Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  анхан шатны шүүх хэргийг хянан  шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр  шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан

авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН