| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2026/0120/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/140 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн,******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 8 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Хар Аргалант уулын урд өвөр Дэндгэр гэх газарт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлт 2 ширхгийг агнасан, мөн ангийн гаралтай түүхий эд буюу хар сүүлтийн 4 эвэртэй 2 толгойг 3.330.000 төгрөгийн, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 6.660.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 9 дүгээр сарын сүүлээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын д байх өөрийн төрсөн эхийн хашааны амбаар (агуулах)-т төрсөн ах Д.*******ийн агнасан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлтийн түүхий эд буюу 4 эвэртэй 2 толгойг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Тухайн хар сүүлтийн эврийг ээжийн хашаанд байгаа гэж ах ******* надад хэлэхээр нь би очиж 2 ширхэг хар сүүлтийн эврийн зургийг нь дараад буцаагаад байсан байранд тавиад явсан. 2025 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 2 ширхэг хар сүүлтийн эвэрний зургийг фейсбүүкийн Эвэр сонирхогчид гэсэн групп дээр ийм сайхан 2 эвэр байна сайхан янзлаад авах хүн нь өөрөө үнээ хэлээд ав гэж бичсэн. Миний гаргасан үйлдэл бол энэ. Би өөрөөр ямар ан амьтан агнасан зүйл байхгүй. Тухайн үед манай ах надад хэлэхдээ хар сүүлтийн эвэр олсон айлууд тавьсан байдаг юм байна лээ чи авах юмуу гэхээр нь би тэгье гэж хэлж байсан. Би анх байцаагчийг ирэхэд л тухайн 2 эврийг ах олсон гэж хэлсэн боловч миний үгийг хүлээж аваагүй битгий худлаа яриад бай алсан л байна гээд байсан. Тэгэхэд жолооч нь чи энэ муу хоёр мангар юмыг аргалаад болно гэж бодоод байна уу наадахаа шууд ачаад аваад явъя гээд байсан. Тэгээд би Баян-Өндөр сумын цагдаагийн хэсгийн өрөөнд орж байцаагчид мэдүүлэг өгөхдөө намайг ингээд ачаад аваад явчих юм бол 2 хүүхэд гэрт харах хүн байхгүй байсан учраас айгаад ах агнасан гэж худлаа мэдүүлэг өгсөн. Харин 2025 оны 11 дүгээр сарын 19-нд мэдүүлэг өгөхдөө байцаагч нарыг намайг дарамталсан сүрдүүлсэн гэж хэлбэл асуудалд оруулчих байх гэж бодоод энэ талаар ярихгүй. Тухайн үед ах хариуцчих байх гэж бодсон гэж худлаа мэдүүлэг өгсөн. Намайг байцаагч нар надтай уулзаж мэдүүлэг авсан өрөө хяналтын камертай байсан...гэх мэдүүлэг /хх-ий 54-55/,
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад эрх, үүрэгтэй холбогдуулж асууж тодруулах зүйл байхгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, би 2 ширхэг хар сүүлтийн эврийг олоод хадгалсан нь үнэ,н нэг эврийг нь өвөлжөөний ойролцоогоос олсон, нөгөө эврийг нь өвөлжөөний хөрөн дээр нохой зууж авч ирээд хаясан байсан. Би тухайн 2 хар сүүлтийг агнаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн Энэ хэргийн талаар анх мэдээгүй байсан. Тэгээд экологийн цагдаа мэдүүлэг авах талаар хэлж энэ хэргийн талаар мэдсэн. Манай суманд нийт 300 орчим хар сүүлт зээр нутагладаг. 2027 онд ан амтны тооллого хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. Одоогоор хар сүүлтий талаар тоо баримт надад хүлээлгэж өгөөгүй байгаа. Хяналт шалгалтын хувьд тухайн нутагт нь 2026 оноос эхлэн 2 идэвхтэн байгаль хамгаалагчтай болсон тул миний бие өөрөө сумынхаа байгаль хамгаалагчтай хамтраад эргүүлийн хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Баянцагаан сумынхаа Аргалант ууланд, Цэцэн, Баянхайрхан уулынхаа Сархираа, Ээдмиг, Баянцагаан сумын улаан шалын хоолой гэдэг газруудаар нутагладаг. 2025 онд Нарны уурын гүүртэй худгийг гаргуулсан. Шүүгдэгч нарын зүгээс 6,660,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Д.*******ийг танина. Манай сумын 2 дугаар багийн малчин иргэн байгаа юм. Д.******* нь ямар нэгэн байдлаар ховор амьтан болох хар сүүлт зээр агнагдсан, үхсэн байгаа талаар мэдэгдээгүй... Баянцагаан сумын 2 дугаар багт хар сүүлт зээр 200 орчин толгой нутагладаг. Тусгай хамгаалалтад аваагүй байгаа ..Хууль бусаар ан агнах хэрэгт ховор амьтан учир байгаль орчин, тухайн амьтны тоо толгойд хохиролтой байгаа. Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар гаргасан БНХ0325/011 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн хохирлыг нь төлүүлэх хүсэлтэй байна.. Монгол улсын иргэн, малчид нь Үндсэн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар байгаль орчноо хамгаалах журамт үүргийнхээ хүрээнд байгаль орчноо хамгаалах, зэрлэг ан амьтадыг хайрлан хамгаалах хууль бус ан амьтадын талаар төрийн байгууллага албан тушаалтанд мэдэгдэж арга хэмжээ авхуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргийн хүрээнд Д.******* нь зэрлэг амьтан болох хар сүүлтийн үхэж үрэгдсэн талаар мэдээлэлгүй гэр хашаа хороондоо хадгалсан нь өөрөө хууль зөрчсөн асуудал байна гэж үзэж байна... Тухайн 2 дугаар багийн идэвхтэн байгаль хамгаалагч, болон нутгийн малчин ард иргэдтэй утсаар болон биечлэн холбоо тогтоож зээр болон бусад ан амьтадын тоо толгой өсөлт үржилтийн талаар мэдээ мэдээлэл авч ажиллаж байгаа. Тус багийн идэвхтэн байгаль хамгаалагч, малчид 8 сард 200 орчим хар сүүлт зээр байгаа талаар мэдээлэл өгсөн. Тухайн газар нутгийг 2011 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авах саналыг зохих шатны байгууллагуудад нь хүргүүлсэн боловч тусгай хамгаалалтад одоо хүртэл хамруулаагүй байгаа. Тухайн хар Аргалант уулыг тусгай хамгаалалтад аваагүй боловч тухайн уулын урд талын Баянхайрхан уулын ойр орчимд 60707 га газрыг 2020 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг... Баянцагаан сумын хэмжээнд уулын туруутан амьтадын судалгааг 2023 онд Агнуур судлалын нийгэмлэг төрийн бус байгууллагаар хийлгэсэн боловч хар сүүлт зээрийн судалгааг хийлгээгүй. Баянцагаан сумын хэмжээнд хар сүүлт зээрийн тооллого хийж байгаагүй. Иргэд малчдаас аман тоон мэдээ авч байгаа 2027 онд сумын хэмжээнд нийт амьтадын нөөц тодорхойлох судалгаа хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тооллого судалгаа хийлгэх төсөв байхгүй өдий хүрсэн байна ...гэх мэдүүлэг (хх-ийн 27-28, 32-33, 134-136),
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..... Тухайн зээрийн эвэр толгойн яс нь намайг 6 сард хот яваад ирэхэд 1 нь тэр аргал дээр, 1 нь тэр амбаар дотор байсан. Тухайн үед Д.*******аас асуухад хээрээс олсон юм гэсэн, энд байж болох юм уу гэхэд хээрээс олсон юм аа зүгээр байх гэсэн. Тэгээд тэндээ байж байгаад сая цагдаа ирээд гаргаад өг гэхээр нь гаргаж өгсөн. Толгойны яс нь шинэ хуучин эсэхийг анзаараагүй мэдээгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 42-44),
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би Д.*******ийг танин, манай сумын 1 залуу, садан төрөл найз нөхдийн холбоо байхгүй..Д.*******аас 2018 оны 11 сард 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Шилжүүлж амжаагүй жил болгон Д.*******ийн нэр дээр бүртгүүлээд татварыг нь төлөөд яваад байгаа. Би өөрөө галт зэвсэг ашиглах эзэмших сургалтад 2019 онд сууж гэрчилгээ авч байсан...Тоз-8 маркийн галт зэвсгээ шилжүүлэх гэтэл аймаг ордог гээд 2-лаа аймаг нийлж цуг орж чадахгүй өдий хүрсэн байна. Би Д.*******ийг одоо галт зэвсэгтэй эсэх талаар мэдэхгүй. Надаас галт зэвсгээ 2018 онд худалдаж авснаас хойш аваагүй... Д.*******т 1,000,000 төгрөг бэлэн өгөөд Тоз-8 галт зэвсгээ худалдаж авч байсан...гэх мэдүүлэг (хх- ийн 148-149),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Бямбасүрэнгийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн
..1.Монгол улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Хар сүүлтий- Gazella subgutturosa (guldenstaedt 1780) - ийн суурь үнэ нэг тоо толгойд 3.330.000 төгрөг 2 бодгаль=6,660,000 төгрөг болж байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 2-р заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 2*6,660,000=13,320,000 төгрөг болно.
2.Туруутан баг-Artiodactyla Тугалмайтныхан овог- Bovidae Хар сүүлтий- Gazella subgutturosa (guldenstaedt 1780)- ний эвэртэй толгой болох нь тогтоогдож байна.
3.Хар сүүлтий- Gazella subgutturosa (guldenstaedt 1780) нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11- ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад багтсан. Тархац нутаг нь тус аймгийн Жинст, Богд, Өлзийт, Бууцагаан, Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр, Баянговь, Баянлиг сумдуудад тархан байдаг бэлчээрийн амьтан юм. Баянцагаан сумын 2-р баг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамрагдаагүй болно. 4. Хар сүүлтий зээрийн эвэртэй толгойн яснаас агнагдсан хугацаа, нас хүйсийг тогтоох боломжгүй...гэх БНХ0325/011 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-82),
Шинжлэх ухааны академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн
1.Шинжилгээнд ирүүлсэн эвэртэй хоёр гавал нь хар сүүлт зээр буюу хар сүүлтэд (Gazella subgutturosa) хамаарах бөгөөд бие гүйцсэн, эр хоёр бодгаль амьтан болно. Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-нд зааснаар хар сүүлт нэг бодгаль 3,330,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.
2. Шинжилгээнд ирүүлсэн эвэртэй гавал ясны морфологи шинжээс үзэхэд хар сүүлт (Gazella subgutturosa) болохыг тодорхойлов.
3.Хар сүүлт нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох ховор амьтны жагсаалтад зааснаар ховор амьтанд хамаарна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг нь хар сүүлтийн тархац нутагт хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
4.Хар сүүлтийг үхсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин гавал ясны морфологи хэмжилт, араа шүдний байдлаас цуглуулгын сангийн эталон материалтай харьцуулж үзэхэд хоёул бие гүйцсэн буюу 3 дээш настай бодгалиуд болно.
5.Шинжилгээнд ирүүлсэн хоёр хар сүүлтийн гавал яс нь гадаа долоон жил нар салхинд хадгалсан гэх байдал ажиглагдаагүй. Зөөлөн эдийн хатсан байдал болон эвэр гадар байдлаас үзэхэд шинэвтэр байна.
6.Хоёр гавал ясны нэгийг нь хурц иртэй зүйлээр тайрсан ул мөр байна. Удаах гавал ясны арьс, зөөлөн эдийг хурц иртэй зүйлээр зүсч авсан ул мөр байна...гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 169-170),
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 56-60, 65-71/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 100-105/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106-107/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана... гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 8 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Хар Аргалант уулын урд өвөр Дэндгэр гэх газарт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлт 2 ширхгийг агнасан, мөн ангийн гаралтай түүхий эд буюу хар сүүлтийн 4 эвэртэй 2 толгойг өөрийн өвөлжөөний амбаар (агуулах)-т хадгалж амьтны аймагт шууд үнэлгээгээр 3.330.000 төгрөгийн, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 6.660.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 9 дүгээр сарын сүүлээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын д байх өөрийн төрсөн эхийн хашааны амбаар (агуулах)-т төрсөн ах Д.*******ийн агнасан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлтийн түүхий эд буюу 4 эвэртэй 2 толгойг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.*******ийн....ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Шүүгдэгч Д.*******ын ...2 ширхэг хар сүүлтийн эврийн зургийг нь Эвэр сонирхогчид гэсэн групп дээр ийм сайхан 2 эвэр байна сайхан янзлаад авах хүн нь өөрөө үнээ хэлээд ав гэж бичсэн...гэх мэдүүлэг /хх-ий 54-55/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2027 онд ан амтны тооллого хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. Одоогоор хар сүүлтий талаар тоо баримт надад хүлээлгэж өгөөгүй байгаа, шүүгдэгч нарын зүгээс 13,320,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан... гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн... Д.******* нь ямар нэгэн байдлаар ховор амьтан болох хар сүүлт зээр агнагдсан, үхсэн байгаа талаар мэдэгдээгүй... Баянцагаан сумын 2 дугаар багт хар сүүлт зээр 200 орчин толгой нутагладаг. Тусгай хамгаалалтад аваагүй байгаа ..Хууль бусаар ан агнах хэрэгт ховор амьтан учир байгаль орчин, тухайн амьтны тоо толгойд хохиролтой байгаа. Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар гаргасан БНХ0325/011 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн хохирлыг нь төлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг (хх-ийн 27-28, 32-33, 134-136),
Гэрч ийн...Тухайн зээрийн эвэр толгойн яс нь намайг 6 сард хот яваад ирэхэд 1 нь тэр аргал дээр, 1 нь тэр амбаар дотор байсан, Д.*******аас асуухад хээрээс олсон юм гэсэн...гэх мэдүүлэг (хх-ийн 42-44),
Гэрч ын...Д.*******ийг одоо галт зэвсэгтэй эсэх талаар мэдэхгүй,.. Д.*******т 1,000,000 төгрөг бэлэн өгөөд Тоз-8 галт зэвсгээ худалдаж авч байсан...гэх мэдүүлэг (хх- ийн 148-149),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Бямбасүрэнгийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн БНХ0325/011 дугаартай шинжээчийн...1.Монгол улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Хар сүүлтий- Gazella subgutturosa (guldenstaedt 1780) - ийн суурь үнэ нэг тоо толгойд 3.330.000 төгрөг *2 бодгаль=6,660,000 төгрөг болж байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 2-р заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: 2*6,660,000=13,320,000 төгрөг болно,...Хар сүүлтий зээрийн эвэртэй толгойн яснаас агнагдсан хугацаа, нас хүйсийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт (хх-ийн 76-82),
Шинжлэх ухааны академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн.... Шинжилгээнд ирүүлсэн эвэртэй гавал ясны морфологи шинжээс үзэхэд хар сүүлт (Gazella subgutturosa) болохыг тодорхойлов,....Хар сүүлтийг үхсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй,... хоёул бие гүйцсэн буюу 3 дээш настай бодгалиуд болно,....хоёр хар сүүлтийн гавал яс нь гадаа долоон жил нар салхинд хадгалсан гэх байдал ажиглагдаагүй. Зөөлөн эдийн хатсан байдал болон эвэр гадар байдлаас үзэхэд шинэвтэр байна,.....Хоёр гавал ясны нэгийг нь хурц иртэй зүйлээр тайрсан ул мөр байна. Удаах гавал ясны арьс, зөөлөн эдийг хурц иртэй зүйлээр зүсч авсан ул мөр байна...гэх дүгнэлт (хх-ийн 169-170), болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 8 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Хар Аргалант уулын урд өвөр Дэндгэр гэх газарт ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлт 2 ширхгийг агнасан, мөн ангийн гаралтай түүхий эд буюу хар сүүлтийн 4 эвэртэй 2 толгойг өөрийн өвөлжөөний амбаар (агуулах)-т хадгалсан,
шүүгдэгч Д.******* нь 2025 оны 9 дүгээр сарын сүүлээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын д байх өөрийн төрсөн эхийн хашааны амбаар (агуулах)-т төрсөн ах Д.*******ийн агнасан ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлтийн түүхий эд буюу 4 эвэртэй 2 толгойг худалдаалах зорилгоор хадгалсан үйл баримт тогтоогдсон буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын үйлдэл нь буюу Улсын тусгай хамгаалалтгүй газар нутагт хамаарах Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ховор амьтан буюу бие гүйцсэн Хар сүүлт 2 ширхгийг агнасан, ангийн гаралтай түүхий эд буюу хар сүүлтийн 4 эвэртэй 2 толгойг хадгалсан, мөн худалдаалах зорилгоор хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ховор амьтныг агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Агнуурын амьтан гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтныг хэлнэ.
Ховор амьтан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ. Монгол Улсын улаан номонд зааснаар ховор амьтад... хар сүүлтий.... хамаарна.
Ховор амьтны гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтны гаралтай түүхий эд зүйлийг өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэлд байлгасан, бусдад мөнгө болон бусад зүйлээр зарсан, худалдан авсан, нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн, улсын хилээр нэвтрүүлж, гадаад улсад гаргасан зэргийг ойлгоно.
Амьтны гаралтай түүхий эд гэж амьтны арьс, шир, толгой, ....зэрэг эд эрхтнийг хэлнэ.
Хууль бусаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр агнасныг ойлгоно.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт “Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ыг баталжээ. "Ховор амьтны жагсаалт"-ын хөхтөн амьтны жагсаалтад латин нэрээр Gazella subgutturosa, монгол хэлээр хар сүүлтий хамааруулж, мөн 1965 оноос хойш хар сүүлтий агнахыг хуулиар хориглосон байна.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг "ховор амьтан" хэмээн тодорхойлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг зөвхөн тусгай зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрдөг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.*******ыг ховор амьтны түүхий эдийг хадгалсан,
Шүүгдэгч Д.*******ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар амьтанд учруулсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэхээр хуульчилсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Хар сүүлтий суурь үнэ нэг тоо толгойд 3.330.000 төгрөг *2 бодгаль=6,660,000 төгрөг болж байгаа ба Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг 2*6,660,000=13,320,000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт баримтаа гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.*******, Д.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бор, Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “....шүүгдэгч Д.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн байдал, шүүгдэгч Д.******* нь “Эрдэнэ монгол” ХХК-д геологийн туслах ажилтай,
Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төвд бага эмч ажилтай, сард 2,400,000 төгрөгийн цалинтай, ажил хөдөлмөр эрхэлдэг боловч тэдгээрийн орлого, ахуйн амьдрал, өөрсдийн хэрэгцээнд хэрхэн зарцуулж байгаа, гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх, өрхийн эдийн засгийг бүрдүүлэх боломжийг хангах, шүүгдэгч нарт эдийн засгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс, шүүх хуралдаанд гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хохирлыг хэрхэн төлсөн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарын тус бүр хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдагдаж байгаа хар сүүлтийн түүхий эд буюу 4 эвэртэй 2 ширхэг толгойг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэнд шилжүүлж,
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийг хадгалсан,
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нарт оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдагдаж байгаа хар сүүлтийн түүхий эд буюу 4 эвэртэй 2 ширхэг толгойг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.
8.Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА