Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 143/ШШ2024/00160

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр Дугаар 143/ШШ2024/00160*******  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 72 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Г би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн Ү-1105002056 дугаартай Өмнөговь аймгийн******* 8-р баг Цагаан булаг, мод үржүүлэхийн 3-1 тоот хаягт байрлах 288 м2 ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Моломжамцын Ш гэх эмэгтэйд 120 сая төгрөгөөр худалдахаар болсон. Ингэхдээ 2022 оны 08 сарын 09-ний өдөр 70 сая төгрөгийг төлөх, үлдэх 50 сая төгрөгийг 2023 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

М.Ш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 70 сая төгрөгийг надад шилжүүлэн өгсөн. Мөн өдөртөө Өмнөговь аймгийн*******анд байрлах нотариатчид очиж үлдэх 50 сая төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ба худалдан авагч нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулсан өдрөөс хойш худалдан авагч М.Ш нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй.

Худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 50 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах ёстой 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 229 хоног өнгөрөөд байна.

50 000 000 төгрөгийн 0.2 хувь нь 100 000 төгрөг болно. Үүнээс үзвэл 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлбөрийн үүрэг гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 100 000 төгрөгийн алданги хуримтлагдсан. Нийт хуримтлагдсан алданги 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22 900 000 төгрөг болоод байна.

Хариуцагч М.Шээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 72 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 26/26 дугаартай гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Уг гэрээний 6.5 дугаар зүйлд нь үүрэг, гэрээний хугацаа, гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд 0,2%-ийн алдангийг хоног тутамд тооцох эрхийг нэхэмжлэгчид олгосон байдаг. Энэ гэрээнийхээ үүргийн дагуу 288 м2 объектыг худалдан авагч М.Шийн өмчлөлд шилжүүлчихсэн байгаа. Хариу тайлбар болон нотлох баримтуудаас үзэх юм бол 08 дугаар сарын 10-ны өдөр гэхэд гэрчилгээ нь М.Шийн нэр дээр гарчихсан байдаг. Манай талаас өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл худалдан авагч М.Шийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 50 000 000 төгрөгийг төлнө гэдэг үүргээ одоо болтол биелүүлээгүй явж байгаа. Тийм учраас гэрээнд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж үнийн дүнгийн үлдэгдэл болох 50 000 000 төгрөг, түүний алданги болох 22 900 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч талаас төсөл амжилттай яваагүй, үүнд болон А.Гын үйлдэл хамаатай гэдэг тайлбар маш их явлаа. Энийг няцааж хэлэх байна. М.Ш 288 м2 объектоо өөрийн өмчлөлд шилжүүлээд авчихсан. Түүндээ агуулах, ажлын байр хийх, хоосон байлгах зэрэг нь А.Гад ямар ч хамаарал байхгүй. Бидний маргаж байгаа зүйлтэй хамааралгүй. Газартай холбоотой асуудалд гэх хүний зүгээс үүргээ гүйцэтгээгүй гэсэн зүйл байхгүй. А.Гын хүүгийн данс руу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрээ байгуулах өдрийн байдлаар 70 000 000 төгрөг шилжүүлчихсэн байсан. Нийт 120 000 000 төгрөгөөр объектыг урд талынх нь 800 м2 газартай шилжүүлж өгсөн. Нийт гэрээний үнийн дүнг 120 000 000 төгрөг гэж хоорондоо харилцан тохиролцсон байдаг. Үүнээс 70 000 000 төгрөгийг гэрээ байгуулах өдрийн байдлаар төлчихсөн учраас 70 000 000 төгрөгийн төлбөрийн үүрэг ямар нэгэн байдлаар эрсдэл гарахгүй нь тодорхой болчхож байгаа юм. Тиймээс үлдэгдэл 50 000 000 төгрөгийнхөө эрсдэлийг тооцож гэрээ байгуулсан. Тэгээд энэ 50 000 000 төгрөгийг хугацаанд нь төлүүлэх зорилгоор хоногийн 0,2%-ийн алданги тохироод гэрээ байгуулсан байгаа. Гэтэл М.Ш болон түүний төлөөлөгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдөр төлөх ёстой байсан төлбөр өнөөдөр болтол төлөгдөөгүй байхад 70 000 000 төгрөгөөр төлөгдчихсөн. Одоо 50 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд зогсож байгаа нь шударга бус байна.

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 26/26 дугаартай гэрээний 3.5-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй гэсэн нэг зохицуулалт байдаг. Гэтэл гэрээний дараачийн хэсэгт бидний нэхэмжлэлийн үндэслэл болсон хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,2%-аар алданги тооцно гэсэн зохицуулалт байна. Энэ нь агуулгын хувьд зөрчилдөж, талуудын хоорондын маргааны үндэслэл болоод байна. М.Шийн зүгээс алданги ерөөсөө тохироогүй гэсэн яриа яригддаг. Хавтаст хэрэгт тухайн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 2 гэрээ байгаа. той байгуулсан гэрээн дээр ямар нэгэн алданги тооцох зохицуулалт байдаггүй. Харин А.Гтай байгуулсан гэрээн дээр байгаа. Хуулиар тогтоосон зохицуулалтаараа алдангийг талууд урьдчилсан тохиролцсон байх ёстой. Мөн бичгээр байгуулагдсан байх шаардлагыг хангаж, дээрээс нь хуульд заасан дээд хязгаар буюу 0,5-аас хэтрүүлэхгүй байх ёстой гэдэг хязгаар байдаг. Энэ хүрээнд А.Г, М.Ш нар хоорондоо харилцан тохиролцохдоо 0,2%-иар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Талууд санал нэгтэйгээр тохиролцоод явсан гэх дүгнэлт хийх бололцоотой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Гын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.Г нь нэхэмжлэлдээ зарим зүйлийг буруу бичсэн байна.

2022 оны 08 дугаар сарын эхээр ажлын байр, газрын хамт зарна гэсэн зар фэйсбүүкээс мэдэж очиж уулзсан. Газар нь аав Адъяадоржийнх нь нэр дээр, ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Гын өөрийн нэр дээр бүртгэлтэй гэсэн. Нийтэд нь 120 000 000 төгрөгөөр зарна гээд байсан. Тухайн үед бид төсөл хэрэгжүүлэхээр зорилгоор төрийн байгууллагад төсөл бичээд шалгаруулалт хүлээж байсан юм.

Мөнгө байхгүй байсан тул банкнаас зээл авч 70 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгөө төслийн санхүүжилт орж төсөл хэрэгжих явцад төлөхөөр болсон юм. Ингээд бид нотариат дээр очиж ажлын байр, газрыг худалдах, худалдан авах гэрээг тус тусад нь байгуулсан. Ажлын байрыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн.

Бид төсөл хэрэгжүүлэх явцад орлогоосоо өгөхөөр болсон. Яг гэрээгээ нотариатаар гэрчлүүлэх болоход дээрх хоёр хүн ажлын байраа тавин сая гэж, газраа гурван сая гэж үнэлж гэрээгээ байгуулъя гэсэн. Энэ дагуу гэрээгээ байгуулсан.

Эднийх яг энэ газар, байраа ББСБ-ын зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, зээлээ төлж чадахгүй хямдхан алдах гээд байна гээд гуйсаар байгаад манайтай гэрээ байгуулж эхлээд мөнгөө авч зээлээ төлөх нь эдний хувьд чухал байсан тул үлдэгдэл 50 000 000 төгрөгийн хувьд хугацаа, алданги тохироогүй, учир нь төсөл хэрэгжих явцад орлогоосоо төлнө гэсэн манай саналыг зөвшөөрсөн байсан.

Ийнхүү 2 талд аль аль нь тохирч гэрээ байгуулсан атлаа өнөөдөр газар худалдах худалдан авах гэрээгээ болон бодит тохиролцсон гар бичмэл гэрээгээ шүүхэд өгөөгүй байна.

Анх зарын дагуу очоод сонирхоод явтал араас зогсоо зайгүй утасдаад учирлаж гуйгаад зээл л төлчих болбол болно гээд байсан. Бид харин ч гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлнэ гэсэн байсан. Ингээд зээлээ төлөгдмөгц ер нь ааш зан нь өөрчлөгдөөд гэрээний дагуу шилжүүлж өгөхгүй гэсэн тул бид харин шаардаж байж Улсын бүртгэлийн газар дээр очиж ажлын байрны бүртгэлийг өөрийн нэр дээр болгож, харин газрыг бусдад худалдах, барьцаалах зэргээр бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэхгүй тухай бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Бид гэрээндээ алданги төлнө гэж тохироогүй. Нотариатын хэвлэмэл гэрээ дээр алданги гэж байдаг юм байна. Энэ гэрээг Гад өөрт нь хэрэгтэй гэж гэрчлүүлсэн.

Төсөл шалгаруулах хүмүүс ирэхэд дундуур орж ирээд мөнгө төгрөгөө авъя гэх зэргээр ярсаар байгаад ямар ч төсөл бидэнд олгогдох боломжгүй болгосон.

Мөн ажлын байрны түлхүүр нь манайд байгаа боловч цоожны нүхэд юм чихээд нээгдэх боломжгүй болгосон. Төсөл хэрэгжсэн эсэхээс хамаарахгүй бид ажил хийх л зорилгоор худалдаж авсан ч орох боломжгүй тул нэг ч удаа ашиглаж үзээгүй. Хашаандаа одоо эднийх амьдарсан хэвээрээ байгаа тул харин 70 000 000 төгрөгөө авч, хашаа, ажлын байрыг буцааж өгье. Ямар ч мөнгө Гад төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ш нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн оршин суугчдын фейсбүүк сүлжээн дэх зарын группээс Өмнөговь аймгийн*******ын нутаг 8 дугаар баг, Цагаанбулаг, Мод үржүүлэх 3-1 тоот хаягт байрлах 288 м2 хэмжээтэй ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 800 м2 газрын хамт зарна гэсэн А.Гын зарын дагуу холбогдсон. Ингээд газар болон үл хөдлөх хөрөнгийг үзэж худалдан авахаар гэрээний нөхцөлөөр тохиролцох яриа хэлэлцээнүүд явагдаж эхэлсэн. Ингээд тус ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг нийт 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар, ингэхдээ эхлээд М.Шийн зүгээс 70 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж олсон орлогоос төлөхөөр. харин А.Гын зүгээс хашаагаа татаж, газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримтуудыг М.Шт шилжүүлэх, тог цахилгаанаар хангах зэрэг үйл ажиллагаа явуулахад бэлэн ямар нэг доголдол, асуудалгүй газар ажлын байрны объектыг шилжүүлж өгөхөөр тохирсон ба хэн аль нь ямар нэг алданги, хүү гэх мэтийн талаар огт тохироогүй. Яг энэ үед тус газар болон үл хөдлөх хөрөнгө хоёулаа банк бус санхүүгийн байгууллагын 40 000 000 орчим төгрөгийн барьцаанд хураагдах гээд байна. Надад хурдан мөнгө гаргаж өгөөч гэж А.Г гуйсны дагуу М.Ш нь аймгийн Капитрон ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээл авч, мөн ааваасаа 20 000 000 төгрөг зээлж 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр А.Гын хүүгийн данс руу урьдчилгаа 40 000 000 төгрөгийг шууд шилжүүлээд тэр мөнгөөр А.Г нь банк бус санхүүгийн байгууллагаас гэрчилгээ, бичиг баримтуудаа авсан. Газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахад заавал нотариатын гэрээ шаардлагатай тул 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авч байгаа талаар гэрээ байгуулахаар тохироод 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нотариат дээр очсон. Нотариатын үүдэнд А.Г гэнэт гэрээгээ 50 000 000 төгрөгөөр хийе. Тэгвэл би татвар бага төлөх гээд байна. Надад мөнгө их хэрэгтэй байгаа учраас мөнгөн дүнгээ 50 000 000 төгрөгөөр тохиръё. 120 000 000 төгрөгийн гэрээгээ хоёулаа гараараа биччихье гээд үндсэн тохироогоо гараараа бичиж байгуулсан. М.Ш нь тухайн үед А.Гын банк бус санхүүгийн байгууллагад өртэй байсан гэх мэт болон мөнгө санхүүгийн асуудалтай нөхцөл байдлыг ойлгож харж үзээд 50 000 000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгө, газрын худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулахыг зөвшөөрсөн. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр буюу нотариат орохоос өмнө үндсэн тохиролцооны хүрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг М.Шт гаргаж өгөх үүргийнхээ дагуу Улсын бүртгэлийн газар А.Г, түүний аав , Цэндцэцэг, түүний нөхөр Ганхуяг нар очиж үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг М.Шийн нэр дээр гаргуулахаар бичиг баримтаа бүрдүүлсэн ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс М.Ш нь үйл ажиллагаагаа явуулах гээд багаж, сандал зэргийг үл хөдлөх хөрөнгө рүүгээ зөөж эхэлсэн. Гэвч удалгүй А.Г нь хашаагаар дураараа орж гарлаа гэж уурлаж эхэлсэн. М.Ш нь үйл ажиллагаа явуулах зорилгоор хөрөнгө оруулалт татах, газар, объектоо хүнд үзүүлэх гэх мэтээр очих тохиолдлуудад А.Г нь уурлаж загнадаг байсан. Хэрэв түүнийг эзгүйд очсон тохиолдолд намайг байхгүйд сэмээрхэн орж гарсан байна гэж уурладаг болсон. Мөн объект руугаа орохын тулд заавал А.Гын хашааны хаалгаар дамжиж ордог газар нь түүний аавын нэр дээр байдгаас болоод хүмүүс хөрөнгө оруулахгүй. Харин төсөл хөтөлбөрт хамрагдах гэхээр шаардлага хангахгүй байсан. А.Г нь гэрээний үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулж орлого олж чадахгүй зээлээ төлж хохирсоор байна. Хоёрдугаарт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг зөвхөн татварыг бага төлөх зорилгоор А.Гын хүсэлтийн дагуу байгуулагдсан. М.Ш 70 000 000 төгрөгийг урьдчилаад төлчихсөн байгаа. Нэхэмжлэлд энэ талаар дурдагдсан байгаа. 70 000 000 төгрөг ерөнхийдөө энэ нотариатын гэрээ гэж яригдаад байгаа 50 000 000 төгрөгийг хаачихсан үлдэгдэл 50 000 000 төгрөг үлдлээ гэнэ. Энэ үлдэгдэл 50 000 000 төгрөгийн тухайд үйл ажиллагаагаа явуулаад, түүнээсээ олсон орлогоо төлье гэдэг тохироо байгаа. Энэ нотариатын гэрээ гэж яригдаад байгаа алдангийг урьдчилж өгсөн 70 000 000 төгрөгөөр бүрэн хангагдчихсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч тал алданги тооцсон. Энэ гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр биелэгдчихсэн. Гэрээний 3.2 дахь заалтад төлбөр төлөх нөхцөл хугацааг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлөхөөр тохиролцов гээд биччихсэн. Гэтэл бүхэл бүтэн 70 000 000 төгрөг аваад зээлээ төлчихсөн авчихсан байгаа. Энэ талаар гэрээн дээр огт дурдагдаагүй. М.Ш 70 000 000 төгрөгөө өгчхөөд түлхүүрээ аваад, эд зүйлээ зөөгөөд эхэлчихсэн. Хэрвээ энэ гэрээний дагуу байсан бол одоо хүртэл М.Ш тэр объект дээр очих эрх байхгүй. Гэтэл тэр объект М.Шийн өмчлөлд байгаа. Аль хэдийн гэрчилгээ нь М.Шийн нэр дээр шилжчихсэн. Энэ гэрээ бол зөвхөн 120 000 000 гэрээ байгуулаад, татварыг бага төлөх зорилгоор байгуулсан гэрээ байгаа. Энэ 50 000 000 төгрөгийн гэрээ, заалтууд нь аль хэдийн зарим нь хэрэгжээд дуусчихсан. Одоо хүчин төгөлдөр гэж үзэхэд хэцүү. Үндсэн гэрээний дагуу ямар ч хүү, алданги гэсэн асуудал байхгүй. Тохиролцооны дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол үлдэгдэл 50 000 000 төгрөгийг төлчихсөн байх байсан. Гэтэл үйл ажиллагаа явуулах боломжоор А.Г хангаж чадаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Г нь М.Шт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 22 минутад байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 72 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа: М.Штэй 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-ний 6.5-д зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,2%-аар алданги төлүүлэн авах эрхтэй гэж тохиролцсоны дагуу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 229 хоногийн алданги 22 900 000 төгрөг үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг нийт 72 900 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: Өмнөговь аймгийн*******ын нутаг 8 дугаар баг, Цагаанбулаг, Мод үржүүлэх 3-1 тоот хаягт байрлах 288 м2 хэмжээтэй ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 800 м2 газрын хамт 120 000 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ нотариатын гэрээ гэж яригдаад байгаа алдангийг урьдчилж өгсөн 70 000 000 төгрөгөөр бүрэн хангагдчихсан, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж байж олсон орлогоосоо төлнө гэж тохиолцсон бөгөөд А.Г нь үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна гэж тодорхойлсон.

 

1. А.Г М.Ш нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн******* 8-р баг Цагаан булаг, мод үржүүлэхийн 3-1 тоот хаягт байрлах 288 м2 объект, газрын хамт нийт 120 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон, нийт үнээс 70 000 000 төгрөгийг М.Төрболдын дансанд шилжүүлсэн, урьдчилгаа төлбөр шилжүүлээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг төлөөд газар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, газар өмчлөх гэрчилгээ Т.Адъяадоржийн өмч бөгөөд үлдэгдэл тооцоо дуусахад нэр шилжүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлтэйгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ, /хх-ийн 55-р хуудас/, худалдан авах гэрээ /хх-ийн 20-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Хариуцагч М.Ш урьдчилгаа 70 000 000 төгрөгийг А.Гад төлсөн, нэхэмжлэгч А.Г 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М.Шт шилжүүлсэн, 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 22 минутад үлдэгдэл 50 000 000 төгрөг дээр талууд худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн /хх-ийн 5-р хуудас/ үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 22 минутад А.Г болон М.Ш нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ нэртэйгээр байгуулагдсан гэрээний ерөнхий агуулга болон бусад нөхцөл байдлаас үзвэл А.Г нь Өмнөговь аймгийн*******ын 8-р баг, Цагаан булаг, Мод үржүүлэхийн 03-01 тоот байрлах 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэ 120 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 50 000 000 төгрөг дээр дахин худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь хуульд харшлахгүй байна.

 

Тус гэрээгээр А.Г нь Өмнөговь аймгийн*******ын 8-р баг, Цагаан булаг, Мод үржүүлэхийн 03-01 тоот 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Шийн өмчлөлд шилжүүлэх, М.Ш нь 50 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тус гэрээний дагуу А.Г нь Өмнөговь аймгийн*******ын 8-р баг, Цагаан булаг, Мод үржүүлэхийн 03-01 тоот 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Шийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагчийн шаардах эрх хэрэгжсэн байх ба худалдагч А.Г нь М.Шээс хэлэлцэн тохиролцсон үнэ болох 50 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Талууд алдангийн талаар маргадаг.

1. Нэхэмжлэгч тал Хуулиар тогтоосон зохицуулалтаараа алдангийг талууд урьдчилсан тохиролцсон байх ёстой. Мөн бичгээр байгуулагдсан байх шаардлагыг хангаж, дээрээс нь хуульд заасан дээд хязгаар буюу 0,5-аас хэтрүүлэхгүй байх ёстой гэдэг хязгаар байдаг. Энэ хүрээнд А.Г, М.Ш нар хоорондоо харилцан тохиролцохдоо 0,2%-иар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Талууд санал нэгтэйгээр тохиролцоод явсан гэх дүгнэлт хийх бололцоотой байгаа гэж, хариуцагч тал алданги тооцох талаар тохиролцоогүй гэж маргадаг.

 

2. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 22 минутад байгуулагдсан гэрээний 3.5-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга: байхгүй гэж, мөн гэрээний 6.5-д худалдан авагч дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол худалдагч хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар бодож алданги төлүүлж авах эрхтэй гэж тус тус заасан байна. Энэ нь агуулгын хувьд зөрчилдөж байна.

 

3. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэжээ.

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 22 минутад талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга бусад нөхцөл байдлаас дүгнэвэл А.Г нь Өмнөговь аймгийн*******ын 8-р баг, Цагаан булаг, Мод үржүүлэхийн 03-01 тоот байрлах 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэ 120 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 50 000 000 төгрөг дээр дахин худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж улмаар А.Г нь Өмнөговь аймгийн*******ын 8-р баг, Цагаан булаг, Мод үржүүлэхийн 03-01 тоот 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Шийн өмчлөлд шилжүүлэх, М.Ш нь 50 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Энэхүү гэрээний зорилго нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахтай холбоотой талуудын эдлэх эрх хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч А.Г 288 м2 талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М.Шт шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Гэрээний 5.2-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэжээ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж, 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж тус тус заажээ.

Худалдагч А.Г нь гэрээгээр болон хуулиар худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт алданги тооцож шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Г нь алданги 22 900 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж нэхэмжлэлээс 22 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас ирүүлсэн Капитрон банк ХК болон М.Ш нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ / хх-ийн 56-63 дугаар хуудас/ зэрэг баримтууд нь хуулбар хувь байх ба эдгээр нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Шээс 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Шээс 50 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гад олгосугай.

2. Нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 22 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Шээс 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Р.УРАНЧИМЭГ