Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

С.О- холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ган-Эрдэнэ  /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/324 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.О-т холбогдох 2129000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

У овгийн С-ийн О, эрэгтэй

Шүүгдэгч С.О нь 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Х сумын Н баг Б гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Б-тай блокон хашаа барих үнэ, өртгийн талаар ярилцаж байхдаа хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар зэвсэг хэрэглэн иргэн С.Б-ын хэвлий орчимд 1 удаа хутгалж, хэвлий, цээжний хөндий рүү нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн хэвлийн хана дахь хутгалагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь С.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдсон тул С.О-т холбогдох 2129000000128 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.О-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг агуулгаас зөрүүтэй ойлгож, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Прокуророос С.О-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан яллагдагчид 3 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан бөгөөд С.О-т холбогдох хэрэг нь хорих ялын доод хэмжээг 5 жилээр тогтоосон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой хэрэг байхад шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг агуулгаас нь зөрүүтэй ойлгож, буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Хуульд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүхэд шилжүүлсэн бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан.

Гэтэл шүүх дээрх хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан, мөн шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шийдвэрийн удирдлага болон захирамжилсан хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг баримталсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг, мөн шүүгдэгчийн эх зүйн байдлыг дордуулж хэргийг прокурорт буцаасан нь тухайн зүйлийн 5 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн.

Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан буюу “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх  хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны талаарх журмыг баримтлахгүй болохыг шүүх анхаараагүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийг журам зөрчсөн гэж үзэн прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасан заалтыг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Ган-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичсэн 02 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт яллагдагч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /хх-79/ “...С.О миний бие холбогдсон хэрэгтээ өөрийн буруудаа гэмшиж, буруугаа хүлээж хохирогч С.Б-д бүх хохирол, гомдлыг барагдуулсан нь үнэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь С.О-ын “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг хангаж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 66 дугаартай тогтоолыг гаргаж, яллагдагч С.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 80-81 дэх тал/

Яллагдагч С.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2021/ШЗ/319 дугаартай шүүгчийн захирамжийг гаргаж яллагдагч С.О-т холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас хэргийн оролцогч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоожээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч С.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргаагүй нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авч,  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/324 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Яллагдагч С.О-т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очтол яллагдагч С.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ