Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1813

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Х.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 56 320 000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Хонгор,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х.М-, “П” ХХК-ний захирал О.М нар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, П дүүргийн 08 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 8/1 хаягт байрлах “Хөвсгөл лэйк сити тоувер” оффисын барилгын 11 дүгээр давхрын 1102А тоот 70 м.кв талбайг оффисын зориулалтаар, нэг сарын 2 100 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээг байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарч түрээсийн талбайг 66.61 м.кв гэж тодорхойлсон.

“П” ХХК-ийн захирал О.М нь түрээсийн төлбөртөө 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 100 000 төгрөг, дараа сарын төлбөрөөс 1 000 000 төгрөг төлсөн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 101/Ш32018/13089 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж хариуцагч шаардлага гаргасан. Хэрвээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр бол хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Цоожны голыг хариуцагч байгууллагын захирал О.Мыг гадагшаа явсан байхад сольсон гэдэг боловч Хятад улс руу явсан гэдгээ нотлох баримт өгөх хэрэгтэй.

Х.М- Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд “П” ХХК-ийн захирал О.Мыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол  1999 хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариуцагч байгууллагаас түрээсийн гэрээний төлбөр болох 22 100 000 төгрөг, алданги 11 050 000 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 33 220 200 төгрөг, олох ёстой байсан орлого 23 100 000 төгрөг гаргуулж, талбай чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ байгуулсан тохиолдолд тус гэрээ нь хуулийн дагуу шаардах эрхийг бий болгодог. “П” ХХК-ийн зүгээс иргэн Х.М-тэй 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаар 13 тоот түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр П дүүргийн 8-р хороо, бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн гудамж 8/1 дугаартай барилгын 1102А тоот хаягт байршилтай барилгын 70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгч нь тус оффисын цоожийг сольсон учраас манай байгууллага үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтууд болон төсөл, техник хэрэгслийг ашиглах боломжгүй болсны улмаас үйл ажиллагаа зогсонги байдалтай болж, их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иргэний хуульд түрээсийн гэрээ байгуулах үндэслэл журам, талуудын хүлээх үүрэг, гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцлийн талаар хуульчилсан ба хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаар 13 тоот түрээсийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-аас 20 053 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М-д олгож, зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 25 217 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 597 550 төгрөг, хариуцагчийн төлсөн 284 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “П” ХХК-аас 328 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д, нэхэмжлэгч Х.М-ээс 284 000 төгрөг гаргуулан хариуцагч “П” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “П” ХХК-ийг 2017 оны 5, 6 дугаар сарын талбай ашигласны төлбөрөө бүрэн төлсөн мэтээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 853 600 төгрөгийг дутуу дүгнэсэнд гомдолтой байна.

“Эй Би Эн Дизайн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр түрээсийн талбайг 66.61 м.кв гэж тогтоосныг үндэслэн хариуцагч “П” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны нэг сарын төлбөрийг 1 998 300 төгрөгөөр тооцон гаргуулахаар тогтоосон ба 2 сарын төлбөр 3 996 600 төгрөг болж үүнээс төлсөн 3 143 000 төгрөгийг хасвал 853 600 төгрөг болно.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан түрээсийн гэрээнд талууд оффис үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох 1 м.кв-ын талбайн хэмжээг 30 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Мөн “Эй Би Эн дизайн” ХХК-ийн дүгнэлтээс харвал “Оффисын зориулалттай талбай тооцсон тэмдэглэл”-д талбайн хэмжээг  56.57 м.кв, ариун цэврийн болон коридорын өрөө нь 10.04 м.кв талбай болох талаар бичсэн. Иймээс нэхэмжлэгчээс 56.57 м.кв ашигтай талбайг хариуцагчид шилжүүлэн өгч хариуцагч нь нэг сард 1 697 100 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иргэний хуульд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй, орон сууцны дундын ашиглалтын талбай, гал тогоо болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэргийг уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй гэж заасан тул коридор болон ариун цэврийн өрөө 10.04 м.кв-ыг ашигтай талбайд оруулан тооцох нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь шилжүүлж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн цоожны голыг 2018 оны 01 дүгээр сард сольж хариуцагчийг тус эд хөрөнгийг ашиглах боломжгүй болгосон байдаг.

Иймээс хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарыг хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2012 оны  01 дүгээр сард эд хөрөнгийн цоожны голыг сольж өөртөө эзэмшлийг авснаас хойш битүүмжилсэн тухай баримт болон хэрэгт авагдсан гэрэл зургийг хэзээ ч авч баримт үйлдэж болох юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг бодитой гэх бүрхэг дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч талаас нь 2018 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны 12 130 900 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Манай байгууллагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 183/ШШ2018/01892 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж олсон гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж нэхэмжлэлийн хувийг гардан авч байсан.

Нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандаж зохих үйлчилгээг авсан гэж үзэхээр байх тул эрэн сурвалжлуулахад гарсан гэх 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.М- хариуцагч “П” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 56 320 000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн гэрээний төлбөр 22 100 000 төгрөг, олох байсан орлого 23 100 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 45 270 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Х.М- нь “П” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.М- өөрийн өмчлөлийн, П дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 8/1 хаягт орших “Хөвгөл лэйк сити тауэр” барилгын 11 давхрын 1102А тоот хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 70 м.кв талбайг “П” ХХК-д түрээслэх, түрээслэгч “П” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөрт 1 сард 2 100 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Х.М-ийн өмчлөлийн дээрх хаягт орших үл хөдлөх эд хөрөнгө нь 124 м.кв талбайтай бөгөөд түрээсийн зүйл болох 70 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан объект болох талаар баримт хэрэгт авагдаагүй. Талуудын тайлбараас дүгнэвэл түрээсийн зүйл нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг байх боломжтой. Уг нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох юм.

 

Түүнээс гадна талууд түрээсийн зүйлийн хэмжээнд маргасан. Хэрэв түрээсийн зүйл нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг байгаагаас хамаарч дундын эзэмшил, ашиглалтад коридор, 00 өрөө байгаа эсэх, дундаа хэрхэн ашиглах, түрээслэх хөлсийг ямар байдлаар төлөхөөр тохиролцсон эсэхээс хамаарч түрээсийн хөлсийн хэмжээ тодорхойлогдохоор байна.

 

Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4119 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч “Эй Би Эн Дизайн” ХХК-ийн дүгнэсэн хариуцагч байгууллагын ашиглаж байгаа талбайн хэмжээг оффисын хэсгийг 56.57 м.кв гэж тодорхойлж болох боловч “...хөлийн хэсэг 5.46 м.кв, ариун цэврийн өрөө 4.58 м.кв талбайн” хэсгийг түрээсийн зүйлд оруулан тооцох эсэх нь тэдгээрийг бусадтай хамтран эзэмшиж, ашиглаж байгаагаас шалтгаалж болохоор байна.

 

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШЗ2019/04119 тоот захирамж алдаатай болжээ. Учир нь уг захирамжаар хэргийг өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүх явуулах учиргүй юм. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Зүй нь шинжээч томилох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэж байгаа бол уг ажиллагааг сэргээсний дараа хэргийг өөр шүүхэд шилжүүлэх, эсхүл өөр шүүхэд шилжүүлсэн бол шинжээч томилох ажиллагааг хэргийг хүлээн авч буй шүүхийн эрх хэмжээнд үлдээх байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Х.М-ийн нэхэмжлэлтэй, “П” ХХК-д холбогдох хэргийг хүлээн авсан боловч шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдаан даргалагчийг томилсон гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 100 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 707 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА