Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

            Шүүгдэгч Д.Б /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2129000450046 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

С овгийн Д-ийн Б, эрэгтэй,

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00 цагийн орчимд Ө аймаг Х сум дугаар баг Ц гэх газарт байрлах сухайт хилийн боомтын ажилчдын байранд Б-тэй  үл ялих зүйлээс болж маргалдан хэвлийн зүүн доод хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2129000450046 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-г цагаатгаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч эрх бүхий албан тушаалтан прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэл гаргах эрхтэй болох, Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, битүүмжилсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Б.И нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цамц 1 /нэг/ ширхгийг хохирогч Б.И-д /РД:ШВ87040577/, цулгуй цагаан металл төмөр эвхэгддэг нийт урт 22,5 см бариулын урт нь 16,5 см хутганы  ажлын хэсгийн урт 6 см бөглөө онгойлгогч, мэт зүйлийн урт 2 см, хөрөө мэт зүйлийн урт 6 см, олон үйлдэлтэй ком багаж гэж нэрлэгдэх 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Н-т /РД:ЖЭ80060115/ буцаан олгож,  

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

 1. Шүүх улсын яллагчийн дүгнэлт нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах нотлох баримтууд болох хохирогч Б.И-ын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1162, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон гэх боловч Ц.Н, Ж.Х нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр няцаагдаж байгаа мэтээр шүүх өмнө хийсэн дүгнэлтээ үгүйсгэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцээгүй.

Мөн шүүх шийдвэртээ “...улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолбол зохих байдлын хүрээнд бүрэн дүүрэн нотолж мэтгэлцээгүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцээгүй, шүүхээс гаргасан шийдвэр нь зөвхөн улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд, түүнийг нотлогдсон, эсхүл няцаагдсан гэх зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй.

2. Хохирогч Б.И, гэрч Ж.Х, Ш.Г, Ц.Н, О.Б нарын мэдүүлгээр тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.И-ын духны зүүн хэсэгт нь 1 удаа гараар цохиж зодооныг эхлүүлсэн, мөн улмаар шүүгдэгч болон хохирогч нар нь шүүгдэгчийн амарч байсан байрны дотор болон гэрийн гадна талд, үүдний хэсэгт тус тус харилцан зодолдсон, дээр доороо орж өнхрөлдсөн зэрэг үйл баримт тогтоогддог.

Шүүгдэгч өөрөө “хоолой боогдсон үед” гартаа таарсан ундаа онгойлгогчоор цохисон гэж мэдүүлдэг боловч Ж.Х, Ц.Н нараас хууль сануулж авсан мэдүүлгүүдээр тогтоогдоогүй байхад хохирогчийг буруутгаж, шүүгдэгч Д.Б-ийг аргагүй хамгаалалтын хүрээнд, өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан гэж хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүхийн цагаатгах тогтоолд гарсан дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан зөрчил тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй/, 1.2 /Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн/, 1.3 /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн/ гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухй хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг унтаж байхад өрөөнд орж ирж дээр сууж хоолой боосны улмаас би өөрийгөө хамгаалж, түүний бөөр хавьд гэмтэл учруулсан. Прокурорын хэлж байгаагаар бид хоёр маргалдаад явсан биш. Маргаан дууссан байсан. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэл, шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. бодит үйл явдлын хөндлөнгийн гэрчүүдийн бичгээр өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирсэн Д.Б-ийн биед хийсэн шинжилгээ, тухайн шинжээчийн дүгнэлтүүд дээр мэдүүлгүүд огт зөрдөггүй. Тэгэхээр шинжлэх ухааны арга зүй, хууль зүйн арга зүй, тухайн хүмүүсийн мэдүүлж байгаа арга зүйгээр бол энэ нь аргагүй хамгаалалтын хэм хэмжээ байна гэж шүүх үзсэн. Хэрэг явдал гарах болсон шалтгаан нь энэ хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болсон байна гэж шүүгч дүгнэлт хийсэн нь зөв. Хэргийн нөхцөл байдлыг тогтоох үүргээ прокурор биелүүлээгүй. Өөрийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалах үйлдэл дээр аргагүй хамгаалалт учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нь зөв. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх нь хяналтын прокурор Д.Ган-Эрдэний бичсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Б-д холбогдох эрүүгийн 2129000450046 дугаартай хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд хохирогч Б.И, гэрч Ц.Н-ыг оролцуулсан байна. Шүүхийг хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

3. Прокуророос шүүгдэгч Д.Б-г хохирогч Б.И-тэй үл ялих зүйлээс болж маргалдан хэвлийн зүүн доод хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр  шүүхэд шилжүүлсэн байна./хэргийн 2 дугаар хавтас, 64-67 дугаар хуудас/

4. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсний дагуу яллах дүгнэлтэд тусгасан, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

а/.2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн 71 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэрч Л.Ц, Ж.Х, Ш.Г, Ц.Н, О.Б нарын мэдүүлгийн агуулгыг тусгасан байх ба шүүх хуралдаан дээр улсын яллагч нь уг мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, тэдгээрт тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож, дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас, 64-66, 140, 145 дугаар хуудас/

Л.Ц-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд мэдүүлэг авах ажиллагаа явуулсан өдрийг бичээгүй байх тул уг тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1.1-т “ажиллагааг явуулсан газар, эхэлсэн он, сар, өдөр, ...” бичих шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх тул Л.Ц-ийн мэдүүлэгт авагдсан мэдээллийг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцох боломжгүй байна.

Бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдүүллүүд байна.

б/. Ж.Х, Ш.Г, Ц.Н, О.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан мэдээллээр Ө аймгийн Х сумын боомтын гаалийн байцаагч нарын амралтын байранд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  21 цаг орчмоос шөнийн 00 цаг хүртэл орчим хугацаанд архи уусан, Д.Б болон Б.И нар нь хөзөр тоглож байх хугацаанд маргалдаж, улмаар эхлээд Д.Б-ийн байранд Б.И нь Д.Б-ийн дээр сууж толгойн тус газар нь цохиж байсан, уг үйлдлийг салгасны дараа Д.Б нь Б.И-ын байрлах байранд очин зууралдан газар хамтдаа ойчсон үйл баримт нотлогдож байх тул прокурорын эсэргүүцэлдээ бичсэн “Хохирогч Б.И, гэрч  Ж.Х, Ш.Г, Ц.Н, О.Б нарын мэдүүлгээр тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн улмаар шүүгдэгч болон хохирогч нар нь шүүгдэгчийн амарч байсан байрны дотор болон гэрийн гадна талд, үүдний хэсэгт тус тус харилцан зодолдсон, дээр доороо орж өнхрөлдсөн зэрэг үйл баримт тогтоогддог” гэсэн  үйл баримтын талаарх үндэслэлийг үгүйсгэхгүй. /хэргийн 1 дүгээр хавтас, 100,105, 126, 145, дугаар хуудас, 2 дугаар хавтасны 145 дугаар хуудас/

Харин прокурор нь мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад “Д.Б-г Б.И-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтыг нотлон тогтоохдоо шүүгдэгч Д.Б-ийн эсхүл хохирогч Б.И-ын  хэнийх нь амьдарч байсан байранд болсон эсэхийг тодорхойлж заагаагүй байх тул гэмт хэрэг гарсан байдлыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

в/. Д.Б-ийн үйлдлээс хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь “хэвлийд шарх, баруун зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1524 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 177,196 дугаар хуудас/

Хохирогч Б.И-ын биед гэмтэл учруулсан үзүүртэй зүйл гэх зүйл нь бөглөө онгойлогч, аптерк зэрэг олон үйлдлээр ашиглаж болох багажуудтай эд зүйл бөгөөд уг эд зүйлийг мөн цаг хугацаанд тэдгээр гэрч нар хараагүй, түүнийг мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаа явуулж Б.И-ын байрлаж байсан байрнаас хураан авч тогтоол үйлдсэн, Ж.Х болон Б.И нар нэг байранд амьдардаг ба тэднийд уг эд зүйл байгаагүй нь мөрдөгч, прокуророос гаргасан шийдвэрүүд болон гэрч Ц.Н, Ж.Хаш нарын мэдүүлэгт авагдсан мэдээллээр давхар нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 10, 56, 57, 152 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 144 дүгээр хуудас/

г/. Шүүгдэгч Д.Б-ийн хохирогч Б.И-ын биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг Б.И-ын хууль бус үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах зорилгоор ундаа онгойлогчоор зүүн бөөр хэсэгт цохисноос түүний биед гэмтэл учирсан агуулгаар мэдүүлсэн мэдүүлгийг прокурор яллах үндэслэл болгосон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 206 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 64-66 дугаар хуудас/

Хохирогч Б.И нь шүүгдэгч Д.Б-ийн эрх чөлөөнд халдсан тухайн цаг хугацаанд гаднаас гэрч Ж.Х, Ц.Н нар орж ирсэн, Өөр хүн байгаагүй,  Б.И нь шүүгдэгч Д.Б-ийн эрх чөлөөнд халдсан үйлдлийн дараа Д.Б нь Б.И-ын байранд орж ирж тэдний хооронд маргаан үргэлжилсэн боловч Д.Б нь Б.И-ын биед халдсан үйлдэл хийгээгүй  зэрэг үйл баримтууд нь:

гэрч Ж.Х-ийн “...Б, И нар юунаас болсон юм бэ маргалдсан байсан. Тэгээд за заа одоо больцгооё гээд ... тарцгаасан. Гэртээ очоод байж байсан чинь И-ын утас дуугарч Б хүрээд ир уулзъя гээд...И гараад явахаар... араас нь орсон чинь хоорондоо зууралдсан байдалтай орон дээр Б-ийн дээр нь И суучихсан 2 гарыг нь дарчихсан байсан..., Б-ийн гэрийн гадаа үүдний хэсэгт нь зууралдсан, Б нь И руу хоёр гараа саваад дайраад байсан тэр үед салгасан ...” /хэргийн 1 дүгээр хавтасны 150-151 дүгээр хуудас/,

гэрч Ц.Н-ын “...Би И-г юунаас болж маргалдсан юм бэ гэсэн чинь ална хядна гээд орилоод байсан...одоо тайвшираа та одоо яах гэж ингэж байдын гэж хэлсэн ... нэг харсан гутлаа өмсөөд гараад явсан. Тэгэхээр нь араас нь Х бид 2 гүйсэн чинь Б-ийн гэр лүү гүйгээд орсон, тэгээд араас нь гүйж гэр лүү орсон чинь И Б-ийн дээр нь мордоод суучихсан толгой руу нь гараараа цохиод байсан. Б нь хоёр гараараа хамгаалсан байдалтай байсан ... И-г гэрт оруулаад байсан чинь Б гаднаас И-ын гэрт нь ирээд бие биенээ зодсон зүйл байхгүй, 2 талаасаа орилолдоод зууралдаад шалан дээр унасан,  өөр юм болоогүй салгаад Б-ийг оруулж өгсөн...” /хэргийн 1 дүгээр хавтас, 141,142 дугаар хуудас/ гэх мэдүүлэгт авагдсан мэдээллүүдээр тогтоогдож байна.

Б.И нь уг үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн болох нь улсын яллагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлт, шийтгэлийн хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас, 02, 145 дугаар хуудас/

Иймд Д.Б-ийн халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг Б.И халдаж, довтолсон хууль бус үйлдэл бодиттой хийгдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааж, харин аргагүй хамгаалалт нь учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээтэй тохирсон байх гэх зэрэг ямар нэгэн шинжийг агуулсан байх шаардлагыг хуульчлаагүй байна.  

Иймд Д.Б-ийн хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг өөрийн амь, нас эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон бодитой тулгарсан үед хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийг хэргийн бодит байдлыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

д/. Прокурорын эсэргүүцэлдээ бичсэн “шүүгдэгч Д.Б нь ... зодооныг эхлүүлсэн байна” гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

е/. Прокурор эсэргүүцэлдээ “Шүүгдэгч өөрөө “хоолой боогдсон үед” гартаа таарсан ундаа онгойлгогчоор цохисон гэж мэдүүлдэг боловч  Ж.Х, Ц.Н нараас хууль сануулж авсан мэдүүлгүүдээр тогтоогдоогүй” гэсэн боловч шүүгдэгч нь  2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хоолой боогдсон” талаар мэдүүлсний дагуу түүний биед мөрдөгч нь хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийсэн тэмдэглэлд “... хүзүүний түнкний хэсэгт улайсан байх бөгөөд биед өөр ил харагдах шарх сорвигүй шинэ гэмтэл шархгүй байв” гэж тусгагдсан байна. /хэргийн 82-87 дугаар хуудас/

Мөн тэмдэглэлд үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэсэн боловч уг тэмдэглэлд гэрэл зураг хавсаргагдаагүй байна. Харин хэргийн 2 дугаар хавтасны 59, 60 дугаар хуудсанд хоолойн хэсэгт ил харагдах сорвитой хүний гэрэл зураг байна. Уг зурагт байгаа хүн хэн болох, зургийг хэзээ, хэн, ямар зорилгоор бэхжүүлсэн нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй боловч Прокурор дээрх үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан “Б-ийн биед байгаа шинж тэмдгийн талаар” тодруулж шалгаагүй байна.

5. Прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй бүрэн тогтоож шүүхийн өмнө хэргийн бодит байдлыг нотлох үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                      Ц.ОТГОНЦЭЦЭГ