Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2017/0572

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

“Як” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг,  нэхэмжлэгч А.Бадамдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, гуравдагч этгээд “Ар Эс И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Як” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Як” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “29,37 га талбайг “Ар Эс И” ХХК-д олгосон хайгуулын XV-2019846 дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг “Өсөх түмэн баясах” ХХК-д олгосон хайгуулын XV-019564 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “Нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий этгээд болох Ж.Галтбаяр гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулан гаргасан болно. Нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд болох Ж.Галтбаярын эрх нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүсч, хувьцаа эзэмшигч нар Ж.Галтбаярыг “Як” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай гэрээг амаар байгуулж, улмаар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Ж.Галтбаярыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, мөн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/038 дугаартай албан бичгээр Ж.Галтбаярт шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх гэх мэт эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон болно. Гэтэл анхан шатны шүүх Ж.Галтбаяраас гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын талаар дүгнэлт хийсэн хирнээ Ж.Галтбаяраас гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд А.Бадамдорж, Х.Бямбажав, В.Батжаргал нар оролцсон байхад зөвхөн Х.Бямбажавыг шүүх хуралдаанд оролцсон мэтээр бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, Уул уурхайн сайдын 2014 оны 203 дугаар тушаал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь хэсэгт заасныг баримтлахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт зааснаас үзэхэд тухайн талбайд эрдэсийн хуримтлалтай эсэхээс үл хамааран уг талбайд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд олгож болохоор заасан байна. Бидний хүсч буй талбай нь өргөдлийн журмаар олгогдох талбайд хамаарч байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний 7/522 хариу тайлбартаа уг талбай сонгон шалгаруулалтаар олгох талбайд хамаарч байгаагаар хариу тайлбар ирүүлжээ. Бидний хүсч буй талбай нь Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу өргөдлөөр олгох талбайд хамаарч, уг тогтоолын 27575-27643 дугаар мөрөнд байрлах дүрсэнд багтаж байгааг тогтоолоос болон Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас харж болно. Энэ нь уг талбайд эрдсийн хуримтлалгүй гэдгийг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг шалгаж дүгнэлт гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөлийн аль аль нь бий болоогүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч  “Як” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших 29.37 га талбайг “Ар Эс И” ХХК-д олгосон хайгуулын XV2019846 дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг “Өсөх түмэн баясах” ХХК-д олгосон хайгуулын XV-019564 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгодог бөгөөд түүнийг ердийн болон түгээмэл тархацтай гэж ангилан үзэж болно.

            Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзвэл ердийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах харилцааг энэ хуулиар, харин түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах,  нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж ойлгоно.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Булган аймгийн Засаг дарга нь Түгээмэл, тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу “Як” ХХК-ийн өргөдөлд дурьдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх ба Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр “өргөдөлд дурдсан талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи судалгааны ажлын явцаар тогтоогдсон эрдсийн хуримтлалтай талбай учир уг талбайг олгох боломжгүй” гэж тогтоожээ.

            Нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайд түгээмэд тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн боломжгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичгээр хүргүүлсэн дүгнэлтийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

          Тодруулбал,

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.11-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байх   бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь дээрх солбицлоор тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй.

Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг 8.1 “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана”, 8.2 “Улсын тусгай хамгаалалттай болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраас бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг  шийдвэрлэнэ” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд Засгийн газрын бүрэн эрхийг болон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг өөр өөрөөр тодорхойлсноос үзвэл солбицлоор тогтоосон талбайд гагцхүү Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж, Засгийн газраас тогтоосон талбайн солбицолд хамаарахгүй, тухайн орон нутагт харъяалагдах нутаг дэвсгэрт хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй, эрх бүхий төрийн захиргааны байгууллага зөвшөөрсөн талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж ойлгохоор байна.

 

 Дээрхээс үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан талбайн солбицолд хамаарч байгаа тохиолдолд эрдсийн хуримтлалтай эсэхээс үл хамаарч татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн өргөдөлд дурьдсан талбай эрдсийн хуримтлалтай эсэх нь хамааралгүй, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон тул захиргааны акт хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “шүүх хууль буруу хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүх “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших 29.37 га талбайг “Ар Эс И” ХХК-д олгосон хайгуулын ХV-2019846 дугаар тусгай зөвшөөрөл, 300,82 га талбайг “Өсөх түмэн баясах” ХХК-д олгосон хайгуулын XV-019564 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцжээ.

Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Ар Эс И” ХХК-д хайгуулын XV2019846 дугаар тусгай зөвшөөрөл, “Өсөх түмэн баясах” ХХК-д хайгуулын XV-019564 дугаар тусгай зөвшөөрөл тус тус олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар өргөдөл гаргасан, Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх зүйн харилцаа үүсгээгүй нэхэмжлэгч “Як” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндөөгүй, түүнд шууд хамааралгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх нь зөв, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүх “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж дүгнээгүй тул “компанийг төлөөлөх эрхтэй этгээд Ж.Галтбаяраас гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцсон оролцогчдыг бүрэн бичээгүй орхигдуулсан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй байх тул “шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                            

                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.БАТБААТАР  

                                  ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН       

                                  ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН