Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1777

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01748 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй,

Ажилгүйдлийн сангаас тэтгэмжид авсан 3 864 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Энхтамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Төвшинтөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Бадамжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс тус компанийн байнгын орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний зөвлөхийн албан тушаалд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 02-19/04-01 тоот тушаалын үндэслэх хэсэгт гэрээг дуусгавар болгох гэж тусгасан нь үндэслэлгүй. Учир нь тус компанийн удирдлага албан тушаалыг хуульд нийцэх үндэслэлгүйгээр хоёр дахь удаа цомхтгох зорилгоор ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Мөн “Н” ХХК нь Г.Ө-тай хөдөлмөрийн харилцаанд орж гэрээний зөвлөхөөр авч ажиллуулсан боловч Г.Ө-тай 1 жилийн хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Өнгөрсөн хугацаанд энэхүү хууль зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор тодорхой тушаал шийдвэрүүдийг гаргаж байсан.

Иймд “Н” ХХК нь байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон Г.Ө-тай хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, талуудын хооронд байгуулсан гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоож, Г.Ө-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н” ХХК-ийн хувьд эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагааныхаа онцлогийг харгалзан Г.Ө-тай хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийг тус тус үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай менежмент /контракт/-ын гэрээг харилцан тохиролцож байгуулсан ба гэрээний зөвлөхөөр ажиллуулсан.

Компанийн орон тооны бүтэц, зохион байгуулалтад уг албан тушаал батлагдаж байгаагүй, компанийн үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагын хүрээнд тодорхой хугацааны хүрээнд бий болсон, компанийн баталсан цалингийн сүлжээний дагуу цалин тооцдоггүй, компани нь төслийн барилга угсралтын үйл ажиллагааны онцлогоос хамааран төслийн үргэлжлэх хугацаагаар гэрээлдэг бөгөөд байнгын ажлын байраар хангах боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Г.Ө-тай байгуулсан менежмент /Контракт/-ын гэрээний 11.1-11.2 заалтуудыг үндэслэл болгон тус гэрээг сунгахгүй болсон тухайгаа бичгээр 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/15 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн ба тухайн үед хүлээн авч танилцан гарын үсэг зурсан.

Бидний зүгээс хуулийн үндэслэл бүхий тушаал гаргаж хөдөлмөрийн харилцааг гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд дуусгавар болгосон. Энэ талаар ажилтанд урьдчилан мэдэгдсэн ямар нэгэн эрхийн зөрчил гаргаагүй болно.

Хэрэв уг албан тушаал нь байнгын ажлын байр гэж үзэж байсан бол гэрээ байгуулах үед аль эсвэл гэрээ байгуулагдсан өдөр мэдэж байсан ба энэ талаар ямар нэгэн санал гаргаж байгаагүй атлаа, мөн гэрээг 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдсөний дараа гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл хүргүүлэхэд мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан.

Энэ үед мөн л санал, гомдол гаргаагүй атлаа гэрээ дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дагуу гомдолтой мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч Г.Ө-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ө- нь манай компанид гэрээний зөвлөхийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар чөлөөлөгдсөн юм.

Шүүхэд маргаан хянагдаж байхад ажлаас халагдсаны тэтгэмж авсан нь Г.Ө-ын буруутай үйлдэл бөгөөд ажилгүйдлийн сангаас үндэслэлгүйгээр тэтгэмж авсан. Үүнээс шалтгаалж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс манай компанийн нийгмийн даатгалын тайланг хүлээн аваагүй.

Нийгмийн даатгалын тайлангаа хуулийн хугацаанд нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж баталгаажилт хийлгээгүй тохиолдолд нийт ажилтан албан хаагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, шимтгэл төлөлтийн мэдээлэл баталгааждаггүй тул манай компани олон ажилтан, албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс нийгмийн даатгалын нөхөн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.

Гэтэл ажилгүйдлийн сангаас тэтгэмж үндэслэлгүй авсан Г.Ө-ын тэтгэмж түүнтэй холбоотой алдангийн нийт дүнг төлж барагдуулсан тохиолдолд нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулах боломжтой талаар бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу бид нийгмийн даатгалын байцаагчийн актын дагуу дээрх төлбөрийн дүнг бүрэн төлж барагдуулаад байна.

Г.Ө- нь ажилгүйдлийн сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжээ санд буцаан төлсөн тохиолдолд манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн өр төлбөр үүсэхгүй байсан.

Нийгмийн даатгалын хэлтсээс нийт 6 139 500 төгрөгийн акт тавигдсан бөгөөд актын дүнгээс Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаартай тогтоолын дагуу 2 275 000 төгрөгийн шимтгэл нь төлбөл зохих шимтгэл тул хасч тооцох учиртай. Харин үлдэх 3 864 500 төгрөгийг Г.Ө- ажилгүйдлийн сангаас тэтгэмж хэлбэрээр авсан мөнгөн хөрөнгө бөгөөд манай компани нийгмийн даатгалын хэлтсийн шаардлагын дагуу төлж барагдуулсан.

Иймд 3 864 500 төгрөгийг Г.Ө-аас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Ажилгүйдлийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3 864 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд хөдөлмөрийн маргаанаа шүүхээр өмнө шийдвэрлүүлэх явцдаа эвлэрлийн гэрээ байгуулж маргааныг шийдвэрлэсэн бөгөөд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ хүчинтэй байгаа.

Өмнөх хөдөлмөрийн маргаантай холбогдуулан талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд энэхүү асуудлыг зохицуулж, тусгаагүй тул нэхэмжлэгч буюу Г.Ө- дээрх төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй. Одоо тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хөдөлмөрийн маргаан нь ажил олгогчийн өөр тушаалаар Г.Ө-ыг ажлаас дахин чөлөөлсөнтэй холбогдох маргаан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Нөгөө талаас Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн акт нь ажил олгогч “Н” ХХК-д холбогдох захиргааны акт бөгөөд энэхүү актаар Г.Ө-т ямар нэг үүрэг хүлээлгээгүй тул энэхүү мөнгөн төлбөрийг Г.Ө- хариуцан барагдуулах үндэслэлгүй.

Ажил олгогчийн зүгээс энэхүү захиргааны акт тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хөндөж байгаа гэж үзсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ө-ыг гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 13 543 883 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ө-ын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Н” ХХК-д хариуцуулж,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-ийн Г.Ө-т холбогдуулан 3 864 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-аас 372 651 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Г.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь миний ажиллаж байсан гэрээний зөвлөхийн албан тушаал нь байнгын ажлын байр байтал түр хугацаагаар хугацаатай менежментийн гэрээ байгуулж ажиллуулсан нь буруу юм гэж маргасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гэрээний зөвлөхийн албан тушаал нь байнгын ажлын байр гэж үзэх үндэстэй байна гэж хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй алдаатай болсон.

Хариуцагч "Н" ХХК-д гэрээний мэргэжилтний үндсэн бүтэц, ажлын байрны орон тоо байдгаас гэрээний зөвлөхийн батлагдсан орон тоо, ажлын байр байхгүй. Компанийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж түр хугацаагаар хугацаатай гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байсан ажил, албан тушаал юм.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хариуцагч “Н” ХХК-ийн зүгээс компанийн бүтэц, ажлын байрны болон цалин хөлсний батлагдсан сүлжээг нотлох баримтаар гарган өгч нэхэмжлэгч Г.Ө-ын гэрээний зөвлөхийн орон тоо байнгын ажлын байрны бүртгэлд байхгүй болохыг, мөн байнгын ажлын байранд зөвхөн гэрээний мэргэжилтний орон тоо байгаа болохыг баримтаар нотолсон.

Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Г.Ө- нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой урьд хянагдаж байсан маргааны үеэр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан болох нь баримтаар тогтоогдсон байтал уг асуудал дээр шүүх ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй атлаа сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хэргийг алдаатай шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "хариуцагч “Н’’ XXК нь байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон ажилтан Г.Ө-тай хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээ нь хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нь нэхэмжлэгчийн эрх гэж үзэн хүлээн авч хариуцагч талаас хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэтэл шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Ө- хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, уг гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажилгүйдлийн сангаас тэтгэмж хэлбэрээр авсан 3 864 500 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

 “Н” ХХК болон Г.Ө- нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 125 дугаар Менежментийн гэрээ /контракт/ байгуулагдсан, хариуцагч “Н” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/15 тоот албан бичгээр дээрх гэрээний хугацаа сунгахгүй, гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож байгаа талаар мэдэгдсэн, мөн тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-19/04-01 тоот тушаалаар Г.Ө-тай байгуулсан Менежментийн гэрээ /контракт/-г 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй тул “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаар магадлалаар талуудын хооронд контрактрын гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар өөр дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 125 тоот  Менежментийн гэрээ /контракт/-г 1 жилийн хугацаатай байгуусан ба уг гэрээний 11.2 дахь хэсэгт зааснаар хугацаа дахин 1 жилээр сунгагдсан байна.

 

Хариуцагч “Н” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/15 тоот албан бичгээр гэрээг сунгахгүй, гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгохоор нэхэмжлэгч Г.Ө-т мэдэгдсэн, улмаар тушаал гаргаж гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасанд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч Г.Ө-аас хохиролд 3 864 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Учир нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн акт болон Хяналт шалгалтын зөвлөмжид “Н” ХХК нь “Г.Ө-ын 2018 оны 02-08 дугаар саруудын шүүхийн шийдвэрийн дагуу олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох 17 750 000 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй” гэсэн зөрчлийг тогтоосон байх ба уг зөрчил нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоогүй тул хариуцагч хохирол шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2, 3 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж уг заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Н” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хариуцагч “Н” ХХК байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоолгож, энэхүү гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох тухай Г.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, уг заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

5 дахь заалтыг 3 гэж, 6 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА