Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 513

 

Б.Г-т холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хохирогч Ж.Н-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Б.Г-т холбогдох 1738004530133 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б Г.

Б.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** байрлах өөрийн “***” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-ыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 974,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-ад олгож, 215,600 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г- гаргасан гомдолдоо “...Хохирогч Ж.Н-ын гарган өгсөн хохирлын баримтууд дотор 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Оюу ундраа” эмнэлгийн эмчилгээний төлбөр 210,000 төгрөг гэх баримт нь давхар эмчлүүлэгчийн өвчтөний түүх зэргээр нотлогдоогүй, өөрөөр хэлбэл хохирогч нь тархины доргилтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх нь эргэлзээтэй байхад шүүгч тархины доргилтын эмчилгээ хийлгэсэн нь үнэн байна гэж таамаглаж шийдвэрлэсэн.

Мөн хохирогч Ж.Н-ын биед 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэмтэл учирсан гэдгийг шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр тогтоож түүний биед учирсан гэмтэл нь “ ...тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт орно. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж заасан байгаа нь уг хөнгөн гэмтэл нь хохирогчийн биед үзүүлэх хор уршиг дөрвөн 7 хоногоос хэтрэхгүй гэдгийг тодорхойлсон гэж ойлгогдож байна. Гэтэл хохирогчийн эм худалдан авсан гэх зарим баримтууд нь 2018 оны 04 сарын 05-ны өдөр, 2018 оны 05 сарын 11-ний өдөр гэх мэтээр үйл баримт, цаг хугацааны хувьд илт зөрүүтэй материалыг бүрдүүлэн өгсөн байхад шүүгч үнэлсэн.

Шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт шүүгч ямар баримтуудыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж үндэслэл бүхий шийдвэр гаргасан нь эргэлзээтэй гэж үзэн, дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа хэлсэн саналдаа “Миний бие үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогч нь хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтуудыг шалгах, эх сурвалжийг тодруулах шаардлагатай байгаа тул хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд дээрдүүлнэ гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай нийцээгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд өгсөн, үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн гэдэг. Гэмт хэргийн улмаас хохирогчид тархины доргилт үүссэн, цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай байсан. Гэтэл аймгийн нэгдсэн эмнэлэг маш их оочир, дараалалтай байсан учраас хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хохирлын талаар гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүгдэгч нь үгүйсгэдэг боловч үүнийг нотолж чаддаггүй энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Г-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** байрлах өөрийн “***” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

       ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН