Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 243

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Баярхүү,

Хохирогч Б.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ийн Э-д холбогдох эрүүгийн 201726030665 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д.Э нь:

 

- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ,,, дугаар хороонд байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Зыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ажлаасаа оройтож ирдэг” гэх шалтгаанаар, 2017 оны 04 дүгээр сард “чамайг харахаас уур хүрч байна" гэх шалтгаанаар, “янхан банзал” гэх мэт үгээр доромжлон байнга агсам тавьж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 20-ноос 21 -нд шилжих шөнө мөн “оройтож ирлээ, утсаа салгаж явлаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салстад цус хурсан, баруун хацрын төвгөр, эрүү, баруун чих, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж амгалан амьдрах нөхцлийг алдагдуулж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.З мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад Д.Э гаднаас согтуу орж ирээд “чи утсаа салгаад хаагуур яваад ирсэн бэ” гэж хэлээд хөнжил хуу татаж үснээс зулгааж, татаад пийшин мөргүүлж, нүүрэн тус газар гараараа цохиж, газар унангуут нуруун тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл манай охин босож ирээд аавыгаа татсан ба охинтойгоо зууралдаж байх зуур нь  би гэрээсээ гараад зугтаачихсан юм. Гэрээсээ гарч зугтаагаад хашаандаа нуугдаад сууж байтал охин гэрээс гарч ирээд “аав таныг өнөөдөр ална гээд байна, хоёулаа цагдаа дуудъя” гээд гар утас авчирч өгсөн. Тэгээд охиноосоо гар утсаа аваад цагдаагийн газар руу залгаж дуудлага өгсөн. ...Миний хоёр нүд хөхөрч хавдсан, нүүр тэр чигтээ хөхөрч хавдсан, ууц нуруугаар хөндүүрлэж, хөхөрч няцарсан, толгой тархи доргисон. Зүүн гуя хөхөрч хавдсан. Манай нөхөр Д.Э гар хөлөөрөө цохиж өшиглөж гэмтэл учруулсан, ямар нэгэн эд зүйл ашиглаагүй. Би хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар нь мэдэхгүй байна.

...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ажиллаж байгаад нилээн орой гэртээ харьсан. Гэртээ харих үед нөхөр Д.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан. Тэгээд намайг гэртээ яваад ортол “оройтож ирлээ, хаагуур яваад ирсэн муу янхан, гичий вэ” гэж хэлсэн. Тэгээд намайг зодох гэж дайраад байхаар нь манай том хүү барьж аваад аавыгаа хориглосон. Би гэрээсээ гараад дүү М-ийн гэрт орж сууж байгаад унтахаар нь гэртээ орж амарсан.

...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг П-ын төрсөн өдрийг тэмдэглэж байгаад гэртээ оройтож орсон юм. Тэгтэл нөхөр Д.Э архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн гэртээ байсан. Тэгээд намайг орох үед дахиад л “чи оройтож ирлээ” гээд мөн адил “хаагуур банзалдаж, янхандаж явж байгаад ирж байгаа юм” гээд агсам согтуу тавьсан. Тэгээд агсамнаад дайраад байхаар нь зугтаагаад гарчихсан. Тэгээд шөнө 01 цагийн үед унтахаар нь гэртээ орсон.

...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад гэртээ ортол нөхөр ажпаасаа ирээгүй байсан. Тэгээд хоол ундаа хийгээд сууж байтал Д.Э орж ирээд “чи сүүлийн үед дандаа оройтож ирж байгаа шүү” гээд агсамнаад байсан. Тэгээд хүү Э.М хоол хийж өгөхөд өөдөөс нь цацаж орилж босож ирээд тааралдсан юм аа авч шидээд хашгирч урьдын адил зодож цохих гээд байхаар нь бага хүү Э.Э-г авч гараад хажуу айл Э-ийн гэрт орж хоносон. Тэгээд 7 хоног өдөр болгон архи уусан ба би гэртээ орж чадахгүй дүү М-ийн гэрт 3 хоносон, эгч М-ийн гэрт нэг хоносон юм. Тэгээд архи уухаа болихоор нь гэртээ орсон. Энэ тухай дүү Д-д хэлсэн боловч тоогоогүй.

...2017 оны 04 дүгээр сарын эхээр амарч байхад орой 21 цагийн үед согтуу орж ирээд “чамайг харахаас уур хүрч байна, муу янхан” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь урьдын адил гарч зугтаагаад байшингийн ард хэсэг сууж байгаад унтахаар нь гэртээ орсон...” гэжээ. / хх 15-18 /,

Гэрч Э.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Аав маань эрүүлдээ дөлгөөн тайван зантай, хааяа нэг архи уучихдаг, архи уухаараа агсам зантай болчихдог. Б үйлдвэрт ,,,, ажилтай. Архи уусан үедээ эмэгтэй дүү М рүү жижиг шалтгаанаар, жишээ нь үсээ самнаж байхад нь “чи яагаад үсээ самнаад байгаа юм, үсээ тайрууллаа” гэх мэтээр уурладаг. Ээжид маань гар хүрчихээд байдаг юмаа. Архи уусан үедээ ээж рүү дайрах үед нь би ээжийгээ хамгаалж ээж маань гарч зугтаах тохиолдол гардаг. Ээж маань ,,, дүгээр цэцэрлэгт ,,, ажилтай бөгөөд хааяа оройтож ирэхээр, баяр ёслолын үеэр ажлынхантайгаа гарч орохоор “чи гэртээ оройтож ирлээ, архи уулаа” гэх шалтгаанаар ээжид маань гар хүрч гэмтэл учруулдаг юм. Ээжийг цохихдоо гараараа л цохидог байсан. Гарт эд зүйлс тааралдвал шууд аваад шидчихдэг, согтуу ирэхээр нь дүү маань хутга болон иртэй зүйлсийг аавын нүднээс нуудаг юмаа. Ээж маань эмчилгээ хийлгэж байгаагүй, ноцтой гэмтэл учруулж байгаагүй бөгөөд гэрээр хувиараа эм тариа хэрэглээд эдгээчихдэг...” гэжээ. / хх 20-22 /,

Гэрч Б.О мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Д.Э ах хаа нэг архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдаг. Архи уучихлаараа эхнэр, хүүхдэдээ агсам тавиад байдаг. Агсам тавихаар нь хүүхдүүд нь гүйж орж ирээд манай нөхрийг дууддаг. Манай нөхөр гэрт нь ороод заримдаа “Д.Э ахыг унтуулчихлаа, Д.Э ах гараад явчихлаа” гэсээр орж ирдэг. Байнга архи ууж агсам согтуу тавьж гэр бүл дарамталдаг зүйл байхгүй. Б.З эгчийг архи уудаг талаар сайн мэдэхгүй байна. Яахав баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэж амсдаг л байх. Б.З эгч орж ирээд “шөнө Д.Э ах чинь агсам согтуу тавиад шөнө унтуулсангүй” гэж ярьдаг. Тэгээд манай ах, эгч нарт хэлээд хэрэггүй гэхээр нь би нээх юм яриад байдаггүй. 2016 онд хэр их агсам согтуу тавьсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 он гарсаар хоёр удаа манай нөхрийг дуудсан. Хүүхдүүд нь орж ирээд “аав агсам тавиад байна” гэж хэлсэн. Д.Э ах уучихлаараа л дарамттай юм шиг санагддаг. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очтол Б.Зын ах З над руу залгаад “өчигдөр орой Д.Э З-г зодсон гэж байна. Чи орж шалгаад над руу хэлээдэх, нүүр ам нь хавдаж хөхөрсөн гээд байна” гэхээр нь Д.Э ахын гэрт яваад ортол Б.З эгч “босож чадахгүй байна” гээд орондоо хэвтэж байсан. Тухайн үед 2 бага нь байсан, том банди нь дадлагатай гээд ,,, аймаг руу явчихсан байсан. Тэгээд Б.З эгчээс юу болсон талаар тодруулж асуухад “өчигдөр шөнө гэртээ унтаж байтал Д.Э ах чинь согтуу орж ирээд нүүрэн дээр өвдөглөөд ийм болгочихлоо ” гэж хэлсэн. Б.З эгчийн нүүр ам нь битүү хавдартай хүн харахад маш эвгүй харагдаж байсан. 2017 он гарсанаас хойш миний мэдэж байгаагаар ямар ч байсан 2 удаа гэртээ агсам тавьж, манай нөхөр дуудагдсан. Сүүлд нь болсон асуудалтай нийлээд 3 дахь удаагаа болж байна...” гэжээ. / хх 23-24 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6890 дугаартай  шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Зын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салстад цус хурсан, баруун хацрын төвгөр, эрүү, баруун чих, баруун тавхайн зөөлөн эдийн

няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх 26 /,

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ:

1. Хохирогчид аюул учрах эрсдэлийн түвшин өндөр,

2. Хохирогчийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Холбогдох хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай.

3. Хохирогчийг хүүхдүүдийн хамт шаардлагатай хамгаалалтын байранд, ах дүүсийн гэрт байлгаж, хүчирхийлэл үйлдэгчийг хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох шаардлагатай...” гэжээ. / хх 41-48 /,

Шүүгдэгч Д.Э-г 2017.06.08-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 34-35/, 2017.06.28-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40,72 /,

Шүүгдэгч Д.Э-н урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 49/, / иргэний үнэмлэхний лавлагаа / хх 30/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.  

Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй. Тухайн үедээ дарамтдаа байсан. Гэр бүлийн орчин хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэдгийг ойлгосон. Бид хоёр цаашдаа хэн хэн нь хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгож ярилцсан. Би туслах багш хийж байгаад эчнээгээр сурч бүлгийн багш хийж байгаа тул ажил үүргийн хувьд хариуцлагатай болсон. Хааяа үсний найр, төрсөн өдөрт очих зэргээс болж ийм асуудал болдог. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэв.  

Шүүгдэгч Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ,,, дугаар хороо, ,,,, тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Зыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ажлаасаа оройтож ирдэг” гэх шалтгаанаар, 2017 оны 04 дүгээр сард “чамайг харахаас уур хүрч байна" гэх шалтгаанаар, “янхан банзал” гэх мэт үгээр доромжлон байнга агсам тавьж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 20-ноос 21 -нд шилжих шөнө мөн “оройтож ирлээ, утсаа салгаж явлаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салстад цус хурсан, баруун хацрын төвгөр, эрүү, баруун чих, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, амгалан амьдрах нөхцлийг алдагдуулж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Эыг догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ..." гэж заасныг журамлан 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан  баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э-т шүүхээс оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

 

 

                                                                                                                          ТОГТООХ нь:

          1. Ш овогт Д.Э-г догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

          3.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

          4. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хуульчлагдаагүй байх тул шүүгдэгч Д.Эт шүүхээс оногдуулсан 2 / хоёр /сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

          5. Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД