Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1870

 

“ЮФББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын       09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЮФББСБ” ХХК-ийн хариуцагч Д.С-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 184 191 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, М.Уянга, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батжаргал, хариуцагч Д.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЮФББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Дамдин овогтой Даваадорж нь тус компанид хуульчаар ажиллаж байхдаа 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “ЮФББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 ам.долларыг сарын 3%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээлж авсан. Тус зээл болон хүүг төлөлгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул түүний хүсэлтийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийг 70 000 ам.доллар болгон бууруулж, Д.С- нь тус 70 000 ам долларыг төлөхөөр тохиролцсон. Д.С- нь аавынхаа зээлийг төлнө гээд зээлийн гэрээний үүргийг шилжүүлж бүхий л зээлийг төлөхөө илэрхийлж 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өр, төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Хэрэг хянан ажиллагааны явцад Д.С- нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЮФББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 50 000 ам.долларыг нэг сарын хугацаатай 2%-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авснаас хойш зээл, зээлийн хүүд нэг ч цент төлөлгүй 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүргэсэн байдаг ба энэ өдөр зээлийн хуримтлагдсан хүү гэхэд 39 000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулж 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тооцоо нийлж үндсэн зээлийн 50 000 ам.долларыг төлөх хугацааг дахин нэг жилээр буюу 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар Д.Даваадоржийн 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 50 000 ам долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 ам доллар, 5 жилийн хугацаанд зээлийн хуримтлагдсан хүү 100 000 ам.доллар, Д.С-гийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан 50 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 000 ам.доллар, 4 жилийн хугацаанд хуримтлагдсан хүү 48 000 ам.долларын үлдэгдэл байсан. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тооцон Д.Даваадоржийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байрны 97 тоотод байрлах орон сууцны зориулалттай, 40 м.кв байрыг тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндрөөр үнэлж 130 000 000 төгрөгөөр тооцон Д.Даваадоржийн авсан 50 000 ам .долларын зээл, түүний хүү 24 350 ам.доллароор тооцож Д.Даваадоржийн зээлийг бүрэн хаасанд тооцсон. Мөн Д.С-гийн авсан 50 000 ам.долларын зээлийн хүүг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 15 333 ам.доллароор тооцон уг орон сууцны төлбөрөөс тооцон суутгасан. 70 000 ам.долларыг төлүүлэхээр тохиролцсон боловч Д.С- сүүлдээ уг зээлийг миний аав ашигласан, би өмнөөс төлөхгүй гэж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс илт зайлсхийсээр байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу Д.С-гээс түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 50 000 ам.доллар, зээлийн хүү 20.000 ам доллар нийт 70 000 ам долларыг анх нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ханш 2 631 төгрөгөөр тооцон 184 191 000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Миний эцэг Д.Даваадорж нь 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЮФББСБ ХХК-тай зээлийн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 2 хувийн хүүтэй, 270 хоногийн хугацаатай, 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны /барьцаанд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лиценз/ гэрээ байгуулж 48 000 ам долларыг сарын 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан. Ингээд 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан 48 000 ам.долларын зээлд нийт 50 799 ам.доллар төлж зээлээ бүрэн дуусгасан. 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны /барьцаанд нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн барьцаанаас суллагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лиценз/ гэрээ байгуулж, 50 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй,  180 хоногийн хугацаатайгаар шинээр дахин зээлж 50 000 ам.долларыг зээлж авсан. Ингэснээр Д.Даваадорж ЮФББСБ ХХК нийт 100 000 ам доллар /2008 оны 8 дугаар сарын 11, 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн зээл/ -ын зээлийн өртэй болсон байна. Зээлээ хувааж хоёр хүний нэр дээр болго гэж удаа дараа шаардаж шахаж байсан тул арга буюу 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Даваадоржийн авсан зээлийн гэрээг 2009 оны 9 дүгээр сарын 30-нд ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ болгон 50 000 ам.долларыг сарын 2 хувийн хүүтэйгээр нь 180 хоногийн хугацаатайгаар зээлсэн болгож гэрээ байгуулсан. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр уг гэрээг ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээ, БГ/11/1/011 дугаартай барьцааны гэрээ болгуулж, 50 000 ам долларыг 2%-ийн хүүтэй 360 хоногийн хугацаатайгаар авснаар материалуудыг бүрдүүлж миний нэр дээр дахин хуурамч гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, барьцааны гэрээний 4 дэх хэсэгт зааснаас маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй, гэрээг хийснээс хойш бүтэн 10 жил болчхоод байхад намайг зээл, хүүгээ төл гэж албан ёсны мэдэгдэл өгч байгаагүй, захирал С.Ганболд, нягтлан М.Уянгаа, нярав Д.Түмэнзаяа нар намайг зээл аваагүй гэдгийг мэддэг байсан. Д.С- нь Д.Даваадоржийн зээлийн өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ гэх баримт бүрдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь батлагдсан. 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрүүдийн Д.Даваадоржийн зээлийн гэрээний тооцоо байхгүй болчихсон. Тухайн зээлийн төлбөрөөс 92 200 ам долларыг хасах ёстой. Ийм учраас миний нэр дээр хийсэн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээ нь Д.Даваадоржийн нэр дээр байсан ЗГ/08/1/040 дугаартай зээлийн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус юм. Тухайн үед шахаж шаардаж байсан учраас би гарын үсэг зурсан бөгөөд гарын үсэг зурсан гэрээ болгоныг хүлээн зөвшөөрвөл магадгүй 200 000-300 000 ам.долларын зээл авсан харагдана" гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.С-гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 184 191 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ЮФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Норовсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцож, улмаар мөн өдрөө уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2204002132 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 13 байр, 97 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанд бариулсан байна., "...миний аав Д.Даваадоржийн төлөх мөнгийг надаас нэхээд байна. Хэрэв надад 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50 000 ам.доллар олгосон гэж үзвэл нотариатаар орж баталгаажуулсан барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцаар 2013 онд зээл төлөлтийг хаах үед төлөгдсөн гэж үзнэ" гэх мэдүүлэг бодит үнэнд нийцэж байна гэж дүгнэсэн.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт болох 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар:ЗГ/09Л/024 Зээлийн гэрээнд 20 хувийн алдангийн талаар зохицуулсан заалт байдаггүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20% байхаар тусгасан байдаг. Мөн Д.Даваадоржийн өмчлөлийн 13 хороололд байрлах 3 өрөө 40 м.кв орон сууцыг барьцаанд бариулсан гэх БГ/09/1/24 дугаартай гэрээ байдаг боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 156.3-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хэлбэрийн төдий бүртгэх байгууллагад бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байдаг ба Д.С- нь барьцаанд тавих эрхгүй. Тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал С.Ганголд, хуульч Д.Даваадорж нар болон тэдгээрийн дүү хүүхэд нар хамт ажиллаж байхдаа барьцааны гэрээ байгуулсан дүр эсгэн барьцаагүйгээр зээл олгож байжээ. Харин С.Ганболдыг ажлаас чөлөөлөгдсөний дараа уг 3 өрөө 40м.кв орон сууцыг өмчлөгч Д.Даваадоржтой тохиролцож Д.Даваадоржийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон Д.С-гийн зээлийн хүүнд тооцож авсан байдаг. Энэ талаар Хариуцагч Д.С-гээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Тодорхойлолтод бичигдсэн байдаг.

Анхан шатны шүүх 50 000 ам.долларын мөнгөн хөрөнгийг Д.С-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж шийдвэрээ гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.С- нь зээл авахыг хүссэн зээлийн өргөдөл бичиж 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар: ЗГ/09/1/024 Зээлийн гэрээ, байгуулан тухайн зээл болох 50 000 ам.долларыг бэлнээр хүлээж авч баримт /Кассын зарлагын ордер/ үйлдсэн байхад Д.С- нь зээл авсанаа хүлээн зөвшөөрч ЗГ/09/1/24 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2018 оны 1 дүгээр сард ЗГНГ/18/01 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан  байхад зөвхөн хариуцагчийн аман тайлбарыг үндэслэн шүүх зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй нэхэмжлэгч зээлийн гэрээний шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хууль буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ЮФББСБ” ХХК нь хариуцагч Д.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 ам.доллар буюу 184 191 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  хариуцагч Д.С-тэй байгуулсан  2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 50 000 ам долларын зээлийн гэрээг болон 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ,  кассын зарлагын ордер зэрэгт үндэслэж байгаа бол хариуцагч нь аав Д.Даваадоржийн 2008 оны 8 дугаар сарын 11-ны өдөр авсан 50 000 ам.долларын зээлийг тухайн үед нэг хүнд ийм их хэмжээгээр зээл олгож болохгүй, хүүгийнхээ нэр дээр шилжүүлчих гэснээр 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 өрөө бүхий 40 м.кв орон сууцаа барьцаалж, миний нэр дээр зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “ЮФББСБ” ХХК нь Д.Даваадоржтой 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 50 000 ам.долларын, 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 48 000 ам.долларын, 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 50 000 ам.долларын, 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50 000 ам.долларын, хариуцагч Д.С-д 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50 000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 50 000 ам.долларыг тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээнүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 7, 47, 53, 110, 113/

Зохигчдын хооронд 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 31709/1/024 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч  “ЮФББСБ” ХХК нь 50 000 ам.долларыг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 180 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2 хувийн хүүтэй зээлдэгч Д.С-д зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/09/1/024 дугаартай улсын бүртгэлийн Ү-2204002132 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 байр, 97 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч Д.С- нь аав Д.Даваадоржийн зээлсэн 50 000 ам.долларын зээлийг төлж барагдуулахаа илэрхийлсэн агуулга бүхий хүсэлтүүд гаргаж байсан, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлдэгч Д.Даваадорж, Д.С- нартай  уулзсан уулзалтын тэмдэглэлд Д.Даваадоржийн зээлийг хэрхэн талаар тусгагдсан зэргээс үзэхэд хариуцагч нь эдгээр гэрээнд болон кассын зарлагын ордер зэрэгт гарын үсэг зурсан талаар  маргаагүй боловч зээлийн гэрээний дагуу 50 000 ам.долларыг хүлээн аваагүй гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна. /хх-ийн 14-16/

Түүнчлэн нэхэмжлэгч нь анх шүүхэд хариуцагчид Д.Даваадоржид зээлийн гэрээний үүрэг шилжсэн үндэслэлээр шаардлага гаргаж байсан зэргээс үзэхэд зээлийн гэрээний дагуу 50 000 ам.долларыг зээлдэгчид кассын зарлагын баримтаар шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх-ийн 100-114/

 

Иймд анхан шатны шүүх  нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Д.С-д 50 000 ам.долларыг шилжүүлсэн болохыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ         

                                                                                                      Н.БАТЗОРИГ