Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/01061

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/01061

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин байрлах ЦДҮС ТӨХК /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ЗХХК/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажилларх гэрээний үүрэгт 35,870,478.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Прокурор Ш.С,

Гэрч Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

/Хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦДҮСТӨХК нь хил орчмын зарим хэрэглэгчдийг тогтвортой үнэ бүхий цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хангах үүднээс хариуцагч ЗХХК-ийн эзэмшлийн Соловьесвск-Эрээнцав шугамаар ОХУ-аас нийлүүлэгдэж байсан цахилгаан эрчим хүчний тооцоог ЗХХК-ийн хүсэлтийн дагуу өөрийн гэрээндээ нэгтгэсэн бөгөөд дотоод дахь төлбөр тооцоог 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2013/102 дугаар Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний дагуу зохицуулагдаж ирсэн. Гэвч тус компанийн зүгээс дээрх гэрээний 1.7 дахь хэсэгт заасан Импортолсон цахилгаан эрчим хүч, төлбөрийн тооцоог тогтмол хийж, төлбөрийн үлдэгдлийг улирал бүр ЦДҮСТӨХК-тай баталгаажуулна гэсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ.

ЦДҮСТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/09 дугаар албан бичгээр 2014 онд хэрэгжих ЦЭХ-ний импортын гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч ЗХХК-ийн зүгээс Төрийн өмчийн хорооны 2013 оны 424 дугаар тогтоолоор Соловьевск-Чулуунхороотын 10 кВ-ын ЦДАШ, 10/04 кВ-ын 2 ком дэд станц, эзэмшил газрын хамт Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-д шилжүүлсэн тул Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээг Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-тай байгуулах болсныг мэдэгдсэн хариу албан бичгийг ирүүлсэн байдаг. Тухайн албан бичигт хавсаргасан Төрийн өмчийн хорооны тогтоол, хөрөнгө хүлээлцсэн комиссын хурлын тэмдэглэлд дээрх авлагатай холбоотой асуудал огт дурдагдаагүй бөгөөд ЗХХК-ийн зүгээс хөрөнгө шилжсэн тул манай байгууллага хариуцахгүй гэж удаа дараа хариу өгсөн.

Иймд Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт Импортолсон цахилгаан эрчим хүч, төлбөрийн тооцоог тогтмол хийж, төлбөрийн үлдэгдлийг улирал бүр ЦДҮСТӨХК-тай баталгаажуулна гэж заасан үүргээ биелүүлээгүй улмаас 2012 он болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хооронд үүссэн импортолсон цахилгаан эрчим хүчний хөтөлбөр болох 35,870,478.76 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

2.Хариуцагч ЗХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч төрийн өмчит хуулийн этгээд нь 2012, 2013 оны гэрээний харилцаатай холбоотойгоор тухайн үед үүссэн байсан гэх авлагыг хожим хойно 10 жилийн хугацаа өнгөрсний дараагаар шаардсан нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасныг зөрчиж байна.

Гэрээний харилцаанд оролцогч тал нь өмчлөлийн хэлбэр төрийн эсхүл хувийн өмчит хуулийн этгээд байхаас үл хамааран харилцан эрх тэгш байх нь иргэний эрх зүйн суурь зарчмуудын нэг бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь төрийн өмчит нээлттэй хувьцаат компани болохынхоо хувьд хувийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай бусад хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар давуу эрх, эрх зүйн байдлыг эдлэх боломжгүй буюу хуулийн зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр байна.

Хуулиар тогтоогдсон хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүй тогтвортой ба тодорхой байх шинж чанарт нөлөөлөхөөс гадна гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тавих талуудын өөрсдийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа тодорхой байснаар шүүх болон арбитраас гарах шийдвэрийн үнэн зөв байдлыг хангахад нөлөө үзүүлдэг. Учир нь хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтууд цаг хугацааны хувьд хадгалагдах илүү баталгаатай байдаг ба хууль тогтоогч хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг тухайн харилцааны онцлогт тохируулан тогтоосон байна.

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №2013/102 дугаартай Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ нь эрчим хүч хангахтай холбоотойгоор үйл ажиллагааг уялдуулах, төлбөр тооцоог харилцан төлж барагдуулах, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хамтран боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий гэрээ байх бөгөөд хариуцагчаас төлбөр шаардахдаа иш татсан 1.7 дахь заалт нь тус гэрээний ЦДҮСТӨХК-ийн үүргийн тухай Хоёрдугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Импортолсон цахилгаан эрчим хүч, төлбөрийн тооцоог тогтмол хийж, төлбөрийн үлдэгдлийг улирал бүр ЗХХК-тай баталгаажуулан гэж тусгайлан заасан үүргээр нөхцөлдсөн, харилцан хүлээх үүрэг байх тул үүнд хариуцагчийг дангаар буруутгах боломжгүй байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж мөн заажээ.

Хэргийн үйл баримтын тухайд чухам ямар тооцоолол, баталгаажуулалт дээр үндэслэн ЗХХК-иас 35,870,478.76 төгрөгийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, гагцхүү нэхэмжлэгчийн өөрийн дотоод авлага болон өглөг-ийн тооцоолол дээр дебит бичилт дээр 35,870,478.76 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн ерөнхий болон тооцооны нягтлан бодогч нар гарын үсэг зурсныг гэрээний 1.7, 2.5-д тус тус заасан ёсоор харилцан баталгаажуулсан байх нөхцөлийг хангахгүй байна.

Ийнхүү авлага-тай гэж хожим 10 жилийн хугацаа өнгөрсний дараа тайлбарлаж байх атлаа тухайн үед буюу 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2/09 тоот албан бичгээр нэхэмжлэгч тал нь өмнөх жил хэрэгжсэн гэрээг дүгнээд цаашид гэрээг шинэчлэн байгуулах саналыг тавьсан байх ба ингэхдээ дээрх авлага, үлдэгдэл байгаа эсэх талаар нэг ч уг, өгүүлбэрийг дурдаагүй байгаа нь шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүйг нотолж байна. Энэхүү саналыг хүлээн авах боломжгүй, цахилгаан дамжуулах дэд бүтцийн байгууламжийг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлсэн талаарх зохих хариуг ЗХХК нь тухайн үед 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр уламжилсан болох нь мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас харагдаж байна.

Дээрхээс үзвэл, нэр бүхий ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нар нь тухайн үед буюу 10 жилийн хугацааны өмнө байгууллагад өөрсдийнх нь тайлбарлаж буйгаар авлага үүссэн болох тухай дотоод тооцооллыг хийсэн атлаа, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС) болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8-д ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг гэж тодорхойлсон, мөн хуулийн 20 дугаар зүйл /Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг/-ийн 20.2 дахь хэсэгт Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.6. эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэж заасныг зөрчиж, байгууллага дотооддоо үүсгэсэн авлагыг 10 гаруй жилийн хугацаанд баталгаажуулах ажлыг хийгээгүй нь ажилтан, ажил олгогч хоорондын хөдөлмөрийн харилцааны дагуу тухайн нягтлан бодогчийн хариуцвал зохих, түүнээс хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийн дагуу нөхөн төлүүлбэл зохих мөнгөн дүн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан үндэслэл бүрдсэн гэж ойлгогдохоор байна. Эдгээр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3.Прокурор Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ байгуулсан гэдэгтэй харилцан маргахгүй байна гэж ойлгож байна. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсгэхүй болгох хүсэлт гаргаж байна. Хэрэгт байгаа нэхэмжлэгч байгууллагын нягтлангийн өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн баримтуудтай танилцахад 2020 он 2021 онд төлбөрөө нэхэмжилж тодорхой албан бичиг хүргүүлж байсан гэдэг нь харагдаж байна. Харин ЗХХК нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2023.05.30-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗХХК-ийн 2014.01.09-ний өдрийн №02 дугаар албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2013.07.05-ны өдрийн 424 дугаар тогтоол, хавсралт, Дорнод аймгийн Чулуунхороот сумын 10 м.кв-ын ЦДАШ, дэд станцыг ЗХХК-иас ДБЭХС ТӨХК-д хүлээж авах комиссын хурлын 2013.10.09-ний өдрийн тэмдэглэл, ЦДҮСТӨХК-ийн 2014.01.03-ны өдрийн 2/09 дугаар албан бичиг, Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах тухай 2013.01.23-ны өдрийн 2013/102 дугаар гэрээ, хавсралт, Авлага, өглөгийн 2014.07.01-2014.12.31-ний дэлгэрэнгүй бүртгэл, авлага, өглөгийн 2014.07.01-2014.12.31-ний дэлгэрэнгүй тайлан, 2013.01.01-2013.12.03-ны өдрийн ерөнхий журнал, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 2, Мөнгөн хөрөнгийн журнал, Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 2, Вэк ХК болон ЦРЭПС ХК-ийн хооронд хийсэн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 29122010/2 тоот гадаад худалдааны гэрээний дагуу 2012 оны 5 сарын дотор цахилгаан эрчим хүч хүлээн авах, дамжуулах акт 2012.06.05, Вэк ХК болон ЦРЭПС ХК-ийн хооронд хийсэн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 29122010/2 тоот гадаад худалдааны гэрээний дагуу 2012 оны 1 сарын дотор цахилгаан эрчим хүч хүлээн авах, дамжуулах акт 2012.02.06, Вэк ХК болон ЦРЭПС ХК-ийн хооронд хийсэн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 29122010/2 тоот гадаад худалдааны гэрээний дагуу 2012 оны 2 сарын дотор цахилгаан эрчим хүч хүлээн авах, дамжуулах акт 2012.03.05, Вэк ХК болон ЦРЭПС ХК-ийн хооронд хийсэн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 29122010/2 тоот гадаад худалдааны гэрээний дагуу 2012 оны 5 сарын дотор цахилгаан эрчим хүч хүлээн авах, дамжуулах акт 2012.06.05, ЦДҮСТӨХК-ийн 2021.08.12-ны 01/936 дугаар албан бичиг, ЦДҮСТӨХК-ийн 2022.05.27-ны өдрийн 01/829 дүгээр албан бичиг, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2022.05.31-ний1/416 дугаар албан бичиг, ЦДҮСкомпанийн гүйцэтгэх захирлын 2016.02.01-ний өдрийн Б/25 дугаар тушаал гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, 2024.02.19-ний хариу тайлбар, 2024.02.19-ний 24/15 дугаартай итгэмжлэл гаргаж өгсөн.

 

6.Прокуророос 2023.11.21-ний 1/6555 дугаартай итгэмжлэл, 2024.02.15-ны өдрийн 1/1032 дугаар итгэмжлэл гаргаж өгсөн.

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл, хууль сануулсан баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь хариуцагч ЗХХК-д холбогдуулан Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээний үүрэгт 35,870,478.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...ЗХХК-ийн хүсэлтийн дагуу өөрийн гэрээндээ нэгтгэсэн бөгөөд дотоод дахь төлбөр тооцоог 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2013/102 дугаар Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний дагуу зохицуулагдаж ирсэн. Гэвч тус компанийн зүгээс дээрх гэрээний 1.7 дахь хэсэгт заасан Импортолсон цахилгаан эрчим хүч, төлбөрийн тооцоог тогтмол хийж, төлбөрийн үлдэгдлийг улирал бүр ЦДҮСТӨХК-тай баталгаажуулна гэсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ.

Төрийн өмчийн хорооны тогтоол, хөрөнгө хүлээлцсэн комиссын хурлын тэмдэглэлд дээрх авлагатай холбоотой асуудал огт дурдагдаагүй бөгөөд ЗХХК-ийн зүгээс хөрөнгө шилжсэн тул манай байгууллага хариуцахгүй гэж удаа дараа хариу өгсөн.

Иймд Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй улмаас 2012 он болон 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хооронд үүссэн импортолсон цахилгаан эрчим хүчний төлбөр... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ... 2012, 2013 оны гэрээний харилцаатай холбоотойгоор тухайн үед үүссэн байсан гэх авлагыг хожим хойно 10 жилийн хугацаа өнгөрсний дараагаар шаардсан нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2 гэж тус тус заасныг зөрчиж байна.

гэрээний 2.5 дахь хэсэгт тусгайлан заасан үүргээр нөхцөлдсөн, харилцан хүлээх үүрэг байх тул үүнд хариуцагчийг дангаар буруутгах боломжгүй байна.

нэхэмжлэгчийн өөрийн дотоод авлага болон өглөг-ийн тооцоолол дээр дебит бичилт дээр 35,870,478.76 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн ерөнхий болон тооцооны нягтлан бодогч нар гарын үсэг зурсныг гэрээний 1.7, 2.5-д тус тус заасан ёсоор харилцан баталгаажуулсан байх нөхцөлийг хангахгүй байна.

2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2/09 тоот албан бичгээр нэхэмжлэгч тал нь өмнөх жил хэрэгжсэн гэрээг дүгнээд цаашид гэрээг шинэчлэн байгуулах саналыг тавьсан байх ба ингэхдээ дээрх авлага, үлдэгдэл байгаа эсэх талаар нэг ч уг, өгүүлбэрийг дурдаагүй байгаа нь шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүйг нотолж байна.

Нэр бүхий ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нар нь тухайн үед буюу 10 жилийн хугацааны өмнө байгууллагад өөрсдийнх нь тайлбарлаж буйгаар авлага үүссэн болох тухай дотоод тооцооллыг хийсэн атлаа, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС) болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8, 20.2, 20.2.5, 20.2.6 заасныг зөрчиж, байгууллага дотооддоо үүсгэсэн авлагыг 10 гаруй жилийн хугацаанд баталгаажуулах ажлыг хийгээгүй...гэж маргажээ.

 

Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох хариуцагчийн татгалзлаа нотлох үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн хувьд гэрээний шаардлага гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Мэтгэлцээний явцад харахад хариуцагчийн байгууллагын захирал төлбөр мөнгөний талаар нэхэмжлэгч байгууллагатай уулзаж яваад байсан нь харагдаж байна. Төрийн байгууллагын удирдлага ажилчдаас болж ЗХХК-ийн хүлээх үүргийг биелүүлээгүй байна. Тиймээс төр хохирсон байна. Гэхдээ хуульд зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК болон хариуцагч ЗХХК нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр ОХУ-аас цахилгаан эрчим хүчийг 2013 онд импортолж, улсын хил орчмын зарим хэрэглэгчдийг тогтвортой үнэ бүхий эрчим хүчээр хангахтай холбогдсон үйл ажиллагаагаа уялдуулах, гадаад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн хэмжээгээр төлж барагдуулахад чиглэсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээгээр ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлох тухай 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 29122019/2 тоот Гэрээ, цахилгаан эрчим хүчийг 2013 онд импортлох тухай 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар нэмэлт гэрээний холбогдох заалтаар ЗХХК техникийн гүйцэтгэгчийн үүрэг хүлээсэн байна.

 

Түүнчлэн, гэрээний 1.6-д сар бүрээр импортолсон цахилгаан эрчим хүч, импортын гаалийн бүрдүүлэлтийн төлбөрийг ЦДҮСТӨХК-иас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу дараа сарын 25-нд барагдуулах, 2013 оны 12 сард ногдох төлбөрийг ондоо багтаан төлж, жилийн дүнгээр хоорондын өр авлагыг тэглэхээр, 1.7-д Импортолсон цахилгаан эрчим хүч, төлбөрийн тооцоог тогтмол хийж, төлбөрийн үлдэгдлийг улирал бүр Цахилгаан түгээх үндэсний сүлжээ ТӨХК-тай баталгаажуулахаар талууд тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан Цахилгаан түгээх үндэсний сүлжээ ТӨХК-ийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлээр ЗХХК нь 35,810,478.76 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин гэрээний төлбөрийн үлдэгдэл болон шаардах эрхийн хугацаа хэтрүүлсэн талаар маргасан.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч ЗХХК нь дээрх гэрээний дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь хариуцагч ЗХХК-иас гэрээний дээрх заалтын дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Уг төлбөрийг төлөхийг ЦДҮСТӨХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14491 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд нэхэмжлэгч тал дахин 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба өмнө нь уг төлбөрийг шаардсан эсэх талаар нотолсон баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч тал дээрхээс өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар тайлбарласан.

 

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь хариуцагч ЗХХК-иас гэрээнийн дагуу 2012-2013 оны 12 сарын 31-ний өдрийн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй боловч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гэрээний үүрэг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан зохицуулалтад хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2012, 2013 оны төлбөр шаардсан шаардлагын тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, гэрч У.Байгалмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ЗХХК-иад өр, авлагын талаар хэлэхэд ЗХХК-ийн захирал н.Ганбаатар нь НӨАТ-ыг шийдвэрлэж өг, тэгээд төлбөрийг төлнө гэж хэлсэн гэж тайлбарласан, мөн нэхэмжлэгч тал ЗХХК-д өмнө нь төлбөр төлөх талаар шаардаж мэдэгдэж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.

 

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд заасны дагуу төлбөр шаардсан гэж тайлбарладаг бөгөөд шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний төлбөрийг шаардах эрх гэрээнд зааснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр төлөх үүрэг үүснээс хойших хугацаанд төлбөрийг шаардаж байсан талаар баримт байхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр хугацааг дахин шинээр эхлэн тоолох Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг 79.1, 79.7-д заасан үндэслэл үүсээгүй болно.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч өнгөрөөсөн явдал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ЦДҮСТӨХК нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хариуцагч ЗХХК-д холбогдох, нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн Импортын үйлчилгээ үзүүлэх, хамтран ажилларх гэрээний үүрэгт 35,870,478.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч ЗХХК-иас 35,870,47.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЦДҮСТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС