Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/53

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогч: Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.О,

Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Л-д холбогдох эрүүгийн 1727000110012 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С.Л

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Л нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ:

Би 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2 залуутай хамт айлд пиво хувааж уусан. Орой манай эхнэр хүүхэд над дээр ирээд бид нар гэрлүүгээ явсан. Эхнэр бид хоёр гэрийн гадаа ирээд гэрийн түлхүүрнээс болоод маргалдсан. Эхнэрээ зодсоноо сайн мэдэхгүй байгаа. Би нээх архи уугаад байдаггүй. Тэр өдөр л жаахан архи уусан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.А мэдүүлэхдээ:

Манай нөхөр намайг өдөр цайны цагаар гэртээ ирэхэд халамцуу байсан. Тэгээд буцаад гараад явсан байсан. Орой 8 цагийн үед би 2 хүүхэдтэйгээ араас нь очиж олж ирсэн. Бид хоёр гэрийн гадаа ирээд гэрийнхээ түлхүүрнээс болж маргалдсан. Гадаа байхдаа намайг нэг удаа бөөр лүү өшиглөсөн. Тэгээд миний бөөр өвдөөд байхаар нь гэртээ орж ирээд хэвтэж байтал С.Л араас орж ирээд намайг дээрээс дэвссэн. Миний бие шөнө өвдөөд байхаар нь С.Л-ыг эмнэлэг дуудаад гэж хэлтэл түргэний эмч дуудсан. Би эмч ирэхээр нь үзүүлээгүй явуулсан. Маргааш өглөө гайгүй болчих байх гэж бодсон боловч зүгээр болохгүй байсан. Аав ээж хоёр маргааш өглөө нь манайд ирээд бид хоёрын энэ байдлыг мэдээд эмнэлэг дуудад үзүүлтэл дотуур цус алдсан яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон. Хагалгаанд орсоноос хойш намайг 2, 3 жилдээ хүнд юм өргөж болохгүй гэсэн. Манай хүн одоо бүх зүйлийг ганцаараа хийж байгаа. Бид хоёр 2 жаахан хүүхэдтэй. Би хүний оронд ажиллаж байгаад ажлаа өгсөн. Манай нөхөр архи нээх уугаад байдаггүй. Анх удаа намайг цохиж зодсон. Тухайн өдөр өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан учраас ийм зүйл болсон. Би нөхрөө шоронд явуулмааргүй байна. Би энэ хүнийг байхгүй бол хоёр жаахан хүүхэдтэй хэцүү байна гэв.

Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний охиныг С.Л- 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө зодсон гэж хэлсэн. Би өргөдөл бичихдээ андуурч 06 дугаар сарын 29-ний өдөр зодсон гэж бичсэн байна. Хөдөөнөөс би эхнэрийнхээ хамт сумын төв орж ирж охиныг зодуулсан байхаар нь эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/

Гэрч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Ж-ын хамт сумын төвд ирсэн. Тэр үед манай охиныг нөхөр нь болох Л зодсон байсан. Тэгэхээр нь манай нөхөр цагдаа болон эмнэлэгт хандсан. Тэндээс шууд Өвөрхангай аймаг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №263 тоот актын:

1.Ж.А-ын биед хэвлийн хэсгийн мэс заслын хагалгааны сорви, дэлүүний урагдал, эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдож байна.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

Хохирогч Ж.А-ын өвчтний түүх /хх-ийн 7-49 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Е сумын Сум дундын эмнэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 06 дугаартай С.Л-ын талаарх тодорхойлолт /хх-ийн хуудас/

Өвөрхангай аймгийн Е сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч С.Л-ын оршин суугаа газар болон зан байдлын талаарх тодорхойлолт /хх-ийн хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.Л нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Е суманд хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ж.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №263 тоот актын “...Ж.А-ын биед хэвлийн хэсгийн мэс заслын хагалгааны сорви, дэлүүний урагдал, эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдож байна.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар  хуудас/, гэрч С.Ж-ын мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/, гэрч Ц.П-ын мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Л-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Л нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч Ж.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг тул С.Л-ыг хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч С.Л нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Л-ын эзэмшлийн 3 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт 1 ширхэг, мөнгөн тоногтой хуучин цагийн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой хуучин цагийн хэт хутга 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Л-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л-ыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Л-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. С.Л нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.Л-ын эзэмшлийн 3 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт 1 ширхэг, мөнгөн тоногтой хуучин цагийн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой хуучин цагийн хэт хутга 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар С.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                              Б.САРАНТУЯА