Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

иргэдийн төлөөлөгч Л.Норжмаа,

улсын яллагч Д.Оюунгэрэл,  

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, Г.Алтанчимэг,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн,

хохирогч Н.Энхтөр,

гэрч Ж.Мягмар,

шинжээч Т.Чимэд-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огоогийн Цолмон, Нямхүүгийн Базаргүр нарт холбогдох эрүүгийн 201625031305 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. З овгийн О Ц, 1995 оны 4 дүгээр сарын 22-нд Баянхонгор аймагт, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Доргио бааранд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1 дүгээр гудамжны 14а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................  

2. Г овгийн Н Б, 1990 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1 дүгээр гудамжны 17/б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................

                                                  

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч О.Ц, Н.Б нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-14а тоот хашаанд манай өвөө Ж.Мягмарыг зодсон байна гэх шалтгаанаар Н.Энхтөрийг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би өвөөгийнх рүүгээ ороход Энхтөр ах өвөө 2 заамдалцаад, барьцалдаад зогсож байсан. Тэгээд би салгах гээд дийлээгүй учир нүүр рүү нь 2 удаа цохиод салгасан. Тухайн үед би Энхтөр ахад хөгшин настай хүнийг ийм болгоод арай ч дээ гэж хэлсэн. Манай өвөө тухайн үед үнэхээр аймаар болчихсон байсан болохоор би их цочролд орсон. Манай өвөө болон Энхтөр ах нар маш их согтолттой байсан. Тэгээд би найзтайгаа хамт Энхтөр ахыг айлд нь оруулаад та нар битгий архи ууж бай, та нар архи уухдаа зүгээр ууж бай, битгий ингэж зодоон хийж бай гээд явсан. Ийм үйлдлээс болж Энхтөр ахын биед хүнд гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би гэрт ороогүй, гэрийнх нь гадаа Цолмонг хүлээгээд зогсож байсан. Манай найз гарч ирээд манай өвөөг зодсон байна гэхээр нь би гайхаад юу болсон талаар асуухад манай өвөөг зодсон байна гэсэн. Би Энхтөр ахыг цохиогүй, салгасан. Тэгээд би Цолмонгийн хамт хажуу айлд хүргэж өгсөн. Өөр зүйл болоогүй...” гэв.

Хохирогч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 24-ний өдөр Мягмар өвөөгийнд түүнтэй маргалдаад байж байсан нь үнэн. Тэгтэл зээ хүү О.Ц найзтайгаа орж ирээд намайг шууд цохиход нь би эвхрээд унасан. Намайг газар унахад Цолмон, Базаргүр хоёр өшиглөж, цохиод байхаар нь би амьсаглаж чадахгүй байна, хавирга хугалчихлаа гэхэд чиний хаьирга хугарах нь хэнд хамаатай юм гэсэн. Дараа нь намайг чирж гэрээс гаргаад хашааны гадна бас өшиглөж, цохисон. Тэгээд Бэгз гуайнд оруулж өгсөн. Би худлаа ярихгүй. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, гомдол саналгүй. Харин сувилалд явж, эмчилгээ хийлгэх 300.000 төгрөг шаардлагатай байгаа. Энэ явлдаас хойш 3 хоногийн дараа би өөр хүмүүст зодуулсан нь үнэн, гэхдээ миний биед учирсан гэмтлийг Цолмон, Базаргүр нар учруулсан...” гэв.

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ¹80 дугаар бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээ дэмжиж байна…” гэв.

 

Гэрч Ж.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би энэ зодоон болохыг урд өдөр Н.Энхтөрд зодуулсан байсан, юунаас болж зодуулснаа санахгүй байгаа. Гэтэл маргааш нь манай зээ хүү Цолмон өглөө нь орж ирээд та яагаад хүнийг ингэж зоддог юм бэ гээд зодсон...” гэв.

                                                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Н.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 31-нд манай гудамжинд амьдардаг Мягмар өвгөнийд ороход Мягмар нэлээн согтуу ганцаараа байж байсан. Намайг гэрээсээ хөөгөөд зайл гээд цохиж бариад байсан. Тэгээд жаахан шөргөлдөөд байж байтал Мягмарын зээ хүү нэг банди дагуулаад орж ирсэн. Тэгээд ямар ч учрыг ололгүй шууд намайг цохиж унагаад чи өвөөг зодсон байна гээд нийлж байгаад цээж рүү өгшиглөж зодсон. Эхлээд гэр дотроо өшиглөж зодсон, дараа нь гэрээсээ чирч гаргаад гэрийн гадна өшиглөж зодсон. Хамт байсан банди нь бас өшиглөж зодсон. Тэгээд Мягмарын бандид хавирга хугарчихлаа гэхэд тэр банди чиний хавиргах хугараах яадгийн гээд нэмж зодоод дахин хавирга хугалсан. Тэгээд би чүү ай гэж  гэр рүүгээ орсон. Гэртээ босч чадахгүй 2,3 хоночихсон, хөдөлж чадахгүй халуураад байсан. Тэгээд хэвтэж байхад хашааны эзэн Цасанхүү ирж гэмтлийн эмнэлэгт аваачаад, цагдаагийн газарт мэдэгдсэн юм. ...2016 оны 5 дугаар сарын 24-нд зодуулсан юм байна. Би зодуулчихаад бараг 14 хоног гэртэй хэвсэн байна. Бэгзсүрэн өвгөн манайд ирээд хоёулаа Мягмар өвгөнийд очъё гэхээр нь бид хоёр Мягмар өвгөнийд яваад очсон юм. Урьдын урьд өдөр нь бид гурав Бэгзсүрэн өвгөнийд байж байгаад Мягмар өвгөнийд очиж архи уусан. Архи уугаад сууж байтал Мягмар өвгөн чи хүний юм уулаа одоо яв гээд байсан. Тэгээд Бэгзсүрэн бид хоёр гарсан. Тэгтэл араас Мягмар өвгөн гарч ирээд намайг барьж аваад чи яах гээд байна гэхээр нь би явах гэж байна ш дээ гэхэд намайг бариад авсан. Тэгээд зугтаах гэхэд надад чирэгдээд газар унасан юм...” гэжээ /хх-10-12/.

 

Гэрч Ж.Мягмар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сард өдөр хоногийг нь мэдэхгүй байна. Нэг орой 21 цагийн үед Энхтөр нэг хэлгүй хүн дагуулж орж ирээд архи уусан. Би түүнд хандан чи шархаданд хэвтэж үзлээ, архи уувал хэрэггүй, одоо яв гэсэн тэгээд Энхтөр гараад явсан. Тэр үед хашаагаа түгжих гээд цуг дагаад гарахад Энхтөр овоолгоотой чулуунаас аваад миний нүүрийг олон удаа цохьсон. Тэгээд би гэр рүүгээ ороод цус нөжтэйгөө холилдоод хэвтээд өгсөн. Маргааш өглөө Энхтөр дахиад ирсэн, араас нь манай ач хүү Цолмон орж ирэхээр нь би Энхтөрийг заагаад энэ намайг зодчихлоо гэхэд Цолмон яахаараа хөгшин хүн ингэдэг юм гээд алгадаж авдаа газар унагаад үүдэнд зодоод байсан. Тэгээд манай гэрээс чирч гаргасан. Араас нь гарахад Цолмонгын найз хүү ирсэн. Тэгээд л явдал дууссан. Энхтөр гэр рүүгээ явсан...” гэжээ /хх-13/.

 

Гэрч Ж.Бэгзсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны үед байх гэж бодож байна. 21 цагийн үед байх Мягмар манайд орж ирээд сэрээгээд манайд очиж ганц юм ууя гэсэн. Тэр үед Энхтөр манайд ирчихсэн байсан. Бид хоёрыг гарахад Энхтөр бид хоёрыг дагаад гарсан. Мягмар Энхтөрийг үл гэхэд үгэнд орохгүй дагаад явсан. Тэгээд гуравуулаа Мягмарынд ороод дундуур архийг хувааж уугаад гарахад Мягмар бид хоёрыг гаргаж өгөх гээд гарч ирсэн. Тэгээд хашааны хаалганы тэнд очиод Мягмар Энхтөрийг чи дандаа хүний юм уугаад хариу барьдаггүй гээд бариад авсан. Би тэрийг тоолгүй гэр рүүгээ явсан, тэр хоёр үлдсэн юу болсоныг мэдээгүй. Маргааш өглөө нь Энхтөр манайд орж ирсэн. Та хоёр яасан гэхэд юм дуугараагүй. Тэгээд 2 хоносон бөгөөд 2 дахь өглөө нь Мягмар манайд орж ирэхэд нүүр ам нь хавдсан байсан. Юу болоо вэ гэхэд чи өөрөө намайг зодоо биз дээ гэхээр нь Энхтөр та хоёр хоёр хоногийн өмнө ноцолдсон биз дээ гэж хэлсэн. Тэгтэл Мягмар намайг Энхтөрийг дагуулаад ир гэсэн. Энхтөрийг дагуулаад Мягмар өвгөнийд ороход Мягмар Энхтөрийг барьж аваад чи яасан их хүн зоддог хүн бэ гээд орон дээрээ дараад авсан. Тэр үед ач хүү болох шар банди орж ирээд миний өвөөг зоддог хүн энэ мөн үү гээд Энхтөрийн цээж рүү нь хоёр удаа цохисон. Мягмар өвгөний хүү найзтайгаа хоёулаа орж ирсэн. Тэгээд би гарч яваад шууд гэртэй харьсан. Тэгээд сууж байхад Мягмарын ач хүү нэг найзтайгаа Энхтөрийг аваад оороод ирсэн, Мягмар өвгөн бас орж ирсэн. Энхтөр суучихаад юм ярихгүй суугаад байсан. Тэгээд Мягмар хоёр хүүг дугаалаад яваад өгсөн. Энхтөр манайд жаахан ёолж сууж байгаа хавирга гэмтчих шиг боллоо гээд гэр рүүгээ явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтлээ гэж сонссон. Энхтөрийг гэрээс нь аваад Мягмарын очиход Энхтөрийн бие зүгээр, архи нь гараагүй согтуувтар байсан...” гэжээ /хх-17/.

 

Гэрч Э.Цасанхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хамаатны ах Дугарсүрэн утасдаад Энхтөр надад өвчин намдаах эм захиад байна. Хүнд зодуулсан юм уу аясан юм гээд ярихаар нь тэр өдөр яваад очсон. Тэгэхэд Энхтөр ах элгээ эвхээд суучихсан хэвтэж чадахгүй, ярьж чадахгүй, өндөр халуунтай байж байсан. Тэгээд гурав хоног унтаж чадахгүй суугаараа хоносон гэж хэлсэн. Тэр даруйд нь түргэн дуудаад эмч яаралтай хэвтүүлэхгүй бол болохгүй гэхээр нь гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш нь очиход цээжинд нь цус хурсан байна, гуурс тавих шаардлагатай гэж байсан. Би 5 дугаар сарын 30-ны өдөр Энхтөр ахынд очиход ах нэг тал руугаа үл ялиг хазайсан бие нь тааруу байсан. Тэр үед би хальт ирээд явсан болохоор анзаараагүй, яасан юм бэ гэхэд зүгээр зүгээр гээд байсан. Тэгэхэд л зодуулсан байх, 6 дугаар сарын 3-нд очихдоо асууж байгаад хэлүүлэхэд урд айлын хүмүүс зодсон. Тэгээд хавирга хугалчихлаа гэхэд чиний хавирга хугарахад яадгийн гэж хэлсэн гээд уйлаад байсан. Тэгээд би эмнэлэгт байхад нь өөрөөр нь хэлүүлж энэ өргөдлийг бичиж өгсөн юм...” гэжээ /хх-21/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 1012 дугаар актын:

“1.      Н.Энхтөрийн биед зүүн 2,3,4,7,8,9 дүгээр хавирга, баруун 5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016.5.31-нд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлийг авсан дариудаа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.              

5. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1152 дугаар актад:

“1.2 Хавтаст хэргийн материалтай танилцан хавсаргагдан ирүүлсэн цээжний рентген зургийг дахин уншуулж үзэхэд Н.Энхтөрийн биед баруун 4,5,6, зүүн 5,6,7-р хавирга хуучин бороолсон хугаралтай, зүүн 9-р хавирга суганы дунд шугамаар зөрөө багатай сэлтэрсэн хугарал, цээжний хөндийдөх цус алдалт 200 мл гэмтэл тогтоогдлоо.

Уг зүүн 9-р хавирганы суганы дунд шугамаар баруун 6,7,9-р хавирга суганы дунд шугамаар зөрөө багатай сэлтэрсэн хугарал, цээжний хөндий дэх цус алдалт 200 мл гэмтэл нь шинэ гэмтлүүд байх ба үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Хавтас хэргийн материалийн 38-р хуудсан байх Дүрс оношлогооны эмчийн цээж гэрэлд харсан тэмдэглэл байх бөгөөд тухайн үед авсан рентген зураг байхгүй тул шинжээч эмч үнэлэх боломжгүй байна.

4.5 2016.06.07-нд Цээжний хөндийд хатгалт хийж соруулахад 200 мл орчим өтгөн цус гарав гэсэн байх бөгөөд цээжний хөндийдөх цус бага, багаар нэмэгдэж явах боломжтой ба уг цус нь хэдийнээс эхэлж явагдсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /хх 92-93/.   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар актад:

“1. 2016.8.4-ний өдөр шинжээч эмч О.Болороогийн гаргасан 1012 тоот дүгнэлтийн 2,3,4,5-р хариулт үндэслэлтэй, 1-р хариулт үндэслэл муутай байна. 2016.9.14-ний өдөр шинжээч эмч Н.Туяа, Г.Энхбаатар, Ш.Цэцэгмаа нарыг гаргасан 1152 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Энхтөрийн биед зүүн талын 9-р баруун талын 6,7,9-р хавирганы далд хугарал, цээжний баруун, зүүн хөндий дэх шингэн хуралдалт, баруун, зүүн уушгины эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байх бөгөөд үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4. Дээрх гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Н.Энхтөр 2016.6.7-13-ны хугацаанд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх ба  цээжний баруун хөндийд хатгалт хийж шингэнийг /цус/ соруулах болон эмийн эмчилгээнүүд хийлгэсэн байна” гэжээ /хх 147-148/.

Хохирогч Н.Энхтөрийн өвчний түүх /хх 29-39/.

Шүүгдэгч О.Цг хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 786 тоот дүгнэлт /хх 104-106/,

     Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 7-8/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ц нь 2016 оны 5 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-14а тоот хашаанд манай өвөө Ж.Мягмарыг зодсон байна гэх шалтгаанаар Н.Энхтөрийг зодож зүүн талын 9-р баруун талын 6,7,9-р хавирганы далд хугарал, цээжний баруун, зүүн хөндий дэх шингэн хуралдалт, баруун, зүүн уушгины эдийн няцрал бүхий амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Цгийн мэдүүлэг, хохирогч Н.Энхтөр, гэрч Ж. Мягмар, З.Бэгзсүрэн  нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1152 тоот шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалаар хийсэн 80 дугаар акт зэрэг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Н.Бийг О.Цтой бүлэглэн хохирогчийг зодож, амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэж оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй өөрөөр хэлбэл хохирогч Н.Энхтөр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө “…хөрш айлын Мягмартай маргалдаж байтал тэдний хүргэн болон хүүхдүүд аавыгаа өмөөрөн дөрөвүүлээ нийлж намайг зодсон…” гэх бөгөөд таньж олуулах ажиллагаагаар 5 дугаартай О.Цг зааж, намайг зодсон хүн байна, мөн 2 дугаартай С.Огоо гэгчийг зааж, Мягмар өвгөний хүргэн мөн, харин Мягмар өвгөний хүүгийн найзыг сайн танихгүй гэж мэдүүлсэн, түүнчлэн хохирогчоор тогтоон байцаалт авах үед “…ямарч байсан Мягмар өвгөний  шар царайтэй зээ хүү нь байсан, түүний найз бас байсан, шар банди бол өшиглөөд миний хавиргыг хугалсан, яах аргагүй үнэн, хүргэнийг нь би сайн санахгүй байна, хүүгийн найз бас намайг өшиглөж хавиргыг минь хугалсан…” гэх эргэлзээтэй мэдүүлгүүд өгч байсан нь түүнийг мэдүүлгүүдийг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.  Үүнээс гадна шүүгдэгч Н.Б нь О.Ц, Н.Энхтөр нарыг салгасан талаараа тогтвортой мэдүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудаас шүүгдэгч Н.Бийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Цгын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан хүнд хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байх тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, прокуророос шүүгдэгч О.Цгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэх боломжтой байна.

Хохирогч Н.Энхтөр нь гомдол, саналгүй, сувиллын үнэ 300.000 төгрөг нэхэмжилж байна гэснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Ингэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Цгийн эрх чөлөөг хасахгүйгээр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Гэвш овгийн Нямхүүгийн Базаргүрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Шүүгдэгч Зана овгийн Огоогийн Цолмонг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Цд оногдуудсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Бд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц, Н.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                       Б.ХАЛИУН

 

                                                                                         Н.БАЯРМАА