Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн Увс аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.О-ийн 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай дүгнэлттэй Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ю.Од холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор С.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Увс аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор С.Б би, Увс аймаг Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.О нь бүртгэлийн 28 дугаартай Ус-Эрдэнэ ХХК-ийн нягтлан бодогч О.Г нь 5,6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг ирүүлээгүй гэх зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, холбогдогч О.Г-д 2023 оны 08 дугаар 01-ний өдөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалыг 2023 оны сарын 23-ны өдөр ирүүлснийг, хүлээн авч хянахад “У” ХХК-ийн нягтлан бодогч О.Г нь 5,6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг ирүүлээгүй зөрчил үйлдсэн нь холбогдогч О.Г-ийн мэдүүлэг, О.Ганцоожоос гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, татварын удирдлагын нэгдсэн систем, мэдээллийн судалгааны taxreport.mta.mn-с гарсан мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад татвар төлөгч, хүн, хуулийн этгээд татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульд заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч О.Ганцоожид шийтгэл оногдуулахдаа, хуулийн зүйл, хэсэг, заалт болон шийтгэлийн төрөл хэмжээг бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа шийдвэртээ шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээний талаар тусгана гэснийг зөрчиж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудасны загвар-ын дагуу үйлдээгүй байна. Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Увс аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.О-ийн шийтгэл оногдуулсан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ НЬ: хэсгийн 1 дэх хэсэгт 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв гэжээ.

Эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ю.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Б-ийн гаргасан дүгнэлттэй танилцахад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт "11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлүүлэхээр бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулснаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б нь Эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ю.Од холбогдуулан эрх бүхий албан тушаалтан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч О.Ганцоожид шийтгэл оногдуулахдаа, хуулийн зүйл, хэсэг, заалт болон шийтгэлийн төрөл, хэмжээг бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээний талаар тусгана гэснийг зөрчиж Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудасны загвар-ын дагуу үйлдээгүй тул 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ НЬ: хэсгийн 1 дэх хэсэгт 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчлүүлэхээр дүгнэлтийг гаргажээ.

Эрх бүхий албан тушаалтан болох Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ю.О 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн О.Ганцоожид татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 0066480 дугаартай шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 гэж 2 дахь хэсгийг дутуу бичсэн алдаа гаргасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,эрх чөлөө,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй,хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Прокурорын дүгнэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ээс ирүүлсэн Увс аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ю.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0066480 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан Ю.О бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох 124/2023/0025/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар прокурорын дүгнэлтэд дурдсан асуудлаар шүүхэд дахин дүгнэлт гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ