Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Ч.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галдан бошигт овгийн Чулуунхүүгийн Оюунтөгст холбогдох эрүүгийн 1711002010006 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г бошигт овгийн Ч О, 1991 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр гудамжны 60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Онь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн дурсамж амралтын газарт хохирогч Б.Ганцэцэгтэй “хүүхдийн хажууд чанга дуугаар ярилаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, прокурорын санал болгосон ялыг биелүүлнэ…” гэв.

Улсын яллагч Д.Энх-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт: “…шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх талаар тайлбарлан өгч, 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн. Энэ саналаа дэмжиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Хохирогч Б.Ганцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтэй намайг Оюунтөгс, Батцэцэг, Цогзолмаа нар нийлж зодсон гэж мэдүүлсэн. Харин намайг Ч.Оюунцэцэг намайг ганцаараа зодсон байна. Батцэцэг, Цогзолмаа нар нь тухайн үед бид хоёрыг салгаж, болиулах арга хэмжээ авсан байна лээ. Түүнийг нь тухайн үед намайг хамт зодож байна гэж ойлгоод дээрх байдлаар мэдүүлчихсэн байна. Ч.Онь миний нүүр рүү гарынхаа нударгаар хэд хэдэн удаа цохисон. Тэр үед намайг тонгойсон байхад Ч.Оминий баруун нүдний дээд хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би Оюунтөгсөөс 500.000 төгрөг нэхэмжилсэн. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй...” гэжээ /хх-8-10/.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 8965 дугаар дүгнэлтэд: 

“1. Ганцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.  

2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-51/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-52/, прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарг гаргасан санал зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Онь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн дурсамж амралтын газарт хохирогч Б.Ганцэцэгтэй “хүүхдийн хажууд чанга дуугаар ярилаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Оюунтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь Б.Ганцэцэг нь “...Би Оюунтөгсөөс 500.000 төгрөг нэхэмжилсэн...” гэж мэдүүлсэн боловч хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Галдан бошигт овгийн Чулуунхүүгийн Оюунтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Оюунтөгсийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Онь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Оюунтөгст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН