Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/01865

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............тоотод оршин суух, регистр , Ч овогт Б Ух,

         Хариуцагч: .................. оффис,  регистр , Ө ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж 78 656 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдааны мэдэгдэл хүргэсэн боловч ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ө  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ цуцалж 78 656 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Б.У нь Ө ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр CR-146 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний төлбөр 78 656 000 төгрөгийг Хаан банкны .......... тоот дансанд төлсөн. Уг гэрээний 6.1.2 дэх хэсэгт гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа .... ресиденс хотхоны . дү...гээр байрны 10 дугаар давхар, 10D загварын 49.16 м.кв талбайтай 66 тоот 2 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр болсон. Гэтэл энэхүү барилга өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэлийн 50 хувьдаа ч хүрээгүй, цаашид үргэлжлэн баригдах эсэх нь эргэлзээтэй болсон байна. Иймд энэхүү орон сууцны захиалгын гэрээг цуцалж гэрээний төлбөрт төлсөн 78 656 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар /хх 3/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 4/, Орон сууц захиалгын гэрээ /хх 5-7/, тооцоо нийлсэн акт /хх 8/, итгэмжлэл /хх 9/,

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 17/ зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

Ө ХХК нь Б.У тай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр CR-146 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа .... резиденс хотхоны .... дүгээр байрны 10 дугаар давхар, 10D загварын 49.16 м.кв талбайтай 66 тоот 2 өрөө орон сууцыг 107 660 400 төгрөгөөр худалдах, орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

 

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн гэрээ байгуулсан, худалдан авах гэрээ байна.

 

2.1. Худалдан авагч нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сууцны төлбөрт 78 656 000 төгрөгийг Хаан банкны .......... тоот дансанд төлсөн, харин тухайн орон сууц ашиглалтад ороогүй, 50 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас Б.У гэрээг цуцалж, 78 656 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

2.2. Хариуцагч Ө ХХК-ний захирал Б.А нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02-р сарын 23-ны өдөр гардаж авчээ.

Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул 78 656 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 551 230 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 230 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ө ХХК-иас 551 230 төгрөг гаргуулж Б.У т олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө ХХК-иас 78 656 000 /далан найман сая зургаан зуун тавин зургаа мянга/ төгрөг гаргуулж Б.У т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 230 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ө ХХК-иас 551 230 төгрөг гаргуулж Б.У т олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.