Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 242

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Хохирогч Б.М,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Майбаяр /2154/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /0204/,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын З-д холбогдох эрүүгийн 201726030699 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С аймгийн М суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,,,, оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б-ын З нь:

 

- 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ,,, дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр Б.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ салхилуулаад явж байтал манай хүүхдийг нэг адилхан хүүхэд түлхээд байсан талаар манай хүү надад хэлэхээр нь “чи ч гэсэн адилхан байл даа” гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нөгөө хүүхдийн аав нь гэх хүн гарч ирээд “чи яахаараа хүүхдэд ийм юм зааж өгдөг юм” гээд гараад ирсэн. Бид хоёр маргалдсан бөгөөд тэр гэнэт намайг цохих шиг болсон. Би тэр үед ухаан алдсан байсан. Намайг ухаан алдсаны дараа 2-3 удаа өшиглөсөн гэсэн. Би эмнэлэгийн машин дотор сэрсэн. Би тэр залуугаас 7.000.000 сая төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. / хх 13-15, 16, 40 /,

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ салхилуулаад явж байхад 2 жоохон хүүхдийн аавууд бололтой 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ шанаа руу нь цохиод тонгойход нь өшиглөж унагаасан. Унасан хүн нилээд удаан ухаангүй байдалтай хэвтэж байгаад түргэний машин ирээд аваад явсан. Тэр цохиж унагаасан залуу өөрөө түргэн дуудаж байсан. Зодуулсан залуу нь манай байрны хөрш залуу байсан. Зодсон залууг нь урьд нь харж байгаагүй...” гэжээ. / хх 41 /,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7413 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.М-ны биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй...” гэжээ. / хх 19 /,

 

Шүүгдэгч Б.З-г 2017.06.16-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 25-27/,  2017.08.02-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /,

Шүүгдэгч Б.З-гийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 29, / иргэний үнэмлэхний лавлагаа / хх 30 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20:30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ,,, дугаар байрны гаднах хүүхдийн талбай дээр хүүхдээ салхилуулах явцдаа шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн тохижилтын ажилд тусалж байсан. Тухайн өдөр манай эхнэр ажилтай байсан учраас хүүхэдтэйгээ явж байсан. Би хүүхдээ ,,, дугаар байрны гаднах хүүхдийн талбай дээр тоглуулчихаад цаана нь цэцэрлэгийн тохижилтын ажилд тусалж байсан чинь манай хүүхэд “ааваа” гээд орилоод дуудаад байсан. Тэгэхээр нь харсан чинь 2 том залуу тойроод зогсчихсон, өөрийнхөө хүүхдээр манай хүүхдийг зодуулж байгаа дүр зураг харагдсан. Тэгээд би гүйж очоод “чи юу болж байгаа юм бэ, яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Б.М согтуу хамт байсан залуутайгаа нийлж өөрсдийнхөө бах тавыг хангаж өөрийнхөө хүүхдээр манай хүүхдийг “одоо цохь, өшиглө, мааж” гэх мэтээр зааварчилгаа өгч зодуулж байгаа харагдсан. Тэгээд Б.М-тай маргалдаад байж байтал  Б.М согтуурхаж өөдөөс “ална” гэх мэтчилэн юм яриад байсан. Тэгээд манай хүүхдийн хацар нь улайсан, хамрыг нь маажсан байсан болохоор нь миний огцом уур хүрч нэг удаа толгой руу цохиж, нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б.М-ыг ухаан алдаад унахаар нь түргэн тусламж дуудсан. Тэгээд хажууд байсан гэрч цагдаа дуудсан байсан. Тэгээд эмнэлгийн машин, Цагдаагийн машин хоёр зэрэгцэж ирсэн. Би Цагдаагийн машинд  Б.М эмнэлгийн машинд сууж явсан...” гэв.

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20:00 цагийн үед хүүхдээ салхилуулж явсан. Манай хүүхэд 4 нас настай. Манай хүүхэд над дээр уйлсан ирсэн. Энэ хүүхэд миний машиныг булааж аваад намайг түлхээд цохиод байна, би яах вэ гэсэн. Тэгээд би хүүхэддээ “чи хүүхэдтэй адилхан тогло, тогловол тогло, боливол бол” гэж хэлсэн. Тэгээд яриад зогсож байтал З ирээд “чи яахаараа хүүхэддээ юм зааж өгдөг билээ” гээд их ууртай байсан. Би тэр хүүхдүүдийг хооронд нь зодолдуулаагүй, манай байрны ойр орчмын хүмүүс намайг байнга хүүхдээ салхинд гаргадаг гэдгийг мэддэг. Тэгээд би “чиний хүүхэд яахаараа миний хүүхдийн машиныг булаадаг билээ” гээд ярьж байтал З намайг цохиод унагаасан. Тухайн үед юу болсныг тэр мөчөөс хойш санахгүй байгаа. Би түргэний машин дотор сэрсэн. Би 20-30 минут ухаан алдсан байсан. З надаас уучлалт гуйгаагүй. З хууль мэддэг гээд нэг эгчтэй ирээд дайрч давшилсан. Тэгэхээр нь би “чи ингэж ярьж байгаа бол би чамаас 7.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн. З хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байгаа. Би хохиролд 1.147.900 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Б.З нь  2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ,,, дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр Б.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд:

- Хохирогч Б.М-ны “...Тэгээд яриад зогсож байтал З ирээд “чи яахаараа хүүхэддээ юм зааж өгдөг билээ” гээд их ууртай байсан. Би тэр хүүхдүүдийг хооронд нь зодолдуулаагүй, манай байрны ойр орчмын хүмүүс намайг байнга хүүхдээ салхинд гаргадаг гэдгийг мэддэг. Тэгээд би “чиний хүүхэд яахаараа миний хүүхдийн машиныг булаадаг билээ” гээд ярьж байтал З намайг цохиод унагаасан. Тухайн үед юу болсныг тэр мөчөөс хойш санахгүй байгаа... Намайг ухаан алдсаны дараа 2-3 удаа өшиглөсөн гэсэн....” гэх мэдүүлэг / хх 13-15, 16, 40 /,

- Гэрч Э.М-ийн “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ салхилуулаад явж байхад 2 жоохон хүүхдийн аавууд бололтой 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ шанаа руу нь цохиод тонгойход нь өшиглөж унагаасан. Унасан хүн нилээд удаан ухаангүй байдалтай хэвтэж байгаад түргэний машин ирээд аваад явсан. Тэр цохиж унагаасан залуу өөрөө түргэн дуудаж байсан...” гэх мэдүүлэг / хх 41 /,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7413 тоот шинжээчийн “... Б.М-ны биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх 19 /, шүүгдэгч Б.З-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 850 /найман зуун тавин/ нэгж буюу 850.000 / найман зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.З-гийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.З нь  гэм буруугийн талаар маргаагүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд:

Хохирогч Б.М нь бензин, шатахууны төлбөрт 66.000 төгрөг, эмчилгээний зардалд 559.695 төгрөг, өмгөөллийн төлбөр 500.000 төгрөг, нийт 1.147.695 төгрөг нэхэмжилснээс 625.695 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, 22.000 төгрөгийн / шатахууны төлбөр / баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн өмгөөллийн төлбөр болох 500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй гэж дүгнэж, хангахгүй орхив.

Хохирогчийн зүгээс эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ бүрэн хийгдээгүй гэж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч цаашид хийгдэх эмчилгээ, сувилгаатай холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                    ТОГТООХ нь:

          1. Х овогт Б-ын З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 850 /найман зуун тавин/ нэгж буюу 850.000 / найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.З-д оногдуулсан 850.000 / найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.З нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.З-д оногдуулсан 850.000 / найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З-гаас 625.695 / зургаан зуун хорин таван мянга зургаан зуун ерэн таван / төгрөг гаргуулан хохирогч Б.М-т олгосугай.

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД