Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1824

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 102/ШШ2019/02216 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.А-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт төлсөн 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А-, Б.Цацрал нар 2019 оны 01 дүгээр сард хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 98-1 дугаар байрны 2488 тоот буюу 93.2 м.кв 3 өрөө байрыг 214 360 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг хуваан төлөх, төлбөрийг бүрэн төлж баагдуулсны дараа орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тохирсон.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6 800 000 төгрөгийг П.А--ийн Хаан банкны 5023286522 тоот дансанд Б.Ц- шилжүүлсэн.

Дараагийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас П.А-д учир байдлаа тайлбарлахад за тэгвэл мөнгийг чинь буцааж өгье гээд өгөхдөө торгууль, алданги суутгаж өгсөн. Торгууль суутгах эрх зүйн үндэслэл байхгүй.

Энэ гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус байдлаар гэрээ хийгдсэн. Нийт 16 800 000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу алданги, торгууль тооцож авна гээд 11 300 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

П.А-- нь алданги тооцох ёсгүй, энэ талаар уулзаж өөрт нь хэлэхэд огт хүлээж аваагүй тул үндэслэлгүйгээр торгууль, алдангид тооцон авсан 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээний 4.10, 6.1-д зааснаар гэрээг цуцлагдсанд тооцож, дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.А-эс 1 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-ад олгож, нэхэмжлэлээс 4 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-эс улсын тэмдэгтийн хураамжид 35 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-ад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Б.Ц-, Б.Т- нар нь хариуцагч П.А-тэй 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 98/1 байрны 2488 тоотод оршиж байсан 93,20 м.кв 3 өрөө байрыг 214 360 000 төгрөгөөр худалдан авахаар Хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх гэрээ байгуулан байрны мөнгийг хэсэгчлэн хувааж төлөх нөхцөлөөр тохиролцсон.

Тохиролцсоны дагуу гэрээ байгуулж гэрээнд Б.Т-  байхгүй байсан тул Б.Ц- Б.Туяарлыгг төлөөлж гарын үсэг зурсан. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6 800 000 төгрөг, нийт 16 800 000 төгрөгийг Хаан банкин дах П.А--ийн 5023286522 тоот дансанд шилжүүлсэн.

Б.Ц- төлөвлөсөн ажил бүтээгүйн улмаас байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон, гэрээгээ цуцалж, орон сууцаа буцаан өгөх талаар П.А-д хэлэхэд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээний дагуу торгууль, алданги тооцож 5 500 000 төгрөгийг хасч 11 300 000 төгрөгийг Б.Ц-ын данс руу шилжүүлсэн.

Хариуцагч 2 хүнтэй тохиролцоод нэг хүнтэй гэрээ байгуулж итгэмжлэл байхгүй, төлөөлөх эрх байхгүй байхад гарын үсэг зуруулж, үл хөдлөх хөрөнгийг зохих ёсоор шилжүүлж өгөөгүй, гэрээний өөртөө ашигтай заалтыг үндэслэн торгууль тооцож авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч П.А-д холбогдуулан гэрээ цуцалснаас буцаан төлөгдөх 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Б.Ц-, П.А- нарын хооронд Хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх нэртэй гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагджээ. Гэрээнд П.А- нь  “Жугамт Өргөө” ХХК-тай  2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Нарны зам гудамж 98/1 тоот хаягт баригдаж буй барилгын 24 тоотод оршин байх 93.02 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийг Б.Ц-ад шилжүүлэх, Б.Ц- нь  214 360 000 төгрөгийг  П.А-д төлөх үүргийг тус тус хүлээсэн, талуудын хооронд эрх худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэрээний дагуу Б.Ц- нь 16 800 000 төгрөгийг П.А-д төлсөн, Б.Ц- гэрээнээс татгалзсаныг П.А- хүлээн авсан үйл баримтын талаар маргаангүй байна.

Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг талууд арилгах талаар маргасан. Нэхэмжлэгчийн төлсөн 16 800 000 төгрөгөөс хариуцагч 11 300 000 төгрөгийг төлсөн ба  төлөгдөөгүй 5 500 000 төгрөг талаар талууд маргажээ.

 

Хариуцагч төлөгдөөгүй 5 500 000 төгрөгийг талуудын байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар торгуульд авсан гэж тайлбарласан. Гэрээний 6.1: “Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 25 хувьтай тэнцэх торгуулийг эрх шилжүүлэгч П.А-д төлнө” гэж талууд тохиролцжээ. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгуулийн зохицуулалттай агуулгын хувьд нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн байх бөгөөд талууд гэрээнээс татгалзсан тохиолдлыг хамааруулж дүгнэхгүй юм. Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд уг гэрээнээс татгалзсан үндэслэл нь нэг талын үүргийн зөрчилтэй холбоотой бол эсрэг тал нь хохирол шаардах эрхтэй болно. Хохирлыг торгуулиар тооцож төлөх талаар талууд тохиролцоогүй байна.

 

Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.     

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагчаас 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын Б.Т-тай холбоотой хэсэг нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Цацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Б.Т-тай холбоотой үйл баримтыг дурдаагүй, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн  Б.Т-ыг оролцуулах хүсэлт гаргаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад талуудын зарчмыг зөрчиж нэхэмжлэлийн хүрээнээс давсан гомдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргаж байгааг анхааруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 102/ШШ2019/02216 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар П.А-эс 5 500 000 төгрөг гаргуулж Б.Ц-ад олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалын “35 750” гэснийг “103 000” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                      

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА