Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/00167

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/00167

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Б.Х /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  байрлах, ГБ /Хуулийн этгээдийн регистрийн дугаар .../-ийн холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.1.8 дугаар зүйлийн зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний 2.1.8 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 5,170,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч м.ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х.Б нь банктай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3Г2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн шимтгэлийг үнийн дүнгийн 1 хувь байна гэж авсан зээлийн дүнгээсээ суутгуулсан болно.

Тодруулбал, Тус зээлийн гэрээний 2.1.8-т зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 5,170,000 төгрөгийг шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон юм. Дээрх хууль бус үйлдлээр арилжааны банк үнэндээ гэрээгээр тохирсон хэмжээнээс нийт 5,170,000 төгрөгийг дутуу гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Зээлдэгч нь зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Зээлийн хүү гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардал байдаг байна. Банк зээлийн бүтээгдэхүүний хувьд бодит өртгийг, харин хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд бодит үйлчилж буй хүүг тогтооно. Зээлийн бодит өртөг гэж зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг хэлдэг бөгөөд банк нь зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зарласан хүү, зээлийн бодит өртөг, шимтгэл хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган, Монголбанкинд сар бүрийн 10-ны дотор ирүүлэх, Монголбанк мэдээллийг нэгтгэн харилцагчид харьцуулалт хийх боломжтойгоор өөрийн цахим хуудсанд байршуулах үйл ажиллагааг журамд заасан. Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй, ийм ч учраас зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг дурдсан журамд ч заасан байна. Зээлийн гэрээний тус хоёр зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж хүлээн зөвшөөрч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэн төлөлтийг графикийн дагуу төлж байгаа болно. Зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар зарим хэсгийг буюу Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 

Миний бие нийт 517,000,000 төгрөгийн зээл авахад зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 5,170,000 төгрөгийг суутгаж авсан нь зээлийн бүтэн олгож ашигтай зарцуулах боломжийг олгоогүй нь дээрх дурдсанаар ГБ нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.1.8 дугаар зүйлийн зээлийн гэрээний Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний 2.1.8 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 5170 000 төгрөгийг хариуцагч банк ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч м.ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гэрээний 2.1.8-т зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь байна гэж заасан байдаг бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгч нь 5,170,000 төгрөгийг банкинд тушаасан.

Тухайн үед энэ мөнгийг төлсөн ч зээлийн гэрээний энэ заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус зүйл заалт гэж үзээд нэхэмжлэл гаргасан.

Учир нь зээлийн бодит өртөг гэдэгт зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг хувиар илэрхийлснийг хэлдэг бөгөөд банк нь зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зарласан хүү, зээлийн бодит өртөг, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрд үнэн зөв гаргаж Монгол банканд сар бүрийн 10-ны дотор ирүүлэх, Монгол банк мэдээллийг нэгтгэн харилцагчид харьцуулалт хийх боломжтойгоор өөрийн цахим хуудсанд байршуулах үйл ажиллагааг журамд заасан байдаг.

Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал, шимтгэл хураамж багтдаг гэж үзээд шимтгэл хураамж гэсэн нэрээр давхар мөнгө авч байгаа нь Иргэний хуулийг 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчим, хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл заалт оруулах ёсгүй гэсэн заалтыг зөрчиж байна.

Монгол банкны журмаар зээл олголтын шимтгэл гэж байна харин зээлийн хяналт, зээлийн эрсдэлийн шимтгэлийг авна гэсэн зохицуулалт огт тусгаагүй байдаг.

Монгол банкнаас гаргасан дүрэм журмыг зөрчөөд энэхүү зээлийн шимтгэлийг дахин дахин авч, хүү буюу тухайн банкны ашиг, шимтгэл хураамж бүгд багтсан төлбөрийг авч байгаа хэр нь давхар шимтгэл авч иргэдийг хохироож Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5-д заасны дагуу зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь буюу 5,170,000 төгрөг суутгаж авч байгаа нь зээлийг бүтэн олгож ашигтай зарцуулах боломжийг анхнаасаа хориглож байна. 5,170,000 төгрөгийг төлөхгүй бол 517,000,000 төгрөгийг авах боломжгүй байсан, өөрөөр хэлбэл, банк тулган шаардсан, давуу эрхээ ашиглан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн зохих зүйл заалт болон иргэний эрх зүйн зарчмыг зөрчиж байна.

  Гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээл дутуу олгосон талаар залруулга хийе. Зээлийг олгохдоо 5,170,000 төгрөгийг дутуу буюу хасаж ойлгосон гэж ойлгосон байсан, энэ мөнгийг тусад нь шилжүүлсэн байна, энэ тухай маргаагүй. Харин анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан хэлцэлд гарын үсэг зураад нотариатаар батлуулсан ч энэ хэлцэл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж байна.

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1.1-9.1.8 хүртэл дараах үйл ажиллагаанд холбогдуулаад зээлийн шитгэлийг авч болно гэсэн бөгөөд энд зээлийн хяналт, эрсдэлийн хяналтын тухай дурдаагүй.

Хариуцагч энэ журмыг зөрчөөд зээл олгох явцад бус харин зээл олгосны дараа тухайн зээлийг хянах явцдаа гарах зардлыг түрүүлээд  авсан байна.

Банк гэрээ байгуулахдаа зээл олголтын шимтгэл гэсэн нэрээр зээл судалсны зардлыг тодорхой заагаад шимтгэл болгож авна гэсэн байтал зээлийн гэрээнд зээлийн хяналтад зориулж шимтгэл авч байна гэсэн агуулгатайгаар гэрээ байгуулсан. 

Гэрээний стандарт нь хуульд заасан шаардлагыг хангах ёстой, иргэнтэй байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.1-т саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон, 202.2.2-т үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон гэж заасныг зөрчин тухайн шимтгэл 1%-ийг юунд зарцуулах нь тодорхой бус байдлаар гэрээ байгуулсан. 5,170,000 төгрөгийн 1,000,000 төгрөг нь зээл судалсны зардал, 1,000,000 төгрөг нь зээлд хяналт тавьж байгаа ажилтны зардал гэх зэргээр тодорхой тогтоож үүнийгээ нотлох ёстой байсан ч ямар нэгэн баримтаар нотлоогүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

2.Хариуцагч ГБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх... гэж зааснаар банк нь зээл олгох нөхцөлийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд бусад нөхцөл-ийн тухайд Монголбанк хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулдаг. Үүний дагуу банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй бөгөөд нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул банкны зээлийн хүүд үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй. Тийм учир зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг Монголбанкнаас баталсан журамд заасан.

Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар банк зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн талаар тусгасан нь хууль болон журамд нийцсэн. 

Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Монголбанкны 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд тус тус зааснаар зээлийн шимтгэл тогтоох, түүнийг зээлдэгчээр төлүүлэх харилцаа нь хууль, тогтоомжоор хориглоогүй тул зээлийн гэрээнд шимтгэл төлүүлэхээр харилцан тохирсон энэхүү нөхцөлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг дутуу олгосон учир зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, банк гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг.

Гэтэл ГБ нь нэхэмжлэгчтэй 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны зээл авах зориулалтай нийт 517,000,000 төгрөгийг зээлүүлж зээлийн харилцаа үүссэн. Нэхэмжлэгч 1%-ийн шимтгэл буюу 5,170,000 төгрөгийг дутуу олгосон гэдэг гэтэл зээлдэгчийн дансны хуулганаас үзэхэд зээлдэгч нь түрүүлээд 5,170,000 төгрөгийг банканд төлсөн, түүний дараагаар банк 517,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу банк зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой хэлбэрээр зээлдэгчийн дансанд бүрэн олгосон.

Нэхэмжлэгч талаас банк энэ шимтгэлийг авах эрхгүй гэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт зарчмын дагуу гэрээ байгуулагдсан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх... гэж зааснаар банк нь зээл олгох нөхцөлийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд бусад нөхцөлийг Монгол банк хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулдаг, тухайлбал Ипотекийн үйл ажиллагааны журам. Энэ журмын 9.1-т Зээлийн шимтгэл нь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдэгчээр төлүүлнэ, энэ нь 1%-иас хэтрэхгүй байна гэж заасан байдаг бөгөөд банк холбогдох хууль, журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар зээлдэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Зээлдэгч шимтгэлийг урьдчилан харилцан тохиролцож зөвшөөрсөн бөгөөд талуудын гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт гэх баримтыг мөн нотариатаар баталгаажуулсан. Мөн банк зээлийн мэдээллийн хүснэгт буюу нийт эргэн төлөлт шимтгэл зэргийг урьдчилж танилцуулаад зээлээ олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/521 дугаартай ГБ-ийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0524 дугаартай итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/0331 дугаартай итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хариу тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, ГБ-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 469 дугаартай тушаал, Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, ГБ-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 361 дугаартай тушаал, Орон сууцны зээлийн бүтээгдэхүүний хүүний өөрчлөлт, ГБ-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1209 дугаартай тушаал, ГБ-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1209 тушаалын хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07/0020 дугаартай итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх журмаар бүрдүүлсэн Х.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000 тоот дансны хуулга, Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаартай Журам батлах тухай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаартай Журам батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралт Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, Ипотекийн зээлийн бичиг баримтын бүрдлийн хяналтын хуудас, Орон сууцны төсөл хэрэгжүүлэх байгууллагын бичиг баримтын бүрдэлтийн хянах хуудас, Ипотекийн зээлийн өргөдөл, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Орон сууцны үнэлгээний тайлан, Ипотекийн зээлийн тэнцүү төлбөрийг тооцох аргачлал, Зээлийн хувийн хэргийн бүрдүүлэлт, Зээлийн үйл ажиллагааны журам, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 Журам шинэчлэг батлах тухай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 Журам шинэчлэг батлах тухай тушаалын хавсралт буюу Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын нэгдүгээр хавсралт буюу Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон Үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын хоёрдугаар хавсралт буюу Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ГБ-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.1.8 дугаар зүйлийн зээлийн гэрээний Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний 2.1.8 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 5,170,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн бодит өртөг гэдэгт зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг хувиар илэрхийлснийг хэлдэг. Шимтгэл хураамж гэсэн нэрээр давхар мөнгө авч байгаа нь Иргэний хуулийг 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчмыг зөрчиж байна.

Зээл олгосон шимтгэл буюу өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй.

Монгол банкны журмаар зээл олголтын шимтгэл гэж байна харин зээлийн хяналт, зээлийн эрсдэлийн шимтгэлийг авна гэсэн зохицуулалт огт тусгаагүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5-д заасны дагуу зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгаж авч байгаа нь зээлийг бүтэн олгож ашигтай зарцуулах боломжийг анхнаасаа хориглож байна.

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1.1-9.1.8-д зээлийн хяналт, эрсдэлийн хяналтын тухай дурдаагүй. Зээл олгосны дараа тухайн зээлийг хянах явцдаа гарах зардлыг түрүүлээд  авсан нь журмын 9.1-д заасныг зөрчсөн.

Иргэний хуулийн 201, 202 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг банк зээлийн бүх мэдээллийг нийтэд ил байлгана, зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээний зүйл заалтыг солих боломжгүй гэж ойлгоно.  Гэрээний стандарт нь хуульд заасан шаардлагыг хангах ёстой, тухайн шимтгэл 1%-ийг юунд зарцуулах нь тодорхой бус байдлаар гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: Зээлдэгчийн дансны хуулгааар зээлдэгч нь түрүүлээд 5,170,000 төгрөгийг банкинд төлсөн, түүний дараагаар банк 517,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт зарчмын дагуу гэрээ байгуулагдсан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх... гэж зааснаар банк нь зээл олгох нөхцөлийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд бусад нөхцөлийг Монгол банк хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулдаг, тухайлбал Ипотекийн үйл ажиллагааны журам. Энэ журмын 9.1-т Зээлийн шимтгэл нь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдэгчээр төлүүлнэ, энэ нь 1%-иас хэтрэхгүй байна гэж заасан байдаг бөгөөд банк холбогдох хууль, журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар зээлдэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Зээлдэгч шимтгэлийг урьдчилан харилцан тохиролцож зөвшөөрсөн бөгөөд талуудын гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт гэх баримтыг мөн нотариатаар баталгаажуулсан. Мөн банк зээлийн мэдээллийн хүснэгт буюу нийт эргэн төлөлт шимтгэл зэргийг урьдчилж танилцуулаад зээлээ олгосон гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Х.Бүби Бегим болон хариуцагч ГБ нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х.Бүби Бегим 517,000,000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зорилгоор жилийн 12 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь байхаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр ГБ нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Х.Бүби Бегим нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

ГБ-иас зээлийн гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 517,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ........ банкин дахь 00000 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж заажээ.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ банк ХХК биелүүлсэн учир зээлдэгч Х.Б гэрээнд заасны дагуу зээлийн шимтгэл 5,170,000 төгрөгийг банкин дахь 00000 тоот дансанд зээлийн шимтгэл гэж орлого оруулж, тухайн данснаас ГБ 517,000,000 төгрөгийн зээлийг олгосны дараа зээлийн шимтгэлд 5,170,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдохоос гадна шүүх хуралдаанд талууд энэ талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад байгаа олгосон зээл болох 517,000,000 төгрөгөөс 5,170,000 төгрөгийг хасаж, зээлийг дутуу олгосон гэх байдал дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 2.1.8-д заасан Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: Зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд гэрээний бусад заалтын хувьд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдүүд нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ёстой бөгөөд хуулийн хэм хэмжээг гэрээгээр зөрчих эрхгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Хууль зөрсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг зохицуулалтад нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах хуулиудыг зөрчсөн талаар тайлбарладаг.

 

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.-д Зээлийн шимтгэл, 9.1.-д Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна. Үүнд: 9.1.1.-д Зээл үүсгэх харилцаа; 9.1.2.-т Зээлийн өргөдөл; 9.1.3.-т Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах; 9.1.4.-т Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан; 9.1.5.-т Зээлийн түүхийн судалгаа; 9.1.6.-д Шуудан, холбоо; 9.1.7.-д Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт. 9.1.8.-д Хугацаа сунгасны шимтгэл

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон,

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ-ний агуулга, мөн гэрээний зүйл зэргийг харгалзан гэрээний 2.1.8 дахь заалт нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй.,

 

Мөн зүйлийн 6.6.-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. гэж тус тус зохицуулжээ.

 

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1.-д Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна.

Үүнд: 9.1.1.-д Зээл үүсгэх харилцаа; 9.1.2.-т Зээлийн өргөдөл; 9.1.3.-т Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах; 9.1.4.-т Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан; 9.1.5.-т Зээлийн түүхийн судалгаа; 9.1.6.-д Шуудан, холбоо; 9.1.7.-д Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт. 9.1.8.-д Хугацаа сунгасны шимтгэл гэж зохицуулжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт болон ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээгээр зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл төлөх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчөөгүй гэж шүүх үзсэн.

 

Монголбанкны Ерөнхийлөгч нь 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам, дээрх журамд 2015.05.12-ны өдрийн А-85 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ыг тус тус шинэчлэн баталсан байх ба банкууд үйл ажиллагаандаа хуулиас гадна эдгээр журмыг дагаж мөрддөг байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж /цаашид хадгаламж гэх/, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг /цаашид шилжүүлэг гэх/, зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ.,

мөн хуулийн 19.2-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй.,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй.,

мөн зүйлийн 6.6.-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. гэснээс үзэхэд зээлийн шимтгэл тооцож авах үндэслэлийг хуулиар тогтоосон байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Энэ журмаар зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон байжээ.

 

Улмаар 2021 онд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд шимтгэл тооцох харилцааг хуульчилсан байна.

 

Дээрх үндэслэлээр зээлийн гэрээнд зээлийн шимтгэл төлөхийг тохирсон нь хуулийг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шимтгэл авах тухай гэрээний нөхцөл нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх зорилгоор урьдчилан тогтоосон шинжтэй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар гэрээний стандарт нөхцөл мөн.

Нэхэмжлэгч тал зээлийн шимтгэл тохирсон гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлийг тодорхойлсон.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д зээлийн шимтгэл нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан байна.

 

Нэхэмжлэгч тал зээл олгосон шимтгэл буюу өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар олгоогүй, журмаар зээлийн хяналт, зээлийн эрсдэлийн шимтгэлийг авах зохицуулалт огт тусгаагүй, зээл олгох явцад бус харин зээл олгосны дараа тухайн зээлийг хянах явцдаа гарах зардлыг түрүүлж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, мөн Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоодохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ банк ХХК биелүүлж, Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийг тус тус үндэслэн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээний 2.1.8-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 5,170,000 төгрөгийг шимтгэл нэрээр суутган авсан нь хууль зөрчөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ГБ-д холбогдох 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.1.8 дугаар зүйлийн зээлийн гэрээний Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний 2.1.8 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 5,170,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Бүби Бегимийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ГБ-д холбогдох 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2205176972 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.1.8 дугаар зүйлийн зээлийн гэрээний Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний 2.1.8 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 5,170,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС