Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

Б.Э-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Л.Солонго,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/236 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Э-д холбогдох 2128001680097 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Б овгийн Б-ын Э, эрэгтэй,

Яллагдагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчимд Ө аймаг, Д сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.7 дугаар зүйл “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг зөрчиж, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Haojue” загварын мотоцикл жолоодож явсан Б.О-ын баруун талаас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Б.О-ын амь нас эрсдэж, мотоциклийн зорчигч Б.С-ийн эрүүл мэндэд баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Э-д холбогдох 2128001680097 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 662757 дугаартай яллагдагч Б.Э-ны жолоочийн үнэмлэх, НИК шатахуун түгээгүүрийн станцын хяналтын камерын бичлэг бүхий СД болон цогцосны үзлэгийг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн бичлэг бүхий СД зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгон-Эрдэнэд даалгаж, яллагдагч Б.Э-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргасан байхад шүүхээс уг магадлагаа нь ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэгдэж байгааг болон ямар тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан магадлагааг нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх талаар, түүнчлэн “мөрдөгч” нь зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар магадлагаа гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхэд тус тус дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан болох мөрдөгч магадлагаа гаргасан нь яллах талыг баримталсан хэмээн буруутгаснаар хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болгож, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн. Мөн шүүх дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “прокурорт хүсэлт гаргана” гэж тэмдэглэсэн боловч хэрэг прокурорын хяналтад шилжих, прокурор хэргийг хянах 14 хоногийн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ноос мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх /яллах дүгнэлт үйлдэх хүртэл/ хугацаанд ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй.

Хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулж дуусгасан хугацааг тэмдэглээгүй гэх техникийн шинжтэй алдаа нь яллагдагч Б.Э-ийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлэхэд нөлөөлөхгүй байхад “боломжит хугацаа” гэх хуульд заагаагүй нэршлээр прокурорыг буруутгаж, өмгөөлөгчийн тайлбар няцаагдахгүй байгаа мэтээр дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдлыг нотлох талаар заасан ба “бага насны хүүхдийн асрамж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эд хөрөнгийг хамгаалах, бусдад хариуцуулах” ажиллагаа нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтуудад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор хийж гүйцэтгэх ажиллагааг, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.7 дахь заалтуудад прокурор хэргийг хянан үзээд гаргах шийдвэрийг, хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд шүүхийн шийдвэрийн удиртгал, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгүүдэд тусгавал зохих зүйлийг нэг бүрчлэн зааж өгсөн. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл яллагдагч нь бага насны хүүхэдтэй байх тохиолдолд түүний хуульд заасан эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор мөрдөгч, прокурор, шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргахааргүй байна. Мөн шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагаа нь хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй болохыг шүүх анхаараагүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах ба мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах журамтай.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан яллах, цагаатгах нотлох баримтыг харьцуулан эх сурвалжийг нь магадлан, бодит байдлаар хянаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1, 32.10 дугаар зүйлийн 8, 31.10 дугаар зүйлийн 1, 32.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл тусгай мэдлэгтэй шинжээч дүгнэлт гаргах шаардлагатай. Энэхүү хэргийн хувьд мөрдөгч магадлагаа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч магадлагаа гаргах эрхтэй ч тусгай мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг. Харин мөрдөгч Б нь тусгай мэдлэг эзэмшсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохдоо эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Яллах болон цагаатгах талын баримтад үндэслэн ажиллагаа явуулах ёстой мөрдөгч өөрөө шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэт яллах талыг барьсан гэх шүүгчийн захирамжид заасан дүгнэлттэй санал нэг байна. Одоогийн байдлаар хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Л.Солонгын 2021 оны 12 дугаар сарын 10ы өдөр бичсэн 11 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын  мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Б-ын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-нд “...мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа” гэж магадлагааг гаргагч эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээллийг тусгасан. /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.” гэж мөрдөгчийн эрхийг зааснаар мөрдөгч Б.Б нь зам тээврийн ослын хэрэгт холбогдуулан эрх бүхий албан тушаалтны магадлагааг гарахтай холбоотой тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байна.

Яллагдагч Б.Э, өмгөөлөгч Н.Нарангарав нарт 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд /1 хх-218/ ” ...1. Яллагдагч Б.Э, өмгөөлөгч Н.Нарангарав нар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт /гомдол/: 1. Шинжээч томилох, 2. Эрхэмбаатараас мэдүүлэг авах хүсэлтээ тусгайлан бичгээр гаргана.” гэж тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Оролцогч хавтас хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана: 6.1. мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол” гэсэнтэй нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хэргийн матеиалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.” гэж заасныг зөрчин хэргийн оролцогчийн хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг хяналтын прокурор Л.Солонгод гаргаж, хэргийг эд мөрийн баримтын хамт шилжүүлжээ./1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/

Хяналтын прокурор Л.Солонго нь мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан асуудлыг  хяналгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 100 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /1 дүгээр хавтаст хэргийн 220-225 дахь тал/, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр /1 хх-226/ яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарт /1 хх-226/ яллах дүгнэлт гардуулан өгч, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж байгаа тухай яллагдагч Б.Э-д мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна.

Мөрдөгч, прокурор нарын яллагдагч Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдлыг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн заалтыг мөрдөгч, прокурор нь биелүүлээгүй дүгнэв. 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд хяналтын прокурор Л.Солонгын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/236 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ