Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02511

 

                                                                                                                              

 

 

 

                2024       06          04

182/ШШ2024/02511

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М О Г ХХК,

 

Хариуцагч: М ХХК /,

 

Хариуцагч: М ХХК ,

 

Хариуцагч: Э.М ХХК нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,551,266 ам доллар гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******, *******, *******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банктай 1540000820 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,500,000 ам.долларыг 1 жилд 9,5 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай хамтран зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн дансны дугаарыг 1540001129 болгон өөрчилсөн. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дууссан бөгөөд хариуцагч нар нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 10,761,962.5 ам.доллар, зээлийн хүүнд 4,965,253.43 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 101,438.81 ам.долларыг тус тус төлсөн. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс өнөөдрийн буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 4,738,037.5 ам.доллар, зээлийн хүүнд 713,144 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 100,084.5 ам.доллар, нийт 5,551,266 ам.долларын зээлийн төлбөр төлөх үүрэгтэй байгаа бөгөөд уг үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан боловч үр дүнгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалтыг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэг, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу банк нь гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэх, үүргийг гадаад валютаар гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг ам.доллараар тодорхойллоо.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 5,551,266 ам.долларыг гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханш болох 3,378.9 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөв гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нөгөө талаас хариуцагч “М ойл групп” ХХК, “Монгол ойл” ХХК, “Монпетекс” ХХК “Эм Пи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Халиунцэцэг нар /хамтад нь “талууд” гэх/ дараах нөхцөлийг харилцан тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулав.

1.1. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт шаардсан 5,551,266 /таван сая таван зуун тавин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/ ам. долларыг энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв.

1.2. Хариуцагч нар нь энэхүү гэрээний 1.1-т заасан төлбөрийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө.

Огноо

Төлөх дүн /ам.доллараар/

2024.06.14

150,000 /нэг зуун тавин мянга/

2024.06.30

300,000 /гурван зуун мянга/

2024.07.31

350,000 /гурван зуун тавин мянга/

2024.08.31

500,000 /таван зуун мянга /

2024.09.30

4,251,266 /дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/

2.1       Энэхүү гэрээ нь зохигчийн төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

2.2       Гэрээг 6 /зургаа/ эх хувь үйлдэж, талууд тус бүр 1 /нэг/ хувь, шүүхэд 1 /нэг/ хувийг хадгалуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 5,551,266 ам доллар гаргуулахаар нэхэмжилжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, *******, *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,551,266 ам долларыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 150,000 ам доллар, 2024 оны 06 дугаар сарын 30ы өдөр 300,000 ам доллар,  2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 350,000 ам доллар, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500,000 ам доллар, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,251,266 ам долларыг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тамир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Халиунцэцэг нарт эвлэрэх эрх олгогдсон болох нь итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Хариуцагч *******, *******, *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,551,266 ам долларыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 150,000 ам доллар, 2024 оны 06 дугаар сарын 30ы өдөр 300,000 ам доллар,  2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 350,000 ам доллар, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500,000 ам доллар, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,251,266 ам долларыг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 93,943,815 төгрөгийн 50 хувь болох 46,971,907.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 46,971,907.5 төгрөг, хариуцагч *******, *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,971,907.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                              О.АЗЗАЯА