Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01218

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01218

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ТБФ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот байрлах, ПД ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 6,547,000 төгрөг, алданги 1,458,675 төгрөг, нийт 8,005,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТБФ ХХК нь ПД ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №22169376, СА21/16/22 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан.

Талуудын байгуулсан гэрээний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ТБФ ХХК-ийн КFС Тэнгис салбарт ашигладаг хэншүү сорох зонт эвдэрч, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.13-т заасны дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу тухайн өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас засварын ажилтай холбоотой сэлгэн залгалт хийсний улмаас цахилгаан хангамж тасалдаж цахилгааны хэлбэлзлийн улмаас шатсан болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 2,725,000 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ПД ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Мөн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ТБФ ХХК-ийн КFС Зайсан салбарт ашигладаг гал тогооны эйр кондейшн эвдэрч, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.27-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаар шалгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу цахилгааны хэлбэлзлийн улмаас шатсан болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 2,700,000 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ПД XXК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Түүнчлэн, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ТБФ ХХК-ийн КFC Галлериа салбарт ашигладаг хөлдөөгчийн удирдлагын самбар дээр ус гоожиж, шатаж, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.27-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаар шалгуулахад, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5-т заасан ус чийгийн эрсдэл үүссэн болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 1,122,000 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ПД ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос тус тус үндэслэлгүйгээр татгалзсан.

Нэхэмжлэгч ТБФ ХХК нь талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ТБФ ХХК нь өөрсдийн бүхий эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан ба гэрээний хавсралтад дээрх эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцон барилгын нэг хэсэг гэж үзэж, Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан болно.

Хариуцагч ПД ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 9/3566 тоот шийдвэрүүдээр хариуцагч ПД ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх 3 даатгалын нөхөн төлбөрийг ТБФ ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, хариуцагч ПД ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэм-ийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 8 дугаар зүйлийн 8.1,8.2, 9 дүгээр зүйлийн 9.1,9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч ПД ХХК-иас нийт 6,547,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн Хаан банкны 5022891234 тоот дансанд олгож өгнө үү.

КFС Тэнгис салбарын хохирлын дүн 2,725,000 төгрөг. Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 63 хоногийн алданги 858,375 төгрөг.

КFС Зайсан салбарын хохирлын дүн 2,700,000 төгрөг, Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 32 хоногийн алданги 432,000 төгрөг.

KFC Галлериа салбарын хохирлын дүн 1,122,000 төгрөг, Нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шийдвэр гартал буюу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 30 хоногийн алданги 168,300 төгрөг. Нийт 8,005,675 төгрөг гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын багц гэрээний 4.1 дэх хавсралтаар нэр заагдсан дараах эд хөрөнгө байна гээд 4.1.1-т барилга барилгын сайжруулалт гэж орсон байгаа барилга барилгын сайжруулалт гэдэг нь Барилгын тухай хуулиар Барилгын тухай хуулийн 4.1-т зааснаар барилга байгууламжийг засварлах, тоноглох гэдэг нь ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ.

Мөн хуулийн 4.1.11-д барилгын ажил гэдэг нь бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Энэхүү заалтын дагуу талуудын байгуулсан гэрээний хавсралтад Тэнгис, Зайсан, Галлериа гээд 4 дээр барилга тэгээд галлериа дээр түрээсийн сайжруулалт гэж заасан байдаг. Талуудын байгуулсан гэрээний дагуу 2023 оны 7 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч талаас хариуцагч талд имэйлээр энэ барилгад нь барилга угсралтын ажил нь өөрөө хамаарч байгаа гэдгийг тодорхойлон тодруулж явуулсан байдаг. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит хувьцаат компаниас 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах KFC Тэнгис салбарын цахилгаан хангамжийн тэжээлийн дэд өртөө нь 2023 оны 5 сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд засварын ажилтай холбоотой улмаас сэлгэн засалт хийж тасалдсан байна гэж байгаа. Мөн 2023 оны 6 сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах KFC Зайсан салбарын цахилгаан хангамжийг тэжээдэг дэд өртөөтэй холбоотойгоор 2023 оны 5 сарын 16-ны өдрийн засварын ажил хийгдсэний улмаас цахилгаан хангамж тасалдсан байна гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ тогтоогдчихсон байгаа.

Түүнчлэн, хавтаст хэрэгт хүснэгт дээр нь 2023 оны оны 6 сарын 26-ны өдөр KFC барилгын салбарын таазнаас ус гоожоод таазан дээгүүр явж байгаа төвийн хүйтэн усны шугамд цоорч ус цацарсан байдалтай байсан гэдгийг сантехникч тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу дээрээс цацарсан ус нь хана дагаж урсаад цахилгаанд орж гэмтэл үүсгэсэн гэдгийг тогтоож өгсөн байгаа.

Энэ нь талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 5.1.5-д заасан даатгалын эрсдэлд нь хамаарч байгаа. Даатгалын эрсдэлүүдийг нь 2.1.2.21 2.22 дээр тодорхойлж өгсөн буюу цахилгааны эрсдэл гэдэг нь гэрээгээр хязгаарлаагүй цахилгааны эрсдэлийг ойлгоно сантехникийн эрсдэл нь сантехникийн хэрэгслээс үүдэн гарсан хохирлыг ойлгоно гэж үзсэн байгаа. Үүний дагуу 2.27 дугаар зүйл дээр мэргэжлийн байгууллага гэдгийг тогтоож өгсөн байгаа.

Ийнхүү мэргэжлийн байгууллага тогтоож өгснөөрөө бид нар даатгалынхаа гэрээнд зааснаар Стандарт инженеринг компанид дуудлага өгч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдаг. Стандарт инженеринг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөрөө хэрэгт авагдсан. Түүний салбар болгон дээр хийсэн дүгнэлт, актууд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа гэв.

 

2.Хариуцагч ПД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талууд Эд хөрөнгийн хариуцлагын даатгалын 22116376 СА21/16/22 дугаар гэрээг байгуулсан байна. Гэрээний хугацаа нь 2022/12/17-оос 2023/12/17 хүртэл байна.

2023 оны 05 сарын 10-ны өдөр КFС Тэнгис салбарт ашиглаж байсан хэншүү сорох зонт эвдэрсэн нэхэмжлэлийн тухайд: Тухайн хэншүү сорогч зонт нь даатгалын гэрээгээр хамгаалсан эд хөрөнгийн жагсаалтад байхгүй тул даатгалын гэрээнд заасан эрсдэлээс хамгаалахгүй буюу Иргэний хуулийн 431.1-д заасны дагуу нөхөн төлбөрийн үүрэг хүлээхгүй юм.

Мөн тухайн хэншүү сорогч зонтыг цахилгааны хэлбэлзлээс болж шатдаг гэсэн дүгнэлт гаргаж өгсөн Стандарт Инженеринг ХХК нь барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг компани бөгөөд гэмтлийн шалтгааныг тогтоох мэргэжлийн байгууллага биш юм.

 

2023 оны 05 сарын 16-ны өдөр КFС Зайсан салбарын эйр кондейшн эвдэрсэн нэхэмжлэлийн тухайд:Тухайн эйр кондейшн нь даатгалын гэрээгээр хамгаалсан эд хөрөнгийн жагсаалтад байхгүй тул даатгалын гэрээнд заасан эрсдэлээс хамгаалахгүй буюу Иргэний хуулийн 431.1-т заасны дагуу нөхөн төлбөрийн үүрэг хүлээхгүй юм.

Мөн тухайн эйр кондейшнийг цахилгааны хэлбэлзлээс болж шатдаг гэсэн дүгнэлт гаргаж өгсөн Стандарт барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг компани бөгөөд гэмтлийн шалтгааныг тогтоох мэргэжлийн байгууллага биш юм.

 

2023 оны 6 сарын 26-ны өдөр КFС Галлериа салбарын хөлдөөгчийн удирдлагын самбар дээр ус гоожиж эвдэрсэн нэхэмжлэлийн тухайд: Тухайн эйр кондейшн нь даатгалын гэрээгээр хамгаалсан эд хөрөнгийн жагсаалтад байхгүй тул даатгалын гэрээнд заасан эрсдэлээс хамгаалахгүй буюу Иргэний хуулийн 431.1-д заасны дагуу нөхөн төлбөрийн үүрэг хүлээхгүй юм.

Мөн тухайн хөлдөөгчийн удирдлагын самбар дээр төвийн хүйтэн усны шугам цоорч ус цацарч, самбарт гэмтэл үүсгэсэн гэх тодорхойлолтыг бичиж өгсөн Б.Идэрмөнх гэгч нь нэхэмжлэгчийн өөрийн ажилтан бөгөөд гэмтлийн шалтгааныг тогтоох мэргэжлийн байгууллага биш юм.

Мөн даатгалын багц дүрмийн 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Даатгалын багц дүрмийн 5 дугаар зүйл нь Даатгагчид зориулсан зохицуулалт биш буюу Даатгалын хохирол үнэлэгч компаниудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага болохыг дурдах нь зүйтэй юм. Ийнхүү даатгалын зүйл болон даатгалын тохиолдлын шаардлагыг хангахгүй, нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПД ХХК, ТБФ ХХК-тай байгуулсан эд хөрөнгийн багц даатгалын гэрээгээр дараах нөхцөлийг тохирсон байгаа. Тус гэрээний 4.1.1-ээс 4.1.5-д даатгалын зүйлүүдэд тухайн даатгалын гэрээнд хамаарах ямар эд хөрөнгө, барилга, тавилга гэсэн даатгалын зүйлүүдийг жагсааж заасан байгаа. Мөн үүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг гэрээний хавсралтаар заасан байгаа. Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т даатгалын эрсдэлүүдийн 5.2-т даатгалд үл хамаарах тохиолдлууд буюу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тохиролцсон.

Даатгуулагчийн зүгээс даатгалын гэрээний 5.1.3-д заасан цахилгааны эрсдэл дараах салбаруудад үүссэн гэж нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргасан. Үүнийгээ даатгалын гэрээний хавсралт 1.1-ийн барилга хэсэгт хамаарч байгаа гэж тайлбарладаг. Гэрээний хавсралтыг харах юм бол тухайн хавсралт барилга 2 ширхэг гээд 2 талд нь 3,3 тэрбум төгрөгийн үнэлгээ гэсэн ийм мэдээлэл байдаг буюу өөрөөр хэлбэл, хэншүү сорогч зонт гэдэг дээр тухайлан заасан зүйл байхгүй. Мөн хэншүү сорогч нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй, үүнээс хураамж нь хэдэн төгрөг тооцогдсон тийм мэдээлэл байдаггүй.

Барилга хэсэгт хамаарч байгаа гэсэн тайлбараа хэзээ хэлдэг вэ гэхээр бид нар нөхөн төлбөрийн материалаа хүлээж авч хянаад тухайн үед энэ мөнгө даатгагдаагүй байна, даатгалынхаа зүйлийн жагсаалтыг тодорхой өгөөгүй. Шүүхэд гаргаж өгөөд байгаа дэлгэрэнгүй эксел файл болон мэйлээр тоног төхөөрөмжүүдийн нэрлэн заагаагүй барилга хэсэгт хамаарч байгаа гэсэн ийм байдлаар бид нарын тодруулгатай холбоотойгоор даатгуулагч тайлбарладаг.

Эйр кондейшн цахилгаан хэлбэлзлийн улмаас шатсан гэж тайлбарладаг. Гэрээнийхээ хавсралтыг нь харахаар зэрэг барилга гээд нэг ширхэг 2,2 тэрбумын үнэлгээтэй гэсэн ийм зүйл байгаа.

Тодруулж хэлэх Эйр кондейшн нэр заагаад байхгүй. Мөн эйр кондейшн нь хэчнээн төгрөгийн даатгалын үнэлгээтэй, үүнд хэдэн төгрөгийн хураамж төлсөн гэдэг мэдээлэл байхгүй байгаа.

Дараагийн салбар дээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан ус чийгийн эрсдэл үүссэн гэж төлбөр авах хүсэлт гаргасан. Удирдлагын самбар дээр ус гоожсоны улмаас шатсан, гэрээний хавсралт номер 1.3-д заасан түрээсийн сайжруулалтад хамаарч байгаа гэж тайлбарлаж байгаа.

Гэрээнийхээ хавсралтыг харахаар түрээсийн сайжруулалт, тоо хэмжээ 2 ширхэг гээд даатгалын үнэлгээ 1,6 тэрбум төгрөг гэж заасан байдаг. Тухайн хэсэгт шатсан гээд байгаа хөлдөөгчийн хувийн удирдлагын самбар болон сэнс нь нэр заагдсан зүйл байхгүй, мөн үнэлгээ нь тодорхойгүй гэсэн ийм байдалтай байгаа.

Дээрх нөхцөл байдлуудыг бидний зүгээс тус нөхөн төлбөрүүдийг даатгалын гэрээнд заагдаагүй буюу даатгалд хамаараагүй даатгагдаагүй эд хөрөнгүүдэд хохирол учирсан байна гэж үзээд даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.2.1 дэх заалт 5.2.1 дотроо даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан байна гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэлийг үндэслэлгүй бөгөөд баримтад нийцэхгүй байна гэдгээр тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зөвлөмж дээр цахилгааны шугам сүлжээнд үүсгэж байгаа гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллөөс бий болж буй хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг өөрсдийн эзэмшлийн сүлжээндээ авч хэрэгжүүлэхийг удаа дараа зөвлөсөн байгаа. Энэ даатгуулагчийн тухайд цахилгааны эрсдэл нь зөвхөн нэг салбар дээр ч юм уу, 1, 2 удаа гарсан зүйл биш. 2023 оны турш бараг салбар болгон дээр нийтдээ 20, 30 удаагийн тохиолдол байгаа. Эрх бүхий этгээд, байгууллагын заавар зөвлөмжийг нь харахаар 2023 оны 2 сараас эхлээд цахилгааны хэрэглээтэй холбоотойгоор ийм эрсдэл, үүсдэг тэгэхээр та нар техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай гэдэг зөвлөмжүүдийг удаа дараа өгсөөр байтал даатгуулагч энэ дээр хариу ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь харагдаж байгаа.

Мөн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчноо бүрдүүлсэн байна гэж үзэх бас нэг үндэслэл болчхож байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгааны хэлбэлзсэн улмаас манай дээр үүсчхээд байна үүнээс сэргийлж техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэдгийг өөрөө мэдсээр байж үүнтэй холбоотойгоор ямар нэгэн ажил хийгээгүй, дараа дараагийн эрсдэлүүдийг гаргах үндэслэл болгосон байна гэж үзэж байна.

Даатгуулагч даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авч байх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т эрчим хүчээр хангаж хэрэглэгчийн харилцааг иргэний хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж байгаа.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах нь хэрэглэгчийн үүрэг байна. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээн дээр ч үүрэг хүлээсэн.

Тухайн эрчим хүч хэрэглэж байгаатайгаа холбоотойгоор ч үүрэг хүлээсэн. Эрчим хүч нийлүүлэгч байгууллагаас нь удаа дараа заавар зөвлөмж өгөөд, тэрнийх нь дагуу ямар нэгэн арга хэмжээг аваагүйгээс болж даатгалын эрсдэл үүссэн.

Нэхэмжлэлийн үндэслэл дээр нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэж өгчхөөд байхад нөхөн төлбөрийг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн гэдэг байдлаар алданги нь нэхсэн байдаг. Үүн дээр бид нар даатгалын материалыг хүлээж аваад тухайн ирүүлсэн материалаа шийдэх боломжгүй байсантай холбоотойгоор эргэж тодруулсан байгаа. Тэр нь нэмэлтээр даатгалын дэлгэрэнгүй жагсаалт экселээр ирсэн байгаа. Шатчихсан байгаа эд хөрөнгүүд нь барилгад хамаарч байгаа түрээсийн сайжруулалтад хамаарч байгаа гэдэг байдлаар имэйлээр тайлбар ирүүлсэн. Хамгийн сүүлийн имэйл нь гэхэд өнөөдөр энэ үзлэг хийж байгаа имэйлээр харагдаж байна. Манай 4 ажилтан руу түрээсийн сайжруулалт ийм учиртай бид нар ийм юм оруулж ирсэн шүү гэдгийг өөрөөр хэлбэл, бид нарын шаардсаны дагуу буюу тухайн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд бүрэн бүрдээгүй байсан.

Ийм учраас бид нар даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно гэж заасны дагуу нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа сунгагдсан гэж ойлгосон гээд хамгийн сүүлийн байдлаар даатгуулагчаас ирүүлсэн тайлбар баримтыг аваад тухайн нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд бүрдлээ гэж үзээд тус материалууд дээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг хүргүүлсэн.

Мөн даатгуулагчийн зүгээс тухайн эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцоод барилгын нэг хэсэг гэж үзээд түрээс барилга болон түрээсийн сайжруулах гэсэн хэсэгт оруулан даатгачихсан гэсэн тайлбаруудыг удаа дараа хэлж байдаг. Гэхдээ энэ нь өөрөө үндэслэлгүй, бид нар анхнаасаа даатгахдаа тоног төхөөрөмж тусдаа, энэ нь хураамжийнх нь хувийг хүртэл эд хөрөнгө нь тусдаа, энэ нь бас мөн хураамжид ялгаатай юм байна гээд өөр өөр байдлаар явуулсан.

Даатгалын жагсаалтаа гаргахдаа даатгуулагч өөрөө гаргаж өгсөн. Манай энэ салбар дээр ийм тоног төхөөрөмжүүд, тэдэн ширхэг тавилгын хэрэгсэл, ийм барилга байгаа гэж гаргаж өгдөг буюу энэ даатгалын жагсаалтыг гаргаж өгөхөд бидний зүгээс ямар нэгэн байдлаар засварласан ч юм уу, нөлөөлсөн зүйл байхгүй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл, яриад байгааг үзэхээр тухайн жагсаалтын гаргаж өгсөн хариуцсан ажилтан нь өөрөө тэр тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг гаргахдаа шатчихсан гээд байгаа зүйлийнхээ мэдээллийг бүрэн гүйцэд оруулаагүй, дутуу оруулаад явуулчихсан ч юм уу гэж үзэж байна. Бид нарын зүгээс даатгалын жагсаалт дээр оролцоогүй учраас даатгагчийн өөрийн гаргаж өгсөн мэдээлэл байгаа гэж хэлмээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.09.18-ны өдрийн итгэмжлэл, 2022.12.15-ны эд хөрөнгийн багц даатгалын гэрээ, гэрээний хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.09.11-ний өдрийн 9/3566 дугаартай албан бичиг, ПД ХХК-ийн 2023.08.04-ний 23-01/1326 дугаар албан бичиг, 2023.07.19-ний 23-01/1213 дугаартай албан бичиг, 2023.07.18-ны 23-01/1206 дугаар албан бичиг, Стандарт инженеринг ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ТБФ ХХК-ийн 2023.06.28-ны 21/340 дугаартай албан бичиг, ТБФ ХХК-ийн сантехникч Б.Идэрмөнхийн дүгнэлт, план зураг, Стандарт инженеринг ХХК-ийн засвар үйлчилгээний ажлын тайлан, 2023.06.26-ны нэхэмжлэх, Стандарт инженеринг ХХК-ийн үзлэг оношилгоо хийсэн акт, ТБФ ХХК-ийн 2023.05.17-ны өдрийн 21/282 дугаартай албан бичиг, 2023.05.15-ны нэхэмжлэх, Стандарт инженеринг ХХК-ийн үзлэг оношилгоо хийсэн акт, план зураг, ТБФ ХХК-ийн 2023.06.09-ний 21/326 дугаартай албан бичиг, 2023.05.31-ний нэхэмжлэх, Стандарт инженеринг ХХК-ийн үзлэг оношилгоо хийсэн акт, план зураг гаргаж өгсөн,

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.10.10-ны 23-01/1754 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, 2023.11.28-ны 23-01/2085 дугаартай хариу тайлбар, 2024.01.04-ний өдрийн 24-01/37 дугаартай итгэмжлэл гаргаж өгсөн,

 

5.Зохигчдын хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024.01.18-ны өдрийн 1/103 дугаар албан бичиг, 2024.01.25-ны 1/146, 2023.02.01-ний 1/169, 23.03.17-ны 1/438, 23.03.20-ны 2/460, 23.04.06-ны 1/637, 2023.04.06-ны 1/638, 2023.04.06-ны 1/639, 2023.04.21-ний 1/839, 2023.05.17-ны 2/1068, 2023.06.02-ны 1/1146, 2023.06.02-ны 1/1140, 2023.06.02-ны 1/1141, 2023.06.02-ны 1/1142, 2023.06.06-ны 1/1181, 2023.06.20-ны 1/1253, 2023.06.20-ны 1/1254, 2023.06.20-ны 1/1255, 2023.06.20-ны 1/1256, 2023.06.20-ны 1/1257, 2323.06.20-ны 1/1258, 2023.06.20-ны 1/1259, 2023.08.07-ны 1/1482, 2023.08.25-ны 1/1565, 2023.10.09-ны 2/1756, 2023.10.26-ны 1/1839, 2023.11.09-ний 1/1920, 2023.12.07-ны 1/2038 тоот албан бичгүүд, ТБФ ХХК-ийн эд хөрөнгө, бараа материал, байгууллагын хариуцлага, бэлэн мөнгөний даатгалын хавсралт, Гэрч Э.Номингийн мэдүүлэг, ПД ХХК-ийн 2024.03.01-ний 24-01/439 дугаартай албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр авагдсан баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ТБФ ХХК нь хариуцагч ПД ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 6,547,000 төгрөг, алданги 1,458,675 төгрөг, нийт 8,005,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хэншүү сорох зонт эвдэрч, цахилгааны хэлбэлзлийн улмаас шатсан болохыг тодорхойлсон бөгөөд 2,725,000 төгрөгийн хохирол, гал тогооны эйр кондейшн эвдэрч, цахилгааны эрсдэл үүссэн буюу цахилгааны хэлбэлзлийн улмаас шатсан болохыг тодорхойлсон бөгөөд 2,700,000 төгрөгийн хохирол, хөлдөөгчийн удирдлагын самбар дээр ус гоожиж, шатаж, ус чийгний эрсдэл үүссэн болохыг тодорхойлсон бөгөөд үүний улмаас компанид нийт 1,122,000 төгрөгийн хохирол үүссэн, даатгалын нөхөн төлбөр олгохоос тус тус үндэслэлгүйгээр татгалзсан.

гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасан бөгөөд нэхэмжлэгч ТБФ ХХК нь өөрсдийн бүхий л эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан ба гэрээний хавсралтад дээрх эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцон барилгын нэг хэсэг гэж үзэж, Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан болно.

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх 3 даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу алданги 1,458,675 төгрөг...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Нөхөн төлбөрүүдийг даатгалын гэрээнд заагдаагүй буюу даатгалд хамаараагүй даатгагдаагүй эд хөрөнгүүдэд хохирол учирсан байна гэж үзээд даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.2.1 дэх заалт 5.2.1 дотроо даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан байна гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас зөвлөмжүүдийг удаа дараа өгсөөр байтал даатгуулагч энэ дээр хариу ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Даатгуулагч даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-д үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Эрчим хүч нийлүүлэгч байгууллагаас нь удаа дараа заавар зөвлөмж өгөөд, тэрнийх нь дагуу ямар нэгэн арга хэмжээг аваагүйгээс болж даатгалын эрсдэл үүссэн.

Даатгуулагчийн зүгээс тухайн эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцоод барилгын нэг хэсэг гэж үзээд түрээс барилга болон түрээсийн сайжруулах гэсэн хэсэгт оруулан даатгачихсан гэсэн тайлбаруудыг удаа дараа хэлж байдаг. Гэхдээ энэ нь өөрөө үндэслэлгүй, бид нар анхнаасаа даатгахдаа тоног төхөөрөмж тусдаа, энэ нь хураамжийнх нь хувийг хүртэл эд хөрөнгө нь тусдаа, энэ нь бас мөн хураамжид ялгаатай юм байна гээд өөр өөр байдлаар явуулсан. Даатгалын жагсаалтаа гаргахдаа даатгуулагч өөрөө гаргаж өгсөн. Манай энэ салбар дээр ийм тоног төхөөрөмжүүд, тэдэн ширхэг тавилгын хэрэгсэл, ийм барилга байгаа гэж гаргаж өгдөг буюу энэ даатгалын жагсаалтыг гаргаж өгөхөд бидний зүгээс ямар нэгэн байдлаар засварласан ч юм уу, нөлөөлсөн зүйл байхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч ТБФ ХХК болон хариуцагч ПД ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №22169376, СА21/16/22 дугаартай Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр даатгагч нь барилга, барилгын сайжруулалт, машин тоног төхөөрөмж, бараа материал, компьютер, дагалдах хэрэгсэл, тавилга, эд хогшил хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай галын, байгалийн, цахилгааны, сан техникийн, ус чигийн, гуравдагч этгээдээс хохирол учруулах, үйлдвэрийн ослын, хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах, дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах, бүх төрлийн ахуйн эрсдэлүүдийг үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч нь хураамж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн багц даатгалын гэрээ, түүний хавсралт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв.

 

Даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талууд даатгалын хураамж төлсөн талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний хугацаанд нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн KFC Тэнгис, Зайсан, Галлериа салбаруудын хэншүү сорох зонт, гал тогооны эйр кондейшн, хөлдөөгчний удирдлагын самбар эвдэрсэн болох нь Стандарт инженеринг ХХК-ийн үзлэг, оношилгоо хийсэн акт, ТБФ ХХК-ийн сантехникчийн дүгнэлтээр тогтоогдожээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4-т даатгалын зүйл, 4.1-д хавсралтад заагдсан дараах эд хөрөнгө байна, 4.1.1-д барилга, барилгын засан сайжруулалт, 4.1.2-т машин тоног төхөөрөмж, 4.1.3-т бараа материал, 4.1.4-т компьютер, дагалдах хэрэгсэл, 4.1.5-д тавилга, эд хогшил хамаарч байх ба гэрээний 5-т даатгалын эрсдэл, 5.1.1-д галын эрсдэл, 5.1.2-т байгалийн эрсдэл, 5.1.3-т цахилгааны эрсдэл, 5.1.4-т сан техникийн эрсдэл, 5.1.5-д ус чийгийн эрсдэл, 5.1.6-д гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл, 5.1.7-д үйлдвэрийн ослын эрсдэл, 5.1.8-д хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл, 5.1.9-д дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл, 5.1.10-т бүх төрлийн ахуйн эрсдэл хамаарахаар тодорхойлсон ба зохигчдын хоорондын маргааны зүйл нь даатгалын гэрээний зүйлд нэхэмжлэлд дурдагдсан эд зүйл хамаарч байгаа эсэх талаар маргасан байна.

 

Даатгуулагч ТБФ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрсдэл үүссэн гэж үзэж ПД ХХК-д нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг хүргүүлсэн байх боловч ПД ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23-01/1206, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23-01/1213, 2023 оны 08 дугаар сарын 04-ний 23-01/1326 дугаар албан бичгээр ... даатгалын жагсаалтад байгаа эсэх нь тодорхойгүй байна. ... нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг... хариу өгчээ.

 

Нэхэмжлэгч ТБФ ХХК нь уг нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/3566 дугаар албан бичгээр ... нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... талууд даатгалын эрсдэл болон даатгагдсан хөрөнгийн мэдээллийг ерөнхий байдлаар гэрээнд тусган харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх тохиолдлын тухайд даатгалын гэрээнд заасан цахилгааны эрсдэлийн улмаас барилга, машин тоног төхөөрөмжид учирсан хохирол гэж үзэхээр байна... гэсэн хариу өгчээ.

 

Зохигчид даатгалын гэрээний хавсралтаар даатгагдсан хөрөнгийн мэдээлэл хэсгийн 04-т Тэнгис хөрөнгө хэсэгт компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, барилга гэж, мөн 08-т Зайсан хөрөнгө хэсэгт компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, барилга, мөн 12-т Галлериа хөрөнгө хэсэгт компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, түрээсийн сайжруулалт гэж тусгасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д заасан хөрөнгүүдийн хувьд 5.1-д заасан эрсдэл үүссэн тохиолдолд, тус гэрээний 7.1, 7.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон ба гэрээний 2.3, 2.4, 2.7, 2.13, 2.27, 5.2-т даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч тал гэрээний 4.1 дэх хавсралтаар нэр заагдсан дараах эд хөрөнгө байна гээд 4.1.1-т барилга барилгын сайжруулалт гэж орсон.

Барилга, барилгын сайжруулалт гэдэг нь Барилгын тухай хуулийн 4.1-т зааснаар барилга байгууламжийг засварлах, тоноглох гэдэг нь ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ.

Мөн хуулийн 4.1.11-д барилгын ажил гэдэг нь бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Энэхүү заалтын дагуу талуудын байгуулсан гэрээний барилга, түрээсийн сайжруулалт хамаарна гэж тайлбарладаг.

 

Хэрэгт үзлэгээр авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад заагдсан даатгагдсан эд хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалтаар Тэнгис, Зайсан, Галлериа салбаруудын даатгагдсан хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалтанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгө болох хэншүү сорох зонт, гал тогооны эйр кондейшн, хөлдөөгчийн удирдлагын самбар дурдагдаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн багц даатгалын гэрээний даатгалын зүйлд дээрх эд зүйлүүд хамаарахгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний даатгагдсан эд зүйлийн талаар талууд тохиролцсон байх ба тухайн даатгалын зүйлд хэншүү сорох зонт, гал тогооны эйр кондейшн, хөлдөөгчийн удирдлагын самбар даатгалын зүйлд хамаарахгүй байх бөгөөд уг эд хөрөнгийг даатгуулсан гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 4.1.1, 4.1.5, 4.1.10, 4.1.11-т зааснаар барилга байгууламж, барилгын барилга байгууламжийг засварлах, тоноглох, барилга байгууламж шинээр барих, барилгын ажил гэсэн тодорхойлолтод хэншүү сорох зонт, гал тогооны эйр кондейшн, хөлдөөгчийн удирдлагын самбар хамаарахгүй байна.

Мөн барилга байгууламж, барилгын сайжруулалтад хэншүү сорох зонт, гал тогооны эйр кондейшн, хөлдөөгчийн удирдлагын самбарыг хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулснаа баримтаар нотлоогүй.

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ПД ХХК-д холбогдох Даатгалын нөхөн төлбөрт 6,547,000 төгрөг, алданги 1,458,675 төгрөг, нийт 8,005,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ПД ХХК-иас Даатгалын нөхөн төлбөрт 6,547,000 төгрөг, алданги 1,458,675 төгрөг, нийт 8,005,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБФ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС