Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.С,

хохирогч Г.Жаргалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Батболдын Содбилэгт холбогдох эрүүгийн 201725030768 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Батболдын Содбилэг, 1985 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, СЯ20 дугаар байрны 17 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар ХБ85110610.

Үйлдсэн хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, СЯ20 дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хамааралтай Г.Жаргалмааг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Жаргалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ байж байхад Содбилэг хүүхдээ дагуулаад нилээн үнэртүүлчихсэн орж ирсэн. Би Содбилэгийг согтуу байж хүүхэд дагуулж орж ирсэнд нь уурлахад хүүхдээ аваад гарсан. Би ажлаа тараад залгахад бид хоёр муудалцсан. Гэртээ орж ирэхэд Содбилэг байхгүй байсан. Араас хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Намайг хүүхдээ авах гэхэд хүргэхгүй байсан. Хүүхдэд битгий ойрт гээд хүүхдээ тэврээд намайг цохисон. Миний хөл рүү өшиглөж, утсыг маань аваад газар шидээд дараа нь гуя руу шидсэн. Содбилэг орилж байгаад гараад явсан. Тухайн үед утас байхгүй болохоор компьютерээ асааж фэйсбүүкээр эгч рүүгээ залгаж хэлсэн. Би тухайн оройноо бүх эд зүйлээ аваад явчихсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Жаргалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18.00 цагт би ажил дээрээ байж байхад манай нөхөр хүү Мишээлийг аваад ирсэн тэгсэн манай нөхрөөс архи үнэртээд байхаар нь архи усан юм уу гэж асуухад өөдөөс уурлаад байсан. Тэгээд манай нөхөр хүүхдээ аваад яваад өгсөн. Тэгээд утсаар залгаад гэртээ битгий ирээрэй ална шүү гээд залгаад байхаар нь 19 цагийн үед гэртээ ирсэн манай нөхөр Содбилэг ирээгүй байсан. Тэгээд нээх удалгүй гаднаас хүүхдээ тэврээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хүүхдийнхээ хувцсыг тайлах гэсэн уурлаад миний хүүхдэд битгий хүр гээд уурлаад намайг зайл гээд хөөгөөд байсан хүүхэд тэвэрсэн чигээрээ баруун гараараа миний толгой руу гараараа цохиод дөрөв таван удаа цохиод, үснээс зулгаагаад доош нь дараад миний хөлийн шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгээд том өрөөний буйдангийн цаад талд зогсож байсан чинь уйлаад хүүхэд айлгаад байна гээд миний зүүн хацар руу цохиод нүдний шил унагаад ална шүү гээд дайраад буйдан дээр байсан миний утсыг булааж аваад шал руу шидээд шалан дээрээс аваад зүүн гуя руу шидээд чи муу энэ утсаар бичлэг хийж цагдаа дууддаг бил үү. Тэр цагдаагаа дууд гээд миний утсыг шидээд эвдэлсэн, би одоо үхнэ гээд сахлын татуурга аваад судсаа ханаад үхнэ гээд явж үхлээ гээд гараад явсан. 2017 оны 02 дугаар сарын 12-нд Валентын гээд гадуур хоол идээд кино үзэх гэж байгаад болиод гэртээ ирээд бид хоёр 0,5 литрийн Боргио пиво уугаад намайг унтаж байсан чинь өөрөө түрүүлээд унтаад өглөө гээд уурлаад чи муу ажил дээрээ цаг тутам тамхи татаад эр эргүүлж явлаа гээд уурлаад пизда янхан гээд хараагаад толгой руу гараараа цохиод баруун гарын булчингаас бариад хөхрүүлсэн байсан. Би тухайн үед цагдаа болон эмнэлэгт үзүүлж байгаагүй харин найз Гангаамаа, Баярцэцэг, Бямбадолгор нарт хэлж байсан. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бас зодоод эрүүлжүүлэхэд ороод тэгээд хорооны цагдаа шүүхээр оруулаад 20 хоног баривчлуулж байсан. ..Би нөхөртэйгөө 2014 онд анх нийлсэн юм. Урьд нь нээх зодож байгаагүй харин 2017 оны 02 дугаар сард зодож байсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зодож байсан...” гэжээ /хх-37-38/.

Гэрч Т.Бямбадолгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би болон Гангаамаа, Баярцэцэг, Жаргалмаа бид дөрөв bacebook групп чатаар байнга өөрт тохиолдоод байгаа зүйлсээ бусадтайгаа хуваалцаж ярилцан нэг нэгнээсээ зөвлөгөө авдаг юм. 2017 оны 01 дүгээр сард муудалцаад нөхөр нь манай гэрээс яв гээд байна гэж чатаар бичиж, баруун гарын шуу хэсэгт шалбарсан зургаа чатаар татуулж явуулж байсан. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөн чатаар би гэртээ хүрээд ирээч гэсэн Жаргалмаа манай нөхөр өглөө гэртээ ирээд агсан тавиад намайг боогоод гар хугалангаа алдаад байхаар нь хөөгөөд гаргасан буцаж ирээд хаалга нүдээд хаалганы доод хэсэг хонхойлгосон гэхээр нь чи яаж дийлж гарсан юм гэхэд цагдаа дуудсан өөрөө гараад явсан гэж байсан. Тэгэхээр нь би хүчирхийллийн төвд хандах талаар хэлж байсан...” /хх 41-42/.

Гэрч Б.Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би яг Жаргалмааг нөхөртөө зодуулж байсан талаар хараагүй харин bacebook групп чатаар нөхөр Содбилэгт зодуулсан болон согтуу ирсэн талаар бидэнд бичдэг байсан. 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр зодуулсан талаар bacebook групп чатаар бичиж байсан. 2017 оны 03 дугаар сард зодуулсан талаараа бидэнд бичиж байсан...” /хх 43-44/.

Гэрч Г.Гангаамаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай найз Жаргалмаа 2016 онд жирэмсэн байхдаа нөхөр Содбилэгт хэд хэдэн удаа зодуулсан талаараа хэлж байсан. Харин bacebook групп чатаар Жаргалмаа байнга л манай нөхөр архи ууж ирээд гэрээсээ хөөгөөд байгаа талаар бичиж байсан. ...миний санаж байгаагаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Жаргалмаа манай нөхөр өчигдөр хутга барьж дайраад зайлаарай гээд хүүхэд авч явбал танай өвөө эгч нарыг бүгдийг чинь ална гэж дарамталж байсан талаар бичиж байсан. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зодуулсан талаар мөн bacebook групп чатаар дарамталж байсан талаар бичиж баруун гарын булчин хэсэгт улайж хөхөрсөн зургаа явуулж байсан...” /хх 45-46/.

Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №4597 дугаартай акт:

“1. Г.Жаргалмаагийн биед зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, баруун өвдөг, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх 48/.

 Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, СЯ20 дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хамааралтай Г.Жаргалмааг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Сийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэх нь зүйтэй байна. 

Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд баривчлах ялын төрөл байхгүй болсон бөгөөд уг баривчлах ялыг биелүүлэх боломжгүй, дүйцүүлэн өөрчлөх зохицуулалт хуульд байхгүй  тул шүүгдэгч Б.Сийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Хохирогч Г.Жаргалмаа нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад шүүгдэгч Б.Ст “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Содбилэгийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.Сийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Ст урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

        7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ХАЛИУН