Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2023/0029

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ТӨҮГ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.С, Х.З

Хариуцагч: ОА-ийн НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э

Гуравдагч этгээд: М.С,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д нарын хоорондын

ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Х.З, хариуцагч Д.Д, Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ нь ОА-ийн НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э нарт  холбогдуулан “НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. ОА-ийн НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э нар нь “Э” ТӨҮГ-ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111/449 дугаартай албан бичгийн дагуу “Э” ТӨҮГ-ын 2021 он, 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайланд шалгалт хийж,  2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар актаар 2021 оны 09-12 сар, 2022 оны 01-12 саруудын тайланд М.С-ийн хүүхэд асрах чөлөөтэй байхад нь аж ахуйн нэгжээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй төлбөрийг төлүүлэхээр  “Э” ТӨҮГ-т хариуцуулсан акт гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/1112 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, М.С-ийг ажлаас чөлөөлсөн. “Э” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчин М.С нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. 2021оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1132 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн 207/МА2022/00017 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Дахин анхны шатны шүүхээр хэлэлцэгдэж. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2022 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас дахин давж заалдах гомдол гаргасан. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2022/00087 дугаар магадлалаар М.С-ийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/01301 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол нь “Э” ТӨҮГ-т 2022 оны 12 дугаар сард гардагдсан бөгөөд М.С-ийг Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/377 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авсан. М.С-ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ажил олгогч буюу “Э” ТӨҮГ-аас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа хандсан боловч заавал шүүхийн шийдвэр гаргуулж шимтгэлийг нөхөн төлнө гэсэн хариуг нягтланд өгсөн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй ярилцаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.С нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/Ш32023/02776 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаагүй буюу байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр М.С нь “Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулах, мөн шинэ хүүхдэд олгох нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай гомдлыг гаргасан. “Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн “Э” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хандахад ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар "Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг үйлдсэн байна. Тус улсын байцаагчийн актад “Шалгалтаар тус байгууллагын 2021 оны 09-12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар саруудын тайланд М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтан эхээр /06 төрөл/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцож төлөөгүй нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.2, 16.3 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн. Улсын байцаагчийн актад заасан тухайн хугацаанд М.С-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан буюу тус үйлдвэрийн газраас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээгээгүй байсан тул Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан ба “Э” ТӨҮГ нь тооцооны алдаа гаргаснаас шимтгэл дутуу төлөгдсөн зүйл огт байхгүй.

Иймд ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар актыг аваад үзэхээр Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.2, 16.3 дахь заалтыг зөрчсөн байна үзсэн. Манай талаас энэ акт гарах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар 18.1.4-т “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно” гэж заасан байдаг. Улсын байцаагч нар нь он цаг хугацааг ухрааж үзэх нь зүйтэй болов уу. “Э” ТӨҮГ-ын 2021, 2022 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг шалгав гэсэн байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар 18.1.4-т заасан буюу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан учир шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон гэдэг ойлголттой байсан. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2022/00087 дугаар магадлалаар М.С-ийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон тэр цаг мөчөөс “Э” ТӨҮГ М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэдэг байдлаар маргаагүй. “Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон. Улсын байцаагч нарын акт дээрээ дурдаад байгаа 2021, 2022 онуудын нөхөн төлөлтийн тухайд гэвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан учир тухайн хугацаанд нь шимтгэл төлөх үүрэг байгаагүй. Тэгэхээр акт дээр дурдаад байгаа хуулийн үндэслэлээр акт тогтоох үндэслэл байхгүй. Гуравдагч этгээдээр оролцож байгаа М.С-ийн нийгмийн даатгал болох 638400 төгрөгийг төлөхгүй гэдэг байдлаар маргаагүй. Энэ акт хүчингүй болох эсэхээс үл хамаарч төлөхгүй гэдэг асуудал яригдахгүй учир гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байгаа. Нэхэмжлэгч тал энэ захиргааны актыг биелүүлсэн учир маргах шаардлага байна уу гэдэг асуудал яригдана. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 5.2.-т “Шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч нь нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны талаар шимтгэл төлөгч гомдлоо зохих дээд шатны нийгмийн даатгалын байгууллага болон шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь шимтгэл төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.” гэж заасан байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хэдий ч энэ акт гарах ямар нэгэн хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг утгаар маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3.-т захиргааны актыг бичгээр гаргахдаа “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байна гэсэн байдаг. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.2, 16.3 дахь заалтыг яг энэ тохиолдолд “Э” ТӨҮГ зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Холбогдох заалтыг зөрчиж гарсан хууль бус захиргааны акт учир ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГ-ын нягтлан бодогч нар М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй ирүүлсэн. Хүсэлттэй танилцаад Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын шийдвэрийг үндэслэж нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийх боломжгүй гэдгийг хэлсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж болдог боловч шүүхийн шийдвэрийг нь харахаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр байсан. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах баталгаажуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6-ын 6.3.3-т “Шимтгэлийн тайланд тусгаагүй орхигдуулсаны улмаас даатгуулагчид олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн тайлагнасан, зөрүүтэй тайлагнасан, даатгуулагчийн төрлийн кодыг буруу сонгосон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон дараах байдлаар шийдвэрлэнэ” гэж хэлэхэд манайх Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулмааргүй байна гэж гуйсан учир Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1.-т зааснаар зөрчлийн шинжгүй гэж үзээд материалыг хүлээн авахаас татгалзаж Нийгмийн даатгалын тухай хуулиар акт тавина гэж хэлэхэд цалин хөлсний нягтлан бодогч Р.Д хүлээн зөвшөөрсөн. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай акт үйлдэгдэж, уг актыг “Э” ТӨҮГазраас хүлээн зөвшөөрч Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Д.Б болон цалин хөлсний нягтлан бодогч Р.Д нар төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Даатгуулагч М.С-ийн дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 638400 төгрөг, түүнд ногдох алданги 191520 төгрөг, нийт 829920 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Э” ТӨҮГ-аас Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 тоот акт, нийгмийн даатгалын шимтгэл, алданги нь дээрх улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагад “М.С-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан буюу үйлдвэрийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээгээгүй байсан” гэжээ. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй дээрх “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан” гэдэгт тайлбарлахад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/377 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн авсан. “Э” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 117/829 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын М.С-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн нь маргаан бүхий актыг үйлдэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .” гэв.

6. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тухай сар бүрд нь төлж даатгуулж явах ёстой байдаг. Хуульд заасан нэг үндэслэлээр нөхөн бичилтийг хийдэг. Ажил олгогч ажилтанаа хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нөхөн бичилтийг ямар нэгэн алданги, торгууль гэхгүйгээр нөхөн бичилтийг хийдэг. Тухайн үед ажилтан М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын шийдвэр гарсан учир нөхөн бичилтийг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд заавал Зөрчлийн тухай хууль болон актаар нөхөн бичилт хийдэг ийм хуулийн зохицуулалтай гэж тайлбарлаж хэлсэн. Тухайн байгууллага ажилтан буюу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дахь заалтыг үндэслэж шийдвэрлэх ёстой. Тухай үед М.С-ийг хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаанд ажил олгогч цалин хөлс олгоогүй зөвхөн тэр хүний өмнөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж явах ёстой байсан. “Э” ТӨҮГ-ын нягтлан бодогч нар нь Зөрчлийн тухай хуулиар торгуулмааргүй байна гэсэн учир цалин хөлс олгоогүй гэдэг үндэслэлээр зөрчлийн шинжгүй гэж үзээд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэж тооцооны алдаа гэж үзэн дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай акт үйлдсэн. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхгүй гэвэл Нийгмийн даатгалын тухай хуулиар шийдвэрлэхээр бол энэ хуулийн зохицуулалтаар акт гаргадаг. Ийм л зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч М.С нь “Э” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөтэй байсан хүний оронд ажиллаж байгаад эхний жирэмсэний болон амаржсаны амралтаа авч, одоо 2 дахь удаагийн жирэмсний амралттай байгаа. ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар "Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай" актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Акт тавих шалтгаан нь миний үйлчлүүлэгчийн М.С-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан, энэ үед жирэмсний чөлөөтэй байсан энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх асуудал яригдсан. Энэ асуудал дээр хэн аль нь маргаагүй. М.С-ийн 16 сарын нийгмийн даатгалын шимтгэлыг “Э” ТӨҮГ нөхөн төлье гэсэн. Яагаад заавал акт гаргах болсон бэ гэхээр Нийгмийн даатгалын тухай хууль нь Монгол улсын хэмжээнд багцаараа хэрэгждэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно гэдэг асуудал байхгүй. Эрсдэлийг хамгаалж байгаа сан маань нөхөн төлөөд байж болохгүй. Тэгвэл нилээн замбараагүй юм болж хувирах учир ийм зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан үндэслэлээр 1 удаа нөхөн тооцож болно өөр ямар нэгэн факт байдаггүй эсвэл шүүх нь тооцно гэсэн ийм хоёр л зохицуулалт байдаг. “Э” ТӨҮГ 638400 төгрөгийг зөвшөөрөөд байгаа. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу эсвэл бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм уу сайн ойлгохгүй байна. “Э” ТӨҮГ-ын нягтлан бодогч нар ирээд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцно гэхээр арай өндөр санкцтай юм байна ямар ч байсан өөрсдийнхөө эрх хэмжээнд акт тавиад өг гэж гуйсан учир алданги тооцож акт үйлдсэн гэж хариуцагч нар тайлбарлаж байна. Энэ актын төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн байсан. Нэхэмжлэгчийн зүгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хүлээн зөвшөөрч байна. Алданги тооцсон актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа юм шиг байна. Энэ актын үндэслэл болсон хуулийн заалт нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч тал тооцооны алдаа гэдэг зүйлийг манайх гаргаагүй гэж тайлбарлаад байгаа. Тооцооны алдаа гэдэг зүйлийг том хүрээгээр нь харах хэрэгтэй байх. Санхүү бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т "Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “"Анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;” хэлдэг. Байцаагч нар хууль, дүрэм, журмаа баримтлаж энэ үйлдлийг тооцооны алдаа гэж үзсэн. Энэ үйл баримт маань анх удаа гарч байгаа зүйл биш. Нийгмийн даатгалын ерөнхий хууль 1995 оноос хойш мөрдөгдөж байна. 2022 оноос хойш Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг болсон. Энэ актыг хууль бус гэж үзэхгүй байна. Гарсан акт болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Одоо миний үйлчлүүлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа харахаар төлөгдсөн байдалтай харагдаж байгаа. Энэ актыг хүчингүй болгох нь ямар шаардлагатай вэ гэдгийг мэдэхгүй байна. Тооцооны алдаа гэдгийг шууд нэрлэн заасан байдлаар хүлээж авах буруу юм. Тийм учраас энэ акт үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ нь ОА-ийн НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э нарт  холбогдуулан “НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар,  хариуцагч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад: 

3.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.1. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/1112 дугаар тушаалаар “Э” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчээр ажиллаж байсан М.С-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлжээ.

3.2. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2022/00087 дугаар магадлалаар “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

3.3. Иргэн М.С нь ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3.4. Ингээд “Э” ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасны дагуу комисс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар  хуралдаанаар гомдлыг шийдвэрлэсэн байна.

3.5. Нэхэмжлэгч байгууллага нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 111/449 дугаар “Нөхөн бичилт хийх тухай” албан бичгийг хүргүүлсний дагуу НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э нар 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20/52 дугаар “Дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн акт гаргасан.

3.6. Дээрх маргаан бүхий Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэтсийн улсын хяналтын байцаагчийн 20/52 дугаар актаар “Э” ТӨҮГ-ын 2021, 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайланг шалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн, иргэн М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл 638400 төгрөг, түүнд ногдох алданги 191520 төгрөг, нийт 829920 төгрөгийг төлж барагдуулахыг “Э” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст даалгасан байна.

3.7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21зүйлийн 1-ийн 4-д “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг”, 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”, 2-т  “Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх  ...”, 3-д  “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх ...” гэж тус тус заасан байна.

3.8. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, 1-ийн 1-д  “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж тус тус заасны дагуу ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөхийг үүрэгжүүлжээ.

3.9. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/182 дугаар тушаалаар "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам"-ыг баталсан ба тус журмын Зургаагийн 6.1-д “Ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд шимтгэлийн тайлангаа ирүүлээгүй бол нийгмийн даатгалын байгууллага Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хугацаа хоцроосон тайланг хүлээн авна.” гэж зохицуулсан байна.

3.10. Иймээс нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасныг үндэслэн М.С-ийн хугацаа хоцроосон буюу 2021 оны 09-12 сар, 2022 оны 01-12 саруудын ажил олгогчоос төлөх байсан  нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр  шийдвэрлэсэн 20/52 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.  

3.11. “Э” ТӨҮГ нь иргэн М.С-ийн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ажил олгогч “Э” ТӨҮГ нь М.С-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь баримтуудаар тогтоогдож байхад нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Нийгмийн даатгалын хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  А/182 дугаар тушаалаар  баталсан журмын дагуу ажил олгогч байгууллагад хариуцлага тооцон, хугацаа хоцроосон тайланг хүлээн авч акт гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 20/52 дугаар акт биелэгдсэн гэж хэргийн оролцогчид тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй болохыг, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг болохыг тус тус дурьдлаа. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -т тус тус заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын  ОА-ийн НДХ-ийн ХШУБ Д.Д, Д.Э нарт холбогдуулан гаргасан  “ОА-ийн НДХ-ийн ХШУБ-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20/52 дугаар “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА