| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04887/и |
| Дугаар | 182/ШШ2024/02207 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/02207
| 2024 05 17 | 182/ШШ2024/02207 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Х,
Гэрч Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие *******тэй 2021.10.27-ны өдөр 4506 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3280УНЕ улсын дугаартай FAW маркийн автомашины зүтгүүрийг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу би 40,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөгөөр 2 удаа хуваан Батсүрэнгийн хаан банкны 5075859844 тоот дансанд өөрийн хүү Хандсүрэнгийн Баттулгын данснаас шилжүүлж гүйлгээ хийсэн. Үлдсэн мөнгийг машинаа нэг удаа ачаанд явсны дараа өгнө гэж тохиролцсон байсан. Би *******ийн автомашиныг урьдчилан харалгүй зөвхөн зургийг нь хараад авахаар тохирсон байсан. Гэтэл машин нь засвартай, биет байдлын доголдолтой болж таарсан тул хоорондоо тохиролцоод хэн аль нь гэрээнээс татгалзаж, би 40,000,000 төгрөгөө буцаан авахаар болсон. Энэ тухай 2022.11.25-ны өдөр тохиролцож, *******ээс надад баталгаа бичиж өгсөн бөгөөд үүнийг нийслэлийн тойргийн нотариатч Д.Гангэрэл 2022.11.25-ны тус өдөр үйлдлийг гэрчилсэн байгаа. Баталгаа бичгийн дагуу ******* нь 2022.12.31-ний дотор 10,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг сар бүр 3,000,000 төгрөгөөр сар бүрийн 25-ны дотор төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.
1.2. ******* нь машинаа хүлээлгэж өгөхгүй утсаа авахгүй алга болсон. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж, оршин суугаа хаягийг нь тодорхойлсон. Би зөвхөн машины зургийг хараад *******тэй Улаанбаатар хотод гэрээ хийсэн. ******* машин Замын-Үүдэд байгаа, хил нээгдэхээр машиныг чинь аваад ирнэ гээд машиныг өгөөгүй. Тэгсэн машиныг Хас банканд барьцаалаад зээл авсан байсан. Чинбилэг Амаржаргал нарын хооронд байгуулсан гэрээ ямар учиртай гэхээр *******ээс мөнгөө нэхэхэд нэг машин өгье гэсэн юм. Тэгээд би дүү О.Амаржаргалыг очоод гэрээ хийгээд авчих гэсэн юм. Амаржаргал үзээд муу машин байна гэсэн. Би юм өгч л байвал авая гэж бодсон. Энэ гэрээг 2,500,000 төгрөгөөр хийсэн. Хариуцагчийн хэлснээр 8,000,000 төгрөгөөр хийгээгүй.
1.3. Би одоо *******ээс 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Би 40,000,000 төгрөгийг хүмүүсээс зээлж аваад *******д өгсөн. *******ээс болж маш их хохирч байна. Сэтгэл санааны хохирол ч учирлаа. Иймээс 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******тэй Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн 32-80 УНЕ улсын дугаартай FAW Маркийн ачааны автомашинаа түүнд 60.000.000 төгрөгөөр худалдсан билээ. Тухайн үед гэрээг байгуулагдмагц 40.000.000 төгрөгийн төлбөрийг худалдан авагч нь надад төлсөн ба харин үлдэх 20.000.000 төгрөгийн төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулахаар гэрээг байгуулж байсан. Харин автомашины гэрчилгээг буюу эзэмших эрхийг 3 сарын дотор мөнгөө өгч дууссанаар худалдан авагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр бид тохиролцсон. Ингээд худалдан авагч нь автомашинаа өөрийн эзэмшилд шилжүүлэн явсан. Гэтэл худалдан авагч ******* нь удалгүй “хил нээгдэхгүй байна, би тээвэрт явж чадахгүй байна тиймээс надад одоо машин хэрэггүй гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авна” гэх болсон ба энэ асуудлаар 2022 онд цагдаагийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргаж байсныг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэхээс татгалзаж байсан. Үүний дараа буюу 2022 оны 10 дугаар сард бид харилцан тохиролцож гэрээг цуцалж худалдан авагчийн 40.000.000 төгрөгийг сард 3.000.000 төгрөгөөр цувуулан буцааж төлөхөөр тохиролцсон ба төлбөрт тооцож 2023 оны 02 дугаар сард өөрийн өмчлөлийн Кровн маркийн улсын дугаарыг 8.000.000 төгрөгт тооцон *******гийн хүсэлтээр түүний хүүхдийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь 8.000.000 төгрөгийг төлбөрийг буцаан авсан атлаа 40.000.000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул дээрх төлбөрийг хасч үлдэх 32.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/
3.2. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/
3.3. 2022.11.25-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх баримт /хх 4/
3.4. 2021.10.27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 5/
3.5. 3280 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 6/
3.6. Х.Баттулгын Хаан банкны дансны хуулга /хх 7-8/
3.7. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 9/
3.8. Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 10/
3.9. 2023.01.30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 32-33/.
4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар /хх 26/ ирүүлсэн байна.
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд *******гээс гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.
Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11:40 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр товлож, зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс дахин шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулж, талуудад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны товыг харьяа шуудангаар хүргүүлэхэд эхнэр Номин-Эрдэнэ нь гардан авсан байх бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Нэгэнт хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийв.
3. Нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 3280 улсын дугаартай, зүтгүүрийн зориулалттай, FAW маркийн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021.10.27-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. /хх 5-6/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан 2021.10.27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч ******* нь 3280 УНЕ улсын дугаартай FAW маркийн автомашины зүтгүүрийг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт болгон 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасны дагуу 40,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Х.Баттулгын Хаан банкны 5020947803 тоот дансны хуулга, гэрт ******* мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх 7-8/
Хариуцагч нь дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
4. Гэвч талуудын шүүхэд гаргасан тайлбар, 2022.11.25-ны өдөр *******ээс гаргасан Баталгаа гаргах нь гэх баримтаар нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцож гэрээг цуцалсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 40,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгт тооцон 1975 УБЧ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашин авсан, хариуцагч *******ээс болж их хохирол амссан учир 40,000,000 төгрөгийг бүхэлд нь шаардаж байна гэж тайлбарласан.
Хариуцагчаас гэрээг харилцан цуцалсан үйл баримтад маргаагүй бөгөөд харин 2023 оны 02 дугаар сард өөрийн өмчлөлийн Тоёота Кроун маркийн автомашиныг 8,000,000 төгрөгт тооцон *******гийн хүсэлтээр түүний хүүхдийн нэр дээр шилжүүлж өгсөн гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна. /хх 26/
5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тодруулбал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.
Иймээс уг үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 40,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй.
Гэвч шүүхээс талуудын тайлбар, 2023.01.30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 37,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “*******ээс мөнгөө нэхэхэд нэг машин өгье гэсэн юм. Тэгээд би дүү О.Амаржаргалыг очоод гэрээ хийгээд авчих гээд 2023.01.30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2,500,000 төгрөгөөр хийсэн. Хариуцагчийн хэлснээр 8,000,000 төгрөгөөр хийгээгүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэхүү тайлбар нь тус гэрээгээр нотлогдож байна. /хх 32-33/
Хэдийгээр хариуцагч нь 8,000,000 төгрөгт тооцсон гэх тайлбарыг гаргасан ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй гэсэн заалтын дагуу хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 37,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА