Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00445

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00445

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Н.Нарангэрэл, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, байрлах,С ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  Г.Т /РД-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,013,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О,

Иргэдийн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг.

/Хариуцагч Г.Тгийн эзгүйд хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

НэхэмжлэгчС ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Компанийн жолооч, туслах албан тушаалд ажиллаж байсан Г.Т нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргасан буюу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт-ын дагуу компанийн эзэмшлийн 3333 тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа 0000 тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн №1232 тоот хохирлын үнэлгээгээр 20,139,000 төгрөгийн хохирол учруулсан.

Дээрх тохиолдолтой холбоотойгоор компани болон Монгол даатгал-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу нийт учирсан хохирлоос 7,760,000 төгрөгийг хохирогчид олгохоор болсон.

Г.Т нь 2023 оны 07 сарын 20-ны өдөр ажилд орсон бөгөөд ажил олгогчтой байгуулсан №12/53 тоот Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр харилцан тохиролцсон.

Түүнчлэн ажилтантай байгуулсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Автомашин барьж байгаад осол гаргасан тохиолдолд тухайн ажилтан бүрэн хариуцах үүрэгтэй. Гэвч Г.Т нь дээрх зам тээврийн ослоос хойш ажилдаа ирэхгүй, ажлаа хаяж явсан бөгөөд ажил олгогчийн зүгээс 2023 оны 08 сарын 09-ний өдөр ажилдаа ирж, ажлаа хийх тухай мэдэгдлийг албан ёсны шуудангаар илгээсэн.

2023 оны 07 сарын 22-ны өдрийн зам тээврийн осолтой холбоотойгоор 0000 тээврийн хэрэгслийн эзэмшигч нь учирсан хохирлын зөрүү төлбөр болох 12,379,000 төгрөгийг иргэний хуулийн дагуу тухайн ажилтны ажиллуулж байсан компаниас нэхэмжилж байгаа. Иймд Г.Тгээс учруулсан хохирлын үлдэгдэл 12,379,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.2.НэхэмжлэгчС ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн тайлбартаа: ...С ХК болон Монгол даатгалтай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу нийт учирсан хохирлоос 6,984,007 төгрөгийг нөхөн төлсөн байх тул зам тээврийн осолтой холбоотойгоор 0000 тээврийн хэрэгслийн эзэмшигч ИЖЭ ХХК нь учирсан хохирлын зөрүү төлбөр болох 13,155,000 төгрөг, үнэлгээний хөлс 858,000 төгрөг буюу нийт 14,013,007 төгрөгийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу тухайн ажилтны ажиллуулж байсанС ХК-иас нэхэмжилсэн.

2023 оны 09 сарын 08-ны өдөр талууд тохиролцож Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгууланС ХК-ийн зүгээс И Жи Эн ХХК-д учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу 14,013,000 төгрөгийг нөхөн төлсөн.

Иймд нэхэмжилсэн 12,379,000 төгрөгийг 14,013,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн өөрт учирсан хохирлыг Замын цагдаагийн актаар тодорхойлсон гэм буруутай этгээд болох Г.Тгээс нэхэмжилж байна гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн өдөр ажилтан өглөө н.Ууганбаяртай хамт ажилд гарсан н.Ууганбаяр нь борлуулагч хийдэг. Борлуулагч нь тухайн тээврийн хэрэгслийг шалганд шалгуулж, өглөө 07 цагаас ажилдаа гарч өдөр зам тээврийн осол 12 цагт болсон. Зам тээврийн осол болох үед замын цагдаагийн ажилтан н.Сүлдбаяр газар дээр нь ажилласан. Замын осол нь 2023 оны 07 сарын  22-ны хагас сайн өдөр болж  2023 оны 07 сарын 24-ны өдөр хариуцагч Г.Т, болон миний бие мөн хуульч, шалгах механикаар гэрчээр орж байсан н.Даваадорж, нэр бүхий албан тушаалтнууд тухайн ослын талаар уулзсан ярилцсан байгаа.

Тухайн ослын талаар уулзаж шалтгаан нөхцөлийг ярилцахад Г.Т миний буруугаас осол гарсан гэхдээ тоормосны гажилтын улмаас 3 удаа тоормос ажиллаагүй гэж хэлсэн. Манай тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаа. Тухайн өдөр үргэлжлүүлж ажилласан. Шаардагдах материалуудыг техникийн шалгалтын үзлэгт 2 өдөр  үзүүлсэн. Хэрвээ замын цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд зөвшөөрөхгүй байгаа бол цааш зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлоо гаргаад явна шүү. Эргээд бид нартай холбогдоод хууль зүйн туслалцаа аваад, компанийн зүгээс замын цагдаагийн акт дээр үндэслэж гэм бурууг шийдвэрлэхгүй гэж мэдэгдсэн байгаа. Гэвч тухайн өдрөөс хойш Г.Т нь ажил дээр ирээгүй ажлаа хаяж явсан. Улмаар 2023 оны 08 сарын 09-ний өдөр ажлаа хаяж явсан гэж ажлыг нь чөлөөлсөн байгаа. Мөн хариуцагчийн хариу тайлбартай танилцахад тээврийн хэрэгслийг надад хэн ч хүлээлгэж өгөөгүй гэсэн тайлбар хэлсэн байдаг.С ХК-ийн тээврийн хэрэгслийн тухайн тээврийн хэрэгслийг хэн нэгэн албан тушаалтанд өмчлүүлж эзэмшүүлэхгүй. Тухайн гарах чиглэлээс хамаараад өглөө борлуулагч туслах ажилтнууд маань тээврийн хэрэгслээ аваад шалгах механикаар нэг бүрчлэн тоормосны ажиллагаа, гэрэл, бүх дугуйн хээг шалгуулаад өглөө ажилдаа гардаг. Мөн хариу тайлбартаа Г.Т нь өөдөөс машин ирж байсан тул хүлээх гээд өөдөө хэсэг зогсох гэтэл тоормос нь барихгүй байсан гэж хэлсэн. Гэтэл 2023 оны 07 сарын 22-ны өдрийн өглөө шалгах механикийн үзлэгийн хуудсаар хэвийн гарсан байгаа. Мөн 2023 оны 06 сарын 27-ны өдөр авто тээврийн ашигладаг хувийн хэрэг хөтөлдөг тухайн тээврийн хэрэгслийг локлашиг буюу тоормосны ажиллагааг шалгаад засварласан байдаг. Энэ нь засварын механикийн өдөр тутмын ажлын тайлангаар тогтоогддог энэ бүгдээрээ хэрэгт хавсаргасан байгаа. Мөн тайлбартаа замын цагдаа н.Сүлдбаяр ослын газар ирэхэд тоормос нь ажиллахгүй байгааг сануулж хэлсэн гэж байгаа юм. Гэтэл гэрчээр н.Сүлдбаяр нь мэдүүлэг өгөхдөө тухайн үед ухарч байгаад хүч алдсан гэж Г.Т тайлбарлаж мэдүүлэг өгсөн. Мөн гэрч буюу н.Чойсүрэн 2023 оны 07 сарын 25-нд тухайн Г.Тгээс авсан цагдаагийн албан хаагч гэрчийн мэдүүлэгт 2023 оны 07 сарын 25-нд мэдүүлэг авсан нь 28-нд акт танилцуулсан техникийн шинжээч томилох хүсэлт гаргаагүй гэж хэлсэн. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол техникийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж болох байсан. Мөн тусдаа зөвшөөрсөн хүсэлт байгаа гэж гэрчийн мэдүүлэгт дурдсан байгаа.  Мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас хялбаршуулсан журмаар 100,000 төгрөгөөр торгож оноо хассан зөрчлийн арга хэмжээ авсан гэж мэдүүлсэн байгаа. Үүнээс улбаалаад 2023 оны 07 сарын 28-ны өдөр акт танилцуулаад хуульд заасан ажлын 5 хоног дотор хуульд зааснаар гомдлоо гаргаагүй гэж мэдүүлэг өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар жолоочийн үүрэгт тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем болон жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. 2023 оны 07 сарын 22-ны өглөө н.Ууганбаяр хэрвээ тоормос нь ажиллахгүй байсан бол 12 цагийн хооронд тээврийн хэрэгслээ зогсоогоод шалган механикаа шалгаад явах боломжтой байсан нь мөн Г.Т 12 цагийн үед жолоог шилжүүлэн авах үедээ тоормос ажиллагаагүй болсныг тэр даруй зогсоогоод мэдэх боломжтой байсан. Гэтэл үргэлжлүүлээд жолоо барьж явсан энэ нь тухайн хүний ур чадвараас хамаарах асуудал гэж үзэж байгаа. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 10 дүгээр зүйлийн 10.1-ийг үндэслэсэн байдаг. Манай ажилтны хувьд 1253 дугаартай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Тус хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.28-д зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг хүлээж байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолт 3 дугаар бүлэг буюу үндсэн чиг үүрэг дээр 72 дугаар зүйлд зааснаар хэрэв автомашин барьж гараад осол гаргасан тохиолдолд тухайн ажилтан бүрэн хариуцна гэсэн зохицуулалттай. Мөн 75 дугаар зүйлд автомашины бүрэн бүтэн байдалд хяналт тавин зориулалтын дагуу ашиглах, хэрэв жолоог шилжүүлж авч байгаа бол тухайн үед хяналт тавьж шалгах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь 14,013,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна.

Итгэлт эстимэйт хохирлын үнэлгээний 20,139,000 төгрөг даатгалаас мөнгө орж ирсэн 6,984,000 төгрөгийг хасаад 13,155,000 төгрөг үлдэж байгаа. Энэ дээр нэмээд үнэлгээний зардлыг тухайн компаниуд өөрсдөө гаргаж үнэлгээ хийлгэсэн. Иймд үнэлгээний зардлыг нийлүүлээд 14,013,000 төгрөг болсон гэв.

 

2.Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Т миний биеС ХК-д 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн ажилд орсон өгөөд туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Үүнээс хоёр хоногийн дараа буюу оны 07 дугаар сарын 22-ны өдөр борлуулагч жолооч гэх Н.Нямбаяр, М.Ууганбаярын хамт 3333 дугаартай автомашинд зорчигчийн хэсэгт сууж түгээлтэнд гарсан. Миний хувьд туршилтын хугацаанд дагалдах байдлаар ажиллаж байсан тул тээврийн хэрэгслийг надад хэн ч хүлээлгэн өгөөгүй. Тэгээд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн өмнө бараагаа буулгачхаад машиндаа суух гэтэл борлуулагч Б.Ууганбаяр надад хандан чи барьчих гэж хэлсэн. Би уг машины жолооны хүрдэн дээр Зайсан стар хотхон орох гээд өгсүүр хэсэгт ирэхэд би өөдөөс машин ирж байсан тул хүлээх гээд өөдөө хэсэгт очиж зогсох гэтэл торомз нь барихгүй байсан. Би 2-3 удаа гачаалдаад зогсохгүй байсан бөгөөд гурав дахь удаагаа гачаалдаад зогсолгүй ухраад арын машиныг мөргөсөн.

Осол болсны дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөрС ХК-ийн бааз дээр баазын дарга, механик гэх залууд энэ машин чинь торомз барьдаггүй, зогсохгүй эвдрэлтэй талаар хэлхээд механик залуу надтай хамт гараад баазын хашаанд 3333 дугаартай машиныг механик өөрөө барьж үзээд тоормосоо гишгэхэд зогсохгүй байсан бөгөөд 2-3 удаа торомз гишгэж байж зогссон. Тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, торомз бүрэн ажиллахгүй байгаа талаар механик залуу баазын даргад хэлтэл. Баазын дарга нь уг машиныг оруулж ирээд зас гэж хэлээд засуулсан. Баазын дарга тухайн үед надад хандан өмнө нь хараагүй хүн байна. Яагаад манай баазаар дамжуулж санал авахгүйгээр хамаагүй хүмүүсийг ажилд гаргасан юм бол гэж ярьж байсан. Тэгэхээр миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл тээвэрт гарахдаа бүрэн бус байсан бөгөөд торомз нь бүрэн ажиллахгүй байсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Замын цагдаа А.Сүлдбаяр /85557545/ ослын газарт ирэхэд нь торомз нь барихгүй байсан талаар сануулж хэлсэн боловч Хан-Уул дүүргийн замын цагдаа дээр очоод тайлбарлаарай гэж хэлээд хэмжилтээ хийж дуусаад ирэх даваа гарагт Хан-Уул дүүргийн Замын цагдаа дээр ирээрэй гээд бичиг баримтууд хураачхаад яваад өгсөн. Даваа гарагт нь 12:00 цагийн үед очиход өөр байцаагч дээр хэрэг нь очсон байсан бөгөөд миний зүгээс машины торомз ажиллахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан талаар хэлэхэд машиныг нь журамлаагүй юм уу? Одоо тэгвэл өнгөрсөн. Тоормосоо засчихаа байлгүй гэж хэлсэн. Тэгээд би гайхаад үлдсэн бөгөөд өмнө замын цагдаагийн ажиллах процессыг мэдэхгүй тул үнэн зөвийг нь олох байх гэж хүлээж байсан. Миний ойлгож байгаагаар аливаа байгууллага, хувь хүн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилд гарч байгаа жолооч ажилтнууддаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байж хөдөлгөөнд оролцуулдаг гэж ойлгодог. Миний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйлгүй гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл тээврийн хэрэгсэл бүрэн бус байснаас, засвар үйлчилгээг зохих хугацаанд хийгүйгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас болж энэхүү зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийн торомз бүрэн ажиллахгүй байгаа талаар борлуулагч М.Ууганбаяр /88086049/ баазын механик н.Давка гэх 94335555, баазын дарга н.Баасандорж нар тодорхой мэдэж байгаа бөгөөд эдгээр хүмүүс тээврийн хэрэгслийн торомз ажиллаагүй, эвдрэлтэй байсныг гэрчлэх юм. Мөн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн байцаагч А.Сүлдбаяр, хэргийг үргэлжлүүлэн шалгасан зөрчлийн байцаагч Б.Чойсүрэн нар тээврийн хэрэгслийн торомз ажиллахгүй байгаа талаар, яагаад тээврийн хэрэгслийг журамлаж, шинжээч томилоогүй талаар тодорхой мэдэх тул эдгээр хүмүүсийг гэрчээр шүүхэд дуудаж асуух шаардлагатай гэж үзэж байна. Би замын цагдаагаас гаргасан намайг буруутай гэсэн акт дээр гарын үсэг зурсан. Гэхдээ шахалтаар гарын үсэг зурсан. Учир нь даатгалаар хохирлыг шийдээд дуусгана. Тэгэхийн тулд замын цагдаагийн акт нэн түрүүнд хэрэгтэй гэж хэлээд байцаагч болон мөргүүлсэн машины эзэн шахаад байсан. Машины эзэнС ХК-иас хохирлоо нэхэмжилнэ санаа зоволтгүй гээд ятгаад, шахаад байсан учраас хуулийн мэдлэггүй тул аргагүйн эрхэнд итгээд актанд гарын үсэг зурсан.С ХК бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, Хан-Уул дүүргийн замын цагдаа тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, бүрэн бус байсныг шинжээчээр тогтоолгохгүйгээр хэргийг буруу шийдвэрлэж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд би өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд тайлбарт дурдсан гэрчүүдээс мэдүүлэг авах, замын цагдаагийн шалгасан материал зэргийг энэ хэрэгт авч хийх зэрэг ажиллагааг хийснээр миний буруугүй байдал тогтоогдоно гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

2.2.Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тухайн тээврийн хэрэгсэл тээвэрт гарахдаа бүрэн бус байсан бөгөөд торомз нь бүрэн ажиллахгүй байсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Замын цагдаа А.Сүлдбаяр ослын газарт ирэхэд нь торомз нь барихгүй байсан талаар сануулж хэлсэн боловч Хан-Уул дүүргийн Замын цагдаа дээр очоод тайлбарлаарай гэж хэлээд хэмжилтээ хийж дуусаад ирэх даваа гарагт нь Хан-Уул дүүргийн Замын цагдаа дээр ирээрэй гээд бичиг баримтууд хураачхаад яваад өгсөн. Даваа гарагт нь 12:00 цагийн үед очиход өөр байцаагч дээр хэрэг нь очсон байсан бөгөөд миний зүгээс машины торомз ажиллахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан талаар хэлэхэд машиныг нь журамлаагүй юм уу? Одоо тэгвэл өнгөрсөн. Тоормосоо засчихаа байлгүй гэж хэлсэн. Мөн маргаантай байгаа талаараа ч хэлсэн.

Даатгалаар хохирлыг шийдээд дуусгахын тулд замын цагдаагийн акт нэн түрүүнд хэрэгтэй гэж байцаагч болон мөргүүлсэн машины эзэн шахаад байсан. Машины эзэнС ХК-иас хохирлоо нэхэмжилнэ санаа зоволтгүй гээд ятгаад, шахаад байсан учраас хуулийн мэдлэггүй тул аргагүйн эрхэнд итгээд намайг буруутгасан актад гарын үсэг зурсан.

Гэм хорын хохирлын асуудлыг шалгаж тогтоосны дараа буруутай этгээд хохирлыг төлөх нь зүйтэй гэж бодож байгаа. Гэтэл миний зүгээс анх ослын газарт очсон цагдаагийн албан хаагчид торомз ажиллахгүй байсан гэж маргаад байхад уг тээврийн хэрэгслийг журамлан, техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүйгээр намайг буруутан гэж үзэж байгаад гомдолтой байна.

Иймд маргаантай байгаа ослын талаар техникийн шинжээч томилохгүйгээр шийдвэрлэсэн хэрэгт намайг буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулах нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Т тухайн машиныг хүлээж аваагүй н.Ууганбаяр гэдэг жолооч санал тавина. Тухайн автомашины тоормосны механизм нь бүрэн ажиллаж байгаа эсэхийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрснөөс үл хамаараад шалган тогтоох байсан юм. Хариуцагч яагаад үүнийг хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл ослын акт нь гарчих юм бол мөргүүлсэн машины хохирогч хохирлоо даатгалаас хурдан мөнгөө авчих байсан учраас мөргүүлсэн машины жолоочийн шахалтаар актыг хүлээн зөвшөөрсөн байдлаар шийдвэрлэсэн. Г.Т ньСлд ньС ХК өөрөөс нь нэхэмжилнэ гэдгийг мэдээгүй, ойлгоогүй. Харин Иргэний хуулийн 52 дугаар бүлгийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар буруутай этгээдийг заавал шалган тогтоосны үндсэн дээр шийдвэрлүүлэх, буруутай үйлдлийг тогтоогоогүй хялбаршуулсан байдлаар шийдвэрлэсэн. Цаад үр дагавар нь буруутай этгээд нь хэн бэ гэх асуудал юм. Тоормосны механизм ажиллахгүй байна гэж анх хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагч хэлсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 52 дугаар бүлгийг сайн шалгаж тогтоогоогүй байж өнөөдөр хариуцагчаас их хэмжээний хохирол, хариуцлагыг нэхэмжилж байна. Үнэхээр хариуцагч гэм буруутай гэж үзэх юм бол Иргэний хуулийн 498.5-д заасанчлан ажилтнаасаа тэр болгон хохирлыг нэхэмжлээд байдаггүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 498.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа этгээд нь өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хор арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Шууд санаатай гэдэг нь мөргөчихье гэсэн санаатай байх байсан. Тийм санаа бол байгаагүй. Илтэд болгоомжгүй үйлдлээр гэдэг нь автомашины тоормос нь муу байсныг яаж мэдэх юм. Тухайн машиныг мөргөх нь ойлгомжтой байхад. Зүгээр гэж хөнгөмсгөөр найдан жолоодсон уу? Үгүй, тэгэхээр илтэд болгоомжгүй шууд санаатай ийм 2 үйлдлийн улмаас учирсан хохирлыг байгууллага хөдөлмөрийн гэрээгээр ажилласан буруутай этгээдээс нэхэмжлэх хэрэгтэй байна.

Өөр бусдаар бол ажилтнаасаа үүнийг нэхэмжлэх эрх байхгүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Г.Тгээс нэхэмжлэлийн хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Баас гаргасан дүгнэлтдээ: Г.Т нь үнэхээр хариуцлагагүй байна. Мөн тухайн үедС ХК-ийн борлуулалтынхаа төлөө автомашиныг осол гаргасны дараа шалгахгүй үргэлжлүүлэн борлуулалт хийсэн байна. Харин хариуцагч Г.Т нь гэм буруутай гэж бодож байгаа. Төлбөр нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.08.15-ны 01/1020 дугаартай итгэмжлэл, 2023.07.20-ны өдрийн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолт,С ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.20-ны Б/583 дугаартай тушаал, Г.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Тгийн жолоодох эрхийн лавлагаа, 2023.07.22-ны Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2023.07.24-ний Итгэлт эстимэйт 3 автомашины техникийн үнэлгээний тайлан, хавсралт, фото зураг, Монгол даатгал ХК-ийн 2023.08.11-ний өдрийн 01/1534 дугаартай албан бичиг,С ХК-ийн 2023.08.09-ний мэдэгдэл, 2023.11.06-ны 01/1333 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0643 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023.07.22-ны техникийн үзлэгийн баримт, Автотээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэрэг, техникийн тодорхойлолт, ашиглалтын засвар хийсэн тэмдэглэл, засвар механикийн өдөр тутмын ажлын тайлан, Хаан банкны 2023.09.29-ний өдрийн шилжүүлгийн баримт, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, 2023.09.08-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ,С ХК-ийн 2023.09.07-ны өдрийн 01/1120 дугаартай албан бичиг, ИЖЭ ХХК-ийн Хуулийн этгээдийн гэрчилгээ, И Жи Эн ХХК-ийн 2023.09.08-ны албан бичиг, 2023.12.18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн, нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж,С ХК-ийн 2023.05.30-ны өдрийн А/125а дугаар тушаал, хавсралт баримтуудыг гаргаж өгсөн,

 

5.Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.09.26-ны хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.09.25-ны өдрийн хариу тайлбар гаргаж өгсөн,

 

6.Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

НэхэмжлэгчС ХК нь хариуцагч Г.Тд холбогдуулан 12,379,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 1,634,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 14,013,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.Т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргаж 0000 тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, 20,139,000 төгрөгийн хохирол учруулсан.

Монгол даатгалтай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу нийт учирсан хохирлоос 6,984,007 төгрөгийг нөхөн төлж, 0000 тээврийн хэрэгслийн эзэмшигч ИЖЭ ХХК нь учирсан хохирлын зөрүү төлбөр болох 13,155,000 төгрөг, үнэлгээний хөлс 858,000 төгрөг буюу нийт 14,013,007 төгрөгийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу тухайн ажилтны ажиллуулж байсанС ХК-иас нэхэмжилж, 2023 оны 09 сарын 08-ны өдөр И Жи Эн ХХК-д учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу 14,013,000 төгрөгийг нөхөн төлсөн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн өөрт учирсан хохирлыг Замын цагдаагийн актаар тодорхойлсон гэм буруутай этгээд болох Г.Тгээс нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Тухайн тээврийн хэрэгсэл тээвэрт гарахдаа бүрэн бус байсан бөгөөд торомз нь бүрэн ажиллахгүй байсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа.

Замын цагдаа А.Сүлдбаяр ослын газарт ирэхэд нь торомз нь барихгүй байсан талаар сануулж хэлсэн боловч Хан-Уул дүүргийн Замын цагдаа дээр очоод тайлбарлаарай гэж хэлээд хэмжилтээ хийсэн.

Байцаагч дээр хэрэг нь очсон байсан бөгөөд миний зүгээс машины торомз ажиллахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан талаар хэлэхэд машиныг нь журамлаагүй юм уу? Одоо тэгвэл өнгөрсөн. Тоормосоо засчихаа байлгүй гэж хэлсэн. Мөн маргаантай байгаа талаараа ч хэлсэн.

Даатгалаар хохирлыг шийдээд дуусгахын тулд замын цагдаагийн акт нэн түрүүнд хэрэгтэй гэж байцаагч болон мөргүүлсэн машины эзэн шахаад байсан. Машины эзэнС ХК-иас хохирлоо нэхэмжилнэ санаа зоволтгүй гээд ятгаад, шахаад байсан учраас хуулийн мэдлэггүй тул аргагүйн эрхэнд итгээд намайг буруутгасан актад гарын үсэг зурсан.

Гэм хорын хохирлын асуудлыг шалгаж тогтоосны дараа буруутай этгээд хохирлыг төлөх нь зүйтэй гэж бодож байгаа. Гэтэл миний зүгээс анх ослын газарт очсон цагдаагийн албан хаагчид торомз ажиллахгүй байсан гэж маргаад байхад уг тээврийн хэрэгслийг журамлан, техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүйгээр намайг буруутан гэж үзэж байгаад гомдолтой байна.

Иймд маргаантай байгаа ослын талаар техникийн шинжээч томилохгүйгээр шийдвэрлэсэн хэрэгт намайг буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулах нь буруу гэж үзэж байна... гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Т ньС ХК-ийн жолооч, туслахын ажлыг туршилтын хугацаагаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил стар хотхоны урьд замдС ХК-ийн эзэмшлийн Мицубиши фусо маркийн 3333 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж ИЖЭ ХХК-ийн өмчлөлийн Porsche маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн эд хөрөнгөд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан болох нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Монгол даатгал ХК-ийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 01/1534 дугаартай албан бичиг, гэрч А.Сүлдбаяр, Б.Чойсүрэн нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

НэхэмжлэгчС ХК нь Г.Ттэй 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тус компанийн авто баазын албанд жолооч, туслах албан тушаалд 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилсон байх ба Мицубиши фусо маркийн 3333 улсын дугаартай тээврийн хэрэгсэлС ХК-ийн өмчлөлийн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд Г.Т нь С ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй болох нь жолоодох эрхийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Дээрх зам тээврийн осолд Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн гэм буруутай байх ба гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн талаар уг зам тээврийн ослыг шалгаж, шийдвэрлэсэн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Б.Чойсүрэнгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба хариуцагч тал гэм буруугийн талаар маргадаг.

 

Хариуцагч Г.Тгийн буруугаас гарсан зам тээврийн ослын зөрчлийг шалгах явцад автомашинд учирсан хохирлын үнэлгээг Итгэлт-Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 20,139,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

 

НэхэмжлэгчС ХК нь ажилтан Г.Тгийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирол болох 20,139,000 төгрөгөөс Монгол даатгал ХК-иас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 6,984,000 төгрөг төлөгдөж, үлдэх 13,155,000 төгрөг болон үнэлгээний хөлс 858,000 төгрөг, нийт 14,013,000 төгрөгийг зам тээврийн ослын улмаас хохирсон Porsche маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ИЖЭ ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Монгол даатгал ХК-ийн нөхөн төлбөр шийдвэрлэсэн албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

ИЖЭ ХХК ослын улмаас тухайн автомашинд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм буруутай этгээдээс хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасны дагуу ажил олгогчС ХК нь ажилтан Г.Тгийн бусдад учруулсан хохирлыг төлсөн болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

НэхэмжлэгчС ХК нь дээрх ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 14,013,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

 

Хариуцагч Г.Т ньС ХК-ийн жолооч, туслах албан тушаалд ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний 10.1-д заасныг зөрчиж, И Жи Эн трйединг ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай байна.

 

Өөрөөр хэлбэл, Г.Т ажил үүргээ гүйцэтгэх явцдаа илтэд болгоомжгүй үйлдлээр, гарах үр дагаврыг мэдсээр байж хайнга болгоомжгүй хандсанаар бусдад хохирол учруулж байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал зам тээврийн ослын гэм буруугийн талаар маргах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн ослын акт болон тухайн зам тээврийн ослыг шалгаж тогтоосон шийдвэрт гомдол гаргасан, зам тээврийн ослын талаар шинжээч томилуулсан талаар баримт авагдаагүй байх ба хариуцагчийн өмгөөлөгч тухайн шийдвэрт гомдол гаргаагүй талаар тайлбарладаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж  тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

НэхэмжлэгчС ХК нь хариуцагч Г.Тгээс байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хариуцагч гэм буруутай, төлбөр нэхэмжлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Г.Тгээс 14,013,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчС ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Тд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн боловч хариуцагч Г.Т шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь цагдаагийн албан хаагчийн шалгасан зориулалтын багажаар тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй үндэслэл бүрдсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Тгээс 14,013,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчС ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Сүү ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,100 төгрөг болон 41,094 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгээс 228,015 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сүү ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ

 

О.ЦЭНД-АЮУШ