Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1776

 

 

 

 

 

 

 

 

 

“С Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х А” СӨХ-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 29 842 390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн “Х А” хотхонд хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааныг нийлүүлж, бохирыг татан зайлуулж эхэлсэн. Үүний дараа хариуцагч “Х А” СӨХ нь 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл манай байгууллагатай хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүч худалдан авах гэрээг байгуулалгүйгээр хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүчийг хэрэглэж ирсэн.

Талуудын хооронд 2016, 2017 онуудад гэрээ байгуулагдаж чадаагүй хэдий ч Иргэний хуулийн 196 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.17, 3.1.18, 3.1.19 дэх хэсэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцож, хариуцагч нь ашиглалтын төлбөр төлөх үүрэгтэй юм.

Хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 611 177 төгрөгийг төлбөрт төлсөн. 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хэрэглээний ус, дулааны төлбөрийг төлөөгүй тул нийт 31 310 365 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 467 974 төгрөгийг төлсөн тул уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 29 538 126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Даваадорж би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд СӨХ анх байгуулагдсан цагаас эхлэн СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Долгоржав нь тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзээд мөнгө төлөөгүй байсан.

Б.Долгоржав нь өөрийн хүсэлтээр 2018 онд ажлаасаа гарч, 2018 оны 05 дугаар сард СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Д- нь оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр “С Э” ХХК-тай гэрээ хийж их хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцож график гарган үүнийг төлөх зорилгоор айл бүрийн СӨХ-ны төлбөр дээр 10 000 төгрөг дур мэдэн нэмж төлүүлэх шийдвэр гаргасан.

Үүнийг нь оршин суугчид эсэргүүцэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулж удирдах зөвлөлөө бүрэн өөрчлөн сонгож, шинээр байгуулагдсан удирдах зөвлөлд чиглэл өгч, Б.Д-г ажлаас чөлөөлж, гэрээг хүчингүй болгох, “С Э” ХХК-д төлсөн З 000 000 төгрөгийг эргүүлэн нэхэмжлэх, мөн айл бүхний СӨХ-ны төлбөр дээр нэмсэн 10 000 төгрөгийг хасч тооцуулах чиглэл өгсөн. Тухайн гэрээг байгуулахад “С Э” ХХК-ийн захирал Э.Э-г СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг.

Орцны дулаан, гараашийн зорчих хэсгийн дулааны төлбөр нэхэмжлэх нь буруу. Учир нь орцны дулааны хэрэглэгч нь СӨХ биш бөгөөд дулааны мөнгө хураах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага биш учраас СӨХ-ны төлбөрт орцны дулааны мөнгийг оруулж оршин суугчдаас хураалгүй өдий хүрсэн.

Би энэ ажлыг аваад 2018 оны 10-р сард тодорхой тайлбарлаж холбогдох хуулийн дагуу орцны дулааныг тухайн давхарт байгаа 8 айлд ногдуулж дулааны төлбөр авах эрх бүхий байгууллага нь авч байх ёстой гэсэн албан тоот өгсөн. Үүнд “С Э” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 15-нд 72 тоот албан бичгээр СӨХ нь гараашийн зорчих хэсгийн дулаан, орцны халаалтын төлбөрийг төлөх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрч шинээр гэрээ байгуулж хамтран ажиллахыг хүссэн.

Гараашийн зорчих хэсгийн дулааны мөнгө нэхэмжилсэн, үүнийг бүх гишүүдийн хурлаар үндэслэлгүй гэж үзсэн. 108-106 дугаар байрны доорхи гарааш нь бүгд хувь хүмүүс худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Хэрвээ машин зогсоолд тавих, гарах, зориулалттай зорчих хэсгээс дулааны мөнгө авах шаардлагатай бол тухайн зогсоолыг өмчилж авсан эздээс нь авах ёстой.

Гарааш эзэмшээгүй нийт оршин суугч 760 айлын СӨХ-ны төлбөрөөс төлөх ёсгүй. “С Э” ХХК нь өөрийн эзэмшлийн 3-5 автомашиныг олон жил гараашид тавьж байгаа, СӨХ гараашийн дулааны мөнгө хураадаггүй гэдгийг мэдэж байх ёстой. “С Э” ХХК нь дулааныг зохицуулалттай хангах зөвшөөрлөө 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан атлаа 2016 оноос эхлэн төлбөрийн нэхэмжлэл гаргаж зохиомол өр үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна

Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй, “С Э” ХХК болон СӨХ нь уг мөнгийг оршин суугчдаас хурааж байгаагүй учраас нөхөж хураах боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х А” СӨХ болон “С Э” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар өмнөх төлбөр тооцоог 5,6,7-р сард 5 000 000 төгрөгөөр хуваан төлж барагдуулах графикийг тохиролцсон байдаг.

“Х А” СӨХ-ийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээг удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй бөгөөд хяналтын зөвлөл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулахдаа 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөл хуралдаж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус юм.

Гэтэл “С Э” ХХК 2016 оноос 2018 оны 05 сарын хүртэлх хугацаанд СӨХ- ийн талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан гараашийн талбай, орцны дулаан, гараашийн зорчих хэсгийн дулаан төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй. СӨХ нь дулаан үйл ажиллагаа эрхэлдэг, дулаан төлбөрийг хураах эрхгүй байгууллага, тухайн үед “С Э” ХХК дулаан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан.

“С Э” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл анх удаа авсан тул “С Э” ХХК энэ хугацаанаас өмнө дулааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан.

СӨХ-ны оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр “С Э” ХХК-тай Б.Д- дур мэдэн СӨХ-ийн дүрмийг зөрчиж гэрээ байгуулагдсан.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хүчин чадлаас шалтгаалаад худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр айл өрхүүдэд дулааныг нийлүүлдэг. Хүчин чадлаас давсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан нийлүүлдэг. Үүний дагуу нэхэмжлэгч “С Э” ХХК 2016, 2017 онуудад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, “Х А” хотхоны оршин суугч, аж ахуйн нэгж, СӨХ-д хэрэглээний дулаан нийлүүлж эхэлсэн.

2016, 2017 оны гэрээг бартимтаар өгсөн. 2017 оны Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр “С Э” ХХК нь дулааны эрчим хүчийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас авч хотхоны айлуудад дулааныг нийлүүлж, мөнгийг авч нэгтгэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлдөг.

2017 онд 11 сард “С Э” ХХК-ийг Эрчим хүчний зохицуулах хороонд “...манай байгууллагын хүчин чадал 10.69 ккалын хүчин чадал бүхий 1 677 дулааны эрчим хүч нийлүүлж эхэлсэн учир манай байгууллагад дулаан нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгох” тухай хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 190 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл олгосон.

Үүнээс өмнө хүчин чадал 10 ккал хүрээгүй учир Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр айлуудад дулаан нийлүүлж байсан. “С Э” ХХК болон “Х А” СӨХ аль аль нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд хамаарах субъект биш.

Гэрээ байгуулах эрхтэй этгээд нь “Х А” СӨХ-ны гүйцэтгэх захирал, гэрээнд хяналт тавих эрхтэй этгээд нь хяналтын зөвлөл. Тиймээс гэрээг нэг талаас “С Э”ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, нөгөө талаас “Х А” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга нар хамтарч байгуулсан.

Орцны халаалт, автомашины зогсоолын зорчих хэсэг буюу дундын өмчлөлийн төлбөрийг нэхэмжилж байгаа. “С Э”ХХК оршин суугчдын хувийн өмчлөлийн хэсгийн зардлыг бус орцны халаалт, авто машины зогсоолын зорчих хэсэг гэх мэт дундын өмчлөлийн хэсэгт хамаардаг зардлыг нэхэмжилж байгаа.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд СӨХ-ны чиг үүргийг тодорхой зааж өгсөн.

Иргэний хуульд заасны дагуу “Х А” СӨХ дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Нэмэлт өөрчлөлтөд дурдсан 15 000 000 төгрөгийн талаар “Х А” СӨХ болон “С Э” ХХК-ийн хооронд яригдсан өр төлбөртэй холбоотой асуудлыг хурлын тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн асуудлыг гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан.

“С Э” ХХК нэхэмжилж байгаа мөнгийг 100 хувь өөрсдийн өмчлөлд захиран зарцуулдаггүй. Мэргэжлийн байгууллагуудад худалдах, худалдан авах гэрээ, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төлбөрийг төлдөг.

Өр төлбөрийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хуралдаж, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан 29 538 126 төгрөгийн өрийг 15 000 000 төгрөг хүртэл бууруулсныг нэмэлт өөрчлөлт хэсэгт гараар нэмж оруулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Х А” СӨХ-ноос 12 411 294.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 17 431 095.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус зааснаар, “Х А” СӨХ болон “С Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,600 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х А” СӨХ-ноос 213 530.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сарын төлбөр болох 8 168 701.02 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхтэй. Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойшхи хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дулааны эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагааг "Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ" болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Эрчим хүчний зохицуулах хороо нь нэхэмжлэгч талд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 2018 оны 02-р сард олгосон юм. Оршин суугчдын тоо, хүчин чадал 10 Гкал-аас бага байсан тул тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бус худалдах, худалдах авах гэрээний үндсэн дээр хотхоныг дулааны эрчим хүчээр дамжуулан хангаж байсан. Айл өрхийн тоо нэмэгдэж, хүчин чадал 10 Гкал-аас их болсон тул журмын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулааны эрчим хүчийг дамжуулан нийлүүлж эхэлсэн. Хотхоны айл өрх, аж ахуй нэгж, СӨХолбооноос авч буй хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласны төлбөрийг "С Э" ХХК хувьдаа авч захиран зарцуулдаггүй, хэрэглээний төлбөрийг цуглуулж нэгтгэн төрийн эрх бүхий байгууллагуудад төлдөг, дамжуулан түгээдэг байгууллага юм.

 Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10, 11, 12-р сар, 2017 оны 1 дүгээр сарын хэрэглээний төлбөр болох нийт 8 168 701,02 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, уг мөнгөн дүнг нэхэмжлэгчид нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нийт 15 сая төгрөгийг төлж барагдуулах графикийг тохиролцсон. Дээрх гэрээг байгуулахад "Харуул-Алтай" СӨХ-ийг төлөөлж Хяналтын зөвлөл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг. Гэтэл 2018 оны 05 сарын 23-ний өдөр байгуулсан "Аж ахуйн гэрээ" байгуулахдаа 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Хяналтын Зөвлөл хуралдаж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус. Мөн СӨХ-д дундын өмчлөлийн талбайд хамааралгүй, хувь иргэдийн өмчлөлийн талбайд хамаарах төлбөрийт гаргуулахаар тусгасан хууль зөрчсөн. Гэтэл "С Э" ХХК 2016 оноос 2018 оны 05 сарын хүртэлх хугацаанд СӨХ-ийн талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан хэсгийн дулаан төлбөрийт төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн "Сод-Эгшит" ХХК Эрчим хүчний тухай хуулийн 17-р зүйл, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 12-р зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагааны төлбөрийг СӨХ-өөс гаргуулахаар гэрээнд тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээ байгуулах явцад "С Э" ХХК-ийн захирал Б.Энхтуяаг СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан нь хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй, хуульд нийцээгүй журмаар гэрээг байгуулсан. СӨХ-ийн оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр "С Э"  ХХК-тай гэрээг Б.Д- дур мэдэн хийсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “С Э” ХХК нь хариуцагч “Х А” СӨХ-д холбогдуулан, 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хэрэглэсэн цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулааны төлбөр 31 310 365 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ 1 467 974 төгрөгөөр бууруулж 29 538 126 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Аж ахуйн гэрээ гэрээний нэмэлт өөрчлөлт болох 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

“С Э” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр “Х А” хотхонд 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлсэн, энэ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Х А” СӨХ тайлбартаа “С Э” ХХК 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан үеэс төлбөрийг тооцож, 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй, мөн орцны дулааныг хэрэглэгч болох өмчлөгчид, автомашины зогсоолын зорчих хэсэгт ногдох дулааны төлбөрийг уг зогсоолын өмчлөгчид тус тус хариуцах ёстой гэж маргажээ.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.3-т эрчим хүч дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага тогтоох, үнэлэх журам, мөн оны Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийн 6.3, 2017 оны Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журмын 5.1.6-д цахилгаан, дулаан түгээх жилийн нийт түгээлт 10 сая кВт.ц-аас их, байр дулааны тооцоот ачаалал чадал 10 Гкал.ц-аас их байх нөхцөлд цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл авах зарчим баримтална гэж тус тус заажээ.

 

“С Э” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд “2017 оноос цахилгаан, дулаан түгээх жилийн нийт түгээлт 10 сая кВт.ц-аас их, байр дулааны тооцоот ачаалал чадал 10 Гкал.ц-аас их болсон тул тусгай зөвшөөрөл олгох” тухай хүсэлт гаргасны дагуу тус газраас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 09/2018 тоот тусгай зөвшөөрөл олгосон, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар “С Э” ХХК нь эрчим хүчээр хангагч болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Харин тусгай зөвшөөрөл авахаас өмнө нийлүүлсэн дулааны үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Иймд “С Э” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийлүүлсэн дулаан, эрчим хүчний төлбөрийг “Х А” СӨХ-оос шаардах эрхтэй.

 

“С Э” ХХК нь “Х А” хотхонд 2016 оны 10 дугаар сараас эхлэн цэвэр, бохир, халуун, хүйтэн усаар хангаж байгаа, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Гэхдээ анхан шатны шүүх зөвшөөрөл олгосон хугацаанаас хойших ашиглалтын төлбөр 6 831 298 төгрөгийг хариуцагч “Х А” СӨХ-оос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь “Х А” СӨХ нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн цэвэр, бохир, халуун, хүйтэн усыг бодитоор ашигласан үйл баримт тогтоогдсон байхад зөвшөөрөл олгогдсон хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй байна.

 

Талууд цэвэр, бохир, халуун, хүйтэн усаар хангах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч үйлчилгээг хариуцагч “Х А” СӨХ авсан тул тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14-д заасанд нийцэх юм.

 

Түүнчлэн “Х А” СӨХ-ны хяналтын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг СӨХ-ны цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулаан ашиглалтын төлбөр 2016 оноос 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 29 538 126 төгрөг болсон талаар дурдаж, улмаар “Х А” СӨХ нь “С Э” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулсан ба талууд уг гэрээний 8 дахь заалтаар СӨХ-ны төлөх 29 538 126 төгрөгийн төлбөрийг 15 000 000 төгрөг болгон багасгаж, уг төлбөрийг 2018 оны 5, 6, 7 дугаар саруудад сар бүр 5 000 000 төгрөгөөр хуваан төлөх талаар харилцан тохиролцжээ.

 

Уг гэрээнд хариуцагч талыг төлөөлж СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Д-, удирдах зөвлөлийн дарга Н.Оюунчимэг, хяналтын зөвлөлийн дарга Н.Галбадрах, удирдах зөвлөлийн гишүүн Х.Энхбаатар, Г.Дорждарам нар гарын үсэг зурж баталгаажуулсан, хүсэл зориг илэрхийлэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал болох “С Э” ХХК хүлээн авсан тул хэлцэл хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд “Х А” СӨХ нь 15 000 000 төгрөгийг “С Э” ХХК-д төлөх үүрэгтэй, уг үүргийг гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

 

2018 оны 5 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулаан ашиглалтын төлбөр 5 579 995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй.

 

Иймд хариуцагч байгууллагаас Аж ахуйн гэрээний дагуу тохиролцсон ашиглалтын төлбөр 15 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэвэр, бохир, халуун, хүйтэн ус, дулаан ашиглалтын төлбөрт 5 579 995 төгрөг, нийт 20 579 995 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 101/ШШ2019/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “12 411 294.6” гэснийг “20 579 995” гэж “17 431 095.48” гэснийг “9 262 395” гэж өөрчилж,

3 дахь заалтын “213 530.7” гэснийг “260 850” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА