Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 143/ШШ2024/00148

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр Дугаар 143/ШШ2024/00148*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О, хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав, иргэдийн төлөөлөгч Ш., нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь 2019 оны 01 сард 2153 УНҮ улсын дугаартай Honda Airwave маркын тээврийн хэрэгслийг бэр П. 13 000 000 төгрөгөөр үнэлж, өөрийн банк бусын зээлтэй Toyota Fielder маркын тээврийн хэрэгслээр сольж авсан.

Тухайн машиныг С. нь өөрөө ашиглахаас илүү охин Одонгоо, түүний хамтран амьдрагч Э.Э нар нь унаж ашигладаг байсан. Машины засвар үйлчилгээ, үзлэг оношилгоо, татвар хураамж, шатахууны зардлыг нь С. төлдөг ч өөрөө ашиглахгүй байсан учир 2020 оны сүүлээр охин Одонгоодоо унаж ашигла, засвар үйлчилгээ, татвар хураамж, шатахуунаа өөрөө хийгээрэй гэж хэлээд өгсөн.

Гэтэл 2023 оны 01 дүгээр сард охины хамтран амьдарч байсан Э.Э нь тухайн тээврийн хэрэгслийг хөдөө унаж яваад машиныг онхолдуулан ашиглах боломжгүй болгон эвдэлсэн. Тэгээд өөрийнхөө Дундсайханы 01-44 тоотод байх хашаандаа чирч аваачаад доторх эд ангиудыг нь аавынхаа машинд сэлбэг болгон ашиглаж тавьсан байдаг.

С. өөрийн охин Одонгоог машиныг нь унаж ашиглаж бай гэж хэлж өгсөн, хүргэндээ өгөөгүй учир машиныг эвдэлсэн, эд ангиудыг нь авсан, ашиглах боломжгүй болгосон учир машины үнийг төлөхийг Э.Эаас шаардсан боловч боломж байхгүй байна гэх шалтгаанаар төлөхгүй өдийг хүрсэн. Э.Эын зүгээс машины үнэ гэж нийт 2 250 000 төгрөг төлсөн байдаг.

Иймд машиныг П. авсан үнээр буюу 13 000 000 төгрөгөөр үнэлж, үүнээс Э.Эын төлсөн 2 250 000 төгрөгийг хасаад 10 750 000 төгрөгийг Э.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь маргаан бүхий 2153 УНҮ улсын дугаартай Honda Airwave маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 01 сард Алдармаа гэх хүнээс 13 000 000 төгрөгөөр үнэлж, өөрийн банк бусын зээлтэй Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр сольж авсан. Нэхэмжлэгчийн хувьд охин Одонгоогийн хамтаар гэрийнхээ гадаа жижиг ахуйн хэрэглээний дэлгүүр ажиллуулж амьдардаг. 2020 онд охин Одонгоо нь Э.Э гэх хүнтэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш С.ын хувьд автомашиныг унаад явах газаргүй, онцын шаардлагагүй учраас охин Одонгоодоо та 2 унаж хэрэглэж бай, яваандаа та 2 цалин орлоготой хүмүүс юм чинь ээжийнхээ барааг татах үедээ бага багаар мөнгө нэмэрлэж байгаарай гэж хэлээд охиндоо өгсөн байдаг. Түүнээс хойш Э.Э 2023 онд тухайн автомашиныг унаж хөдөө явж байгаад онхолдуулсан байдаг. Охинтой нь хоёулаа хамт явж байсан. Тухайн үед хариуцагч ээждээ битгий хэлээрэй, намайг унаж явсан гэж битгий хэлээрэй, намайг онхолдуулсан гэх юм бол ээж чинь загнаад, хэл ам хийнэ. Тийм учраас чи унаж явж байгаад онхолдуулсан гэж хэлээрэй гэж Одонгоог ятгаад хэлүүлсэн байдаг. Сүүлд Э.Э Одонгоо хоёр тусдаа амьдрах болсноос хойш охин нь ээждээ үнэн байдлаа хэлсэн байдаг. Тэгээд энэ автомашин нь тэдний ганц эд хөрөнгө учир хэдийгээр манай охиноос салсан ч гэсэн бид нарыг ингэж хохироож болохгүй. Машиныхаа мөнгийг авмаар байна гэж Э.Эад хандсан боловч Э.Э мөнгө төгрөгийн боломж байхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл автомашины мөнгийг төлж барагдуулаагүй.

Худалдах худалдан авах гэрээний үүрэг нэхэмжлэх байсан бол охин Одонгоогоос нэхэмжлэх байсан. Гэтэл энэ машиныг Э унаж яваад ашиглах боломжгүй осолдуулсан учраас Эаас хохирол төлбөр нэхэмжлээд байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг анх 13 000 000 төгрөгөөр авч байсан боловч Э.Эаар машинаа эвдлүүлчихээд хоосон үлдсэн. Тиймээс нэхэмжлэгч 13 000 000 төгрөгөөр машинаа үнэлж, 13 000 000 төгрөг нэхэмжилж Э.Эын өмнө төлсөн 2 250 000 төгрөгийг өгсөн байдаг. Иймд 13 000 000 төгрөгөөс Э.Эын төлсөн 2 250 000 төгрөгийг хасаж, 10 750 000 төгрөгийг Э.Эаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч С.ын хувьд машиныг 13 000 000 төгрөгөөр Алдармаа гэх хүнээс худалдаж авсан гэдгийг гэрч Алдармаагийн мэдүүлгээр нотолдог. Машиныг Э.Э нь унаж яваад онхолдуулж, ашиглах боломжгүй болгосон гэдгийг хариуцагч өөрөө тайлбараараа хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал машиныг 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг нотолж чадахгүй байна. Гэрчийн мэдүүлэг зөрөөтэй. Шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлэг албан ёсны нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн хүрээнд хариуцагч 4 500 000 төгрөгийг төлсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би нэхэмжлэгчийн охин Одонгоо гэгчтэй гэр бүл болж хоёр жил шахам хугацаанд хамт амьдарсан бөгөөд нэхэмжлэгчийн хүргэн байхдаа буюу 2021 оны 08 дугаар сард хадам ээж болох оос 2153УНҮ улсын дугаартай маргаан бүхий тээврийн хэрэгслийг 4 500 000 төгрөгөөр худалдан авч төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч уг машиныг банкны барьцаанд байгаа учраас шилжүүлж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Би машины үнийг 2021 оны 08 дугаар сард төлж барагдуулсан. Урьдчилгаа сая төгрөгийг ажил хийж байсан газрынхаа даргын утаснаас хадам ээж ын данс руу шилжүүлж байсан. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд орж ирсэн бөгөөд дөрөв таван жил уначихсан машин байсан. Би түүнийг нь 13 000 000 төгрөг гэсэн бол хэзээ ч худалдаж авахгүй байсан. Нэгэнт үнийг нь төлөөд худалдаж авсан машинаа би унагааж, онхолдуулсан байсан ч үр дагаврыг нь би хариуцах учраас одоо энэ нэхэмжлэгч гэгчид ямар ч хамаагүй юм.

Энэ машин бол ын машин биш. Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээ нь түүний нэр дээр байхгүй. Хэрэв түүний нэр дээрх машин байсан бол миний нэр дээр шилжүүлж өгөх байсан байх. Тиймээс түүнд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Би нэхэмжлэгчийн охинтой амьдарч байгаад салснаас болж энэ гэх эмэгтэй болон түүний охин Одонгоо нар нь надаас авч өгсөн утас, өмд, цамц хувцас хунарын мөнгөө хүртэл нэхэж, хүн дагуулж очиж намайг зодож, хавирга хугалж, хэл амаар доромжилж дарамталж байгаад эвлэрүүлэн зуучлагч дээр аваачиж эвлэрүүлсэн. Би их хүлээцтэй хандаж байгаа. Одоо бол чадахгүй. Би үнийг нь төлөөд авсан машины өрийг дахиад төлж чадахгүй. Тиймээс би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 онд С.ын охин Одонгоотой хамт амьдарч, хамт ажилладаг байсан. Тухайн үед ээж машин унаад явчихлаа гэж уурлаад байна гэж хэлдэг байсан. Би ингэж байхаар хоёулаа худалдаад авчихъя гэж хэлэхэд Ээж угаасаа машинаа зарна гэсэн. Хэрвээ би авна гэвэл 4 500 000 төгрөгөөр зарах байх гэж хэлсэн. Би тэр машины мөнгийг захирлынхаа данснаас 3 500 000 төгрөгийг шилжүүлж, 1 000 000 төгрөгийг өөрийнхөө данснаас С.ын данс руу шилжүүлсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч эдийн бус гэм хортой холбогдуулж эд хөрөнгийн хохирол учирлаа гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийнхээ үндэслэл, тайлбарыг нотлох үүргийг хүлээнэ. Тэгэхлээр 2019 онд 13 000 000 төгрөгөөр авч байсан гэдэг баримт нэгдүгээрт хэргийн материалд байхгүй. Ганц Алдармаа гэдэг хүний гэрчийн мэдүүлэгт арилжааны журмаар авсан гэж байгаа боловч ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байна.

Хоёрдугаарт гээд тэгэх юм бол 2019-2023 он хүртэл унаж ашигласан машиныг эргээгээд 13 000 000 төгрөгөөр үнэлнэ гэдэг бодитой биш. Тийм учраас хариуцагчийн зүгээс үнэлгээ гаргах хүсэлт гаргана гэсэн боловч энэ нь өөрөө нэхэмжлэгчийн нотлох үүрэг байна гэж үзсэн учраас манайх хүсэлтээсээ татгалзсан. Яагаад гэхлээр талууд тохиролцоод 4 500 000 төгрөгөөр уг машиныг худалдаж авсан. Хариуцагчийн зүгээс 4 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин худалдагч буюу С. автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Нэгэнт Э.Эын эзэмшилд шилжсэн машиныг Э.Э унаж явсан гэх асуудал хэрэгт хамааралгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгч автомашинаа өөрийн машин гэж үзвэл Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг үндэслээд нэхэмжилж байгаа тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн буюу энэ хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг хариуцагчаас шаардана гэж үзэж байна. Тэгэхлээр энэ машиныг Э.Э осолдуулсан гэдэг үйл баримт өөрөө хэргийн материалд авагдаагүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил төрөл чанарын хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирол засах боломжгүй байгаа тохиолдолд мөнгөөр төлнө гэсэн хуулийн заалт байгаа. Тэгэхлээр С.ын зүгээс Э.Эаас энэ машиныг засаж өгөөч гэдэг талаар шаардаж байгаагүй. Мөн энэ машиныг Одонгоо, Э.Э хоёрын хэн нь осолдуулсан талаар нотлох баримт байхгүй.

Тиймээс нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж чадахгүй байна. Хариуцагчийн зүгээс автомашиныг худалдаад авчихсан, төлбөр мөнгийг нь бүрэн төлж барагдуулсан. Харин худалдагч буюу С.ын зүгээс машинаа шилжүүлж өгөөгүй гэх баримт байгаа гэж үздэг. Мөн нэхэмжлэгч миний үйлчлүүлэгчээс авсан 3 500 000 төгрөгийг огт дурддаггүй. Шүүхэд ирээд тайлбарлахдаа бид үнэ огт тохиролцоогүй, машиныг шилжүүлж өгөөгүй, худалдаагүй гэж нэхэмжлэгч хэлдэг. Хэрвээ худалдаж аваагүй, тохиролцоогүй байсан юм бол урьдчилгаа гэж шилжүүлсэн 2 250 000 төгрөгийг ямар үндэслэлээр авснаа бас тайлбарлах ёстой. Бас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оийг миний зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзээд байгаа. Нотлох баримт шинжлэн судалсны дараа илүү тодорхой болно. Өөрөөр хэлэх юм бол итгэмжлэлийг С.оос авсан ч тухайн тээврийн хэрэгсэл С.ын нэр дээр бүртгэлгүй байгаа. Өөрөөр хэлбэл Алдармаагийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа ийм үйл баримт байгаа. Тэгэхлээр Алдармаа итгэмжлэл хийж байж шаардах эрх үүсэх байх гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

Хоёрдугаарт нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.

Нэхэмжлэгч тухай автомашиныг худалдаагүй гэдгийг ойлголоо. Энэ бол Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд заасан буюу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор, зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг бол нөхөн төлөх үүрэгтэй гэдэг хуулийн заалт байна. Тэгэхлээр энэ тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч өөрөө арилгана. Өөрөөр хэлбэл Э.Эын нэр дээр шилжиж ирээгүй, Э.Э хулгайлж авч яваагүй учраас эзэмшигч өөрөө бусдад учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

Хэрвээ энэ хүн миний машинд ийм төгрөгийн сэлбэг хэрэгсэл шаардлагатай гээд үнэлгээ хийгээд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах ёстой. 2021 оны 07 дугаар сард худалдаж авч төлбөр мөнгө шилжсэн гэж байгаа. Гэтэл 2023 оны 04 дүгээр сараас мөнгө нэхэгдэж эхэлж байгаа. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа машиныг Э.Э унагачихсан гээд гомдол гаргах гэхээр хуулийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Тэгэхээ тайлбар өөрөө үндэслэлгүй байна.

Үнэхээр тээврийн хэрэгсэлд маань гэм хор учирчихлаа гэж үзсэн бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаад, тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулах боломж байсан. 2023 оны 06 дугаар сард хариуцагчийг зодож асуудал гаргасан. Хариуцагчийн төлсөн 4 000 000 төгрөг Сумъяагийн гэдэг хүний данс руу орсон нь тогтоогдож байна. Хариуцагч машиныг Одонгоод зарчихсан, Одонгоод зарах хүсэлтэй байсан. Охиндоо зарж байгаа учраас 4 000 000 төгрөгөөр хямдхан зарсан гэж тайлбарлаж байгаа. Тэгээд Одонгоо байгаа учраас Э.Э зарчихсан юм гээд байгаа. Тэгээд Одонгоо, Э хоёр хоёулаа ажлаа хийж байгаад 3 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Хэрвээ нэхэмжлэгч мөнгө нэхэмжлэх гээд байгаа бол Одонгоогоос нэхэх ёстой байна. Миний ойлгож байгаагаар машиныг 4 000 000 төгрөгөөр зарсан гэдэг тайлбар нотлогдсон. Харин охиндоо эсвэл Э.Эад зарсан гэдэг хамаагүй. Ямар ч байсан энэ хүмүүс төлбөр тооцоогоо төлөөд зохицчихсон байна. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг Одонгоод зарсан гэж үзэж байгаа бол Одонгоогоос мөнгөө нэхэх байсан. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаагүй. Тэгэхлээр Одонгоо, Э нар нийлээд тэр мөнгийг төлчихсөн байна. Тиймээс төлбөр тооцоо дууссан. Гэтэл энэ 2 салснаас болоод С. нь Э.Эаас мөнгөө нэхэмжилнэ гэдэг үндэслэлгүй байна. Хэрвээ нэхэмжлэх гэж байгаа бол Одонгоог хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэх ёстой. Мөн үнэхээр Э.Э ашиглаж байгаад тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учруулчихсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэх ёстой. Алдармаа гэдэг хүн Э.Эаас мөнгөө нэхэмжилсэн бол арай өөр тайлбар байх байсан. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө хангагдах ямар ч үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бодлоор нэхэмжлэгч тал нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Э.Эад холбогдуулан автомашины хохирол төлбөрт 10 750 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрхээ:

 

2153УНҮ улсын дугаартай Honda airwave маркийн автомашиныг 13 000 000 төгрөгөөр А. худалдаж авсан ба Э.Э нь 2023 онд тухайн автомашиныг унаж хөдөө явж байгаад онхолдуулж улмаар ямарч ашиглах боломжгүй болгосон. Иймээс машин анх худалдаж авсан үнэ болох 13 000 000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулна. Худалдах худалдан авах гэрээний үүрэг нэхэмжлэх байсан бол охин Одонгоогоос нэхэмжлэх байсан. Гэтэл энэ машиныг Э унаж яваад ашиглах боломжгүй осолдуулсан учраас Эаас хохирол төлбөр нэхэмжлээд байгаа юм. Э.Э нь манай охинтой хамт амьдарч байхдаа 4 500 000 өгсөн үүний тал мөнгө болох 2 250 000 төгрөгийг Эыг төлсөн гэж үзэж хасч тооцоод одоо 10 750 000 төгрөгийг Э.Эаас гаргуулна гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Э.Э нь татгалзлын үндэслэлээ: Уг тээврийн хэрэгслийг миний бие 4 500 000 төгрөгөөр худалдан авсан. Нэгэнт үнийг нь төлөөд худалдаж авсан машинаа би унагааж, онхолдуулсан байсан ч үр дагаврыг нь би хариуцах учраас нэхэмжлэгч од хамаагүй гэж тайлбарлан маргадаг.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

2023 онд Э.Э нь 2153УНҮ улсын дугаартай Honda airwave маркийн автомашиныг унаж явж байгаад осолдож улмаар автомашины эд ангиуд эвдэрсэн ашиглах боломжгүй болсон нь талуудын тайлбараар тогтоогддог.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж заажээ.

С. нь тухайн машиныг Э.Одонгоо болон Э.Э нарт зарах хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээ байгуулах саналтай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэж заажээ.

Талууд 2153 УНҮ улсын дугаартай Honda airwave маркийн машиныг хэдэн төгрөгөөр зарж байгаа эсэх дээр харилцан тохиролцоогүй байх ба нэхэмжлэгч тухайн машиныг 13 000 000 төгрөгөөр зарсан гэх боловч хариуцагч Э.Э нь 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбаруудыг гаргадаг нь гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч С. гэрээний үнэ, эсхүл гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж ойлгоно.

 

Тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар эзэмшилдээ байлгаж хөдөлгөөнд оруулж ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж ойлгодог бөгөөд тухайн машиныг унаж эзэмшилдээ байлгаж байсан этгээд нь Э.Э болох нь зохигчдын тайлбар гэрч Э.Одонгоогийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.

 

Механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаархи мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд заавал хамруулах бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор бүртгүүлэх ба бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ олгоно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болдог.

 

Гэрч П.Алдармаа нь мэдүүлэхдээ: Анх тээврийн хэрэгслийг нөхрийн дүү С.од 2019 оны 1 сард 13 000 000 төгрөгөөр бодож зарсан. С.ынх банк бус санхүүгийн байгууллагаас авсан байсан машиныхаа мөнгийг төлж чадахгүй болоод надад зарсан. Би тухайн машины үнэд өөрийн эзэмшлийн 2153 УНҮ улсын дугаартай машиныг 13 000 000 төгрөгт бодож өгсөн. Тухайн машин нь Төрийн банкны зээлийн барьцаанд байсан учир нэрийг нь шилжүүлж өгөөгүй байсан. Ах дүү хүмүүс зээлээ дуусахаар шилжүүлье гээд байж байсан. 2023 оны 9 сард тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх гэтэл сүүлийн 3 жил татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй байсан. Тэгээд оношлогоонд оруулах гэтэл онхолдсон учир оношилгоонд оруулах боломжгүй гэсэн... гэжээ. Гэрчийн энэхүү мэдүүлгээс үзэхэд П.Алдармаа, С. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байж болох нөхцөл байдал байх боловч өмчлөгчийг тогтооход улсын бүртгэл шаардлагатай эд хөрөнгийн хувьд хуульд заасан журмын дагуу улсын бүртгэл хийгдсэн байхыг шаардана.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Хэрэгт цугларсан бичгийн баримтаар П.Алдармаа, С. нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, П.Алдармаа нь өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу С.од шилжүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар 2159УНҮ улсын дугаартай Honda airwave маркийн авто машины өмчлөгч нь П.Алдармаа болох нь 01420537 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд 2153УНҮ улсын дугаартай автомашиныг П.Алдармаагийн өмчлөлөөс С.ын өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэл хийгдээгүй байх тул уг автомашины өмчлөгчийг С. гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлыг шаардах эрхгүй гэж үзэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн Миний бодлоор нэхэмжлэгч тал нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.ын, Э.Эаас 10 750 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНСҮРЭН

 

 

Д.УРАНЧИМЭГ