Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/01739

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/01739

Улаанбаатар хот

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин суух,  овогт Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, байрлах, БДЧХ-д холбогдох,

  

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан БДЧХийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А,

Гэрч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ц нь 2023 оны 04 сарын 20-ны өдөр БДЧХ-д тогоочоор 1 сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр хүний орон тоон дээр ажиллаж байсан учир тушаал гарч цалинг 1,000,000 төгрөг болгоод 40%-ийн нэмэгдэл өгөхөөр болсон. Тогоочоор ажиллаад явж байх хооронд Хуулийн зөвлөх О.О нь Нягтлан н.Сүрэнгийн хүн гээд хардаж намайг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халаад байна. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал дээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч анх хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийж гэрээний нэг хувийг надад өгөөгүй бас тушаалаа ч өгөөгүй юм. Ажлаас халсан тушаалаа авъя гээд хуулийн зөвлөх О.От хандахад захиралд байгаа гээд өгөхгүй байхаар нь менежер н.Бадамсүрэнд хэлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 15-нд тушаалаа хүлээн авсан байдаг юм. Тушаалаа аваад захирал Лобзан Түпстантай уулзахад таныг би халаагүй та 3 сарын цалингийн нөхөн олговроо олж аваарай гэсний дагуу 2023 оны 10 сарын 20-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд 3 сарын цалингийн нөхөн олговроо нэхэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамж гарч захирамжийг 2023 оны 11 сарын 22-нд хүлээн аваад байна. За тэгээд 12 сард Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 12 сарын 13-ны өдөр гурван талт хорооны хуралдааны шийдвэр гарсан.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан БДЧХ-ийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халдагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 сарын 20-нд Б.Ц нь шашны байгууллагад тогоочоор ажилд ажилд орсон байдаг. 2 тогооч ажилладаг газар, нэг тогооч ажиллаж байгаа учир цалинг 30%-аар нэмүүлээд 2 орон тоон дээр ажиллаж эхэлсэн байдаг. Ажиллаж байх явцад гэрчээр орох О.О гээд хуулийн зөвлөх нь өмнөх нягтлан н.Сүрэнтэй холбоотой н.Сүрэнгийн хүн гэдэг үндэслэлээр шахаж ажлаас чөлөөлнө гэж хэд хэдэн удаа ярьж байсан. 7 дугаар сарын сүүлээр 3 сарын тушаалын хугацаа нь дуусаж байгаа гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан байдаг. Ажлаас халагдчихаад тушаалаа авъя гээд О.Отэй уулзсан боловч захиралд байгаа гэх шалтгаанаар өгөхгүй удсан. 10 сарын 15-ны үед менежер н.Бадамсүрэнд хэлж тушаалаа авсан байдаг. Тушаал авахаасаа өмнө орлогч захирал Лобзан Түпстантай уулзахад таныг би ажлаас халаагүй. Би буруу тушаал дээр гарын үсэг зурсан байна, тийм учраас 3 сарын нөхөн олговроо аваарай гэж хэлсэн байдаг. Үүнийг Б.Ц буруу ойлгоод шүүхийн журмаар нэхэмжилж авах ёстой юм байна гээд 3 сарын цалингаа авъя гээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэлээ гаргадаг. Гэтэл шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна, 3 талт хороонд ханд гээд шүүгчийн захирамж гарсны дагуу, 3 талт хороондоо хандаад 11 сарын сүүлээр тэмдэглэл үйлдээд гарсан байдаг. Тэрний дараагаар шүүхэд хандаад явж байгаа. Тиймээс ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлж баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

Ажлаас халагдах тушаалыг үндэслэлгүй гээд байгаа шалтгаан нь 2023 оны 4 сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Ч.Х гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Ч.Х гэдэг хүн ямар хүн юм бэ гэхээр 2022 оны 11 сарын 5 сарын итгэмжлэлээр байгууллагад ажиллаж байсан. Итгэмжлэлийн хугацаа нь 2023 оны 4 сарын 9-ний өдрөөр дууссан. Б.Цийг ажилд орохоос нь өмнө итгэмжлэлийн хугацаа нь дуусчихсан. Дээрээс нь шашны байгууллагад гүйцэтгэх захирал гэдэг хүн нэг л байдаг. Тэр нь С Вангчук гэж гүйцэтгэх захирал байдаг. Мөн Ловон лам буюу орлогч захирал Лобзан Түпстан гэж гүйцэтгэх захирал байхгүй үед орлох үүрэгтэй лам байдаг. Шашны байгууллага төлөөлөх эрхгүй этгээд болох Ч.Х нь ажилд оруулах тушаалыг 3 сараар хийж гарын үсгээ зурсан. Үүнийг 7 сарын сүүлээр орлогч захирал Лобзан Түпстан 3 сарын хугацаатай тушаал нь дууссан гэдэг үндэслэлээр халсан нь өөрөө үндэслэлгүй юм. Анх ажилд ороход тушаалыг хугацаагүйгээр хийсэн байдаг. Тэр үед гүйцэтгэх захирал С Вангчук болон орлогч захирал Лобзан Түпстан байдаг. Цэрэндэжидийн хэлж байгаагаар тэр үед  тушаал нь гүйцэтгэх захирал С Вангчук гэж гарсан. Гэтэл шүүх дээр яваад ирсэн чинь төлөөлөх эрхгүй этгээд болох гүйцэтгэх захирал Ч.Х гэдэг хүнээс тушаал гарсан байгаа нь өөрөө анх ажилд орсон тушаалыг хуурамчаар төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулаад өгсөн. Үүнийхээ дараа 7 сарын 20-ны тушаал нь гарсан учир үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Цийн БДЧХ шашны байгууллагад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага Б.Цийг 2023 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирч холбогдох тушаалыг 2023 оны 04 сарын 20-ны өдөр б/50 албан тоотоор баталгаажуулсан байдаг.

Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэсэн нь ажил олгогчид сонголт өгсөн зохицуулалт мөн байна. Үүний дагуу б/50 тушаалын 1 дэх хэсэгт 3 сарын хугацаанд туршилтаар гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Б.Ц нь БДЧХэд туршилтын хугацааны дотор сарын 800,000 төгрөгөөр цалинжихаар тохирч, бидний зүгээс 3 сарын хугацаанд цалинг нь ямар наг асуудалгүй олгож байсан. Түүнчлэн Б.Цийг туршилтын хугацаанд ажиллаж байсан гэдгийг орон тооны ажилтан авах хүртэл ажил хавсран гүйцэтгүүлж, холбогдох нэмэгдлийг олгож байсан 2023 оны 05 сарын 01-ний өдрийн тушаалаас харж болно.

Б.Ц нь БДЧХэд туршилтын хугацаанд ажиллах үедээ мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргаж байсан бөгөөд удирдлагаас сануулах арга хэмжээ хүртэл авч байсан.

Тогоочийн үндсэн ажилдаа алдаа дутагдал гаргахаас гадна, ажилчид хоорондын харилцаа, ёс зүйн алдаа гаргадаг байсныг хийдийн ажилчид амаар болон бичгээр илэрхийлж байсан. Энэ нь хийдийн ажилтан У.Ариунбилэг, С.Сэргэлэн нарын 2023 оны 6 болон 7 сард бичгээр гаргасан өргөдөл, түүний агуулгаар нотлогддог. Ингээд 2023 оны 07 сарын 27-ны туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн харилцааг дуусгах, Б.Цийг шашны байгууллагын онцлог, ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхээргүй хүн байна гэж үзэн ажлаас халах тухай тушаал гаргасан. Манай байгууллага дээрх бүхий л харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн ажилласан, мөн хуулиар заасан эрхийн хүрээнд Б.Цийг үргэлжлүүлэн ажиллуулахгүй, туршилтын хугацааг сунгахгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 сарын 20-ны өдөр Ч.Х гэдэг хүн С даргын байхгүй хугацаанд нь орлож, эрх үүргийг нь буюу хийдийн удирдлагын үйл ажиллагааг хөтөлж явуулдаг байсан нь итгэмжлэл дээр нь харагддаг. Гол маргаан талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан уу, гэдэг дээр бол биш энэ хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Хэдийгээр Ч.Х гэдэг хүн дээр итгэмжлэлийн хугацаа нь дууссан байсан ч гэсэн тэр хүн 4 сарын 20-ноос эхлээд өөрийнхөө ажил үүргийг хүлээж аваад манай хийд дээр 2 тогоочийн ажил дээр тушаал шийдвэрүүд нь гараад явж байсан. Ажиллаж явж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг нь хангаж байна уу гэдгийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар 3 сараар ажилд авахыг Хөдөлмөрийн хуулиар бол зөвшөөрч байгаа. Үүний дагуу тухайн ажилтныг ажилд авсан тушаалын 1 дэх хэсэгт 3 сарын хугацаанд туршилтаар гэж тодорхой зааж өгсөн байгаа юм. Энэ бол салаа утгаар тайлбарлагдах ямар ч боломжгүйгээр туршилтын хугацаанд авсан. Ажилтны хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон буюу 7 сарын 27-ны үеийн тушаал дээр ажилтан Б.Ц 3 сар орчмын хугацаанд ажиллаад нийгмийн даатгалын бичилт дээр 3 сарын хугацаанд ажилласан гэдэг нь нотлогдож байгаа юм. Үүнээс үзэх юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т туршилтын хугацаагаар ажиллуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон гэдэг нь үйл баримтаас тодорхой харагдаж байгаа. Ажиллах хугацаандаа яагаад энэ хүн ажлын байран дээр тохирохгүй болсон бэ, тохирохгүй гэж үзсэн бэ гэдэг нь 2024 оны 7 сарын 16-ны өдөр буюу ажилтан н.Сэргэлэн гэж хүний өгсөн өргөдлөөс харагддаг. Уг хүн нь манай хийдэд ажилладаг, одоо ч ажилласаар байгаа гэдэг нь нийгмийн даатгалын бичилтээс нь харагддаг. Гүйцэтгэх захирал дээр маргаан үүсэж байна. Гүйцэтгэх захирал гэдэг хүн манай хийдийн гэрчилгээгээр С Вангчук гэдэг Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн байгаа. Энэ хүн Б.Ц гуайг ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 6 сарын 26-ны Б/57 гэдэг энэ шийтгэл ноогдуулах буюу сануулах арга хэмжээ, сахилгын шийтгэл авсан байдаг. Нэмээд н.Сэргэлэн гэдэг ажилтны өргөдөл дээр ажилчид хооронд буруу мэдээлэл тарааж ажилд орсон өдрөөс хойш хэл ам, хэрүүл тэмцэлд уриалж хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна гэсэн өргөдлийг ирүүлсэн байгаа. Тэгэхээр 1 дүгээрт энэ хүн туршилтын хугацаанд ажиллаж байсан, 2 дугаарт туршилтын хугацаанд ажиллаж байхдаа гүйцэтгэх захирал С Вангчук гуай шүүхийн сахилгын шийтгэл ноогдуулах энэ сануулах арга хэмжээ авуулж байсан, мөн хийдэд удаан ажиллаж байгаа ажилчдаас гомдол санал ирж байсан эдгээр зүйлсийг үндэслээд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай буюу тушаал гарч байгаа юм. Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн С Вангчук Энэтхэгт улсад гэр бүл нь байдаг, Монгол улсад ирж очин байдаг. Өнөөдөр ч гэсэн Монгол Улсад байхгүй байгаа. Хийдийн ловон ламаар томилсон Лобзан Түпстан томилсон тушаал нь байдаг. Гүйцэтгэх захирлын тушаал дээр ловон лам хөдөлмөрийн гэрээг үүсгэх, дуусгавар болгох, хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон санхүүгийн баримт дээр хүртэл 1 дүгээр гарын үсэг зурагчаар манай хийдийг төлөөлж явдаг ийм хүн байгаа юм. Лобзан Түпстан дан ганц гүйцэтгэх захирлын тушаалаас гадна манай хийдийн дотоод журмаар ловон лам гэж ямар үүрэг хүлээх эрхтэй этгээд юм бэ гэдгийг нь хийдийн дотоод журмаар бататгаж өгсөн байгаа. Энд ч гэсэн ялгаагүй. Одоо энэ хийдийн ловон лам гэдэг албан тушаалтан хүн хөдөлмөрийн харилцааг үүсгэх, дуусгавар болгох зэрэг эрхийг хариуцаж байгаа. Хөдөлмөрийн туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулсан, байгуулаагүй гэдэг маргаан явдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгч талаас үзээд хөдөлмөрийн харилцааг эхлүүлэх тушаалыг үндэслэлгүй гэж үзэх юм бол энэ нь өөрөө харин эргээд хөдөлмөрийн харилцаа үүссэн юм уу, үүсээгүй юм уу гэдэг маргаан руу хөтөлнө. Харин ч хөдөлмөрийн гэрээн дээр суурилаад нэхэмжлэгч тал буцаад ажил тогтоолгох болон хөдөлмөрийн гэрээгээр төлж байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг манай хийдээс гаргуулж авах гээд байдаг. Энэ тохиолдолд манай өмнөх хуулийн зөвлөхийн үйлдэж байсан хөдөлмөрийн гэрээний драфт ноорог байдаг. Үүн дээр удаа дараа хөдөлмөрийн гэрээн дээр ирж гарын үсэг зураач гээд О.О хуульч хэлж байсан байдаг. Гэвч гарын үсэг зураагүй, гэхдээ энэ хөдөлмөрийн гэрээг албан ёсоор гарын үсэг зурж байгуулаагүй гэдэг нь Цэрэндэжид болон БДЧХ энэ 2-ын хооронд бол хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх боломжгүй. Үүссэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Ийм ч учраас нийгмийн даатгалын шивэлт дээр нь ажилд томилох, ажилд авах тушаал бүхий цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөөд явж байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Туршилтын хугацаанд ажиллаж байсан гэдэг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилтээр нь тодорхойлогддог. Анх авсан тушаал дээр нь ч томилогддог, яагаад туршилтын хугацааг нь сунгах боломжгүй болсон бэ гэхээр манай хийдийн зүгээс энэ хүнийг ажиллуулах боломжгүй болж байгаа юм. Ажилчдын дотор асуудал гаргаад 2 ч өргөдөл 3 сарын хугацаанд ирж байна. Нэмээд гүйцэтгэх захирал С Вангчук сануулах сахилгын шийтгэлийг авч байсан. Хуулиараа тухайн байгууллагад 3 сарын туршилтын хугацааг сунгахгүй байх эрх нь байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2024 оны 04 сарын 20-ны өдрийн БДЧХийн захирлын ажилд томилох тухай тушаал, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн БДЧХийн захирлын ажил хавсран гүйцэтгэх тухай тушаал, 2023 оны 06 сарын 26-ны өдрийн БДЧХийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 07 сарын 27-ны өдрийн БДЧХийн захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2024 оны 07 сарын 16-ны өдрийн хийдийн ажилтан С.Сэргэлэнгийн гаргасан гомдол, 263633 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 03 сарын 06-ны өдрийн итгэмжлэл, 2023 оны 03 сарын 20-ны өдрийн БДЧХийн захирлын ажилд томилох тухай тушаал, 2023 оны 04 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023 оны 12 сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2023 оны 02 сарын 18-ны өдрийн БДЧХийн захирлын А/12 тоот тушаалын хавсралт хөдөлмөрийн дотоод журам 2022 оны 11 сарын 9-ний итгэмжлэл гаргаж өгсөн.

 

5.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/03500 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/04528 дугаартай захирамж, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №186 тоот Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 182/ШЗ2024/05304 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дугаар сарын 08-ний өдрийн 182/ШЗ2024/06353 дугаартай захирамж бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь БДЧХэд холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан БДЧХийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ажилд авсан тушаалыг эрхгүй этгээд гаргасан, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй, ийм учраас хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... Шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээнд гарын үсэг зураагүй нь гэрээ байгуулаагүй гэх үндэслэлгүй, тушаалыг эрх бүхий этгээд гаргасан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэрэндэжид нь БДЧХийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус хийдэд туслах тогоочийн ажилд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар орон тооны тогоочийг авах хүртэл хугацаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж байгаад 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

БДЧХийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт, ажилтан байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэл болгожээ.

 

Б.Цийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлээ Тогооч ажилтай Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй гэж дурджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй,

158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ,

158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаалыг тухайн өдрөө мэдэгдсэн талаар маргаагүй, харин тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан талаар тайлбарладаг.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ц нь ажил олгогч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа, цалин хөлс олгохгүй байгаа тухайн хугацаанаас эрх нь зөрчигдсөн мэдэх боломжтой гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Д.Цэрэндэжид нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 сарын цалингийн нөхөн олговор гаргуулах шаардлагыг гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан талаар нэхэмжлэлдээ дурдсан.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан талаар маргадаггүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Цийг ажлаас халагдсан тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан, хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж шүүх үзлээ.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэрэндэжид нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн даруй, мөн тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан даруйд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, харин 2023 оны 12 дугаар сард тухайн газарт хандсан ба тус хорооны шийдвэр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх бөгөөд уг шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Цэрэндэжид гардаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал гурван талт хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан 30 хоногийн дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдлоо гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч Д.Цэрэндэжид 2023 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байх ба 30 хоногийн дотор буюу хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, тайлбар гаргаагүй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч уг хугацаанд өөрөө нэхэмжлэлээ гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Б.Цийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч БДЧХэд холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан БДЧХийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч БДЧХэд холбогдох БДЧХийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС