2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1428       

 

 

                                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-ын О, Хотон овгийн Гомбын Э нарт холбогдох эрүүгийн 2602000000199  дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 842,400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

2. Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч “И” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал ******* болон тус компаний гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч******* нар нь бүлэглэн, “И” ХХК-ийн их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С” ХХК-аас 7 ширхэг падаанаар 3,463,636,363.65 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татварын дүнг 346,363,636.65 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны жилийн эцсийн тайлангаа өгөөд өр үүссэн. Тендерийн ажил эхэлсэн учир бидний ажил хүнд байсан. Жилийн эцэс болтол үйл ажиллагагаа хийгээд төлбөр тооцоог төлөөд явдаг байсан. Тухайн үед татвараас байнга төлбөрөө төл гэж залгадаг байсан. Би нягтлангаа “татвар дээр очоод уулзаарай, залруулга тайлбараа хийгээд ир” гээд явуулсан. Маргааш нь Л гэж хүн татвар дээр ирж уулз гэсэн байсан. Би тухайн үед итгэл төрөөгүй учир наад хүнээ сайн нягтал гэж хэлсэн. Гэтэл тэр хүн нэлээд хэд хоногийн дараа итгэхгүй бол сургалтад ирээд суу гэж хэлсэн. Үнэхээр наад хүн чинь байна уу, үгүй юу сайн судлаарай гээд*******ыг явуулсан. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Маш их харамсаж байна. Өөрсдийгөө зөвтгөж байгаа юм биш” гэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны жилийн эцсийн тайлан борлуулалтаа тайлагнаад байж байтал татварын газраас татвараа төлөөч гэж байцаагч нар шаардаж, дансыг чинь хаалаа гэсэн. Татвар дээр очиж уулзаад Л гэх хүн байна гээд захирал руугаа ярьсан чинь наадах чинь ямар хүн юм наадхаа сайн судла гэсэн. Би татварт ажилладаг Л гэх байцаагчтай уулзаад янзалж өгнө гэж байна гэж хэлсэн чинь захирал наад хүнээ судла гэсэн. Л итгэхгүй бол сургалтад очоод суу гэж дуудсан. Би очиж уулзаад би захиралдаа Л татварт ажилладаг юм байна гэж хэлсэн. Л татварт ажилладаг НӨҮТ-ийн баримт шивж өгөөд системээс устгуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд захирал руу сайн итгэхгүй байна гээд Лтэй уулзаад НӨҮТ-ийн баримт шивж өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн 2602000000199 дугаартай хэргээс:

Улсын яллагч Татварын ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 07-1637 дугаартай албан бичиг /хх-ийн 3-27-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Бгийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Д.Агийн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн магадлагаа /хх-ийн 65-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч сэжигтэн *******ы мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/, сэжигтэн*******ын мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/, сэжигтэн Х.Эын мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 65-105-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүгдэгч Г.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч “И” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал ******* болон тус компаний гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч******* нар нь бүлэглэн, “И” ХХК-ийн их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С” ХХК-аас 7 ширхэг падаанаар 3,463,636,363.65 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татварын дүнг 346,363,636.65 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Татварын ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 07/2637 дугаартай: “С” ХХК /РД:6082661/-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл илэрсэн тул мэдээллийг хүргүүлж байна.” гэх албан бичиг /хх-ийн 3-27-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Бгийн: “С” ХХК нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь татварын улсын байцаагчийн гаргасан танилцуулга болон санхүүгийн шинжээч-мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон байна. Шинжээчийн магадлагаагаар “И” ХХК нь 2023 онд “С” ХХК-аас 7 ширхэг падаанаар 3,463,636,363.65 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 346,363,636.65 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учруулсан хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

- Гэрч Д.Агийн: “Манай байгууллагаас **********  тоот томилолтын дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А миний бие болон татварын байцаагч Д.Дэлгэрмаагийн хамт тус аж ахуйн нэгжийн 2021-2024 оны татвар төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “С” ХХК нь 2021-2024 оны хугацаанд нийт 602 татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөхгүй байх боломжоор хангаж татварын бичилт бүхий баримт үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзогүй гэж үзэж танилцуулга бичсэн. Мөн 2021-2024 оны 51,606,954,509.23 төгрөгийн 5,160,695,460.03 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан гэж үзэж байна. Тус аж ахуйн нэгж нь нийт 31 сугалааны дугаартай 400 орчим сая төгрөгийн и-баримтыг шивж олгосон байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчээр чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47250059 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 65-105-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах  бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Түүнчлэн татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээдэг ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Шүүгдэгч “И” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал ******* болон тус компаний гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч******* нар нь бүлэглэн, “И” ХХК-ийн их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С” ХХК-аас 7 ширхэг падаанаар 3,463,636,363.65 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртөгийн албан татварын дүнг 346,363,636.65 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “татвар төлөгч ...хуулийн этгээдийн ...гүйцэтгэх албан тушаалтан  татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна гээд, мөн зүйл, хэсгийн 7.1.1 -т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” хамаарна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, мөн зүйл, хэсгийн 8.1.1 дэх заалтад “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд...албан татварыг ногдуулна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т: “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор заасаг ба энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч*******ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр үйлдэгдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

   Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Татварын ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 07/1015 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар “И” ХХК нь 346,363,636.65 төгрөгийг төлж барагдуулаагүй буюу залруулга хийгээгүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас дээрх залруулга хийгдээгүй 346,363,636.35 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олгож, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

            Шүүх шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

            Шүүгдэгч *******,******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 6  /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Л-ын Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хотон овгийн Гомбын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар тус бүр 4,000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч “Инжхам” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас залруулга хийгдээгүй 346,363,636.65 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ