Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

Г.С-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

          Шүүгдэгч Г.С /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-т /цахимаар/,

          Хохирогчийн өмгөөлөгч Т.У /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.С-т холбогдох 2029000870099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ө овогт Г-ын С, эрэгтэй

Яллагдагч Г.С нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Ө аймгийн Б сумын дүгээр багийн нутаг Х гэх газар Т уурхайгаас Г чиглэлийн төмөр замын шороон далангийн баруун талаар зэрэгцээ орших сайжруулсан шороон дээр Т загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7а дахь хэсэгт заасан жолоочид “...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно...” 3.4б дэх хэсэгт заасан “...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчиж явсан М.Ш-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С-т оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ээс 4815000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ш-д олгож, иргэний хариуцагч “Х” ХХК-ийн зүгээс  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-д оршуулгын зардалд  25000000 төгрөгийг  төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын нэхэмжилсэн 46700684  төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.С-ийн  дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ын өмгөөлөгч би эс зөвшөөрч хавтас хэргийн хүрээнд авагдсан бичгийн болон бусад нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг баримтлан прокурорт буцаалгахаар энэхүү гомдол гаргаж байна.

Амь хохирогч М.Ш нь Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож лаборантаар ажиллаж байхдаа буюу ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрийн ослоор Зам тээврийн осолд орж нас барсан харамсалтай явдал болсон.

  1. Хэргийг прокурорт буцаалгаж хэргийн бодит байдлыг тогтоолгох тухайд:

Эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудын 1.5-д Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх, 1.7-д гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх. 1.9-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх гэсэн заалтуудыг хянах үүргээ биелүүлээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл хэргийн бодит байдал тогтоогдоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, ажил олгогчид ял завших боломж олгосонд гомдолтой байдаг. Учир нь:

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь Г.С-т холбогдох эрүүгийн хэргийг зам тээврийн осол гэхээсээ илүүтэй талийгаачид ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалгуулах, ажил олгогчид маш их гомдолтой гэсэн агуулгатай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг, 05 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэндээ, өмгөөлөгч би удаа, дараа гаргаж байсан. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэндээ ярьж байсан нь хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа. /1 дүгээр хавтаст хэргийн 56/60 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 169, 205/209 дэх тал, З дугаар хавтаст хэргийн 170/177 дахь тал/

2. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 05-016 тоот шинжээчийн дүгнэлтийн 4, 5, 7, 9, 10, 11, 12 дугаар заалтуудаар амь хохирогч М.Ш-ын ажил олгогч нь “К” ХХК байсан, захирал М.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан нь нотлогдсон бөгөөд өөрөөр хэлбэл “К” ХХК-ийн захирал М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд байсан байна. /З дугаар хавтаст хэргийн 244 дэх талд/

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ажил олгогч нь миний хүүтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхдаа ажил үүрэг гүйцэтгүүлсэн, талийгаачийг болон яллагдагч Г.С-ийг тухайн өдөр ажилд гарахад нь ажил олгогчоос анхан болон урьдчилсан, давтан гэх мэтийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг огт өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтыг нь баталж мөрдүүлээгүй, талийгаачийг ажилд авсан тушаал нь огноогүй, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам компанид нь огт байдаггүй, орон тооны мэргэшсэн ХАБЭА-н ажилтангүй, тусгай зөвшөөрөлгүй байхдаа туслан гүйцэтгэгчийн ажил үүрэг гүйцэтгэсэн, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд явуулсан ... зэргийн улмаас миний хүүхэд нас барсан гэдэг гомдлын үндэслэл нь “К” ХХК-ийн захирал М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх 05-016 тоот НМХГ-ын шинжээчийн дүгнэлтэээр нотлогддог. /1 дүгээр хавтаст хэргийн 245 дэх тал, З дугаар хавтаст хэргийн 67/119, 244 дэх талууд, 2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал/

4. 1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь талд “К” ХХК-ийн захирал М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байдаг.

5. Өмгөөлөгч намайг шүүх хуралдааны өмнө 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой нэмэлт ажиллагаа хийсэн гэх хэргийн материалтай танилцахад талийгаачид ажил олгогч буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй субъект нь “К” ХХК биш “Х” ХХК байсан гэдэг нь тогтоогдож байсан учраас хэргийг прокурорт буцаалгаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж ажил олгогч болон иргэний хариуцагчийг зөв тогтоолгох хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

6. Талийгаачид ажил олгогч нь “Х” ХХК, тус компанийн захирал Б.Б нь ЭХТА-ийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд байсан нь дараах бичгийн баримтуудаар нотлогдоно.

“Х” ХХК нь 2 дугаар хавтаст хэргийн 131 дэх талд ... манай 3-н ажилтан осолд орсон учраас Үйлдвэрийн осол мөн гэдэг актыг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18:40 минутанд үйлдсэн.

2 дугаар хавтаст хэргийн 136, 246 дахь тал, З дугаар хавтаст хэргийн 1/66 дахь тал, Нэг талаас Ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК нөгөө талаас туслан гүйцэтгэгч “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Төмөр замын доод бүтцийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ хэлэлцээрийн С, мөн 1.2, 1.13, 1.14, 6.1, 6.13, 7.5-ийн В заалтуудаар хөдөлмөр хамгааллыг бүрэн хариуцахаар байжээ.

2 дугаар хавтаст хэргийн 140 дэх  талд Замын хөдөлгөөний удирдлагын журмын 1.3 дах заалт, 2 дугаар хавтаст хэргийн 141/162 дахь талд Төслийн талбай дээр ажиллах ажилчдын мэдээлэл гэсэн хэсэгт талийгаач М.Ш нь №55-д “Х” ХХК-ийн ажилтан байсан байна.

2 дугаар хавтаст хэргийн 171/172 дахь талд талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэж байсан багаж нь “Х” ХХК-ийн эзэмшлийнх байсан. 2 дугаар хавтаст хэргийн 239 дэх талд талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэхэд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн шатахууныг “Х” ХХК хариуцаж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь талд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Х” ХХК-иас оршуулгын зардалд 5000000 төгрөг, З дугаар хавтаст хэргийн 128 дахь талд 1000000 төгрөгийг мөн шилжүүлсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 32 дахь талд Төслийн замын хөдөлгөөний удирдлагын журмын 1.1, 1.5 дэх хэсэг, 4 дүгээр хавтаст хэргийн 40 дэх талд Гэрээт гүйцэтгэгч нарт тавигдах ЭМААБООН-н шаардлагын 1.1-ийн 2, 1.3-ийн Э, О, 1.5, 1.9, 0 заалт, 4 дүгээр хавтаст хэргийн 54 дэх талд ЭМААБО-ны үл тохирол, зөрчилд хариу арга хэмжээ авах журмын 1, 2, 3, 4 дэх заалт зэрэг.

7. Өмгөөлөгч би удаа, дараа гаргаж байсан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэндээ ажил олгогчийг зөв тодорхойлох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ажил олгогчийг яллагдагчаар татах, иргэний хариуцагчийг зөв тодорхойлох, гэм буруутай ажил олгогчоос нөхөн төлбөр гаргуулах тухай ярьж бичиж байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал, З дугаар хавтаст хэргийн 157 дахь тал, 4 хавтасны дугааргүй талд С.М-ын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэнд тодорхой тусгагдсан.

8. Ажил олгогчийг зөв тогтоосноор хохирол хор уршгийг хариуцах иргэний хариуцагч тодорхой болох байсан бөгөөд 2 дугаар хавтаст хэрэгт 211 дэх талд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 240 дугаартай захирамж байгаа. Тухайн захирамжинд ... дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа ажил олгогчийг яллагдагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн нь биелэгдээгүй байсан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хүсэлт, гомдлыг шийдвэрлэхдээ ... энэ талаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарчээ. Уг тогтоолоор : ... Шинжээчийн дүгнэлтээр “К” ХХК-ийн захирал М.Б-ыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  Шинжээчийн дүгнэлтэнд заасан холбогдох хууль, дүрэм заавар зөрчсөн зөрчлүүд нь осол гарахад нөлөөлсөн удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл бөгөөд ажил олгогчийн үйлдэл, эс үйлдэхүй нь М.Ш-ын амь насыг хохироосон гэмт хэргийн обьектив талын хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байгаа.

Түүнчлэн шүүгч шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийг танилцуулахдаа: ... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн

10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна гэж үзэж байгаа бол энэ тухай гомдолоо Цагдаагийн байгууллагад тусгайлан гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэж “Х” ХХК-ийг шалгуулах эрх нээлттэй гэсэн нь хууль зүйн ямар ч утгагүйгээс гадна тусад нь дахин шалгуулах нь үндэслэлгүй. /Шүүх хуралдааны бичлэгийг авч танилцахыг хүсч байна./

2. Иргэний нэхэмжлэлийг буруу шийдвэрлэсэн тухайд

1. 4 дүгээр хавтаст хэргийн 8 дахь талд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь өмгөөлөгчөөр дамжуулан иргэний нэхэмжлэл гаргаж нийт 68700684 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилсэн ба энэхүү хохирол нь шүүх хуралдаан дээр 460000 төгрөгөөр нэмэгдэж нийт 69160684 төгрөг болсон. /Оршуулахтай холбоотой нь-24372569 төгрөг, удаа, дараа шүүх хуралд ирсэн зардалд-1588115 төгрөг/ 1128115+460000/, 36 сарын нөхөн олговорт-43200000 төгрөг болсон ба эдгээртэй холбоотой баримтууд нь 2хх-32/126, 4хх-9/14 талд авагдсан.

Гэтэл 4хх-64 талд авагдсан яллах дүгнэлтийн хавсралтанд хохиролыг 15160334 төгрөг гэж иргэний нэхэмжлэлийн үнийн дүнг дутуу бичсэн.

2. Шүүх хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ: шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь зардал нэхэмжлэлийн талаар одоо юм ярихгүй, яагаад гэвэл би энэ хэргийг болоогүй гэж үзэж байгаа" гэсэн тайлбарыг гаргасан. Түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 24372569 төгрөгийн баримт гаргаж өгснөөс иргэний хариуцагч "Х” ХХК-аас 9000000 төгрөг, 5000000 төгрөгийг Голомт банкны М.Борын данснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М-ын данс руу шилжүүлсэн баримт байна. Мөн 3-р хавтаст хэргийн 129-р тал дээр 11000000 төгрөгийг 5 сарын 29-ний өдөр шилжүүлсэн баримтаар нийт үнийн дүнгээр 25000000 төгрөгийг "Х” компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлын төлбөрт төлж барагдуулсан гэсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт "... Эхлээд 5000000 төгрөгийг шилжүүлэхдээ оршуулгын зардал гэж шилжүүлсэн. Сүүлд нь тайлбаргүйгээр тэдэн төгрөг хийчихлээ гээд хэлдэг байсан. Оршуулгын зардлыг төлөгдсөн гэж үзэж байгаа” гэсэн тайлбараар оршуулгын зардалтай холбоотой хохиролыг бүрэн төлөгдсөн гэж үзэв гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:

Иргэний нэхэмжлэлийн нийт үнийн дүн нь мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байхад 68700684 төгрөг байсан гэдгийг өмгөөлөгч би шүүхэд тайлбарласан. С.М нь үүнээс 5000000 төгрөгийг “Х” ХХК-иас оршуулгын зардалд гэж, харин 20 000 000 /9 000 000+11 000 000/ төгрөгийг М.Б нь нөхөн олговорт нь өгч байна гэж дансаар шилжүүлсэн талаараа мөн шүүхэд тайлбарласан нь шийтгэх тогтоолын хохирол, хор уршиг гэсэн хэсэгт орхигдсон. /2 дугаар хавтаст хэргийн 236/237 дахь тал, З дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/

Тэгэхээр шүүх оршуулгын зардлыг бүрэн төлсөн гэж дүгнэсэн 25000000 төгрөгнөөс 5000000 төгрөгийг “Х” ХХК нь төлсөн ба оршуулахтай холбоотой үлдсэн 19372569 төгрөг, замын зардлын 1588115 төгрөг, нөхөн олговорын үлдэгдэл 23200000 төгрөг нийт 44160684 төгрөгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон “К” ХХК болон шүүгдэгч Г.С нь бүрэн төлөөгүй нь хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байгаа юм. /4 дүгээр хавтаст хэргийн 9/14 дэх тал, хурал дээр шатахууны зардал 460000 баримт өгсөн./

Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч намайг иргэний нэхэмжлэл гаргасан, хохирол шаардах эрх нь өмгөөлөгчид байгаа гэж ойлгоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У-ийн гаргасан амь хохирогчийн 36 сарын нөхөн төлбөр, бусад зардалд 46700684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа цуглуулж жич Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй, "Х” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-д оршуулгын зардалд 25000000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай гээд тогтоох хэсгийн 8 ба 9-д заасан нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж ажил олгогчийг зөв тогтоолгож, хуулийн этгээдийн захирлыг нь яллагдагчаар татуулах, иргэний хариуцагчийг зөв тодорхойлуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулахтай холбоотой зардлын үлдэгдэл, шүүх хуралдааны зардал, талийгаачийн 36 сарын цалингийн нөхөн олговорыг олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.С нь 2020 оны 03 дугаар сарын 06-нд Ө аймгийн Т уурхайгаас чиглэлийн төмөр замын шороон далангийн ажлыг гүйцэтгэж байгаа К ХХК-д материалын инженерээр томилогдож ажиллаж эхэлсэн бөгөөд захирал Б нь ажлын талбар луу ажилчдаа зөөдөг машин нь эвдэрсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр Зүүн баян чиглэлд ажиллаж байсан кемпийн ажилтан Шийлэгдоржийн гранд маркийн дугаартай машиныг албаны хэрэгцээнд хэрэглүүлээч гэж Ш-той утсаар ярьж улмаар Б захирал С, Т, талийгаач нарыг уг машиныг очиж авчирч ажилдаа унаж байхаар болж осол болдог тэр өдөр С унаж яваад аваар болсон билээ.

Б захирал нь С-ийг уг машиныг ажилдаа унаж байгаад цалингаас суутгал хийж төлөөд чи өөрөө авч болно гэж хэлснийг зөвшөөрсөн боловч Ш-тэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Мөн уг машиныг зөвхөн албан ажилд унаж байхаар Б захирал анх ярьсан гэж Ш мэдүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/

С нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж материалын дээж аваад явж байхдаа осол гаргасан бөгөөд унаж байсан машин нь Б захирлын өгсөн машин бөгөөд ажилд гаргахад болон анх авахад ажилд таарах эсэх талаар шалгасан зүйл байхгүй байдаг. Мөн жолоочийн үнэмлэх байхгүй залуу хүүхдэд унаа болгож өгсөн компаний буруутай ажиллагаа байхад машины төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Компаний эрх ашгийн төлөө ажиллаж байхдаа гаргасан зөрчил буруутай ажиллагаанд хариуцагч тал хохирлыг барагдуулах үүрэгтэй компани буруутай.

Иймд шийтгэх тогтоолын 7 дугаар заалтыг өөрчилж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэрлэх, мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэргийг буцаасан захирамж болон магадлалд заасан бүх ажиллагааг прокурорын зүгээс хийж, хэргийн материалыг танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэж байхад өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй холбоотой хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн. Гэтэл хүсэлт шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаагүй, дээд шатны прокурорын байгууллагад хандаагүй тул шүүхэд шилжүүлээд урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Ингээд хэргийг хэлэлцээд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Ямар ч үндэслэлгүйгээр прокурорын байгууллагыг шударга шийдвэр гаргахгүй гэж тайлбар гаргаж байна. Хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оршуулгын зардалтай холбоотой 25 сая төгрөг төлсөн байна гэхэд хохирогчийн талаас маргаагүй. 46 сая төгрөгийн нөхөн олговортой асуудалтай маргадаг. Энэ шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан. Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлан шийдвэрлэсэн. 1 дүгээр хавтас хэргийн 7 дахь талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор мөрдөгчийн саналыг шийдвэрлэсэн. Ш-ийн машин болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг. Нөгөө талаар шүүгдэгч нь талийгаач Ш, Төгөлдөр нартай хамт “Ж” ХХК-д ажилладаг байсан. Замын шороон далангийн ажлыг гүйцэтгэж явахдаа осолд орсон. Осол болохоос өмнө шүүгдэгчийн унаж явсан машин буюу Ш-ийн эзэмшлийн машиныг Б захирал нь авчруулж ажил гүйцэтгүүлсэн. Уг машин эвдрэлтэй, шаардлага хангахгүй машин байсныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гуай ч  хэлэх байх. Өөрийн биеэр үзсэн. Гэтэл анхан шатны шүүхээс унаж явсан хүнээс машин унагасан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Тиймээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, шүүгдэгчийн шууд буруутай үйлдлийн улмаас осол гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жил 3 сар 4 хоногийн ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Энэ хэрэг болсон өдрөөс хойш 680 хоног болж байна. Яагаад энэ хэргийг сунжруулаад байгааг гайхаж байна. Прокурорыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Нэг талыг барихгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа гэвэл яагаад бидний зүгээс гаргасан хүсэлтийг удаа дараа хангахгүй байна вэ? Компанийн зүгээс зааварчилгаа өгөөгүйн улмаас энэ осол гарсан. Прокурор үүнийг яагаад харгалзан үзэхгүй байна вэ. Компанийн зүгээс ямар ч хяналт тавиагүй. Хэргийг нягт шалгаж, хариуцлага хүлээлгэх этгээдийг тогтоож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Зам тээврийн осол гэхээс илүүтэй үйлдвэрийн осол болсон гэж үзэн шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан, ажил олгогчийг тогтоох, машиныг шалгахгүйгээр ажилд гаргасан ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Давхар зүйлчлэхийг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас зам тээврийн осол нь шүүгдэгчтэй холбоотой үйлдлийн улмаас гарсан. Харин ажил олгогч хэн болох нь мэдэгдэхгүй байсан тул үүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хуулийн этгээдийг хэрэгт татдаггүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамж 2 удаа гарсан. Гэтэл хэрэг мөрдөн байцаалтанд буцаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гэх боловч хангалтгүй, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй байсаар шийтгэх тогтоол гарсан. Шүүх хуралдаан дээр гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна, иймд хэргийг дахин шалгуулъя гэдгээ илэрхийлсэн. Тэр ч утгаараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй байх тул хохирол төлбөрийн асуудал яригдах боломжгүй байна гэж тайлбар гаргадаг. Энэ осол нь үйлдвэрийн осол мөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь ажил олгогчид ял завших боломжийг олгосон гэж үзэж байна.

1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь талд шинжээчийн дүгнэлт гарсны дараа мөрдөгчөөс ажил олгогч компанийг яллагдагчаар татах саналыг прокурорт гаргасан хэдий ч хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдаагүй. 

“Х” ХХК 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 40 минутад манай 3 ажилчин үйлдвэрийн осол гаргасан гэх акт авагдсан. Мөн Б ХХК болон “Х” ХХК нарын гэрээ бүтэн авагдсан. Хөдөлмөр хамгааллыг “К ХХК биш “Х” ХХК хариуцахаар тохиролцсон нь тогтоогддог. Мөн амь хохирогчийг “Х” ХХК өөрийнхөө ажилчин гэх баримт авагдсан байсан. Талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэсэн багаж, хэрэгсэл нь “Х” ХХК-ийн байдаг. Шатахууныг мөн Х ХХК олгосон байдаг.

Х ХХК оршуулгын зардалд 5 сая, нэмэлтээр 1 сая төгрөг өгсөн. Гэтэл шүүх бүх хохирлыг барагдуулсан мэтээр дүгнэсэн.

“Х” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх болон прокуророос хариу албан тоот ирүүлдэг. Энэ албан тоотод та гомдол гаргаагүй тул дахин хүсэлтийг хүлээн авах үндэслэл байхгүй гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хүсэлт тавих эрхтэй. Дээд шатны прокурорт хүсэлт гаргаад үр дүн гарахааргүй байсан. Тиймээс шүүхийн шатанд гомдол гаргасан гэтэл шүүх үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Компанийн зүгээс хэм хэмжээний акт зөрчсөн учраас ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан нас барсан. Прокурор шалтгаант холбоо байхгүй гэж тайлбарладаг. Гэхдээ ажилд гарахад нь зааварчилгаа өгөөгүй. Өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс үүнийг шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагад хандаж, “Х” ХХК-г шалгуулах эрх нээлттэй гэж шийдвэрлэдэг. Энэ ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Хууль хэрэглээний төдийгүй шүүгчийн ёс зүйгүй тайлбар хийсэн.

Иргэний нэхэмжлэлийг буруу шийдвэрлэсэн. Нийтдээ 69 160 686 төгрөгийг нэхэмжилсэн. Оршуулгын зардалд 24 372 569 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 588 115 төгрөг, 36 сарын цалин нөхөн олговорт 43 200 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл яллах дүгнэлтэд 15 160 334 төгрөгийг хохирол гэж тусгасан. Оршуулгын зардлаар бодож болно. “Х” ХХК 6 000 000  төгрөгийн оршуулгын зардалтай холбоотой зардал өгсөн. “К” ХХК-ийн зүгээс нөхөн олговор гэсэн гүйлгээний утгатайгаар 20 000 000 төгрөг өгсөн. Шүүхээс оршуулгатай холбоотой 25 000 000 төгрөг өгсөн гэж үзсэн нь буруу байна. Шийтгэх тогтоолын 8, 9 дэх заалтад заасан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ хохирогчийн талаас бүх баримтаа өгсөн. Дахиад ямар баримт бүрдүүлэх вэ?. Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Яагаад дахин чирэгдэл учруулж, дахин нэхэмжлэх ёстой вэ?. Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаачийнхаа гэр бүлээс уучлалт хүсэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Д.Амарсанаа нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналдаа: Өмнөговь аймгийн Б сум дүгээр баг Х гэх газар Т уурхайгаас чиглэлийн төмөр замын шороон далангийн баруун талаар зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр улсын дугаартай маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гарч М.Ш нас барсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэг, автомашинд үзлэг хийх, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр С.М-ыг тогтоож мэдүүлэг авах, Г.С, Н.Т, М.Н, Э.Т, А.Б, Ч.Г, Г.Г, М.Г, М.М нараас гэрчийн мэдүүлэг авах, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2286 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 43, 237, 236 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Цогтцэций техникийн төвийн шинжээчийн 180633 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 388 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын улсын хяналтын байцаагчийн 01 дугаартай дүгнэлтүүд гаргуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахад М.Б захиралтай К ХХК нь гэм буруутай нөхцөл байдал тогтоогдож байх тул К ХХК-ийн захирал М овогтой Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Х сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна” /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/ гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30.16 дугаар зүйл, 30.17 дугаар зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг нь огт гаргаагүй, мөрдөгчийн гаргасан саналыг шийдвэрлээгүй байна.

Шүүгдэгч Г.С-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу, хийсэн, ажил олгогч, иргэний хариуцагч нарыг зөв тогтоогоогүй, ажил олгогчийг яллагдагчаар татах, шүүхийн шийдвэрт гэм хорын хохирлыг буруу тооцож гаргасан гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан давж заалдах гомдлоос тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг зөв тогтоогоогүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.С-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Соёнбосүндэрт холбогдох 2029000870099 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Соёнбосүндэрт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ