Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч А.Нямсүрэн,  

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат,

хохирогч Э.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбатын Батмөрөнд холбогдох эрүүгийн 201725030145 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

И овгийн Э Б, 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод аймагт, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ын 4-р дамжааны оюутан, ам бүл 6, эх, ах, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 24-54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар..................... 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн талд Ц.Цогтбаяртай зам тавьж өгөх асуудлаар маргалдан машин руу нь нулимлаа гэх асуудлаас болж, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар хотхоны 10 дугаар байрны гадна Э.Буяннэмэхтэй эхнэр Б.Оюунчимэгийг явдалтай хүүхэн гэж ярьсан гэх шалтгаанаар тус тус маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Цогтбаяр гээд таксины жолоочтой маргалдсан асуудал дээр хүмүүсийн хэлж байгаа шиг айхтар сүртэй зүйл болоогүй. Байрны голд байдаг 100 метр зайтай зам тийшээ орох гэж байсан чинь Цогтбаяр гэдэг таксины жолооч өөдөөс тулж ирээд би ухраад өгсөн чинь хажуугаар гарахдаа “урсгал сөрөөд байна бандиа” гээд намайг хараасан, миний улаан шүүр рүү нулимсан. Би хөөе гээд дуудахад зугтаахаар  нь араас нь гүйгээд очсон. Миний хувьд гомдолтой байгаа. Тухайн үед зөндөө олон жолооч нар байсан. Би өөрийн утаснаас залгаж цагдаа дуудах гэсэн боловч миний утасны цэнэг дуусчихсан байсан.  Тэгээд Энхбат гэдэг хүний утсаар би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Энэ нь бичиж тэмдэглээстэй байдаг бол би дуудлага өгсөн хүний нэр гэхэд нь тэмдэглүүлсэн. Буяннэмэх гэх залуутай буруу ойлголцсоноос болж маргалдсан. Гэхдээ нэг их сүртэй зүйл болоогүй. Буяннэмэхтэй маргалдах үед миний төмсөг рүү өшиглөсөн, намайг бас цохисон. Надад гэмтлийн зэрэг гарсныг хэрэгсэхгүй болгосон байгаа. Мөн би Буяннэмэх гэх залуутай уулзаж уучлалт гуйсан боловч намайг 7 сая төгрөг өг гэсэн. Би ийм их мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн...” гэв.

Хохирогч Э.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр орой ажилтай явж байхад Жавхлан гэх залуу залгаад чиний өмнөөс хүнд зодуулчихлаа гэж над руу орилж байсан. Юу болсон талаараа тайван хэл гэхэд ойлгомжгүй зүйл хэлж байсан хажуунаас нь нэг залуу утсыг нь аваад Буяннэмэх үү гэхэд тийм байна гэсэн чинь би чамайг ална, одоо 5, 6 залуутай гэрийн чинь гадаа очиж ална эсвэл хаана байгаагаа хэлээдэх, байгаа газар чинь очиж ална, би бол шийдчихсэн хүн шоронгийн хулгайч гэх зэргээр ярьж намайг дарамталсан. Би юу яриад байгаа юм танихгүй байна гээд утсаа тасалчихсан. Тэгэхэд дарааллаад над руу 3, 4 удаа залгахад нь би аваагүй, сүүлдээ “гэрийн чинь гадаа ирчихсэн байна, гэртээ ирэхгүй бол гэрийнхнийг чинь ална” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ээжрүүгээ залгаад ямар хүн залгаад байгааг нь мэдэхгүй байна, хүн очих юм бол цагдаа дуудаж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай дүүгийн төрсөн өдөр болох гээд гэрийнхээ гадаа машинаа халаагаад сууж байтал Батмөрөн, Оюунчимэгтэй хамт гарч ирээд над руу заахаар нь энэ нөгөө Оюунчимэгийн яриад байгаа хүмүүс нь юм байна гэж ойлгоод бууж очоод Батмөрөн үү гэхэд намайг Буяннэмэх үү гээд “чи учраа олсон уу, хэн тэгж худлаа ярьсан бэ гэж асуухад” учраа олсон гэсэн. Хэн худлаа ярьсан байна гэхэд Батмөрөн ерөнхийдөө учраа олсон, худлаа ярьсан хүнийг надтай уулзуулна гэж хэлэхэд нь би тэгвэл надаас уучлалт гуйчих, би тийм зүйл яриагүй, чи намайг шөнө орой утасдаж дарамталсан гэж хэлэхэд “чам шиг юмнаас уучлалт гуйдаг хүн би биш, чамаас цаадхыг нь алж явсан, шийдсэн хулгайч би шоронгийн хүн гээд надруу дайраад байсан. Чи больж үз чамтай муудалцах шалтгаан байхгүй дүүгийнхээ төрсөн өдөрт явах гэж байна хойноос гэрийнхэн гарч ирнэ гээд хойшоо алхаад зайгаа барьсан. Батмөрөн тэгэхэд хоёулаа уулзнаа би чамайг алнаа гэхэд нь тэгээрэй болох байлгүй дээ гээд салсан чинь хойноос хүрч ирээд намайг цохиод газар унагаагаад дээрээс зодсон. Одоо хамрын хугарлаас болж 3 цагийн зайтай хамар байнга битүүрч цацлага цацаж байгаа. Шөнөдөө унтахад 2-3 сэрж цацлага цацдаг бүтэн нойртой унтаж чадахгүй байгаа. Битүү бөхчим орчинд хамар амархан битүүрдэг агааргүйгээс болж зүрх савлах зэрэг хүндрэлтэй. Миний хувьд энэ хэргээс болж эрүүл мэндийн байдлаар хохирогч,  үүнээс шалтгаалж эмчилгээ эм тариа гэх зүйлсүүдийг авч санхүүгийн зардал гарч байна. Мөн Батмөрөнтэй ийм асуудал үүсгэснээс хойш байнгын сэтгэлийн дарамттай байдаг болсон. Хэд хэдэн удаа надруу утсаар ярьж, чамайг алнаа, шийдчихсэн хүн шүү, ялаа аваад явна гэж байсан. Орцны үүдэнд таарахад бас ална гэж хэлж байсан. Иймэрхүү байдлаар эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирол учраад байгаа. Худлаа ярьсан хүмүүсээ олж мэдсээр байж тэр хүмүүстэйгээ учраа олохгүй намайг тийм хачин юманд хутгачихсан. Өнөөдрийг хүртэл авсан мөнгө байхгүй хохирол төлбөрөө барагдуулж авах саналтай байна...” гэв.       

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ц.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн эзэмшлийн 37-17УБЕ улсын дугаартай автомашинтайгаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завьяа дэлгүүрийн ард байран дунд байдаг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй нэг урсгалтай замаар явж байхад өөдөөс урсгал сөрөөд дугаарыг нь санахгүй байна хар өнгийн ВМW маркийн автомашин гарч ирээд би зай тавьж өгөөд зөрсөн, зөрөхдөө би энэ чинь уг нь нэг чигийн урсгалтай зам гэж хэлэхэд миний өөдөөс чамд ямар хамаатай юм, чи зохицуулдаг юм уу гэж хэлэхээр нь би машин руу нь нулимсан чинь тэр залуу бас миний машин руу нулимсан. Тэгээд салаад явсан ба би их дэлгүүрийн зогсоол дээр машинаа байрлуулах гэхэд зогсоол байхгүй болохоор нь барилгачдын талбай руу эргээд тойрч ирэхэд нэг зогсоол гарсан байсан ба тийшээ машинаа тавиад удаагүй байж байтал нөгөө хар өнгийн ВМW маркийн машинтай залуу гэнэт гарч ирээд машины хаалга онгойлгоод намайг цохиод авсан, би бүсээ тайлах гээд болохгүй байхад дахиад 2-3 удаа цохиод авсан. Тэгээд их дэлгүүрийн урд зогсоол дээрээс таксинд явдаг таньдаг хүмүүс хараад гүйгээд ирэхэд тэр залуу зугтаагаад яваад өгсөн. Нөгөө хүмүүс тэрний араас яваад их дэлгүүрийн урд бариад авсан байхаар нь очиж буцаж ирээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-24-25/

            2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Батмөрөн гэх залуугийн нүүрэн тус газрыг сайн ажиглаж хараагүй, цагдаа дээр ирсэн байхад тэр залуу чи миний хамар руу цохисон гээд над руу дайраад байсан. Тэр залуугийн хамар жаахан хавдсан, дух хэсэгт хуучин шалбархай байсан. Тэгээд Батмөрөн гэх залуу намайг битгий цагдаад өгөөч гээд манай эхнэрээс гуйгаад байсан. Тэгэхээр нь би хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэсэн чинь Батмөрөн гэх залуу би ч гэсэн өргөдөл өгнө зодуулсан гээд байсан. Батмөрөн гэх залуугийн хамар духны гэмтлийг мэдэхгүй, тэр залуугийн хувцаснаас бариагүй, гар хүрээгүй. Даваа, Болд, Энхболд нар ч гар хүрээгүй, гар хүрч цохих бололцоо гараагүй Батмөрөн гэх залуу зугтаасан. Би одоо 5 сая төгрөг нэхэмжилж байна. Хуулийн дагуу миний гомдлыг шийдэж өгнө үү...” гэжээ /хх-117/.

Гэрч С.Энхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие үндсэн ажлынхаа хажуугаар хааяа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсож халтуур хийдэг юм. 2016 оны өвлөөс Цогтбаяр гэж хүнийг таньдаг болсон. Хамт уг зогсоол дээр зогсдог байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зогсоол дээр машин дотроо сууж байгаад хажуу тийшээ харахад Цогтбаярын машины жолооч талын хаалгыг нэг өндөр залуу онгойлгочихсон Цогтбаярыг зодож байсан. Тэгээд гүйж очиход тэр өндөр залуу зугтаагаад яваад өгсөн. Цогтбаяр машин дотроо хамраас нь цус гоожсон байдалтай сууж байсан. Сайн харахад хамрыг нь яз цохисон байсан. Тэр зодож байсан залуугийн гарт түлхүүр байсан бөгөөд түлхүүрээ гартаа зодооны хэрэгсэл шиг барьсан байсан. Тэр залууг зугтаахаар нь манай тэр хавьд зогсдог 2 жолооч хойноос нь гүйгээд дагуулаад ирсэн, яасан юу болсон талаар сонсоход Мөнгөн завъяагийн хойд талд маргалдсан юм шиг байна лээ. Урсгал сөрснөөс болсон гэж юм яриад байсан. Тухайн үед Цогтбаяр манарсан, салгалаад байсан. Хамраас нь маш их цус гарсан байдалтай байсан. Тэр залуу ганцаараа явж байсан. Тэр залууг хаанаас яаж ирснийг мэдэхгүй анзаараагүй ээ, хажуу тийшээ харсан чинь л хаалгыг нь онгойлгочихсон зодож байсан...” гэжээ /хх-26-27/.

Гэрч Ө.Болд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр үед би машинтайгаа зогсоод машин дотроо утсаар яриад сууж байхад тэр залуу миний зүүн талд машиныхаа түлхүүрийг барьчихсан зогсож байсан. Удалгүй миний машины ар талд Цогтбаяр ирээд зогсчихсон байсан. Тэгсэн миний машины ар талд чанга чанга дуугараад байхаар нь толиндоо харсан чинь Цогтбаярын машины жолоочийн талын хаалга онгойлгож машины түлхүүр барьчихсан миний машины хажууд зогсож байсан залуу Цогтбаярыг зодож байхаар нь машины хаалга онгойлгож буугаад хөөе миний дүү хүнийг ийм болтол зодож болохгүй яах гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу шууд Улсын их дэлгүүрийн урд талаар зугтаасан. Тухайн үед Цогтбаярын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд тэр залуугийн араас Даваа бид 2 хөөгөөд чи хүн ийм болгочихсон юм чинь зугтаагаад яах вэ цагдаагаар шийдүүлье гэсэн чинь тэр залуу зогсохоор нь би гараас нь барьж аваад дагуулаад Цогтбаяр дээр ирсэн. Удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Энхболд цагдаад дуудлага өгсөн юм. Тэр залуугийн биед гэмтэл учирсан үгүйг мэдэхгүй байна бид нар тэр залуугийн биед гар хүрээгүй...” гэжээ /хх-125-126/.

Гэрч Н.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Цогтбаяртай Улсын их дэлгүүрийн хажуугийн зогсоол дээрээс таксинд явж байгаад танилцаад 3, 4 жил болж байна. 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой бүрэнхий болж байхад би машинтайгаа ирээд зогсож байхад хажуугаар нь өнгөрч 2 машины өмнө очиж зогсож машинаас буусан чинь Энхболд, Болд хоёр Цогтбаярын машин руу явсан. Тэгэхээр нь яав юу болов гэсэн нэг залуу зам хөндлөн гараад гүйсэн. Цогтбаярын нүүрнээс нь цус гарчихсан намайг зодчихлоо гэхээр нь би тэр залуугийн араас гүйсэн. Тэр залууг дагуулаад Цогтбаяр дээр очсон удалгүй хоёр цагдаа ирсэн. Батмөрөн гэх залууд гар хүрээгүй...” гэжээ /хх-127/.

Гэрч А.Тамирлаан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед хэнтэй хамт эргүүлд гарснаа санахгүй байна. 3-4 таксины жолооч нэг залуугийн хамт маргалдаад зогсож байсан. Тухайн хүмүүс гомдолтой гэхээр нь хэлтсийн байранд аваачиж хэсгийн байцаагч Дамдинсүрэнд хүлээлгэн өгсөн. Зодуулсан гэх Цогтбаярын нүүр хэсгийн энэ тэнд шалбарсан цус гарсан байсан. Тухайн үед Батмөрөн гэх залуу хэнд цохиулсан талаар хэлээгүй...” гэжээ /хх-128/.  

Гэрч Б.Оюунчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Буяннэмэх бид хоёр нэг сургуульд хамт сурч байсан. Батмөрөн бол миний нөхөр байгаа юм. Би маргаан эхлэх үед хажууд нь байсан дэлгүүр орчихоод гарч ирэхэд салцгааж байсан. Манай нөхөр Батмөрөн бид хоёр хүүхдээ аваад зуслан руу явахаар миний төрсөн гэрээс гараад явж байтал орцны үүдэнд Буяннэмэх байхаар нь би нөхөртөө нөгөө олон юм яриад байдаг чинь байна ш дээ гэж хэлээд явтал Буяннэмэх машинаасаа бууж ирээд манай нөхөр рүү Мөрөн үү гэтэл манай нөхөр тийм байна чи Буяка юу гэтэл Буяннэмэх чи надаас уучлалт гуй гэж Батмөрөнд хэлэхээр нь Батмөрөн хариуд яалаа гэж уучлалт гуйлгах гээд байгаа юм гэхээр нь би хажуунаас нь Буяннэмэхэд хандаж чи яах гэж хүнд олон юм яриад байгаа юм. Бид гурав ажилтай байна гэж хэлээд нөхрийгөө явъя гэтэл Буяннэмэх араас хөөе гэж хэлтэл Баттөмөр чи яах гээд байгаан ажилтай байна гэж байсан. Тэгээд би хүүхдээ дагуулаад дэлгүүр орчихоод гарч иртэл Буяннэмэх Батмөрөнгийн куртикны энгэрээс нэг гараараа зуурчихсан байж байхаар нь би нөхөртөө явахгүй юм уу гэж хэлтэл Буяннэмэх Батмөрөнг хоёулаа хэн нь эр хүнээ үзнээ гэж хэлж байсан энэ үед би байрны булан тойроод хүлээлгэж байсан машиндаа очоод байж байхад Батмөрөн ирэхээр нь юу болсон гэхэд жаахан маргалдлаа дахиж ийм асуудал гарахгүй байлгүй дээ гэж хэлээд явцгаасан. Буяннэмэх өмнө миний талаар манай нөхрийн найзыг таньдаг юм шиг байна лээ тэр хүнд миний талаар явдалтай өөртэй нь дуудахаар уулздаг гэж ярьсан байсныг манай нөхөр сонсоод утсаар ярьж байсан гэсэн. Намайг харж байхад нэгнийхээ биед халдаагүй, Буяннэмэх Батмөрөнгийн куртикны энгэрээс зуурсан байсан өөр зүйл мэдэхгүй байна. Буяннэмэхийн биеийн байдлыг Буяннэмэх цаашаа харчихсан машиныхаа хаалгыг онгойлгох гээд байж байсан болохоор би хараагүй ээ. Батмөрөн араас ирээд зодолдсон зүйл яриагүй маргасан л гэж хэлсэн...” гэжээ /хх-51-52/.

Гэрч Д.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үд дунд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-р хотхон 10 дугаар байрны 1-р орцны зүүн талд байрны зүүн талын зогсоол дээр өөрийн 20-17 УНС саарал өнгийн Субару импреза маркийн машинаа халаагаад арчаад зогсож байтал 1 дүгээр орцноос манай эхнэртэй хамт хүүхдээ салхилуулдаг Оюука хүүхэдтэйгээ гарч ирээд надтай мэндлээд явсан араас нь нөхөр нь гарч ирэн нааш явтал орцны үүдэнд байсан залуу орцноос гарч ирсэн залуугийн араас дуудаад тэр хоёр юм яриад байж байснаа гэнэт хоорондоо муудалцаж байгаа бололтой байж байснаа нэгэнтэйгээ барилцаж ноцолдоод саарал жижиг жипний цаад талаар орчихсон. Тэгээд би тэндээсээ хөдөлж явсан тул цааш юу болсныг мэдэхгүй байна. Заамдалцаж байсан хүмүүсийн яриа надад сонсогдохгүй байсан...” гэжээ /хх 99-100/.

Гэрч Б.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Одоо би он сараа санахгүй байна. Тухайн үед би найз Батмөрөнтэй таараад хамт нэг газар сууж архи уусан. Батмөрөн нь урьд нь эхнэр болох Оюунчимэгийг явдалтай гэх сураг дуулсан байсан учраас надаас Буяннэмэх хэр залуу вэ манай эхнэрийн талаар ярьсан гэж байна гэхээр нь Буяннэмэх урьд өмнө надад явдалтай гэсэн утгатай юм хэлж байсан гэж Батмөрөнд хэлсэн. Тухайн үед нилээн согтуу байсан учир зарим ярьсан зүйлийг санахгүй байна. Тэгээд би Буяннэмэхийн утас руу залгаад чи Батмөрөнтэй учраа ол гэсэн чинь Буяннэмэх уулзахгүй, завгүй байна гэсэн. Би утсаар ярихдаа чиний өмнөөс би асуудалд орохгүй чи өөрөө асуудлаа шийд гэж хэлсэн...” гэжээ /хх 122-123/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаар актын:

“1. Ц.Цогтбаярын биед баруун нүдний ухархайн дотор
ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэн,
хамрын нуруунд шарх, баруун хацар, хүзүүнд зулгаралт тархи доргилт гэмтэл
тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-30-31/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 361 дугаар актын:

“1. Э.Буяннэмэхийн биед хамрын нурууны баруун талд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, баруун доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн доод 3-р их араа шүдний ирмэг эмтэрсэн, эрүүний зүүн талын үений хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ /хх 68-69/.

Шүүгдэгч Э.Бгийн урьд ял шийтгэлгүй тухай хуудас /хх 89/, хохирогч Ц.Цогтбаяр, Э.Буяннэмэх нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын баримт /хх 142-162/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн талд Ц.Цогтбаяртай зам тавьж өгөх асуудлаар маргалдан машин руу нь нулимлаа гэх асуудлаас болж, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар хотхоны 10 дугаар байрны гадна Э.Буяннэмэхтэй эхнэр Б.Оюунчимэгийг явдалтай хүүхэн гэж ярьсан гэх шалтгаанаар тус тус маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн актууд зэрэг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байх тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иймд прокуророос шүүгдэгч Э.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчид ашигтай байдлаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Цогтбаяр нь өөрт учирсан хохирлын 1.085.415 төгрөгийн баримтыг бүрдүүлэн нэхэмжилсэн байх тул уг хохирлыг, хохирогч Э.Буяннэмэхийн баримтаар нэхэмжилсэн үнээс нотлох баримтын шаардлага хангасан 3.543.700 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгож, хохирогч Э.Буяннэмэх нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокуророос шүүгдэгч Э.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 2. Шүүгдэгч Их Монгол овгийн Энхбатын Батмөрөнг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгөөс 597.365 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цогтбаярт, 3.543.700 төгрөг гаргуулж хохирогч Э.Буяннэмэхэд тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН